| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00328/И |
| Дугаар | 133/ШШ2017/00364 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2017/00364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: Засаг дарга Э.Н-т холбогдох
ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гэрч Д.Б, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын Засаг даргаас чөлөө авсан. Чөлөө авахад 3, 4 сарын цалин бүтэн авах, ажилд орох хүртэл нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийх байсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тус сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөд нийгмийн даатгалыг дэвтэрт сүүлийн 3 сар тасралтгүй биилт хийгдсэн байх ёстой байхаас миний Нийгмийн даатгалын дэвтэрт 3, 4 сарын бичилт хийгдээгүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүүсээгүй юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байгаа. Иймд ажил олгогч *** сумын Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бнь Говь-Алтай аймгийн *** сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сумын Засаг даргаас чөлөө авсан. Чөлөө авахад 3 дугаар сар, 4 дүгээр сарын цалин бүтэн авах, ажилд орох хүртэл нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх байсан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тус сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээд ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөд сүүлийн 3 дугаар сар, 4 дүгээр сарын цалин ороогүй учир нийгмийн даатгалын дэвтэрт 3 дугаар сар, 4 дүгээр сарын бичилт хийгдээгүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй юм. Иймд Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эдийн засгийн Үндэсний сургуулийн хуулийн магистрийн ангид суралцана гэж захирал В.Л-ийн гарын үсэг бүхий 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн чөлөө хүссэн тоот бүхий баримтаар 1 жилийн чөлөө хүсэхэд нь чөлөөг олгож эхний 3 сарын цалинг олгохоор тохирсон боловч сарын дараагаар сургуульдаа сураагүй болох нь тогтоогдож чөлөө авсан тоотоо өөрөө хугацаа утгыг нь засаж хууран мэхэлсэн, мөн байгууллагын хөрөнгийн тооллогоор 10 нэр төрлийн 9 сая 300 мянган төгрөгийн хөрөнгө дутаасан өөр газар ашиглуулж байгаа нь тогтоогдсон, мөн сумын төвд тавигдсан нэмэлт гэрэлтүүлгийн тендерийн гэрээг өөрийн төрсөн дүү Б.Б-той гэрээг байгуулж хамт орсон компаниа буруу үндэслэлээр буцааж анх тендерт ялахдаа барааны техникийн нөхцлөө зөрчиж бараа нийлүүлэн, тендерийн материал бүрдүүлэхэд Бугат сумын тоот дээр Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Засаг даргын тамгыг дарж Засаг даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх маш олон ноцтой зөрчил илэрсэн тул холбогдох гэсэн боловч утсаа авахгүй холбоо барихгүй байсан тул санхүү төрийн сангийн албаныхантай хурал хийж нөхцөл байдлыг харгалзан үзээд холбоо барих хүртэл цалинг зогсоох тухай шийдвэрлэн нэхэмжлэгч энэ оны 3, 4 сард холбоо барихгүй явсаар өөрөө банкны зээлтэй учир 3 дугаар сарын цалин орж 4 дүгээр сарын эхэнд хийгдэх зээл төлөлт хийгдээгүй учир холбоо барьсан учраас 4 сарын дундуур цахимаар сонсголыг явуулж 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, нэхэмжлэгчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг 5 сард зардал нээгдсэн өдөр бөөнөөр нь шилжүүлсэн болно. Надад мэдэгдэлгүй манай нягтлангаас ирж нийгмийн даатгалын дэвтрээ авч явсан байдаг. 2017 оны 05 дугаар сарын 01-нд ажлаас халсан захирамж гараад бичилтүүдийг нь хийх гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтэр нь байхгүй учир бичилт хийж чадаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогч буюу Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргад холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг дарга нь Б.Б нь Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эдийн засгийн Үндэсний сургуулийн хуулийн магистрийн ангид суралцана гэж захирал В.Л-ийн гарын үсэг бүхий 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн чөлөө хүссэн тоот бүхий баримтаар 1 жилийн чөлөө хүсэхэд нь чөлөөг олгож эхний 3 сарын цалинг олгохоор тохирсон боловч сарын дараагаар сургуульдаа сураагүй болох нь тогтоогдсон тул 2017 оны 05 дугаар сарын 01-нд ажлаас халсан захирамж гараад бичилтүүдийг хийх гэсэн боловч нийгмийн даатгалын дэвтрээ надад хэлэлгүй нягтлангаас авч явсан байсан тул бичилт хийж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Б Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай захирамж, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй гэж, 6 дугаар зүйлийн 2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцан төлнө гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн сард 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүсэхээр тус тус заасан байгаагаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тодорхойлогдож байна.
Нэхэмжлэгч нь 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс *** сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн, 2008 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн болох нь нэхэмжлэгч Б.Б-ын №А0094799 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Маргаан бүхий үйл баримтын хувьд 2017 оны 03, 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дэвтэрт баталгаажуулалт хийгдээгүй, нэхэмжлэгчийн “...ажлаас чөлөөлөгдснөө мэдээд ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөд нийгмийн даатгалын дэвтэрт 3 дугаар сар, 4 дүгээр сарын бичилт хийгдээгүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсэхгүй байгаа...” гэсэн нь нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 231, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 390, 392, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 406 дугаартай албан бичгүүд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2017 оны 03, 04 дүгээр сарын цалин 1.467.726 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөг, нийт 2.783.134 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газар нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2017 оны 03, 04 дүгээр сарын цалинд 1.467.726 төгрөгийг шилжүүлсэн, 03, 04 сарын цалинг 5 сард олгосон учраас өмнөх 03, 04 сарын цалинг нөхөн бичих боломжтой гэсэн тайлбар ирүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 254 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Дээр дурдсан үйл баримтууд болон шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч нь Б.Б-ыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх хүртэл өөрөөр харилцааг дуусгавар болгосон, эсхүл сахилгын шийтгэл хүлээлгэсэн зэрэг факт бий болоогүй төрийн албаны болон хөдөлмөрийн зэрэг харилцаа хэвээр үргэлжилсэн байгаа тул уг харилцааны туршид олгогвол зохих цалин олговор, хуульд заасан шимтгэл татвар хураамжийг нь төлөх олгох үүрэгтэй юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр заасны дагуу Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна. Хариуцагч талын гэрч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа “ажилтан бүрдүүлэх материалаа 14 хоногийн дотор бүрдүүлж өгөх ёстой, энэ хугацаанд өгсөн баримтандаа нийгмийн даатгалын дэвтэрээ өгөөгүй тул бичилт хийгээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан 14 хоногийн хугацаа бол хөдөлмөр эрхлэлтийн алба, биржид ажилгүй болсноо бүртгүүлэх хугацаа, 6 дугаар зүйлийн 2-т заасан 14 хоногийн хугацаа бол хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, сургалтад хамруулах асуудлыг шийдвэрлэх хугацааг тус тус зохицуулсанаас ажилтны тэтгэмж авах өргөдөл материалаа бүрдүүлж гаргах асуудлыг хугацаа заан зохицуулаагүй байна. Мөн энэ хуулийн 10 дугаар зүйлд бүрдүүлэх баримтыг дурдан заасан байгаа бөгөөд уг баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд тэтгэмжид хамруулахгүй гэх байдлаар хориглосон, хязгаарласан хэм хэмжээ зохицуулалт хууль болон холбогдох журамд тусгагдаагүй байна. Нөгөө талаар нийгмийн даатгалын дэвтрийг бүрдүүлбэрт оруулсан нь үйл баримтыг цаасан хэлбэрээр нотолгоожуулахад хэрэглэгдэх агуулгатайгаас биш ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд тасралтгүй төлсөн гэх гол шаардлагыг шууд илэрхийлэхгүй /бүртгэл зэргээс харах баримтжуулах боломтой/ юм.
Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 7 дугаар зүйлийн 7.1-д ажил олгогч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ...хугацаанд төлж, ...шимтгэл ноогдуулалт, төлөлтийн тооцоог нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулсан байх, 7.2-т ажлаас халагдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагчтай холбогдох тооцоог хийж дууссан тухай албан ёсны тодорхойлолт гаргаж өгөх, 7.3-т ажил олгогч нь ажлаас халагдсан даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж авах талаар холбогдох байгууллагад бүртгүүлэх болон тэтгэмж олгох нөхцөл, журмын талаар зөвлөгөө өгөх мэдээллээр хангах үүрэгтэй байхаар тогтоожээ. Дээрх хуулийн зорилт, холбогдох журам, түүний заалтуудын зорилго нь ажилгүй болсон иргэн дараагийн ажил, амьжиргааны эх үүсвэртэй залгах хүртэлх нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх агуулгатай бөгөөд үүнд ажил олгогчийг үүрэгжүүлсэн шинжтэй байна.
Иймд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн *** сумын засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаас 35.996 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж 1.315.408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаас 35.996 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН