Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/326 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр  ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000340 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт**************, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 5 дугаар гудамжны 26 тоотод 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Д.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.миний хувьд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Д.Оюунгэрэлийн төрсөн ахынх нь хүүхэд хуримаа хийсэн. Баянхонгор сумын Есөнбулаг 9 дугаар баг 5-26 тоот хашаанд болсон бөгөөд эхнэр бид хоёр бусад ах дүү нартайгаа явж өглөөний 10 нь цаг өнгөрч байхад бэрээ гэрт нь авчирч найр үргэлжилсэн. Би бэрээ авах гэж явахдаа болон авчраад хурим дээр архи нэлээн уугаад согтсон болохоор болсон зүйлийг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход хурим хийж байсан хашаанд би зогсож байсан бөгөөд манай эхнэрийн төрсөн ах Д.Энхтөр нь надад- чи эхнэртээ агсан тавьж, униар толгой руу нь цохисон байна гээд загнаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн мэдүүлэг:Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв

 Хохирогч Д.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өнөөдөр буюу 2020.08.19-ний өдөр манай төрсөн ахын хүүхэд хуримаа Баянхонгор аймагт Баянхонгор сумын Есөнбулаг 9-р багийн 5-26 тоот хашаанд байсан юм. Тэгээд өглөө нөхөр ******* бид хоёр хамт явж бэрээ авчирч ирчхээд өдрийн 13 цагийн үед ба гал тогооны гэртээ байж байхад манай нөхөр ******* нь дахин дахин хэрүүл гуйж орж ирж байснаа нэг орж ирээд гэрийн унь аваад миний нуруу болон мөр лүү хатгаад байсан чинь манай хүү Баасанбат та болиоч гээд унинаас нь бариад авсан ... Миний хувьд 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дугаар багийн 5-26 тоот хашаанд Төрсөн ахынх нь хүүхэд хуримаа хийгээд нөхрийн хамт бэрээ авчирч ирээд өдрийн 13 цагийн үед ба гал тогооны гэртээ сууж байхад нь нөхөр ******* нь дахин дахин хэрүүл гуйж орж ирж байснаа нэг орж ирээд гэрийн унь аваад миний нуруу мөр лүү хатгаад байсан хүү Баасанбат болиоч гээд унинаас барьсан гаднаас төрсөн эгч Д.Энхжаргал орж ирээд түүнд боль гэж хэлэхэд нөхөр ******* нь Д.Энхжаргал , хүү Баасанбат нар луу дайраад байсан, тэгээд гэрээс гарахаар нь хойноос нь гараад чи болиоч гэхэд барьж байсан униараа миний толгой руу цохисон. Түүнээс хойш болсон зүйлийг мэдэхгүй байна. Тэгээд эмнэлэгт сэрсэн. Миний толгойд арав гаран оёдол тавьсан , толгой , нуруу , гар , мөр зэрэг маш их өвдөж байгаа. Нөхөр *******д зодуулсандаа гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-28 /,

 

4. Гэрч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 08 дугаар сарын19-ний өглөө хөдөөнөөс ирсэн. Хурим найр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг 5-26 тоотод би хурим дээр байж байтал 13 цагийн үед гадаа хүмүүс уйлж, чарлаад байхаар нь гараад ирсэн чинь хажуугийн гал тогооны гэрийн хажуу талд манай төрсөн дүү болох Д.Оюунгэрэл толгойноос нь цус гарчихсан ухаангүй шахуу хэвтэж байсан.Тэгээд юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуусан чинь ******* нь эхнэр Д.Оюунгэрэлийг зодоод униар толгойг нь цохиод хагалчихсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 30 /,

5. Гэрч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Д.Оюунгэрэлийн нөхөр ******* нь согтуу дахин дахин орж ирээд эхнэрээсээ хэрүүл гуйгаад байсан. Тэгээд би гараад хойд талын хурим болж байгаа гэрээс халбага авчхаад буцаад ороод ирсэн чинь ******* гартаа унь барьчихсан эхнэр Д.Оюунгэрэлийг цохих гэж байсан чинь түүний хүү Баасанбат унинаас нь барьж аваад болиулахаар нь би *******гийн араас нь татаад гэрийн гадаа гарсан. Тэгтэл ******* нь над руу дайраад байсан чинь гэрээс Д.Оюунгэрэл гарч ирээд нөхөртөө чи болиоч гэхэд тэрээр шууд барьж байсан униараа Д.Оюунгэрэлийг хэд хэдэн удаа цохиход унь нь хэдэн хэсэг хугараад унасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 33/,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020  оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаартай шинжээчийн:

1. Д.Оюунгэрэлийн биед тархи доргилт, духанд шарх, бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/, яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 50-51/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорны тогтоол /хх-ийн 21-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 86/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 20 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 5 дугаар гудамжны 26 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан н үйл баримт болсон нь хохирогч Д.Оюунгэрэл, гэрч Д.Энхтөр, Д.Энхжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 447 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ЛЖ маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг ЛЖ  маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 5 хэсэг унины хугархайг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг унины хэсгүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан  талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч******* овогт**************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт**************г дөрвөн дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган  / 450.0000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар 5 хэсэг унины хугархайг хураан авсан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг унины хугархайнуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн ЛЖ маркийн гар утас битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг ЛЖ  маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.БАТЦЭНГЭЛ