| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0392/Э |
| Дугаар | 373/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 373/ШЦТ/2017
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл - улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх - шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн, - хохирогчийн өмгөөлөгч Я.Батхан, - шүүгдэгч З.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зын Ө холбогдох Эрүүгийн 1734001880045 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч .Ө нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн БаянЧандмань сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ану-Үжин” амралтын газарт архи уусан үедээ Б.Эрдэнэбаттай маргалдаж, улмаар түүнийг хавтгай үзүүртэй төмрөөр цохиж хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч З.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэбаттай архи хувааж уугаад тасарсан байсан. Тэгээд Эрдэнэбаттай маргалдаад Эрдэнэбат намайг 2 удаа цохисон. Би харуулын пүүтгэний хажууд байсан төмрийг аваад Эрдэнэбатыг 2-3 удаа цохисон. Би төмрөөр цохисоноо санахгүй байна. Тэгээд анхны тусламж үзүүлэн эмнэлэгт оёдол тавиулаад гэрт нь хүргэж өгсөн” гэв. Хохирогч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 03- ны өдөр З.Ө бид хоёр хамт архи уусан. Тэгээд тасарсан байсан тул юу ч мэдэхгүй байна. Эмнэлэгт очоод мэдсэн. Тод ганнам гэдэг эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Би бэлнээр мөнгө аваагүй, одоо 3.300.000 төгрөг нэхэмжилж байна” гэв. Гэрч Ц.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 60-н даваа гэх газар найз Өын амралтын газар дээр нөхөр Баттүвшингийн хамтаар амрах гэж ирсэн байсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр намайг 4 номерын өрөөнд амарч байхад З.Ө намайг сумын төв ороод ирье гээд надтай хамт Баянчандмань сум руу явсан бөгөөд сумын төврүү явах замдаа Д.Эрдэнэбат гэдэг хүнийг аваад хамт явсан. Сумын төв дээр ирээд Д.Эрдэнэбат, З.Ө хоёр дэлгүүрээс хоёр шил архи аваад буцаад Д.Эрдэнэбатын гэрт ирээд авсан архинаасаа Д.Эрдэнэбат, З.Ө хоёр нэг шил архиа задлаад уусан. Тэндээсээ амралтын газар дээр ирээд 4 номерын өрөөнд нөгөө архиа манай нөхөр Д.Баттүвшин, Д.Эрдэнэбат, Б.Ө нар хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад Д.Эрдэнэбат, З.Ө хоёр гараад явсан. Тухайн үед Д.Эрдэнэбат, З.Ө, манай нөхөр болох Д.Баттүвшин нилээд согтсон байсан. Д.Эрдэнэбат, З.Ө хоёр гарж явсанаас хойш 20-30 минутын дараа Ө буцаж манай өрөөнд орж ирээд гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй байна гэхээр цонхоор хараад гараад ирэхэд Д.Эрдэнэбат урд талын байшингийн хажууд сууж байсан ба нүүрнээс нь цус гарсан гараараа дараад сууж байсан. Тэгээд Д.Эрдэнэбат, З.Ө, Баттүвшин нартай Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Эрдэнэбатын нүүрэнд нь оёдол тавьсан. Буцаад Төв аймгийн Баянчандмань сум руу ирж Д.Эрдэнэбатыг гэрт нь хүргэж өгсөн...Юу болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй нэг мэдсэн чинь Ө гэмтлийн эмнэлэг яваад өгөөч гээд ороод ирсэн. Цонхоор харахад Д.Эрдэнэбат урд талын байшингийн хажууд нүүрээ дараад сууж байсан бөгөөд нүүрнээс нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/ Гэрч Д.Баттүвшингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг 60-н даваа гэх газар найз З.Өын амралтын газар дээр эхнэр Баярцэцэгийн хамтаар амрах гэж ирсэн байсан. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр намайг 4 номерын өрөөнд амарч байхад манай эхнэр Баярцэцэг машин бариад Баянчандмань сумын төв рүү найз З.Өтай цугтаа дэлгүүр явсан. Буцаж ирэхдээ Д.Эрдэнэбат гэдэг залуутай нэг шил 0,75 литрийн хараа архи аваад ирсэн байсан. Тухайн үед Д.Эрдэнэбат болон манай найз З.Ө хоёр хоёулаа архи уусан ирсэн байсан. Тэгээд авсан архиа З.Ө, Д.Эрдэнэбат бид гурав хувааж уусан. Архи ууж байхдаа бид нар дөнгөж танилцсан байсан учраас ойр зуурын юм яриад сууж байсан. Барагцаагаар 15 цаг өнгөрч байсан болов уу Ө, Эрдэнэбат хоёр гараад явсан. Манай эхнэр бид хоёр 4 номерын өрөөндөө амрахаар үлдсэн. Ө, Эрдэнэбат хоёр гарч явсанаас хойш 20 орчим минутын дараа Ө орж ирээд найз нь баларсан Эрдэнэбатын нүүрнээс цус гараад эмнэлэг хүргээд өгий гэсэн. Найз нь архи уусан байгаа юм чинь Баярцэцэгийг машин бариад эмнэлэг оруулаад өг гэсэн. Тэгээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Тэнд очоод нилээн хүлээж байгаад Эрдэнэбатын нүүрэнд нь оёдол тавьсан. Тэгээд буцаад гэрт нь Эрдэнэбатыг хүргэж өгсөн“ гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/ Гэрч Ч.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 03-ны орой 22:40 цагийн үед өөрийн “Ану од” амралтын газарт ирэхэд нөхөр Ө байхгүй байсан. Тэгээд түүнийг хайгаад ойрхон Эрдэнэбатын гэрт очих үед түүний хоёр охин дүү нарын хамт байсан. Би хэрэг болсон талаар мэдээгүй, өөрийн нөхөр Ө, Эрдэнэбат нарыг асуухад хоёр охин нь “аав, Ө ах нар өглөөнөөс хойш архи уугаад явсан. Одоо ирээгүй байна, ээж Архангай явсан байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би ээжийх нь утасны дугаарыг аваад гараад явсан. Амралтын газраа унтаж байх үед 03-04:00 цагийн үед үүрээр Ө орж ирсэн. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад “Эркатай муудалцаад, гэмтэлийн эмнэлэг яваад ирлээ” гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад юм хэлэлгүй унтаад өгсөн. Маргааш нь би Эрдэнэбатын гэрт очоод юу болсон талаар асуухад Эрдэнэбат “Өсөхөө бид хоёр хэзээ ч муудалцдаггүй хоёр, юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо муудалцаад, зүгээр зүгээр би эмнэлэг явахгүй” гэж хэлсэн. Тухайн үед том охин нь эгчээ “та аваад яваа, аав 2-3 архи ууж байна, ээж ирээд бөөн юм болно” гэж хэлсэн. Тухайн үед Эрдэнэбат эр хүнийг сорви чимдэг юм аа зүгээр гэж хэлсэн. Би түүнээс чи хаана оёулсан юм бэ? цагдаа асуухгүй байна уу, наадах чинь арай муухай оёчихсон байна, сорвитой үлднэ гэж хэлсэн. Тэр үед Эрдэнэбат “Гэмтэлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан, би нүхэнд унаад нүүрээ урчихлаа гэж хэлээд оёулсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө дагуулаад Улаанбаатар хотод Тод каннам эмнэлэгт очоод Тодномбат эмчээр үзүүлж гоо сайхны оёдол тавиулсан. Тэгээд Эрдэнэбат “энэ эмнэлэг өвдүүлэхгүй оёдол тавьдаг юм байна, өчигдөр гэмтэлийн эмнэлэгт орилж чарлаж байж оёулсан, одоо боллоо” гэж хэлсэн. Би түүнд боолтоо солиулахаар нэг дэх өдөр уг эмнэлэгт эрт ирээрэй, тариа авч өгөх үү гэхэд Өсөхөө надад эм тариа авч өгсөн гэж хэлж байсан. Тэгээд Эрдэнэбатыг гэрт нь хүргэж ирж өгсөн. Ө өөрөө Эрдэнэбат болон ар гэрийхэнтэй нь очиж уулзаад яваад байсан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ Гэрч Д.Тодномбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Өвчтөн тухайн үед хоёр эмэгтэй хүнтэй хамт ирсэн санагдаж байна. Д.Эрдэнэбат нь гэмтлийн эмнэлэгт оёдол урд шөнө нь тавиулсан бөгөөд тухайн оёдолыг сорив бага үүсгэхээр гоо сайханы оёдол тавьж нөхөөд мэс засал руу орсон. Тухайн үед Эрдэнэбатаас бага зэрэг архи үнэртэж байсан. Гэхдээ эрүүл саруул, биеэ авч явах чадвартай, хэвийн ярьж байсан...анх оёдол тавиулахдаа янз бүрийн зүйл яриагүй, архи ууж байгаад ийм болчихлоо гэж хэлж байсан. Харин дараа нь Эрдэнэбатын ар гэрийнх нь ярихдаа амралтын газрын хүнд зодуулж, нүүрээ зүсүүлсэн гэж ярьж байсан. Миний хувьд тодорхой зүйлийг мэдэхгүй...хацарт нь оёдол тавиулснаас өөр гэмтэл, шарх байгаагүй “ гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/ - Хохирогч Б.Эрдэнэбатын “Тод ганнам” гоо сайханы эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний түүх /хх-ийн 60-70 тал/ - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тодорхойлолт /хх-ийн 72 тал/ - Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1182 тоот албан бичиг /хх-ийн 74-78 тал/ - Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №331 тоот лавлагаа /хх-ийн 80 тал/ - Хохирогч Б.Эрдэнэбат шүүгдэгч З.Өаас нэхэмжилсэн хохиролын баримтууд /хх-ийн 82-89, 104-129 тал/ Шүүх шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №10152 дугаартай шинжээчийн: - Б.Эрдэнэбатын биед нүүрэнд зүсэгдсэн, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. - Дээрх гэмтлээс шарх нь хурц ир үзүүр бүхий, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. - Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй - Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/ Шүүх шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №10220 дугаартай шинжээчийн: - З.Өын биед хэвлий, баруун гуянд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ - Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй - Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй - Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх[1]ийн 47 тал/ Шүүх шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №127 дугаартай шинжээчийн: - Шинжилгээнд ирүүлсэн өмд, дотоожинд зүсэгдсэн гэмтэл үүссэн байна - Гэмтэл нь шинэ байх ба ир үзүүртэй зүйлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, 0.3 см х 2 см, 0.5 см х 2 см хэмжээтэй зүсэгдсэн байна. - Зүсэгдсэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хавтгай төмрөөр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 49 тал/ - шүүгдэгч З.Өын ял шийтгэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 60 тал/ - шүүгдэгч З.Өыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 58-59 тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүгдэгч З.Өын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ө нь “хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохиролыг төлнө” гэж мэдүүлсэн байна. Шүүх шүүгдэгч З.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролыг тодорхой хэмжээгээр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаашид гарах хохиролын төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар: Хохирогч Д.Эрдэнэбат нь шүүгдэгч З.Өаас хохирлын нийт 4.333.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүгдэгч З.Ө нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эрдэнэбатад хохирлын 1.930.000 / эмчилгээ болон хагалгааны / төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч З.Өаас 1.997.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад олгох нь зүйтэй байна. Харин малчин хөлсөөр ажиллах гэрээний 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар: Шүүгдэгч З.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон овогт Занданбаярын Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Боржигон овогт Занданбаярын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Занданбаярын Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Занданбаярын Өыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Боржигон овогт Занданбаярын Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Ө нь хохирогч Д.Эрдэнэбатад хохирлын 1.930.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч З.Өаас 1.997.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбатад олгож, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Д.Эрдэнэбатын бэлтгэлийн өмд 1 ширхэг, дотоод 1 ширхэгийг хохирогч Д.Эрдэнэбатад буцаан олгож, 66 см урт, 6 см өргөн, 1 мм-ийн зузаантай хавтгай төмөр 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 9. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Өт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж З.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА