Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 65

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

            Хохирогч Б.Удвал,

Шүүгдэгч: Г.Сумъяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овогт Гомбын Сумъяад холбогдох 201620000198 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаавай овогт Гомбын Сумъяа /РД:ОЭ83110793, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багийн нутаг 11-18 тоот хашаанаасаа өөрийн эзэмшлийн “Хюндай Маяти” маркийн 55-61 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас төрсөн хүү С.Даваагийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогч Б.Удвалын мөрдөн байцаалтад өгсөн:  “Би тэр өдөр 12 цаг орчимд зах гарч ойр зуурын зүйл цуглуулж явтал үдээс хойш оройхон 16:30 цаг орчимд миний төрсөн дүү Б.Нэргүй надруу утасдаад “Танай хүүхэд машинд мөргүүлчихлээ эмнэлэг рүү явж байна” гэсэн тул би захаас шууд эмнэлэг дээр ирэхэд байхгүй байсан бөгөөд Я.Пүрэвээ гэх нөхрийн грушик залуу тааралдаад танай нөхөр хүүхдээ аваад гэрлүүгээ явчихсан гэж хэлсэн тул таксидаж гэртээ хүрсэн юм. Гэртээ очиход манай нөхөр суудлын машин дотроо хүүхдийг маань тэврээд уйлаад сууж байсан тул би хүүхдээ аваад үзэхэд хүүхдийн маань нүүр толгой хэсэг цус болчихсон нас барчихсан байсан. ...Манай нөхөр тухайн үед надад хэлэхдээ хог ачихаар Я.Пүрэв, Г.Баттулга нартай хашаанаас ачааны машинтай гарсан бөгөөд гарч байх үед гэрийн урд талын амбаарын урд талд талийгаач хүү маань зогсоод баяртай гэж гараараа даллаад хоцорсон гэсэн. Тэгээд машинтайгаа хашаанаас ухарч гараад эргээд хашааны үүдээр доош явтал гэнэт хүүхэд орилох шиг чимээ гарсан тул нөхөр маань машинаас үсэрч буугаад хартал хүүхэд машинд дайрагдсан бололтой машины зам дээр цус болчихсон хэвтэж байсан гэсэн. Хэдийдээ хашааны үүдэнд гүйж ирсэнийг мэдэхгүй гэж яриад уйлаад байсан. ...Талийгаач хүү маань нөхрийн хамгийн хайртай хүүхэд нь байсан юм. Уг явдал санамсар болгоомжгүй байдлаас болсон тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

            2. Гэрч Г.Маамуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өдөр дэлгүүр дотроо зогсож байтал миний дүү Г.Сумъяагийн грушик Я.Пүрэв гэх залуу орж ирээд “Г.Сумъяагийн хүүхэд машинд дайрагдчихлаа” гэж хэлсэн тул сандраад гараад хартал манай хашааны эсрэг талд миний дүү Г.Сумъяа хашааныхаа үүдэнд хүүхдээ тэврээд уйлж орилоод зогсож байсан юм. Би очиж харахад хүүхдийн нүүр орчимоор нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Г.Сумъяа намайг эмнэлэг дуудаач гэхээр нь би машин чинь байгаа биздээ шууд эмнэлэг оръё гэж хэлээд тэдний гаражид байсан суудлын машиныг би жолоодож Г.Сумъяа хүүхдээ тэврээд арын суудалд суусан, хажууд нь Я.Пүрэв сууж эмнэлэг рүү явсан юм. Машинд суулгах үед хүүхэд амьсгалж байсан гэрээс хөдлөөд захын уулзвар орчимд би эргэж харахад хүүхэд амьсгалж байх шиг байсан тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд эмч нар үзлэг хийгээд амьсгал хураачихсан байна гэж хэлсэн юм. Түүнийг сонсоод Сумъяа шоконд орсон бололтой хүүхдээ тэврээд авч гарах гэсэн. Тэгтэл эмч нар хориглож цагдаад мэдэгдэх ёстой хүүхэд авч явж болохгүй гэхэд тэгвэл цагдаа руу явна гээд байсан би түүнийг машинд суулгаад гэрт хүргээд байж байтал араас цагдаа нар ирсэн. Г.Сумъяа нь айлын 6 дах хүүхэд, багадаа гэрээр хүмүүжиж улмаар 2-р сургуульд суралцаж байгаад Улаангом коллежид элсэн орж мужаан гагнуурын анги төгссөн. Дараа нь Баян-Өлгий аймаг цэргийн алба хааж ирээд эхнэр авч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд талийгаач хүүхэд дээрээсээ 3 дахь хүүхэд нь байгаа юм. Г.Сумъяагийн эхнэр ажилгүй тул өөрөө машинаараа хөлсөөр тээвэрт явах буюу хог ачиж олсон мөнгөөр амьдралаа залгуулдаг. Зан араншингийн хувьд нийтэч яриа хөөрөө сайтай хүнтэй амархан хэл яриагаа ололцдог, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, найз нөхөд олонтой, ар гэртээ халамжтай, ялангуяа талийгаач хүүхдэд илүү сайн ханддаг байнга эрхлүүлж хамтдаа явдаг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, 

3. Гэрч Г.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өдөр гэртээ байтал үдээс хойш Г.Сумъяа манайд ирээд цай унд уучихаад Я.Пүрэвээг дуудаад бид гурав хамтдаа ажлын зар буюу хог ачуулах захиалга ирсэн тул Г.Сумъяагийн гэрт очоод түүний маяти маркийн цагаан өнгийн ачааны машинтай хашаанаас хөдөлсөн. Тухайн үед Г.Сумъяа машиныг өөрөө жолоодож, дунд нь Я.Пүрэв суусан, би баруун захад нь сууж явсан юм. Машин хашааны том хаалгаар баруун талаар ухарч гараад зүүн тийш эргэж гудамж уруудаж хөдлөөд хашааны хаалга өнгөртөл гэнэт хүүхэд орилох шиг чимээ гарсан. Г.Сумъяа шууд машинаа орхиод үсэрч буусан. Би бас машины явуут дунд үсэрч буусан. Би буугаад харахад Г.Сумъяагийн хүү С.Даваа хашааны хаалганаас арын гудамж руу чиглэсэн байдалтай хэвтэж байсан. Г.Сумъяа гүйж очоод тэвэрч авсан. Би очиж харахад нүүр толгой хэсэг нь цус болчихсон байсан тул би айгаад ойртож чадаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 тал/,

4. Гэрч Я.Пүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Сумъяагийн гэрт ирээд ачааны машиныг Г.Сумъяа жолоодож, би дунд нь, баруун захад Г.Баттулга суугаад хашаанаас ухарч гарсан бөгөөд зогсоод зүүн зүг рүү гудамж уруудаад дөнгөж хөдөлтөл Г.Сумъяа хүүхэд гэж орилоод машинаас явуут дунд нь машинаа зогсоолгүй үсэрч буугаад гүйгээд явчихсан. Бид хоёр машиныг зогсоож чадалгүй чигээрээ явж айлын хашаа мөргөөд зогссон. Бид хоёр буугаад ирэхэд Г.Сумъяа хүүхдээ тэвэрчихсэн хүүхдийнх нь хамар амнаас цус гарчихсан Г.Сумъяа орилоод уйлж байсан тул би ар талын гудамжинд байдаг Г.Маамуу гэх ахыг нь гүйж очиж дуудаж авч ирсэн. Тэгээд Г.Маамуу нь суудлын машин жолоодож Г.Сумъяа хүүхдээ тэврээд машинд суугаад, бид хамтдаа эмнэлэг явсан. Бид эмнэлэг дээр ирээд Г.Сумъяа хүүхдээ тэвэрсэн чигтээ эмнэлэг рүү орж үзүүлэхэд эмч нар нас барчихсан байна гэсэн. ...Бид машинтай ухарч гарах үед хүүхэд хашаан дотор гэрийн ойролцоо зайтай тоглож байсан хэдийдээ гүйж ирж дайрагдсаныг мэдэхгүй. Уг осол хашааны гадна том хаалганы харалдаа болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

            5. Гэрч П.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллаж байтал 16:30 цаг орчимд гаднаас 2 эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд нэг залуу нь 3 орчим насны нүүр ам нь цус болчихсон хүүхэд тэвэрч орж ирсэн. Уг хүүхдэд үзлэг хийхэд толгой зүүнээсээ баруун тийш шахагдаж хэлбэр алдагдсан, нүд хүүхэн хараанд үзлэг хийх боломжгүй, гаднаас тэмтэрч үзэхэд толгойны яс шаржигнах чимээ сонсогдоно. Амьсгал зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон хамар амнаас бүхэлдээ цус гарсан хувцас хунар нь цээж орчмоор цусаар бохирлогдсон нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

6. Гэрч Н.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 08 сарын 16-ны өдөр 16:30 орчим байшиндаа байж байтал гадаа юм хугарч шаржигнах чимээ гарсан тул гарч харахад манай хашааг Г.Сумъяагийн цагаан өнгийн автомашин мөргөж хашаа унагаад зогссон байсан бөгөөд машинаас Г.Баттулга бууж харагдсан. Би хүүхдүүдээ хашаан дотор тоглож байхаар нь байшинд оруулж байтал хүн уйлж орилох чимээ гарахаар нь хашааны унасан хэсгээр харахад Г.Сумъяа хашааныхаа үүдэнд хүүхдээ тэврээд уйлж байсан. Би тухайн үед зам тээврийн осол болж хүүхэд дайрагдсан талаар мэдээгүй. Айгаад гэртээ орчихсон, энэ талаар сүүлд мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

7. Гэрч Т.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 08 сарын 16-ны өдөр 16:00 цаг орчимд миний хүү Б.Нэргүй надруу утасдаад “Даваа машинд шүргүүлчихлээ. Та сандрахгүй тайван хүрээд ир” гэж хэлсэн юм. Би Г.Сумъяагийн гэрт ороход Г.Сумъяа 3 настай талийгаач С.Давааг тэврээд орон дээрээ суугаад уйлж байсан хажууд нь эхнэр болох Б.Удвал уйлж байсан. ...Г.Сумъяа надад “ээжээ би одоо яана аа. Хүүхдээ алчихлаа” гээд уйлаад байсан. Г.Сумъяа нь миний охинтой 10 гаруй жил амьдарч байгаа илүү дутуу муу зуршилгүй, ахуй амьдралаа өөрөө аргалаад яваад байдаг. Ар гэртээ халамж анхаарал сайн тавьдаг, тусархуу, гэр орондоо агсам согтуу тавьж зодоон цохион гаргаж байгаагүй төлөв даруу хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

8. Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 08 сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байтал гадна хүн орилож шуугилдаж уйлах чимээ гарсан тул Г.Сумъяагийн  хашаанд ортол Г.Сумъяа ах хашааныхаа үүднээс гэр тал руу миний урдаас хүү С.Даваагаа тэврээд уйлаад гүйгээд ирсэн. Хажууд нь Г.Баттулга, Я.Пүрэв нар болон гэрийн гадна Г.Сумъяагийн хүүхдүүд байсан. Талийгаач хүүхдийн нүүр ам нэлэнхүйдээ цус болчихсон ухаангүй бололтой уйлж ёолж дугарахгүй амьгүй байсан тул би ойртож хараагүй. ...Г.Сумъяа “ах нь хүүгээ алаад хаячихлаа” гээд уйлаад байсан. Тэр үед хашааны хаалга нь онгорхой, Г.Сумъяагийн ачааны машин доор айлын хөндлөн хашааг мөргөж унагаад зогссон байсан. Г.Сумъяа нь Г.Баттулга, Я.Пүрэв нартай хог ачихаар гарч яваад уг асуудал болсон талаар сүүлд сонссон. Тэд нар бүгд эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

            9. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхжаргалын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “...Жолооч Г.Сумъяа нь замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Уг зам  тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Г.Сумъяа нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дах заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэлтийг гаргав.” гэжээ. /хх-ийн 49 тал/,

            10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 23 тоот дүгнэлтэд: “Талийгаач С.Даваагийн биед гэмтэл учирсан байна. Дух, дагз, баруун зүүн чамархай, суурь ясны хугарал, эрүүний ясны хугарал, дух, зүүн шанаа, хацар, хамрын зүүн хэсэг, дагз, баруун чамархай, зүүн ташааны урд хэсэгт зулгаралт, баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач С.Даваа нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалаар нас барсан байна.” гэжээ. / хх-ийн 53-р тал/,

11. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн  384 тоот “Автомашин үнэлсэн тухай тайлан”-гаар битүүмжилсэн “Хюндай Маяти” маркийн 55-61 УВХ улсын дугаартай машиныг 2.700.000 төгрөгөөр, “Сузуки Свифт маркийн 44-65 УВА улсын дугаартай машиныг 3.867.000 төгрөгөөр тус тус үнэлсэн баримт /хх-ийн 47-р тал /,

            12. “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 3-4 тал/,

            13. “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12 тал/,

            14. “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 тал/,

            15. “Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 14 тал/,

16. “Эд хөрөнгө хураан авч, битүүмжлэх тогтоол”, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 15-20 тал/

17. Жолооны үнэмлэх хураан авсан тэмдэглэл, тогтоол. /хх-ийн 21-23 тал/

18. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 79 тал/

19. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 80- 82 тал/,

20. Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 691 тоот тодорхойлолт / хх-ийн 83-р тал /,

20. С.Давааг нас барсныг бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 84 тал/,

21. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 85-86 тал/,

            22. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 87-88-р тал /, 

            23. Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 89 тал/,

24. Шүүгдэгч Г.Сумъяагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 16 цаг 30 минутын үед айлын хог ачихаар тээврийн хороо руу явах гээд хашаанаасаа өөрийн эзэмшлийн 55-61 УВХ улсын дугаартай цагийн өнгийн Маяти маркийн ачааны автомашинаа асааж хашаанаас ухарч гарсан. Хашаанаас гарч зогсоод харахад хүн амьтан харагдаагүй тул гудамж уруудаж хөдлөөд хашааны үүдээрээ өнгөртөл гэнэт хүүхэд уйлах шиг болсон ба би хүүхэд дагаж гүйж гарч ирээд машинд дайрагдлаа гэж бодоод машинаа хөдөлж байгаа чигт нь орхиж хаалгаа онгойлгоод үсэрч буугаад машины араар орж харахад миний хүү С.Даваа манай хашааны хаалга руу хөлөө харуулаад хэвтэж байсан, гүйж очоод тэврэхэд хүүгийн чих, хамар, амнаас нь цус ихээр гарчихсан байсан ба мэдээгүй ухаангүй болчихсон байсан. Би өөрийн хүү С.Давааг тэвэрч уйлаад сууж байтал миний төрсөн ах Г.Маамуу гүйж ирсэн. Тэгээд ах маань эмнэлэг аваач гэж хэлсэн тул...эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод хүүхдээ үзүүлэхэд эмч нар нас барсан байна гэж хэлсэн тул хүүхдээ тэврээд эмнэлэгээс гарч гэрлүүгээ явчихсан юм. Би сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Талийгаач хүү маань миний хамгийн их хайрлаж эрхлүүлдэг биеэсээ салгадаггүй хүүхэд байсан юм. Миний санамсар болгоомжгүй байдлын улмаас ийм зүйл болсонд маш их гэмшиж, харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд ДҮГНЭВЭЛ:

            Шүүгдэгч Г.Сумъяа нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дахь 11-18 тоот хашаанаасаа “Хюндай Маяти” маркийн 55-61 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дах хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, өөрийн хүү бага насны С.Давааг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Удвал, гэрч Г.Маамуу, Г.Баттулга, Я.Пүрэв, П.Балжинням, Н.Болормаа, Т.Долгорсүрэн, Б.Нэргүй нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, ослын шалтгаан тогтоосон Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээний 23 тоот акт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Г.Сумъяагийн үйлдсэн гэмт хэргийн улмаас С.Даваагийн амь нас хохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд заасны дагуу ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хохирогч Б.Удвал нь мөрдөн байцаалтанд “Уг явдал санамсар болгоомжгүй байдлаас болсон тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Сумъяагаас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Сумъяад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин түүнийг анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, ар гэрийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Г.Маамуу, Т.Долгорсүрэн нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй тухай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Сумъяад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.   

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Сумъяагийн 475274 дугаартай жолооны В, С ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Г.Сумъяа нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн 3.867.000 төгрөгийн үнэлгээтэй “Сузуки свифт” маркийн 44-65 УВА улсын дугаартай суудлын автомашин, 2.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хюндай маяти” маркийн цагаан өнгийн 55-61 УВХ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16, 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаавай овгийн Гомбын Сумъяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Сумъяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Г.Сумъяа урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Сумъяад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Сумъяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201620000198 дугаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Сумъяагийн В, С ангиллын 475274 дугаартай жолоочийн үнэмлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяагийн эзэмшлийн “Сузуки свифт” маркийн 44-65 УВА улсын дугаартай суудлын автомашиныг, “Хьюндай маяти” маркийн цагаан өнгийн 55-61 УВХ улсын дугаартай ачааны автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16, 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сумъяад өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    С.БОЛОРТУЯА