Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 556

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Нэйшнл девелопер” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 11-126 тоотод оршин суух, Чонос овгийн Б.Э-д холбогдох

“19500492 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г  /онлайнаар/, хариуцагч Б.Э , нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК-ийн захирал Д.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э  нь 2013 оны 07 сарын 01-ны өдрөөс бутлуур миксерийн хэсэгт ээлжийн ахлагчаар томилогдон ажилласан. Ээлжийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн буруутай үйлдлээс болж бутлуурийн туслах ажилтан С.Х ын зүүн гарын ядам, чигчий, баруун гарын дунд, ядам хуруунуудыг тасдаж хүнд гэмтэл учруулсан. С.Х  нь Сум дундын 10 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган иргэн Б.Э гээс 21,225,520 төгрөг нэхэмжилсэн ба 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн №646 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч Б.Э гийн бусдын биед гэм хор учруулсны хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага болох "Нэйшнл Девелопер" ХХК хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Уг шийдвэрийн дагуу С.Х  нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02292 дугаартай шүүхийн шийдвэр болон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №724 дугаартай Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар "Нэйшнл Девелопер" ХХКомпаниас 21525000 төгрөгийг гаргуулж С.Х т олгох шийдвэр гарсан ба тухайн төлбөрийг "Нэйшнл Девелопер" ХХК төлж барагдуулсан болно. Компаний төлсөн 21525000 төгрөгнөөс Б.Э  нь өөрийн хүсэлтээр цалингаасаа суутгуулж 2024508 төгрөгийг төлсөн. Үлдсэн 19500492 төгрөгийг Б.Э гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь одоогоор эхнэрийн тэтгэврийн мөнгөөр амьдрал ахуйгаа хангаж байгаа болно. Мал болон бусад хөрөнгө байхүй.  Өөрийн амьдарч буй 5 хантай гэртэй.  2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд тус “Нэйшнл девелопер” ХХК-д бутлуур, сахиулаар ажиллаж байсан. 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртлэх хугацаанд нэг ч төгрөгийн цалингүйгээр 1 жил 3 сарын цалингүй, амралтгүйгээр тухайн компаны Дорнод аймагт байгаа Замын техник хэрэгсэлийг харж, хамгаалж байсан болно. “Нэйшнл девелопер” ХХК-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй. Бид ажлын хүнд нөхцөлд ажилладаг байсан. “Нэйшнл девелопер” ХХК нь ажиллах нөхцөл байдлыг хангаж өгөөгүйгээс болж гарах ёсгүй зүйл дээр гарч уг хэрэг болсон. Уг нь чулуу бутлаж тэсэлгээ хийлгэдэг байсныг энд тэндээс түүж овоолоод хийж байсан. 5 дээш хүн ажиллах ёстой газар хоёрхон хүнтэй ээлж байхгүй 24 цагаар ажиллаж байсан. Надад монгол улсын хууль үнэн зөвөөр үйлчлэх байх гэж бодож байна. Хүний нутагт мөнгө төгрөгний гачигдалтай, 5 км алхаж ажилдаа явдаг байсан. Үүдний амбаар шиг юманд 380 вольтын хүчдэл болон тог бууруулагчтай ажилладаг. Аппаратуудыг нь бид нар гар, хөлөөрөөө дарж ажиллуулдаг байсан. Энэ бүгдийг шүүх хуралд үзүүлээгүй. Би “Нэйшнл девелопер” ХХК-ыг хамгаалж яваад өдийг хүрч байна. Тэр хугацаанд миний цалингийн 30 хувийг суутгаад би огт мөнгөгүй байсан. Тийм байдалтай байлгаж байсанд би “Нэйшнл девелопер” ХХК-нд гомдолтой байна.  Бид нарт чулуу бутлуулаад өгсөн бол түүн дээр гаргах ёс байдаггүй. Бид нар хоёр ээлжтэй 7 хоног шөнө явж, 7 хоног өдөр явж, ээлж солигддог байсан. Энэ бүгдээс хүүхдүүд ядарч ийм осолд хүргэсэн гэж бодож байна. Би бүх хариуцлагыг үүрч яваа. Надад энэ мөнгийг төлөх боломж байхгүй. Би ноднин “Нэйшнл девелопер” ХХК-нд ажилд оръё гэж очиж уулзсан. Ажил байхгүй гэж байсан. Өрөө дарах гээд арга ядахдаа уржнангийн шинэ жилээр, өөрийн болон эхнэрийнхээ цалинг хаалгачихаад, ах, дүү нараасаа түүхий эд авч өгөх гээд Дорнодоос хоолны мөнгө байхгүй ломбарданд ээмэг бөгжөө тавиад ирж байсан удаатай. Бид нарт материалыг нь бэлдээд өгсөн бол тэр хэрэг болохгүй байсан. Дуу ихтэй газар цонхгүй хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хөдөлмөр хамгаалал гэж байхгүй. 7 хоногоор гарын үсэг зуруулдаг нэг дэвтэртэй байсан. Хөдөлмөр хамгаалалын инженер, цахилгаанчин, гагнуурчин гэж байдаггүй. Гал зуухын ганц хөлдөөгч нь тоостой хэвтэж байдаг байсан. Бид нар тоггүй, хужаа мотор ажиллуулдаг байсан. Ийм нөхцөл байдлаас болж, уг осол гарсан. Би үүнийхээ хариуцлагыг хүлээж хоёр шатны шүүх хурлаар орсон. Хохирогчийн ээж, аавтай уулзаж, загнуулаад 1000000 төгрөг, 10кг помидор өгч байсан. Ах дүү нараасаа 10 ишигтэй ямаа, 10 хургатай хонь өгье гэж хэлж байсан боловч голоод намайг загнаж байсан. Би хүнийг тийм болгочихоод мөнгө төгрөг авлаа гэх эрх байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э  нь 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Нэйшнл Девелопер” ХХК-нд бутлуурын хэсэгт тоологчоор ажилд орсон бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бутлуур миксерийн хэсэгт ээлжийн ахлагчаар ажилд томилогдсон ажилласан. Ээлжийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн буруутай үйлдлээс болж, бутлуурын туслах ажилтан С.Х ын зүүн гарын ядам хуруу, чигчий хуруу, баруун гарын дунд, ядам хуруунуудыг тасдаж хүнд гэмтэл учруулсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 87 тоот шийтгэх тогтоолоор Б.Э г хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба хохирогч С.Х т сэтгэл санааны хохирол болон протез хийлгэхэд гарах 20000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэн С.Х  нь Сум дундын 10 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган иргэн Б.Э гээс 21225520 төгрөг нэхэмжилсэн ба 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу хариуцагч Б.Э гийн бусдын биед гэм хор учруулсны хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага болох Нэйшнл Девелопер ХХК хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Уг шийдвэрийн дагуу С.Х  нь Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №102ШШ201502292 тоот шүүхийн шийдвэр болон 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 724 тоот Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлалаар “Нэйшнл девелопер ХХК-наас 214525000 төгрөгийг гаргуулж, С.Х  олгох шийдвэр гарсан ба тухайн төлбөрийг “Нэйшнл девелопер” ХХК төлж барагдуулсан болно. “Нэйшнл девелопер” ХХК-ны төлсөн 214525000 төгрөгийг Б.Э  өөрийн хүсэлтээр цалингийнхаа тодорхой хувийг суутгал хийлгэн төлж байсан ба одоо Б.Э  нь “Нэйшнл девелопе”р ХХК-нд ажиллахгүй байгаа. Б.Э  нь уг төлбөрөөс 2024508 төгрөгийг цалингаасаа суутгал хэлбэрээр төлж, үлдэгдэл 19500492 төгрөгийг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 498.1, 498.2, 498.4-т заасны дагуу өөрийн шууд санаатай илтэд болгоомжгүй үйлдлээс гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо тухайн гэм буруутай этгээдээс гаргуулах эрхтэй гэсний дагуу уг төлбөрийг нэхэмжилж байна.  Цалингийн тооцооны үлдэгдэл Б.Э д байгаа. Б.Э гийн цалингийн суутгал болон ээлжийн амралтын үлдэгдлийг өөрөө очиж тооцоо хийх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК нь тус шүүхэд хандан хариуцагч Б.Э гээс “19500492 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хариуцагч Б.Э  “Нэйшнл девелопер” ХХК-ийн бутлуурын цехийн ээлжийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөр хамгааллын журам зөрчсөний улмаас “Нэйшнл девелопер” ХХК –ийн ажилтан С.Х ын биед хүнд гэмтэл учирсан болох нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

            Хариуцагчийн хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэм буруугийн асуудлыг тогтоосон Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол хэрэгт авагдсан, хариуцагч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй  болно.

            Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Х т 21525000 төгрөгний гэм хорын хохирол учирсан, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК нь С.Х т учирсан 21525000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 2292 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 724 дугаар магадлал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 509 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь  хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Н.Э гээс 21525000 төгрөг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

            Гэм хорын хохирол 21525000 төгрөгнөөс хариуцагч Н.Э  нь сайн дураараа цалингаасаа суутгуулан төлсөн 2024508 төгрөгийг хасч, 19500492 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Н.Э гийн “Нэйшнл девелопер” ХХК-д ажиллаж байсан хугацааны цалин 2391376 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн авч уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 17109116 төгрөг болгон багасгасан.  

            Хариуцагч Н.Э  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа төлбөр төлөх чадваргүй гэж тайлбарласан бөгөөд  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь  хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан ба хариуцагч шууд санаатай, илтэд болгоомжгүй  үйлдлээр уг гэм хорыг учруулаагүй талаар нотлох баримт гаргаагүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байна.  

            Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч  Н.Э гээс 17109116 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 243496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255455 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.      

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                      ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Э гээс 17109116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Нэйшнл девелопер” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 243496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255455 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                     

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА

                                                ШҮҮГЧИД                        Д.МӨНХТУЯА

                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ