| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0355/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/360 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч *******,*******, тэдний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарт холбогдох эрүүгийн 1834006480309 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн 1994 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд өмнө ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Талх овгийн Батбаярын Зоригтбаатар
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд өмнө ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч *******,******* нар нь бүлэглэн, 2018 оны 06 дугаар сарын 22-оос 25-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас иргэн Т.Жамъяан-Отгоны өмчлөлийн халанхай арвай тамгатай засмал дэлтэй, сартай зээрд зүсмийн 6 настай сувай 1 тооны үүг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:
2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр алдагдсан байдсыг хээр азрагтай адуунаас олсон. Тэгээд адуундаа нийлүүлээд 15 хоног болоод мөнгөний хэрэг болоод зарсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******гийн:
Манай найз Ж.Бадам-Оргил алдагдсан адуун дотроос нь гүү байхгүй байна гэсэн. Тэгээд *******т захиж байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч Т.Жамъян-Отгоны /хх-ийн 08-09, 10-11 дүгээр хуудас/, гэрч Ж.Бадам-Оргил /хх-ийн 12-13, 18 дугаар хуудас/, гэрч З.Ганбатын /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч*******гийн /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч *******ын /хх-ийн 16-17 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар хохирогч Т.Жамъян-Отгоны цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Мустанг-5 мотоциклыг 497.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23-28 дугаар хуудас/, шүүгдэгч *******,******* нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /29, 45-61/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж, 2018 оны 06 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас иргэн Т.Жамьян-Отгоны 1 тооны гүүг хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Т.Жамъян-Отгоны ...Мануулт гэдэг газар руу очиход манай хүрэн халзан азаргатай адуу байхгүй байна гээд хүү маань араас нь гурав хоног хайж явахад сүүлд нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сумын төвийн урд талд байна гэж Лхаасүрэн сураг гаргалаа гэж байсан. Тэгээд Бадам-Оргил очиж хүрэн халзан азаргатай адуугаа сумын төвийн урд талаас авчирлаа гэж байсан. Харин бүртгэхэд дотроос нь халанхай арвай тамгатай засмал дэлтэй, сартай зээрд зүсмийн 6 настай сувай гүү алга болсон байсан... ...Лхаасүрэн гэдэг залуу хэлсэн гэж байсан... /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
гэрч Т.Жамъян-Отгоны ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл гурав хоног хайгаад хүнээс сураг гаргаж Эрдэнэсант сумын төвийн урд талын худаг дээрээс адуугаа олоход адуун дотроос маань халанхай хөндөлтэй арвай тамгатай сартай зээрд алга болсон байсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Ж.Бадам-Оргил ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би Баасандорж гэдэг залуутай тааралдахад надад “Лхаасүрэн танай адууны сургийг гаргаж байна лээ цаадахтайгаа ярьж үзээрэй гэж хэлэхээр нь би Лхаасүрэнтэй ярихад надад “танай алга болсон адуу сумын урд талын цагаан худгийн хажууд танай адуу байна” гэж хэлэхээр нь адуугаа очиж авах гэтэл дотроос нь хөндөлтэй халанхай арвай тамгатай 1 сартай хүрэл гүү дутаж алга болсон байсан... ...Лхаасүрэн тухайн үед надтай сэжиг бүхий л ярьж байсан. Би түүнээс манай адуу 14 байна уу гэж асуухад 13 байна гэж хариулж байсан юм... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
гэрч Ж.Бадам-Оргилын ...Манай сумын миний найз Баасандорж над руу залгаад “Лхасүрэн танай хүрэн халзан азаргатай адууг чинь сумын төвийн зүүн урдхан талд байна гэж байна шүү чи Лхасүрэнтэй холбогдоорой” гэж хэлэхээр нь би Лхасүрэн рүү залгахад танай адуу чинь төвийн урд талд байна гэж надад хэлэхэд би Лхаасүрэнгээс “манай адуу бүрэн байна уу, хичнээн тооны адуу байна 14 тооны адуу байх ёстой гэж асуухад танай адуу унагатай 13 байна 1 адуу дутуу байна гэхээр нь юу дутуу байна гэж асуухад би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би сумын төвийн урд талд очин хүрэн халзан азаргатай адуугаа олж аваад бүртгэхэд сартай зээрд гүү байхгүй байсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч З.Ганбатын ...Зоригтбаатарын ээж нь манай эхнэрт “манай нэг адууны хөл нь гэмтчихээр нь хийгээд Улаанбаатар хот руу явах гэсэн юм танай нөхөр Улаанбаатар хот руу явбал хамт явъя” гэж хэлсэн байсан. Тэгээд би тэр махыг нь Улаанбаатар хот руу ачиж явж байсан юм. Тухайн үед нэг л адууны мах ачсан байсан. Арьс, шир, толгой цувдаа нь ч байгаагүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаар хохирогч Т.Жамъян-Отгоны цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...6 настай сувай гүүг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ... /хх-ийн 21 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн Мустанг-5 мотоциклыг 497.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 23-28 дугаар хуудас/, шүүгдэгч *******,******* нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /29, 45-61/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******,******* нарын бүлэглэж, иргэн Т.Жамьян-Отгоны 1 тооны гүүг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд бусдын мал гэдгийг мэдсээр байж, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгож байгаа өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэйг ухамсарлаж байгаа хэдий ч түүнийг хүсч үйлдсэн, өмчлөгчид хохирол, хор уршиг зориуд хүргэсэн төгссөн үйлдэл бөгөөд санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Жамьян-Отгонд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан байна.
Гэвч шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Т.Жамьян-Отгонд учруулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Жамьян-Отгон, Бадамхорлоо нарын 5005571188 дугаарын дансанд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******,******* нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******ын эзэмшлээс хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Жич: Улсын яллагчаас яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтад Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилж, яллагдагч *******т итгэмжлэн хариуцуулсан болно гэж бичсэний дагуу хэрэгт авагдсан баримтуудыг нягтлан шалгаж дүгнэхэд тухайн гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгсэл нь “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль бөгөөд битүүмжилж *******т хариуцуулсан талаар ямар нэг тогтоол үйлдээгүй авагдаагүй тул битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гэж үзэж байгааг дурдаж байгаа болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарт шүүхээс оногдуулсан тус бүрийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 497.000 /дөрвөн зуун ерэн долоон мянга/ төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч *******ын эзэмшлээс хурааж улсын орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Талх овгийн Батбаярын Зоригтбаатар, Тайж овгийн Пүрэвдоржийн Лхаасүрэн нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН