Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Пүрэвжавын Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Батчулуунд холбогдох 2023000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Анчин овгийн Пүрэвжавын Батчулуун /Регистрийн дугаар: ИЭ72022015/ Шүүгдэгч П.Батчулуун нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 03 дугаар сарын эхээр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэр “Захирагчийн цагаан” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 0,71 метр куб, нойтон бургас бэлтгэж Ойн санд буюу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газарт 119745 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх ху ралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Анчин овогт Пүрэвжавын Батчулуун нь 2020 оны 03 дугаар сарын эхээр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт “Захирагчийн цагаан” гэх газрын ойд 55 ширхэг нойтон бургас бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: П.Батчулуун гэрийн хана хийхээр 55 ширхэг нойтон бургасыг бэлтгэсэн талаар мэдүүлсэн гэрч М.Цэцэгмаагийн “...би ...энэ хавар 3 сард сургууль амраад гэртээ очиход ... Батчулуун гэрийн мод хийнэ гээд 50 гаруй бургас огтлоод бэлтгэсэн байсан юм. Тэгээд манайх 2020 оны 03 дугаар сарын 20-ны орчимд голын урд талаас нүүж, голын хойд талд гарч буухад миний нөхөр Батчулуун нөгөө хэдэн бургасаа авч ирээд 04 дүгээр сарын 20-ны орчимд азрага, яндангаа байрлуулан нөгөө хэдэн бургасаа залж янзалсан байсан юм. ...Зөвшөөрөл аваагүй байх” гэсэн мэдүүлгээр, М.Цэцэгмаагийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.Балжиннямын “...Манайх 03 дугаар сарын 20-ны орчимд голын урд талаас голын хойд талд гарч ирж буухад миний аав Батчулуун хэдэн бургас огтолж гол гаргаж ирсэн юм, тэгээд саяхан нэг өдөр азрага, яндангаа байрлуулаад голын урд талаас гаргаж ирсэн бургаснуудаа засаад гэрийн хана, унь хийхээр бэлтгээд байсан. ...Зөвшөөрөл аваагүй. ...Аав ганцаараа л хийсэн, өөр хүн хамтраагүй” гэсэн мэдүүлгээр, П.Батчулууны өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн “...2020 оны хавар 03 дугаар сарын эхээр Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Захирагчийн цагаан” гэдэг газарт байх өөрийнхөө өвөлжөөний хажуу талаас хэдэн бургас тайраад мөс хайлж унахаас өмнө голын ар гаргаад “Хөх толгой” гэх газарт нуучихсан байсан юм. Тэгээд 2020 оны 04 дүгээр сард азарга, яндангаа байрлуулан хавар бэлтгэсэн бургаснуудаа залж бэлдэж байсан цагдаа нар ирээд бургасыг хураагаад аваад явсан. ...Би Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Захирагчийн цагаан” гэх газраас 55 ширхэг нойтон бургас бэлтгэсэн. ...би тухайн бэлтгэсэн 55 ширхэг бургасыг өөрөө явган үүрээд “Хөх толгой” гэх газарт аваачсан...” гэсэн мэдүүлгээр, П.Батчулуун нь Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн нутаг Хөх толгой гэх газарт 55 ширхэг бургасыг бэлтгэн засаж тэгшилсэн байсан талаар бичиж тэмдэглэсэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч нь ийнхүү ойд мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл аваагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ган-Очирын “...Манай суманд ер нь бургас бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Тийм болохоор П.Батчулуун гуай зөвшөөрөлгүй нойтон бургас өөрөө дур мэдэж бэлтгэсэн...” мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 119745 төгрөгийн шууд хохирол учирсан нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн “Хууль бусаар бэлтгэсэн бургас модны хэмжээ нь 0,71м3. Байгаль экологид 0,71м3 x 168655 төгрөг=119745 төгрөгийн хохирол учруулсан байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шилжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоодоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Шүүгдэгч П.Батчулуун нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч П.Батчулууны Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 359235 төгрөгөөр төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газарт мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч П.Батчулууныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгаж, хууль бусаар бэлтгэсэн 55 ширхэг мод болон хэмжээ тавих 2 ширхэг модыг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анчин овогт Пүрэвжавын Батчулууныг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батчулуунд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батчулуун нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч П.Батчулуунд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч П.Батчулууны эзэмшлээс тус бүр нь 800.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй, төмөр жижиг сүхийг устгаж, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын тамгын газарт хадгалагдаж байгаа 2 ширхэг хэмжээ тавигч мод, 55 ширхэг буюу 0,71м3 нойтон бургасыг улсын орлого болгосугай. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ