Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ш-гийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Л.Т-д холбогдох,

882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Ш миний бие Барс худалдааны төвийн №15 агуулахад хүнсний ногооны бөөний худалдаа явуулдаг. 2016 оны 4 дүгээр сарын 05-нд Т гэдэг хүн манай зооринд орж ирээд 462,200 төгрөгийн ногоо шууд ачуулж, мөнгөө авах гэхэд манай найзын нэрийг хэлээд зээл бичихийг гуйсан. Тэгээд би 7 хоногийн дараа утсаар мөнгөө нэхэхэд хэд хоногийн дараа боломжтой болоод өгнө, дансны дугаараа өгчих гээд дансны дугаар авсан боловч удаа дараа очиж, утсаар ярьсан боловч найз нь зээл хөөцөлдөж байгаа, мөнгийг чинь хүүтэй нь төлнө гэж хэлээд олон удаа хуурсан. 2016 оны 9 дүгээр сард мөнгөө нэхээд очтол миний илүү ногоогоо хийдэг зоорь байгаа чи энд ногоогоо авчраад манайханд бөөндөж болно гээд манай охин, хүргэн хоёр 10 дугаар сард надаас ногоо авч Баянзүрх зах дээр Тгийн зооринд буулгаад захынханд бөөндөж зарах явцад дундаас нь манай охин, хүргэн хоёроос зээлээр 6 удаа ногоо авсан байсан. Тухайн үед би Тд ногоо өгч болохгүй гэдгийг ногоо өгч явуулах болгондоо анхааруулж сануулж хэлж байсан. Тэгсэн Т юун сүртэй юм бэ гээд шууд ачигчаар ачуулаад маргааш эгч нь өгнө гээд булаах шахам өөрийн юм шиг авдаг байсан. Нийт 2016 оны 10 дугаар сарын 13-нд 123,600, 10 дугаар сарын 17-нд 155,800, 10 дугаар сарын 18-нд 25,000, 10 дугаар сарын 21-нд 143,300, 10 дугаар сарын 25-нд 61,000, 11 дүгээр сарын 9-нд 16,000 нийт 524,700 төгрөгийг ногоо авсан байсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр 20,000 төгрөг дансаар, 2 хоногийн дараа 18,000 төгрөг би өөрөө очиж бэлнээр авсан. Иймд ногооны үнэ 882,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа 2016 онд үүссэн. Бараа өгсөн авсан талаар тооцоо нийлсэн акт, зарлагын баримт үйлдэгдээгүй. Нэхэмжлэгч С.Шгийн төрсөн охин, өнөөдөр гэрчээр асуугдах гэж байгаа эмэгтэйгийн ногоог өөрийн зоориндоо хийлгэж заруулж байсан. Тухайн үед охины ногооноос авсан. Төлөх ёстой дутуу төлбөр байгаа талаар ярьдаг. Гэхдээ яг хэдэн төгрөг төлөх ёстой гэдгээ мэддэггүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад он сар өдөртэй баримт байгаа. С.Шгаас нэг удаа, түүний охиноос мөн ногоо авсан гэж хэлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэж өгнө үү. Д.Б авсан ногооны үнэ гэх 524,700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Л.Тд холбогдуулан зээлээр худалдсан хүнсний ногооны үнэ 882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нь Д.Бэс авсан хүнсний ногооны үнийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч С.Ш хариуцагч Л.Т нар 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүнсний ногоо зээлээр худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний агуулга болон зорилго, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд худалдагч тал нь барааг худалдан авагч талд үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, тодорхой хугацааны дараа худалдан авагч тал үнийг төлөх шинжээрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “...2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр надаас 462,200 төгрөгийн хүнсний ногоо авсан, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд манай охин, хүргэн хоёроос 524,700 төгрөгийн хүнсний ногоо зээлээр авч 38,000 төгрөгийг төлсөн тул нийт 882,000 төгрөгийг гаргуулна ” гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “... нэхэмжлэгчээс 462,200 төгрөгийн хүнсний ногоо хүлээн авч 38,000 төгрөгийг төлсөн, 524,700 төгрөгийн хүнсний ногоог нэхэмжлэгчээс хүлээж аваагүй тул С.Ш шаардах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, худалдагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдан авагчийн төлсөн үнийг өөрийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч тал үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг”-т хамаарч байна.

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагч Л.Т нь нэхэмжлэгч С.Шгаас 462,200 төгрөгийн хүнсний ногоог зээлээр худалдан авч, үүнээс 38,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн хүнсний ногооны үнэ буюу 424,200 төгрөгийг шаардах эрхтэй, харин Л.Бэс хүлээн авсан хүнсний ногооны үнэ гэх 524,700 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Дурдан буй дээрх үндэслэлээр хариуцагч Л.Тгөөс 424,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 457,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Тгөөс 424,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 457,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тгээс 13,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Шд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Л.ЭНХЖАРГАЛ