Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 С.С-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч С.С-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганы бичсэн эсэргүүцлээр С.С-ад холбогдох эрүүгийн 1809051791265 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

С.С- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нагоми” ресторанд хохирогч Ч.Б-гийн нүүр лүү пивоны стакан шидэж, эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” байдал нь С.С-ад ял сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгтэй тохирохгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч С.С-, хохирогч Ч.Б- нар урьд нь хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдох ба шүүгдэгч С.С- нь хохирогчийг дуудан уулзаж, улмаар шалтгаангүйгээр түүнийг хардаж, хэрүүл маргаан өдөөн, өөрийн хараат байлгах, тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор дээрэнгүй хандаж, түүн лүү архины стакан шидэж, бие, эрх чөлөөнд нь хүч хэрэглэсэн байхаар нөхцөл байдал үүсчээ.

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр урьд С.С- нь Ч.Б-н биед хүч хэрэглэсэн үйлдэл байсан болохыг мэдүүлснээс гадна тэдгээр нь амьдарч байх үедээ хоорондоо ямар харилцаатай байсан, тэдгээр нь ямар учраас хамтран амьдрахаа больсон шалтгаан /гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас үүдэлтэй эсэх/, хэрэг болох үед байсан этгээд, хэрэг болсон газрын холбогдох этгээд зэргээс байцаалт авч нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, хохирогчоос шүүгдэгчтэй хэрүүл маргаан хийсэн, шүүгдэгчийн биед нь хүч хэрэглэсэн гэх зэрэг хохирогчийн шууд буруутай үйлдэл, үйл ажиллагаа байсан болох нь тогтоогдоогүйгээс гадна тус хэргийн зүйлчлэл нь бодит хохирол учирснаар гэмт үйлдэл төгссөнд тооцогдохыг анхаарах нь зүйтэй байна.

Энэ талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тодорхой зохицуулсан байна.

Ийнхүү шүүгдэгч С.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн чухам аль хэсгээр зүйлчлэгдэх нөхцөл байдал нь бүрэн тогтоогдоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл хангагдаагүй гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ганбагана бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Хэрэгт авагдсан хохирогч Ч.Б-гийн “...Бид хоёр 2011 оноос 2016 оны хооронд хамтран амьдарч байгаад 2016 оноос хойш хамт амьдрахаа больсон. Хамт амьдрахгүй ч байнга уулздаг байсан. Хэрэг болсон өдрөөс хойш одоог хүртэл хэвийн харилцаатай байгаа. Өмнө нь намайг зодож байгаагүй. Харин өнгөрсөн зун намайг хардаад алгадаж байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж байгаагүй. С.С-ад зодуулсан талаар би хэнд ч мэдэгдэж байгаагүй. Нээх сүртэй зүйл биш болохоор хүнд хэлдэггүй байсан” гэж мэдүүлдэг. Мөн энэ талаар яллагдагч С.С- нь мэдүүлсэн байдаг ба эдгээр нотлох баримтаар С.С-, Ч.Б- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар хамтран амьдрагч буюу хамаарал бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин шүүгдэгч С.С-, хохирогч Ч.Б- нар нь 2011 оноос 2016 оны хооронд нэг гэрт хамтран амьдарч байгаад 2016 оноос хамтран амьдрахаа больж, тусдаа амьдарч, хааяа уулздаг байсан нь хэн алины мэдүүлэгт авагдсан ба өмнө нь 1-2 удаа алгадаж байсан талаар хохирогч мэдүүлсэн ба дээрх нөхцөл байдлыг С.С- нь гэр бүлийн хүчирхийллийг байнгын шинжтэй үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн хамтран амьдарч байх хугацааны үйлдлийн шалтгаан нөхцөлийг энэ хэрэгт зайлшгүй тогтоох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулинд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зүйл шинээр хуульчлагдсан тул С.С-ын үйлдлийг хүндрүүлж, эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2. Хохирогч Ч.Б-гийн “...Б гээд найзын хамт 8 номерын өрөөнд байсан. ...Билгүүн Соёлмандахад “одоо хэрүүлээ боль” гэж хэлээд “Ариун цэврийн өрөө орлоо” гээд гараад явсан. Тэр хооронд Соёлмандах намайг “янхан, гичий” гэж харааж байгаад ууж байсан архины стаканаа нүүр лүү шидсэн...” гэх мэдүүлгээр Билгүүн нь тухайн хэрэг гарах үед байгаагүй, Соёлмандах нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэрэг болох үед байсан этгээд, хэрэг болсон газрын холбогдох этгээд зэргээс байцаалт авах шаардлагагүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч С.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг нь прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан            “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмт хэргийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгох бөгөөд шүүгдэгч С.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд хэргийг хүндрүүлж зүйчлэх үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч С.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Прокурорын санал болгосон 700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

 

Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..зодсон; харгис хэрцгий харьцсан; догшин авиралсан; тарчлаасан; ” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар заасан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

С.С-ад холбогдох гэмт хэргийн хувьд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хохирогч Ч.Б-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсныг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокурор Г.Ганбаганы бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.С-ад холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч С.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                           ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ