Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0333

 

Иргэн А.Э гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдэлгэр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г чулуун, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн А.Э гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар Захирамж хүчингүй болгож, газар эзэмших эрх сэргээх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхон сумын МТ ХХК-ийн гомдлыг судалж үзээд доорх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамж гаргасан болно. Үүнд :

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн

Нэг: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу хүсэлтийг үндэслэн гэсэн байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3 дахь заалтуудын дагуу бүрдүүлсэн материал дээрх нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй нь 2 тал хүлээн зөвшөөрсөн, газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

1. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам-ын 3.22-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдын эзэмшилд шилжүүлсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн сумын Газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба эрх шилжүүлэн авч байгаа этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож, өмнөх гэрчилгээнд хүчингүй гэсэн тэмдэглэл хийж, тухайн нэгж талбарын хувийн хэрэгт хавсаргахын зэрэгцээ шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийн бичилтийг хийж баталгаажуулна гэсэн журмыг хэрэгжүүлээгүй нь МТ ХХК-д 2008 оны 05 дугаар сарын 21-нд олгосон ***** дугаар аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь бүрэн эхээрээ МТ ХХК-ийн захирал С.Б-д хадгалагдаж байгаа нь гэрчлэгдэж байна.

2. Дээрх нөхцөл байдлаас харахад Орхон сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамж нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна гэж үзээд МТ ХХК Д.Н д, Д.Н гаас НӨ ХХК, НӨ ХХК-аас А.Э  рүү шилжүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/140 дүгээр дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн хүчингүйд тооцож аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамж гаргасан болно.

3. Орхон сумын Засаг даргын 2011 оны 331 дүгээр шийдвэр нь 2008 оны 104 дүгээр шийдвэр, 2014 оны 140 дүгээр шийдвэр нь 2011 оны 331 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцсон заалтуудтай байсан тул дээрх захирамжуудыг нэг бүрчлэн дурьдалгүй хамгийн сүүлчийн шийдвэр болох 2014 оны А/140 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсон болно гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлд ...2015 оны 04 дүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Засаг дарга ямар ч үндэслэлгүйгээр 243,6 га газрыг надад олгосон 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/140 дүгээр сумын Засаг даргын захирамж.***** дугаар гэрчилгээ, 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгож МТ ХХК-д олголоо гэжээ.

а/. Манай компани нь 2000 оноос хойш маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж байхад эзэмшигч компани болох манай компанид огт мэдэгдэлгүй 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 104 дүгээр захирамж гарган Д.Н гийн мэдэлд шилжүүлсэн байдаг.

Манай компани иргэн Д.Н тай газар эзэмших эрхийг шилжүүлэх ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, Д.Н д газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх талаар ямар ч хүсэлт гаргаагүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга чухам ямар баримт бичгийг үндэслэн иргэн Д.Н гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тодорхойгүй байгаа юм. Д.Н д газар шилжүүлсэн талаарх ямар нэгэн баримт байхгүй гэх бөгөөд архиваас алга болсон гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Ийнхүү ямар гэрээ хэлцэл баримт бичгийг үндэслэн манай компанийн нэр дээр байсан газар эзэмших эрхийг иргэн Д.Н д шилжүүлсэн болох нь тодорхойгүй байх тул аймгийн Засаг даргаас Д.Н гийн нэр дээр газар эзэмших эрхийг 60 жилийн хугацаагаар олгосон 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамжийг хүчингүй болгоод байгаа юм.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д газар эзэмших эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримтуудыг заасан байдаг бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгч улмаар эдгээр баримтуудыг үндэслэн тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг.

Гэтэл иргэн Д.Н д шилжүүлсэн захирамж гаргахдаа эдгээр баримтууд байхгүй байхад шууд гаргасан нь дээрх Газрын тухай хуулийн 38.2-д заасныг зөрчсөн байсан юм. Иймээс аймгийн Засаг дарга дээрх хууль бус шийдвэрийг 9 дүгээр зүйлийн 9.3 Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга. ...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр, үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасны дагуу хууль бус захирамжийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй бүрэн эрхийн хүрээнд гарсан захирамж болно.

б/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 32-т заасны дагуу хүсэлт гаргасан Д овогтой Д-ын Н...-д гэж дурьдсан байх бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл нь газар эзэмших эрхийг шилжүүлж авах бус шинээр газар эзэмших эрхийг авах хүсэлт гаргах тухай заалт билээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах тухай заалтыг үндэслэн Д.Н д газар эзэмших эрхийг хууль зөрчиж олгосон гэж үзэх бас нэгэн үндэслэл болж байгаа юм. Иймээс ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр Д.Н д газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна.

2. Нэхэмжлэлд ... тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхэд МТ ХХК-ийн захирал С.Б саад учруулсаар өнөөг хүрч захиргааны хэрэг үүсгэснээс хойш аймгийн Засаг дарга хууль бусаар захирамж гаргалаа гэжээ.

Манай компани 2000 оноос хойш газар эзэмшиж уг газрын төлбөрийг төлсөөр ирсэн билээ. Мөн тухайн газарт тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн болох нь 2014 оныг дуусталх хугацааны уринш ургацын мэдээгээр хангалттай нотлогдож байгаа юм. Уг газарт газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад өмнө аль нэг газраас ямар ч мэдэгдэл, шаардлага ирээгүй бөгөөд уг газарт үйл ажиллагаа явуулахаар хандаж байгаагүй, анх иргэн Д.Н гийн нэр дээр газар шилжүүлсэн талаар огт мэдэгдээгүй билээ.

Гэтэл 2014 оны намар манай компанийн үйл ажиллагаа явуулж байсан газар дээр тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр хүмүүс ирсэн бөгөөд тэр үед газар ийнхүү олон этгээдэд шилжсэн болохыг мэдсэн болно.

Ийнхүү газар эзэмших эрх хууль бусаар шилжсэн талаар аймгийн Засаг даргад 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дахин гомдол гаргаснаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга гомдлыг хянан шийдвэрлэж манай компанийн газар эзэмших эрхийг сэргээсэн болно. 2014 оны намар хүртэлх хугацаанд Д.Н  болон НӨ ХХК-ийн аль нь ч манай газар дээр үйл ажиллагаа явуулах талаар хандаж байгаагүй болно.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж А.Э гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай А.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Э  давж заалдах гомдолдоо: ...МТ ХХК-ийн захирал С.Б нь 2008 оны 08 дугаар сард өөрийнхөө эзэмшлийн газрын эрхээ өөрийн хүсэлтээр иргэн Д.Н д хууль журмын дагуу шилжүүлж, хэдэн жилийн дараа газар тариалангийн салбар сэргэж дэвшил гараад ирэхээр шилжүүлсэн газрын эрхээ буцааж авах нь ашигтай гэж үзээд гомдол гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргана гэсэн заалтыг зөрчсөн тул Сэлэнгэ аймгийн Засаг дарга анхнаасаа хүлээж авахгүй гомдлыг нь буцаах ёстой байтал С.Б-н гомдлыг хүлээн авч шийдвэр гаргасан байгаа нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл.

... Шүүх хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг буюу нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой байна. ... Засаг дарга нь хоёр хүний хүсэлт байхгүй байхад газрын эрхийг нэг талд нь шилжүүлэх үндэслэлгүй.

... МТ ХХК-ны захирал С.Б-н тайлбар нь үнэнд нийцэхгүй байтал шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй.

... Шүүх шийдвэртээ заахдаа: МТ ХХК-ийн зүгээс хүсэлт гаргаагүй байхад Д.Н д газрыг шилжүүлсэн буруу захирамж гарсан гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд иргэн Д.Н д газрын эрхээ шилжүүлсэн тухай баримт бичгүүд нь урьд өмнө нь архивт байсан. Иймд уг дүгнэлт үндэслэлгүй.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн баримт болон МТ ХХК-ийн урьд өмнө нь өөр хүмүүстэй газрын тухай маргаан хийж шүүхээр явж байсан баримтуудаас нь харахад Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 157 дугаар тогтоол болон холбогдох баримтуудад одоо маргаад байгаа 243,6 га газрын тэмдэглэл, баримт огт байдаггүй, Улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоос харахад 2009-2012 онд МТ ХХК-ны үр тарианы зориулалтаар ашиглаж байгаа га тус бүрээр, нэгж талбайн гэрээний дугаар, эрхийн гэрчилгээний дугаар зэргээс 243,6 га газрын эзэмших эрх С.Б-д байхгүй байсан нь тодорхой байна.

Шүүхийн нотлох баримт болгож үнэлээд байгаа Орхон сумын Татварын албанаас ирүүлсэн баримтад С.Б нь 2011 онд 243,6 га газрын татвар төлсөн гэж бичсэн байдаг нь үнэмшилгүй юм. Энэ нь аймгийн татварын хэлтсээс МТ ХХК-ийн 2010-2012 онуудад эзэмшил газрын га тус бүрээр хийгдсэн газрын төлбөрийн баримт, Улсын дээд шүүхийн 157 дугаар тогтоолд тусгагдсаныг харж болно.

МТ ХХК нь газрын төлбөр төлсөн гэх боловч 243,6 га газрын төлбөр гэж дүгнэх боломжгүй. Учир нь: С.Б нь газар эзэмших өөр олон тооны гэрчилгээтэй. Тэгэхээр ямар гэрчилгээтэй газрын аль татварыг төлсөн гэдгийг шүүх тогтоох ёстой байсан ч тогтоогоогүй. Хэрэгт байгаа баримтыг нь үзэхэд 243,6 га газрын татвар төлж байсан гэж үзэх нотолгоо байхгүй, мөнгөн дүн нь ч тохирохгүй байна.

Д.Н  газар эзэмших хүсэлтээ дараа нь өгсөн биш харин Газрын албаны ажилтан дараа нь өргөдлийн дэвтэрт тэмдэглэсэн байх үндэслэлтэй байна. Учир нь: Шүүх Д.Н гийн гараар бичсэн хүсэлтийг биш өргөдлийн бүртгэлийн дэвтрийг үзээд дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй юм.

...Хэргийн материалд байгаа МТ ХХК-ийн газар эзэмших гэрчилгээний хуулбар нь нотариатын баталгаа байхгүй, нотлох баримтын шаардлагыг огт хангахгүй байна. Шүүгч хэргийн материалыг бүрдүүлэхдээ МТ ХХК-ийн 2000-2014 оны үйл ажиллагааны тайлан, Ургамал хамгааллын бодисын зээлийн гэрээ, газрын тосны зээлийн гэрээ, банкны дансны хуулга, бусад баримт бичиг ...зэргийг их хэмжээгээр бүрдүүлсэн нь миний нэхэмжлэлтэй огт хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй баримтуудыг бүрдүүлсэн.

Анх МТ ХХК-ийн захирал С.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба энэ үед А.Э  би гуравдагч этгээдээр оролцож байсан юм. Энэ үед С.Б нь надад хандаж хоёулаа зохицьё, ярьж хөөрөе гэж гуйж байсан билээ. Мөн С.Б-н хүү нь над руу 2014 оны 11-р сард 9908-2957 дугаартай утаснаас залгаж Улаанбаатар хотод 25-р эмийн сангийн ойролцоо хоолны газар уулзая гэсэн юм.

Тэгээд уулзаад надад хэлэхдээ хоёулаа тохироё, манай газрын гэрчилгээ хүчингүй болсон манай газар үргэлж болохоор би алдмааргүй байна, Орхон туул суманд байгаа 100 га газрыг танд өгье гэж санал тавьж байсан юм. Үүнийг би сонсоод зөвшөөрөөгүй бөгөөд шударга үнэнээр явна, шүүхэд хандана гэж хэлсэн юм. Гэтэл удалгүй Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж С.Б-н талд гараад ирэхээр шүүхээс тэр нэхэмжлэлээ буцааж авсан. А.Э  миний эрх ашиг хохирсон тул би Сэлэнгэ аймгийн Засаг даргатай ажлын нь өрөөнд орж уулзаж хохирч байгаа тухайгаа хэлсэн юм. Тэгэхэд Засаг дарга энэ газрыг би эзэмшиж байсан юм шүү дээ, та нар л шилжүүлээд авсан болохоос биш гэж хэлж байсан юм.Энэ нь ч үнэн гэдэг нь баримтаас харагдаж байсан.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь С.Б-н гаргасан гомдлыг 2014 оны 10 сарын 23-ны өдөр хүлээж аваад үүнээс хойш 6 сарын дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр А/146 дугаар захирамж гаргаж А.Э  миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн хугацаа хэтрүүлж гаргасан хуульд нийцээгүй захирамж юм. Эдгээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх зөв үнэлж дүгнэсэнгүй.

Нэхэмжлэгч миний гомдлыг хүлээн авч Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгож, А.Э  миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Анх Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 50 дугаар захирамжаар МТ ХХК-д Худгийн хоолой Товгорын 243.6 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр, Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр захирамжаар МТ ХХК-аас Д.Н д, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 331 дүгээр захирамжаар Д.Н гаас НӨ ХХК-д, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/140 дүгээр захирамжаар НӨ ХХК-аас иргэн А.Э д газар эзэмших эрхийг тус тус шилжүүлсэн бөгөөд гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор А.Э  тухайн газрыг хууль ёсоор эзэмших болжээ.

 

Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Орхон сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/140 дүгээр захирамж, ***** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь хууль бус байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл маргаан бүхий гарахаас өмнө захиргааны актыг МТ ХХК-аас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар гаргасан гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Орхон сумд ажилласан, уг ажлын хэсгээс буюу Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/951 дүгээр албан бичгээр иргэн Д.Н , тухайн үед газар эзэмших шийдвэр гаргасан сумын Засаг дарга нар нь тухайн үедээ 3 талын байлцуулан гэрчилгээг шилжүүлэх талаар тохиролцсоныг нотолсон, ийнхүү шилжүүлэхдээ МТ ХХК-д анх олгосон газар эзэмших эрхийн ***** дугаар гэрчилгээ, гэрээг эх хувиар нь МТ ХХК-аас хураан авч, уг гэрчилгээ, гэрээ нь сумын архивт хадгалагдаж байгаа талаар мэдэгдэж байсан, түүнчлэн МТ ХХК-аас 243.6 га газрыг иргэн Д.Н  шилжүүлсэнтэй холбоотой иргэн Д.Н гийн хүсэлт[1] 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус сумын газрын албаны Өргөдөл бүртгэх дэвтрийн 204 дугаарт бүртгэгдсэн байсан зэргийг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзаагүй нь хууль бус шийдвэр гаргасан гэдгийг харуулж байна.

 

Учир нь газрын хууль ёсны эзэмшигч иргэнд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн шийдвэр гаргах эрх бүхий этгээд болохын хувьд аймгийн Засаг дарга нь үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тэр нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж, холбогдох баримтыг үндэслэн шийдвэр гаргах ёстой байжээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана/, 10 дугаар зүйлийн 10.1 /Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/ гэж зааснаас үзвэл хууль ёсны ашиг сонирхлыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2014 оны А/140 дүгээр захирамж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох байтал нотлох баримт дутуу буюу холбогдох нотлох баримт байхгүй байгааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл болгон иргэн А.Э гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар байх бөгөөд анхан шатны шүүх эрдгээр асуудлаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР