Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.У-ад холбогдох,

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байрны 54 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Д-д буцаан  шилжүүлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Б.Д миний бие Э.Утай 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болж 2003 оны 3 дугаар сарын 09-ны өдөр бидний дундаас хүү Д.С- төрсөн билээ. Бид хоорондоо таарамжгүй харьцаатай, тусдаа амьдардаг байсан тул 2009 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Уад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг зөвшөөрсөн шаардлага бүхийн нэхэмжлэл гаргасныг 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 659 дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү Д.С-ыг Э.Уын асрамжид үлдээн 18 нас хүртэл нь тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хувьд өөрийн хүү Д.С-т Улаанбаатар хотод 5 жилийн дотор байр авч өгөх, насанд хүртэл хүү Д.С- бид хоёрын хамтран өмчлөлд байх, энэ хугацаанд Э.У болон Д.С- нарыг байр түрээслүүлэн амьдаруулж, түрээсийн төлбөрийг хуваан төлөх талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс баталж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамжийн асуудал болон эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсний дагуу миний хувьд үүргээ биелүүлж өөрийн ээж С.Ц-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204001690 дугаартай Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар  байрны 54 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “бэлэглэлийн гэрээ”-ний дагуу шилжүүлэн авч, тус орон сууцыг Э.Утай 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулж байрны үнийг 60 сая төгрөгөөр тооцож, бэлнээр төлбөрийг төлж дуусгасан мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийж, өмчлөх эрхийг Э.Уд шилжүүлсэн. Уг дүр үзүүлэн хийсэн хэлцлийн зорилго дээр дурдсанчлан өөрийн хүү Д.С-ыг орон байртай болгох байсан бөгөөд гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байрыг Д.С- насанд хүрэх хүртэл хүү бид хоёрын нэр дээр байх, насанд хүрсний дараа Д.С-т шилжүүлэхээр ярилцаж, эвлэрлийн гэрээг байгуулж байсан боловч нэгэнт Д.С- шүүхийн шийдвэрээр ээжийнхээ асрамжид байгаа болон Э.Уын хүсэлтийн дагуу дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулж, Д.С-ыг насанд хүрэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл миний хүү Д.С- нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “... би таньтай хамт амьдармаар байна ээжтэй байхаар хойд аав намайг зодож, загнадаг” гээд хүрч ирсэн. Энэ өдрөөс эхлэн би хүүтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай” шаардлага бүхийн нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01986 тоот шүүхийн шийдвэрээр хүү Д.С-ыг миний асрамжид үлдээн шийдвэрлэсэн.

Нэгэнт миний хүү над дээр хүрээд ирсэн, цаашид хүүтэйгээ амьдрах тул хүүдээ өгсөн байраа ээжээс нь буцааж авах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Э.Утай хийсэн “орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь тухайн орон сууцыг Э.Уад худалдах зорилгогүйгээр бидний хооронд хийгдсэн гэрээнд заагдсан 60,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлсэн хэлцэл” байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Э.Утай хийсэн “орон сууц худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 56.5-д заасны дагуу Улсын бүртгэлийн Ү-2204001690 дугаартай Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 54 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Д надад буцаан шилжүүлж өгнө гэв.

 

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д нь Сүхбаатар дүүргийн иргэний шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 659 дугаартай шийдвэрийн 4 дахь заалтыг биелүүлэх үүрэгтэй байсан ба энэхүү үүргийн дагуу маргаан бүхий орон сууцыг хүү Д.С-, бидний өмчлөлд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлэхдээ “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэхдээ энэ үед Б.Д бидний хооронд ямар гэрээ байгуулагдсан нь чухал биш гэж үзэж байна. Учир нь гэрлэлт цуцлах үед Б.Д өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их тойруугийн 73-8а тоот хаягт байрлах орон сууцаа дангаар авч үлдэж, хүү Д.С- бид 2-т гэр бүлийн гишүүдийн дундын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсэгт тооцон 2009 оны 5 дугаар сараас хойш 5 жилийн дотор Улаанбаатар хотод 1-2 өрөө орон сууц авч өгөх болон Э.У би хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их тойруугийн 73-8а тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах болзолтойгоор тохирсны дагуу хөрөнгийн асуудалд эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг Сүхбаатар дүүргийн иргэний шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 659 дугаартай шийдвэрийн 4 дахь заалтаар баталгаажуулсан тул Б.Д үүргээ биелүүлж 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-54 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн. Дээр дурдснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12-54 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууц нь шүүхийн шийдвэрийн дагуу шилжигдэн ирсэн хүү Д.С-, Э.У бидний гэр бүлийн хөрөнгөөс өөрт оногдох хэсэгт тооцон авсан хамтран өмчлөх дундын хөрөнгө тул би хүүгээ насанд хүрсний дараа хөрөнгөөс оногдох хэсгийг өөрт нь шилжүүлж өгөх болон энэ хугацаанд өмч хөрөнгийг нь хадгалан хамгаалах үүрэгтэй. Мөн би хүүтэйгээ хамт амьдарч байхдаа түүний эрх ашиг сонирхлыг ямагт тэргүүн ээлжинд тавьж ирсэн. Харин хүү маань аливаа зүйлийн учрыг бүрэн ойлгох болоогүй жаахан учраас миний одоогийн нөхрийг хүлээн авахаас татгалзах, мөн бидний өөрийнх эрх дураараа зан болон хичээл сурлагатай аливаа шаардлагаас зугтаж аавтайгаа хамт байя гэсэн хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл тэрээр аль болох биеийн амар хялбарыг сонгосон. Гэхдээ би хүүгийнхээ уг үйлдэлд хэт их хориг тавих гэж оролдоогүй бөгөөд хүү маань аав, ээжийнхээ хэнтэй ч хамт байх эрхтэй бөгөөд заавал бидний хэн нэгний асрамжид байх ёстой гэдэг утгаар Б.Дий хүүхдийн асрамж өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж хүү Д.С-ыгаа 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эцэг Б.Дий асрамжид өгсөн. Магадгүй хэсэг хугацааны дараа миний хүү ээжтэйгээ хамт амьдарна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Б.Дий хүүхдийн асрамж өөрчилсөн шалтгаанаар шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ биелүүлэхдээ хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцыг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдал хийгээд хууль зүйн хувьд ч үндэслэлгүй.

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг Б.Д бид өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцсны үндсэн дээр аливаа хэн нэгэн этгээдийн нөлөөгүйгээр байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, мөн хуулийн 40, 42.2,  42.4 дүгээр зүйлд заасантай нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Э.Уад холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас худалдагч тал болох Б.Д нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байрны 54 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Э.У, Д.С- нарын өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч Э.У нь орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг төлөх агуулга бүхий хэлцлийг бичгээр үйлдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10 дугаар тал/

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна.

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь, агуулгын хувьд хууль зөрчөөгүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий тус гэрээгээр орон сууц худалдах жинхэнэ хүсэл зориг илэрхийлээгүй, хүү Д.С-ыг орон сууцтай болгох зорилготой, харин Э.Уад өмчлөх эрх үүсгэх зорилго байгаагүй гэж тайлбарлаж, хариуцагч орон сууц худалдан авах зорилго байгаагүй ч гэрлэгчдийн эд хөрөнгийн  эрхийн хувьд эвлэрсэн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 659 дугаар шийдвэрээр Б.Д, Э.У нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн хүү Д.С-ыг эх Э.Уын асрамжид үлдээж, “ ... Б.Д нь таван жилийн хугацааны дотор хүү Д.С-т Улаанбаатар хотод 1-2 өрөө орон сууцыг худалдан авч өгч, насанд хүртэл нь хамтран өмчлөгч байх, .... “ тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд талуудын хооронд 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ”-ний 2.1.1-т “ ... хүү Д.С-ын нэр дээр Улаанбаатар хотод 1-2 өрөө орон сууцыг худалдан авч, өмчлөлд нь шилжүүлэх үүргийг эцэг Д хариуцах, 2.1.2-т “... орон сууцыг С-ын өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд хүүгийн эцэг Д хамтран эзэмшигч” байна гэж тохиролцсон байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 6, 41, 43-44 дүгээр тал/

Хэрэгт авагдсан баримтуудаас талууд аль аль нь хүлээн зөвшөөрсөн буюу эргэлзээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримт нь талуудын хооронд 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ” байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, худалдагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, худалдан авагчийн төлсөн үнийг өөрийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг”-т хамаарна.

Иргэний хуульд хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь дүр үзүүлэх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2/, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийх /56.1.3/, үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож хэлцэл хийх /56.1.4/, субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийх /58 дугаар зүйл/, хууран мэхэлж хэлцэл хийх /59 дүгээр зүйл/, хүч хэрэглэж хэлцэл хийх /60 дугаар зүйл/-д зааснаар тус тус  зохицуулсан.

Хэлцлийн жинхэнэ хүсэл зориг гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээний 2.1.1, 2.1.2-т заасан зорилгыг хэрэгжүүлэхээр илэрхийлэгдсэн гэж үзэн тус хэлцлийг бусдын өмчлөлд эд хөрөнгийг үнэ төлбөртэйгээр шилжүүлэх гэрээ байдлаар үйдлсэн нь хэлцэл субъектив шинжийн хувьд зөрчилтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн” хийсэн хэлцэл байна.

Өөрөөр хэлбэл, дүр үзүүлж хийсэн хэлцлээр талууд хуулиар ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй байх шинжийг агуулах бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “орон сууц худалдах худалдан авах” гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Э.Уад өмчлөх эрх үүсгэх, хариуцагч уг орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлээгүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан  2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Э.У, Д.С- нарын өмчлөлд шилжсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байрны 54 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Дий өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэг үндэслэл болох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01986 дугаар шийдвэрээр хүү Д.С-ын асрамж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, талуудын хэлцэл байгуулах үеийн хүсэл зоригийг хожим буюу тухайн үед мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал бий болсон үндэслэлээр үгүйсгэх боломжгүй юм.

Шүүхээс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ”-гээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Д, Э.У нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204001690 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байрны 54 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Дий өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Уад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14758 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уаас 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ