Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0377

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 18 өдөр                    Дугаар 377                                        Улаанбаатар хот

 

 “Х и” ХХК, “М” ХХК,

“Н т с” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.С, Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК- иас шүухэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/303, А/211, А/226 дугаар захирамжуудын “Х и” ХХК, “Н т с” ХХК, “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/576 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-д Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талд үйлчилгээний зориулалтаар 1225 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд хотын суурьшлын инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байсан тул маргаан бүхий захирамжуудаар нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Газрын тухай хуулийг зөрчиж, нийтийн эдэлбэрийн газар, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр дээрх компаниудад газар эзэмших эрх олгогдсон дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжийн дээрх компаниудад холбогдох заалтыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/211, А/226, А/303 захирамжуудаар хүчингүй болгосон байна. Мөн тус компаниудын газар эзэмших эрхийн хугацааг сунгасан дүүргийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн холбогдох заалтуудыг Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны А/576 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2013 оны А/211, А/226, А/303 дугаар захирамжийн заалтууд нь хоорондоо зөрчилтэй, хоёр салаа утгыг илэрхийлсэн нэг болохоор огт эзэмшүүлж болохгүй газрыг эзэмшүүлсэн гээд нөгөө болохоор хэрэв дуудлага худалдаа төсөл шалгаруулалт явуулсан бол эзэмшүүлж болохооргүй газар байсан ч хамаагүй дуудлага худалдаа төсөл шалгаруулсан бол эзэмшүүлж болох ч юм шиг ойлгоход хүндрэлтэй захирамж болсон байдаг. Нийтийн эдэлбэр газар, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэсэн хэр нь эдгээр эзэмшүүлж болохгүй газар дээр дуудлага худалдаа төсөл шалгаруулсан бол бусдад эзэмшүүлж болохоор хоёр салаа утгатай заалтууд орсон.

Мөн дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлсэн ч гэсэн дуудлага худалдаа төсөл шалгаруулсан бол бусдад эзэмшүүлж болохоор ч юм шиг ойлгогддог. Эндээс харахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 тогтоолыг хэрэгжүүлж байгаа нэрийн дор хам хум, ямар ч судалгаагүй, үндэслэлгүйгээр нэг дор бөөн захирамж гаргаж иргэд аж ахуйн нэгжийг хохироосон тэдгээрийн эрх ашгийг зөрчсөн, төрийн захиргааны байгууллагаас гарч байгаа эрх зүйн акт нь утга агуулгын хувьд иргэдэд нэг мөр ойлгогдохоор, тодорхой утга утга санааг илэрхийлсэн, салаа утгагүй, хоорондоо зөрчилдөхгүй иргэдийнхээ эрх ашгийг зөрчихөөргүй хохирохооргүй байх ёстой гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 7-р сарын 03-ны өдрийн 37-р тогтоолын 4-т хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ гэж заасан байна.

Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд нь газар дээрээ хашаа барих, харж хамгаалах, газрын төлбөр, зураг төсөл хийлгэх, өөрчлөх, батлуулах зэрэгт 540 сая төгрөг зарцуулаад байгаа. Газрыг эзэмших ашиглах эрх үүссэн үеэс өнөөдрийг хүртэл газраа ашиглаагүй байгаа нь манай газрын хойно баригдсан зарим барилга байгууламжийн техникийн нөхцөлөөс хамаарч дэргэдүүр явах шугамын өөрчлөлтөөс хамаарч зураг төслөө өөрчилсөн, мөн барилгажуулах зөвшөөрөл авах, зураг төслөө батлуулах төрийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авахад их хугацаа зарцуулсан.

Бидний ашиглах газрын 59 хувь нь барилгажих талбай бөгөөд үлдсэн 41 хувьд нийтийн эдэлбэр болон ногоон байгууламж болж үлдэнэ.

Бидний төсөл хэрэгжсэн тохиолдолд хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх соёл урлагийн төв кинотеатр, эмнэлэг үйлчилгээний цогцолбор байгуулагдан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн явган хүний болон машины зам, амарч зугаалах талбай, сандал, зүлэг мод гэх мэт тохилог орчин үеийн стандарт хангасан нийтийн эдэлбэрийн зам талбай бий болсноор иргэдийн эрх зүйн байдал илүү дээрдэх болно. Иймд нийтийн эзэмшил ногоон байгууламж бүрэн устан алга болох зүйл байхгүй юм. Ийм ч учраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /ерөнхий архитектор/-аас манай зураг төслийг зөвшөөрч баталж өгсөн билээ.

Иймээс бидний зүгээс анхан шатны шүүхэд өгсөн тайлбар баримт, болон дээрх үндэслэлийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2013 оны нийслэлийн засаг даргын А\303, А/226, А/211 захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/576 захирамжуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар утга, агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус шийдвэр болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна.

Иймд захиргааны шүүхийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү

 

гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/303, А/226, А/221 дүгээр захирамжуудаар “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-иудын тус бүр 1225 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч компаниуд анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талд тус бүр 1225 мкв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж, эзэмших эрхийн гэрчилгээний дагуу дүүргийн Газрын албатай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Дээрх захирамж, гэрээний дагуу нэхэмжлэгч “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК болон “Алхана трейд” ХХК хамтран тус бүрийн эзэмших эрх бүхий 1225 мкв буюу нийт 4900 м.кв газарт барилга барихаар төлөвлөж, 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулжээ.

Улмаар дээрх компаниудаас гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 555 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж, орон сууц үйлчилгээний барилгын зориулалтаар тэдний эзэмших эрх бүхий газарт тус бүрд 0,045 га газрыг эзэмшүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.

Үүний дагуу холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөл олгосноор “Алхана трейд” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны 16 давхар, цогцолбор 3 барилга барих эскиз зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот, байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Х баталжээ. Энэ ажлын хүрээнд барилга барихтай холбоотойгоор зураг төсөл боловсруулах, ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зураг гүйцэтгэх, инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх зэрэг бүхий л гэрээнүүдийг дээрх 4 компани хамтарч хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарыг өөрийн эзэмших эрх бүхий газраа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтаар эзэмшиж байсан гэж үзэхээр байна.

Гэтэл маргаан бүхий дээрх Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/303, А/226, А/221 дүгээр захирамжуудаар “Баянзүрх дүүргийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй гэж дүгнэлээ. Тодруулбал,

"Нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлснээс бусад гудамж, талбай, зам зэрэг нийтийн эзэмшлийн газрыг “нийтийн эдэлбэр газар”-т хамааруулахаар, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “хотын нийтийн эдэлбэрийн газрыг” төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар заасан ба Газрын харилцаа, барилга геодези, зураг зүйн газрын даргын 2009 оны 224 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам”-ын 4.2.4-т нийтийн эдэлбэрийн газарт хамаарах газруудыг тодорхойлж, нийтийн эдэлбэр газрын хүрээ заагийг хэмжиж, бүртгэх талаар тогтоосон байна.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн зурагт нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрын хашаанд явган хүний зам байгаа боловч дээрх журмаас өмнө батлагдан гарсан аливаа эрх зүйн актаар тухайн газрыг “нийтийн эдэлбэрийн газар” гэж тогтоосон талаарх нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна 2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч нарт тус бүр 1225 м.кв кв газрыг эзэмших эрх үүссэн байжээ.

Үүнээс үзвэл 2009 онд дээрх журмын дагуу нийтийн эдэлбэрийн газрыг тогтоож, бүртгэх үед маргаан бүхий газар нь нийтийн эдэлбэрийн биш, харин бусдын эзэмшлийн газарт хамаарч байсан байхад анхан шатны шүүхээс “нийтийн эдэлбэрийн газар” гэж дүгнэсэн нь буруу байна.

Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмшүүлсэн гэх тухайд:

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь 2006 онд Баянзүрх дүүргийн Засаг даргад газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба харин уг газар нь инженерийн шугам сүлжээ бүхий буюу Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлэх газарт хамаарч байхад дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг зөрчсөн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-иудад анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг эрх хэмжээ олгогдоогүй дүүргийн Засаг дарга гаргасан боловч хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 3.13-д тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 0,1 га газрыг эзэмшүүлэхээр оруулсан, мөн Газрын тухай

 

хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар тухайн газрын эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлэх эрхтэй Нийслэлийн Засаг дарга 2011 оны 555 дугаар захирамж гарган, нэхэмжлэгч нарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэрийг тухайн захирамж гаргаснаараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ба одоо дээрх баталгаажуулсан захирамж хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн газарт байсан дулааны шугам сүлжээг зөөсөн талаар дүүргийн Газрын албанд 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэж байсан байх ба тухайн газарт одоо инженерийн шугам байхгүй болох :;ь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “тухайн газарт байрлаж байсан дулааны шугам сүлжээг баруун талд зөөсөн” гэх тайлбараар тогтоогджээ.

Дээрхээс үзэхэд захиргааны байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн, хууль, гэрээнд заасны дагуу тухайн газрын төлбөрөө тухай бүрт нь төлсөөр ирсэн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй байхад “өмнөх шийдвэр буруу гарсан” гэх захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэлгүй байна.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн гэх тухайд:

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу маргаж буй захиргааны акт гаргасан өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш гаргасан захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй газар газар дээрээ барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, анхны үнийг төлсөн баримтыг үндэслэн барилга байгууламжийн эскиз зургийг баталж, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын хувьд дээрх захирамжид заасан шаардлагыг хангаж,

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 555 дугаар захирамжийн дагуу эзэмшлийн газартаа барилга барихаар хүсэлт гаргаж, шаардагдах бүхий л зөвшөөрөл, барилгын зураг төсөл, техникийн нөхцөлийг авсан, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргатай 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх үүрэг гүйцэтгэх тухай” 2013/05 тоот гэрээ байгуулсан байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчид тэгш бус байдлыг бий болгон, газраа зохих ёсоор эзэмших боломжийг олгоогүй нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн тухайн маргаан бүхий газарт нэхэмжлэгч 3 компаниас гадна “Алхана трейд” ХХК тэдний адил цаг хугацаанд, хөрш зэргэлдээ газарт, нэг захирамжаар газар эзэмших эрхтэй болж, уг 4 компаниас өөрсдийн тус тусын эзэмших эрх бүхий газарт хамтран барилга барихаар гэрээ байгуулж, нийтдээ 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад “Алхана трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн атлаа нэхэмжлэгч 3 компанийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь дээрх зарчимд мөн нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Дээрх байдлаар Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч нарт анх олгосон дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамжийг хүчингүй болгосноор “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-иудын газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2006 оны 42 дугаар захирамж нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “газар эзэмших эрхийн хугацаа сунгасан А/390 дүгээр захирамж гарснаар үйлчлэл нь дууссан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн А/576 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох , цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/303, А/211, А/226 дугаар захирамжуудыг үндэслэн “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-иудад 1225 м.кв газар эзэмших эрхийн хугацаа сунгаж эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн

Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/390 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүдийг “нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэж хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч компаниуд нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/390 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар газар эзэмших эрхийн хугацаагаа 5 жилийн хугацаагаар сунгуулсан, маргаан бүхий газрыг 2006 оноос хойш эзэмшиж эхэлсэн байх ба түүнээс хойш тухайн газраа хашаалан эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргатай 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх үүрэг гүйцэтгэх тухай” 2013/05 тоот гэрээгээр 2013 оны 2 дугаар улирлаас барилгын ажлаа эхэлж, 2015 онд багтааж дуусгахаар тохиролцсон байх тул тэднийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлгүй.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох асуудлаар маргаж байх үед Баянзүрх дүүргийн Засаг дарга А/576 дугаар захирамжаар дахин газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх ба мөн захирамжид заасан хуулийн заалтууд нь хоорондоо утга агуулгын алдаатай болжээ.

Тодруулбал, маргаан бүхий захирамжид нэхэмжлэгч нарт дүүргийн Засаг дарга анхнаасаа эзэмшүүлэх ёсгүй газарт, дуудлага худалдаа сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн нь хууль бус гэж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-д заасныг баримталсан атлаа хуулийн дагуу эзэмшсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалт болох 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн нь хоорондоо уялдаагүй, ойлгомжгүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/576 дугаар захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 -д зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Х и” ХХК, “М” ХХК, “Н т с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 37 дугаар зүйлийн 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/303, А/211, А/226 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/576 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.