Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 0019

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

    Дугаар 101/ШШ2018/00019

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* дүгээр байр 20 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Г*******гийн Х /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, дүгээр гудамж 185Б тоот хаягт оршин суух, Их сүүж уул овогт М*******ын М /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 370.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Х нь 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр М.Мд мөнгөн ээмэг, зүүлт, бөгж зэрэг үнэт зүйлсээ ломбарданд тавиад хугацаа хэтрүүлснээс зарагдах гээд байна гэж гуйгаад байхаар нь тус болж 600.000 төгрөгийг зээлдүүлсэн.

Гэтэл зээлээ бүрэн төлөхгүй байсаар өдийг хүрсэн. М.М нь хариу тайлбартаа буцааж өгсөн мөнгийг зээлээс хасаагүй гэж тайлбарласан байсан. Тэрээр үүндээ өмнө зээлээр авч байсан гоо сайхны барааныхаа тооцоог бичсэн байна.

М.М нь 600.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 95.000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй усны 190.000 төгрөгөөс 120.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 70.000 төгрөгийг өгөөгүй юм.     

Иймд М.Мос зээлийн үлдэгдэл 300.000 төгрөг, үнэртэй усны үлдэгдэл мөнгө 70.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан тайлбартаа:

М******* овогтой М миний бие Х гэгчид эхний удаад 60.000 төгрөг, дараа нь 120.000 төгрөгийг 2 удаа, сүүлд нь 300.000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. Үнэртэй ус нь мөн энэ мөнгөнд багтсан. Нийт 780.000 төгрөгийг өгсөн. Анх 720.000 төгрөг болгож өгнө гэснээс 60.000 төгрөгийг илүү өгөөд байхад мөнгөний хүүнд 480.000 төгрөгийг бодож аваад бөөн өгсөн 300.000 төгрөгийг өгсөнд тооцож байна.

Одоо нэхэмжилж байгаа 380.000 төгрөгийг хүлээх зөвшөөрөхгүй гэжээ.

 

/хх-ийн 24 дүгээр тал/ 

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч М.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талууд 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “600.000 төгрөгийг 2017.07.20-ны өдөр хүртэл 20 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно” гэсэн баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад М.М гарын үсэг зуржээ. 

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Х нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 600.000 төгрөгийг хариуцагч М.Мд шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч М.М нь зээлийн гэрээний үүрэг болон зээлээр авсан үнэртэй усны үнэ зэрэгт нийт 780.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Хд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзнэ.  

 

Иймд хариуцагч М.Мос зээлийн гэрээний үүрэгт 300.000 төгрөг, зээлээр авсан барааны үнийн үлдэгдэл 70.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Хгийн нэхэмжлэлийг хариуцагч М.Мд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн болно.    /хх-ийн 10-12 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.  

 

Хариуцагч М.М нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 21340 тоот захирамжаар шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн,  түүнд шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан харуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг,

хариуцагч М.Мөнгөнсолонгын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар хариуцагч М.Мос 370.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Мос улсын тэмдэгтийн хураамжид 11.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.050 төгрөгөөс илүү төлөгдсөн 300 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгож, үлдэх 11.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОНГЭРЭЛ