Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Д.Шинэбал, Хохирогч Т.*******гийн өмгөөлөгч Б.Энхжаргал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.*******т холбогдох 2023000040048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийЗавханмандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Буурал тэнгэр овгийн *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас шүүгдэгч М.*******ыг “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутаг дэвсгэрт байх иргэн Т.*******гийн “Ембүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, дэлгүүр болон гэрээс нь эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авч иргэн Т.*******д 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Даваатуяагийн “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Даваатуяад 1,973,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найзуудтайгаа архи ууж байгаад согтохоороо л хулгай хийдэг юм. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Хулгай хийхдээ ганцаараа хулгай хийж байсан. Найз нөхөд намайг архи хулгай хийгээд ир гэж хэлж явуулж байгаагүй. Хохирогч нарт учирсан бүх хохирлыг манай ээж төлж барагдуулсан. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Шүүгдэгч М.*******ын өгсөн: “...2019 оны 11 сарын 20-ны үеэр байх, өдрийг нь одоо сайн санахгүй байна. Манай суманд тэмээний баяр болсон юм. Тэмээний баяр болсноос хойш 3 хоногийн дараа архи уусан байхдаа шөнийн 23 цагийн үед *******гийн гэрт очиж гэрийнх нь гал тогооны цонхыг гараараа хагалж ороод гэрээр нь дамжаад дэлгүүр рүү нь ороод архи, тамхи, бэлэн гоймон, ажлын бээлий гээд юмнууд аваад гэрээр дамжиж буцаж гарахдаа гэрийн хойморт байсан жижиг жаазны шилийг нь хагалж шилний цаана байсан 20.000 төгрөгийг авсан юм. Хагалж орж ирсэн цонхоороо авсан юмнуудаа зөөгөөд хашаан дотор нь тавьж байгаад тэндээсээ нэг айлын эзэнгүй хашаа руу 2 удаа ганцаараа явганаар зөөж аваачаад тэр хашаанд байсан хаалга нь эвдэрсэн байсан амбаар дотор оруулж нуусан юм. Тэгээд хэд хоног хөдөө явж ирээд амбаарт нуусан юмнуудаасаа бага багаар авч хэрэглэж ууж идэж дуусгасан юм. ...“Хараа” нэртэй 0,5 грамтай нэг авдар буюу 12 ширхэг архи байсныг мөн “Хараа” нэртэй 0,75 грамтай 6 ширхэг, “Даблис” нэртэй архи тамхи 6 блок, ууттай улаан цаастай бэлэн гоймон нэг боодлыг тоог нь сайн санахгүй байна. Ажлын бээлий 7, 8 ширхэг байсан байх. Гэрээс нь жаазанд байсан 20,000 төгрөг байсныг авсан юм. 0,5 грамтай “Хараа” нэртэй архийг өөрийнх нь хайрцагтай нь бусад зүйлсийг уутанд хийж авч явсан юм. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим авсан юмнуудаа сайн санахгүй байгаа юм...2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө би гадуур архи ууж яваад цагийг нь сайн санахгүй байна. Ойролцоогоор 21 цаг болж байсан байх. Даваатуяагийн хашаанд байдаг Түмэнбаярынд ороход хүн байхгүй байсан юм. Тэгэхээр нь Даваатуяагийнх буюу Болдоогийнд ороход Даваатуяа гээд охин нь ганцаараа байсан. Даваатуяагаас Түмэнбаярынхыг асуугаад, дараа нь ээж, аав хоёрыг нь хаачсан юм гэж асуухад ээж, аав хоёроо хот явсан гэж байсан. Тэгээд Түмэнбаярынд буцаж ороод тэднийд нэг шил архи уугаад 23 цаг өнгөрч байхад тэднийхээс гараад Даваатуяагийн дэлгүүрийн цонхных нь хаалт төмрийг гараараа татаж сөхөөд цонхны шилийг нь гараараа цохиж хагалаад дэлгүүрт ороод тамхи, ундаа, бэлэн гоймон, нэгж зэрэг юмнууд авсанаа санаж байна. Би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор зарим авсан юмнуудаа сайн санахгүй байна. Цонхоор нь буцаж гараад Пүрэвсүрэн гэдэг айлд очоод хүүхдүүдэд нь авсан юмнуудаасаа өгсөн санагдаж байна. Тэгээд Пүрэвсүрэнтэй муудалцаад тэднийхээс гараад Лхамаасүрэнгийнд очоод гэр рүү нь орхынхоо өмнө авсан юмнуудаа хажуу талынх нь эзэнгүй хашаанд нуусан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108, 110-111 дүгээр хуудас/, 2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн өгсөн“...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгаас Завханмандал суманд 24 цагийн үед төрсөн дүүгийн хүүхэд болох Цэрмаа гэх айлд ирэхэд миний төрсөн дүү Шийравмаа, Цэрмаа нар хамт байсан. Тэгээд хоол унд идчихээд Шийравмаа гэх дүүтэйгээ хамт гэртээ ирэхэд гэрийн цонх хагархай, дотор талын хаалганууд нь эвдэрсэн. Дэлгүүрийн бараа болон архи, тамхи байхгүй байсан. ...Нийт 4 сая төгрөгийн хохирол учирсан. ...Манай дэлгүүр гэр хоёр нэг байшинд байдаг. Намбага гэх залууг сэжиглэж байна. Хүмүүс ярьж байсан “архи тамхи тараагаад яваад байна” гэх яриаг сонссон. ...Том жижиг нийлсэн эртний 3 аяга, сүүлийн үеийн 2 аяга, нийт 5 аяга байсан. Сүүлийн үеийн аяга нь дунд гарын аяга байсан. ...Надад учирсан 4 сая төгрөгийн хохирлыг *******ын ар гэрээс ХААН банкны 5500006257 тоот миний нэр дээрх дансанд шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 49-р хуудас/, 3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Даваатуяагийн өгсөн“...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагт би дэлгүүрээ хаагаад гэртээ орсон юм. Гэртээ ганцаараа байсан болохоор жаахан айгаад эвгүй санагдаад байж байсан чинь 21-22 цагийн хооронд байх Намбага гэж залуу манайд орж ирээд “аав, ээж чинь байхгүй юм уу?, танай хашаанд хүн байхгүй байгаа юм уу?” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь гараад явсан. 22 цаг өнгөрч байхад би гарч дэлгүүрийн гадна талыг харахад зүгээр байсан. Тэгээд би хажуу айл болох Түмэнбаяр ахынд ороход тэднийд Намбага гэж залуу Дэмбэрэлнямбуу 2 байж байсан. Тэгээд би гэр рүүгээ орж гэртээ байж байгаад унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 10 минутанд дэлгүүр рүүгээ орсон чинь дэлгүүрийн баруун урд талын вакум цонхыг хагалж хулгайч орсон байсан. ...Нийт 33 төрлийн 1,323,100 төгрөгийн бараанууд болон бэлнээр 650,000 төгрөг зэрэг алдагдсан байсан ба нийт учирсан хохирол 1,973,100 төгрөгийн хохирол учирсан. ...Манайд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Манай ээж Чимэдцэрэнгийн 5500008528 дугаарын дансанд 1,650,000 төгрөг хийж, мөн дэлгүүрт хулгай орсны маргааш нь Намбагын ээж нь алдагдсан зарим бараануудыг авч ирж өгсөн учраас манай хохирол бүрэн барагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, 59 дүгээр хуудас/, 4. Гэрч Т.Шийрэвмаагийн өгсөн “...Тэр орой манай эгч ******* аймгаас ирээд, бид 2 хамт ******* эгчийн гэрт очсон юм. Гэтэл гэрийнх нь гал тогооны цонхыг нь хагалаад хүн орсон байсан. Тэгээд бид хоёр гэрт ороход гэрийн доторх хаалганууд нь эвдэрсэн. Гэр доторх юмнуудыг нь ухаж сандайчсан байдалтай байсан. Тэгээд эгч цагдаад дуудлага өгсөн. ...Тэдний гэр болон дэлгүүр үргэлж байдаг юм. Дэлгүүрээс архи, тамхи, бэлэн хоол, гааз гээд зөндөө зүйл байхгүй байна гэж байсан. Бас гэрээс нь мөнгөн аяганууд байхгүй болсон байна гэж ярьж байсан. ...Хулгай орсон үеэр ажлуулаагүй байсан. Эгч аймаг дээр байсан. Гэр болон дэлгүүр нь эзэнгүй байсан. Эгч намар дэлгүүртээ бараануудаа авч ирж тавилаа гэж байсан. ...Гал тогооны цонх нь хагарсан байсан. Дотор талд 3-4 хаалга эвдэрсэн байсан. Гэр бүлийнх нь хүний жаазтай зургийг хагалаад дотор нь байсан 20,000 төгрөгийг авсан байна гэж байсан. Гэрийн доторх зүйлсийг нь ухаад. Шилийг нь хагалаад гэрийг нь их муухай болгосон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, 5. Гэрч Б.Наранбаатарын өгсөн “...******* эгчийг гэртээ ирчихсэн байна гэхээр нь гэрт нь очсон чинь гэрийх нь гал тогооных нь цонх хагарсан. Доторх хаалганууд нь эвдэрсэн байдалтай шкафных нь хувцаснуудыг гаргаад хаячихсан гэр нь маш эмх замбараагүй болсон байдалтай байсан. Манай гэр болон дэлгүүрт хулгай орсон байна гэж ярьж байсан. ...Дэлгүүрээс нь архи, тамхи зэрэг юмнууд алга болсон байна. Талийгаачийн жаазтай зурагны урд байсан мөнгө алга болсон байна гээд юмнууд алга болсон талаар ярьж байсан. Одоо би сайн санахгүй байна. Нэг модон хаалга нь ашиглах боломжгүй эвдэрсэн байсан. Тэрийг нь өөр хаалгаар сольж өгөөд гал тогооных нь цонхны шилийг нь сольж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, 6. Гэрч Д.Ганхуягийн өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр байх одоо өдрийг нь сайн санахгүй байна. Би колонк дээрээ ээлжинд гарч байсан юм. 22 цагийн үед байх ******* манай сумын Баатартай хамт машинд суугаад колонк дээр ирсэн юм. Баатар ирж түлш авч байх хооронд машинаас ******* бууж ирсэн. Ингэхдээ цагаан уутанд “Даблис” нэртэй тамхи нэг блокны тал харагдаж байсан. Бас “Хараа” нэртэй 0,5 грамтай архи 2, 3 ширхэг байсан санагдаж байсан. Нэг шил архийг нь задалчихсан уугаад явж байсан. Энэ үед ******* их согтуу байсан. Надад нэг ширхэг “Даблис” нэртэй тамхи, нэг шар цаастай жижиг пичений хамт өгсөн юм. Надад өгсөн тамхи, пиченийг нь би тухайн үед хэрэглээд дууссан. Тэгээд Баатар гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, 7. Гэрч Б.Баатарын өгсөн “...2019 оны өдөр сарыг нь сайн санахгүй байна. 12 дугаар сарын эхээр санагдаж байна. 22 цаг өнгөрч байсан байх ******* манай гэрт 1 шил “Хараа” нэртэй 0,5 граммтай архитай ирсэн. Согтуу орж ирсэн юм. Орж ирээд архиа задлаад надад өгөхөөр нь би уухгүй гэсэн чинь өөрөө тэр архиныхаа талыг нь уусан юм. Хүнд түлш авахаар колонк руу машинтайгаа гарахад ******* миний машины ард суусан. Колонк орж түлшээ авахад ******* уутанд хийсэн юм авч колонк руу орж ирээд дахиад “Хараа” нэртэй 0,5 граммтай архи задалсан. Өөрөөс нь өөр хүн уугаагүй. Авч явсан уутан дотор нь багцаагаар 5-6 шил архи байсан. “Даблис” нэртэй тамхинууд байсан. Колонкийн гадна гарч ирээд согтуу шургаж унаад байсан. Тэгэхэд архинууд нь хагарч байна лээ. Колонкийн гадаа ******* суугаад байхаар нь надтай хамт явсан Алтанцоож бид 2 машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/, 8. Гэрч С.Насанжаргалын өгсөн“...2020 оны 03 дугаар сарын 12-ны өглөө гэртээ байж байтал Даваатуяа над руу залгаад Анай гараад ирээрэй дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гараад хартал цонх нь хагарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/, 9. Гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой гэртээ хүүхдүүдээ үлдээчихээд эхнэр бид хоёр ойрхон айлд хөзөр тоглож байсан юм. Гэтэл 23 цагаас 00 цагийн хооронд байх ******* над руу залгаад “хурдан гэртээ ороод ирээч. Би танайд ороод ирсэн байна” гээд дахин дахин залгаад байхаар нь 00 цаг арай болоогүй байсан эхнэр Ариунаа бид хоёр гэртээ ирсэн. Гэрт ирэхэд ******* манай баруун талд сууж байсан. Нэг шуудай уутанд бэлэн хоол, тамхи, идэж уух ойр зуурын юмнууд хийчихсэн явж байсан. Тэр үед ******* согтуу байсан тэгээд би уур хүрээд тэр авч явсан юмнуудтай нь хөөгөөд гаргачихсан юм. ...Би наадуулаа хаанаас авсан юм гэж асуухад гэрээсээ авсан гэж байсан. Маргааш сонсоход Даваатуяагийн суудаг дэлгүүрээс авсан сурагтай байсан. Тухайн үед ******* ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/, 10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-33 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боложтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч М.*******ыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутаг дэвсгэрт байх иргэн Т.*******гийн “Ембүү” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, дэлгүүр болон гэрээс нь эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авч иргэн Т.*******д 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Даваатуяагийн “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Даваатуяад 1,973,100 төгрөгийн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******, Б.Даваатуяа нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч М.*******аас хохирогч Т.******* 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч Б.Даваатуяа 1,973,100 нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******, Б.Даваатуяа нарын мэдүүлэг, шүүгдэгч М.*******ын мэдүүлэг болон хохирогч нарын ХААН банкны дансанд шүүгдэгч М.*******аас хохирол төлсөн талаарх депозит дансны хуулга /хх-ийн 131-133 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна. ХоёрШүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч М.******* нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж тухайн үед хийсэн өөрийн үйлдлийг мэдэхгүй, санахгүй байна гэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Прокуророос шүүгдэгч М.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч М.*******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал тэнгэр овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-д нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч М.*******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4. Шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.*******т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ