| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00313/и |
| Дугаар | 133/ШШ2017/00377 |
| Огноо | 2017-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2017/00377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.Б-д холбогдох
хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд байрлалтай 300 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийж 55.000.000 төгрөгөөр Д.Т-оос худалдан авсан юм. Гэтэл Д.Т, Б.Б нар нь гэр бүлийн өмчийн талаар болон бидний хооронд хийсэн гэрээтэй холбогдуулан шүүхэд маргаан үүсгэснээс миний бие өөрийн өмчөө эзэмшиж ашиглаж чадахгүй байсаар өдийг хүрсэн билээ. Ингээд дээрх дурьдсан маргаан нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд миний өмчийг чөлөөлж өгөхийг Б.Б-аас хүссэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй эзэмшиж байна. Иймд Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд байрлалтай 300 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Ч.Б миний үл хөдлөх хөрөнгийг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь Д.Т-оос 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Д.Т, хариуцагч Б.Б нарын хооронд эд хөрөнгийн маргаан болоод уг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гурван шатны шүүхэд хандаж Ч.Б-ийн нэр дээр үлдсэн. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Бр нь Б.Б-д уг хөрөнгийг чөлөөлж өгөхийг хүссэн бичгийг явуулсан, энэ нь хавтаст хэрэгт хавсаргагдсан, шуудангаар хүргүүлсэн байгаа. Ингээд чөлөөлж өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд байршилтай үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ /хх-1/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч *** нэхэмжлэлийн хувийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхээс гардан авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Мөн шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар ирүүлэн маргаж мэтгэлцээгүй хэдий ч хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх үүднээс нэхэмжлэлийн зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн шийдвэрлэлээ.
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Б 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан, хариуцагчийн өмгөөлөгчөөр авах хүсэлтдээ дурдсан Н.Т, Э.Б нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр утсаар мэдэгдсэн бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй болно.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.Т-оос 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан авснаар эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдэж, өмчлөгчөөр нь нэхэмжлэгч Ч.Б 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн болох нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Д.Т, Ч.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00135 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд хариуцагч Б.Б-ийн хувьд хууль ёсоор эзэмшил үүссэн болон эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч Ч.Б нь эзэмшилд шилжүүлэн өгөхийг хариуцагч Б-аас урьдчилан шаардсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.
Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ч.Б байх бөгөөд хариуцагч Б.Б-ийн эзэмшил нь хууль бус байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баярмаагийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Ч.Б-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбай бүхий үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, эзэмшлийг өмчлөгч Ч.Б-т шилжүүлэн өгөхийг хариуцагч Б.Б-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН