Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч: Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006070369 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 2 настай *******г чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03 дугаар багт өөрийн гэртээ мал угаах зөөврийн “вана”-д 2-3 айлын мал угаачхаад өөрийн малаа, *******гийн малтай хамт угааж байгаад *******гийн эхнэр *******тэй маргалдаж байсан чинь над руу төмөр аваад далайхаар нь булааж аваад айлгах гээд далайтал гараараа хаагаад зүүн гарын шуу хэсгээ цохисон. Удаагүй байж байтал ******* хүрч ирээд мотоциклоосоо бууж ирээд дандаа дээрэлхэж байдаг чамайг ална гэхээр нь зодвол зод гэж хэлээд гэр лүүгээ алхаж байтал мотоциклоо унаад араас хаазлаад ухас хийхээр нь би газраас чулуу аваад шидсэн чинь цаана нь байсан охин ******* онож ухаан алдуулсан. Би АнуҮжин хаана байсан эсэхийг анзаараагүй чулуу шидтэл, аавынхаа цаана байж байсан. Эмнэлэгт хэвтэх үед нь 1 хонь, эмчилгээний зардалд 1 400 000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээж байна, өөр хэлэх зүйлгүй гэв.

3. Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ...2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн хооронд манай гэрийн ойролцоо байх худгийн хажууд малын эмч Г.******* мал угаах ванна барьж ойр хавьд байсан айлуудын малыг угааж дуусаад ******* ахын манай хоёрынх малаа угааж байхад ******* намайг хонь эргүүлээд ир гэхэд манай нөхөр ******* бэлчиж байг гээд яваагүй байж байсан чинь дээшээ гарч ямаа шид гэхээр нь чи өөрөө шидээч би танай зарц юм уу гэхэд над руу чулуу шидэхээр нь бултсан чинь хүрч ирээд чи миний эмээгийн толгойг идээ биз дээ гээд хэрэлдэж байхад манай нөхөр хонь эргүүлж ирэхээр явахад нь ******* хажуудаа байсан төмрийг аваад намайг цохихоор нь гараараа хаасан. Намайг *******ын ээж болох эгч балай авгай чинь бузартай юм хавь ойрын хүмүүстэй хэрэлдээд гээд зогсож байтал манай нөхөр ирээд та нар байнга дарамталдаг биз дээ гээд *******ын наанаас алхтал урдаас нь шидтэл манай нөхөр бултаад гартал манай 2 настай АнуҮжин охины толгойд оноход манай охин татаж унаад нэг хэсэг ухаангүй байсан. Оройн нь сум орж лам, бариачид үзүүлсэн баруун гарын тохой нь мултарсан байсан тэгээд аймагт ирж эмнэлэгт хэвтээд цагдаад мэдэгдсэн. Миний зүүн гарын сарвуу хэсгээрээ хөдлөхгүй, сойлттой байгаа, охин маань аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна толгойдоо 1 оёдол тавиулсан баруун гар нь тохой хэсгээрээ мултарсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардал, замын зардал гээд бусад зардал төлүүлмээр байна. Над руу 1 удаа чулуу шидээд оноогүй, дараад нь угсармал малын хашааны түгжээ болох 1-2м урттай төмрөөр 1 удаа гарын сарвуу хэсэгт цохисон. Манай нөхөр *******тай хэрэлдэж байгаад том чулуу шидэхэд манай охины толгойн баруун дээд хэсэгт нь онож ухаан алдуулсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

4. Гэрч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... Би хонь эргүүлж ирээд охиноо буулгаад *******тай маргалдаж байгаад эргээд мотоцикл дээрээ мордоод хөдлөх гэхэд ******* газраас чулуу аваад шидэхэд нь булттал миний хойно газар зогсож байсан охин ******* толгой хэсэг нь оносон. Худаг тойрсон бетоны хагархай л шидсэн байх, би яг ямар чулуу байсныг нь хараагүй, гартаа атгаад шидсэн болохоор тийм том байгаагүй байх. *******ыг чулуу шидэх үед Мотоцикл асаалттай байсан болохоор би хаазлаад урагш эргэж байж чулуунаас бултсан чинь тэнд байсан хүмүүс ******* луу хаазалсан, дайрах гэж байна гээд андуурсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

5. Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Г.******* манай хүүхэд. Бага байхаасаа төлөв томоотой өссөн, ахмад настанг хүндэлж их тус болдог ЕБС болон дээд сургуульдаа онц, сайн сурч байсан. Сурлага сайтай 3 дүүдээ үлгэр дуурайлал болсон хүү байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би Г.*******ыг бага байхаас нь мэднэ. Төлөв даруу, томоотой, шударга, хүнд тусархуу, ажилласаг хүүхэд байгаа юм. Хүнд гэм хийж, гэмт хэрэгт холбогдож байхыг нь би лав мэдэхгүй. Ерөнхий боловсролын сургууль болон дээд сургуулиа амжилттай сайн төгсч ирсэн сурлага сайтай хүүхэд. Одоо төрийн албанд нэр төртэй ажиллаж байгаа......гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн: 1. *******гийн биед баруун зулайд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцгэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхшинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 21/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан хаан банкны тодорхойлолт, хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ын бакалаврын дипломын хуулбар, хавтаст хэргийн 87 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 90 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.*******ын хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр 1 хуудас Баянхонгор аймгийн Баянговь сумын засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэтогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлдэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар гэм буруугийн таламэтгэлцэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг дурдав.

Шүүхээс шүүгдэгч Г.******* нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болох 2 настай *******г чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******, гэрч Ж.******* нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******ыг “Бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.*******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Г.*******т буцаан олгож шийдвэрлэв. Шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бетоны хэлтэрхий нэг ширхэг, урд тал нь тахийсан нарийн төмөр нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бетоны хэлтэрхий болон төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Г.*******аар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Г.*******т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бетоны хэлтэрхий нэг ширхэг, урд тал нь тахийсан нарийн төмөр нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бетоны хэлтэрхий болон төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ