| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0366/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/368 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Бадам,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв, тэдний өмгөөлөгч П.Ганбаатар,
насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэвийн хууль ёсны төлөөлөгч Н.Хаянхярваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарт холбогдох эрүүгийн 1834006660338 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Тайж овгийн Наранмандахын Нямцэнд
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 122-р сургуульд сурдаг, ам бүл 6, эцэг, эх, ах нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Нямцэнд, насанд хүрээгүй яллагдагч Н.Нямпүрэв нар нь бүлэглэн, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн Бургалдайн гол гэх газар 2018 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед иргэн Ж.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Нямцэндийн:
Би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өглөө сүүгээ өгөөд Улаанаа бид 2 Ганбаа ахынд очиход Ганбаа ах өөрийн сэгээ яаая гэж байж юун мотоцикл түрсэн яваа юм бэ гэж хэлсэн. Би Ганбаа ахын мотоцикл дээр суугаад таных ч гэсэн адилхан юм байна шүү дээ гэхэд Ганбаа ах уурлаад бид 2 хоорондоо марган барилцан авахад Жагаа ах болон Улаанаа нар хажуугаас салгасан. Ингээд Ганбаа ах миний араас өшиглөхөөр нь би Ганбаа ахын гараас нь хазсан юм. Мөн над руу Ганбаа ах алх авч шидсэн. Ингээд би гэр рүүгээ яваад болсон зүйлийн талаар дүүдээ хэлээд дүүтэйгээ хамт Ганбаа ахын гэрт буцан очсон. Ганбаа ах гэртэй байсан ба би гэрт ороод чихрүү нь цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэвийн:
2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сүүгээ өгчхөөд гэртэй тугалын хашаа сэлгэх гээд нүх ухаж байтал манай ах хүзүүгээ боолгосон байдалтай хүзүү нь улайчихсан гэртэй ирсэн. Тэгээд ахаасаа юу болсон талаар нь мэдээд, бид 2 Ганбаа ахын гэрт очход Ганбаа ах гэртэй байсан. Би яагаад ийм зүйл болов гээд ярилцаж байтал манай ах зүүн талын чихрүү нь цохсон юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч Ж.Ганбаатарын /хх-ийн 05-06 дугаар хуудас/, гэрч Ж.Ганбаатарын /хх-ийн 07 дугаар хуудас/, гэрч Н.Нямцэндийн /хх-ийн 09 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Нямпүрэвийн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Т.Энхжаргалын /хх-ийн 12-13 дугаар хуудас/, яллагдагч Н.Нямцэндийн /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Н.Нямпүрэвийн /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 549 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 556 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Н.Ганбаатарын эвлэрэх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хаянхярваагийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03 дугаар хуудас/, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /35-37, 42, 51-52/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Нямцэнд, өсвөр насны шүүгдэгч Н.Нямпүрэв нар бүлэглэж, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн “Бургалдайн гол” гэх газар иргэн Ж.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ж.Ганбаатарын ...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гэрлээгийн гадаа сүү өгчхөөд байж байхад манай саахалт айлын Хаянхярваа гэх хүний том хүү Памбига гэж дууддаг Нямцэнд ганцаараа ирсэн юм. Тухайн үед Гэрлээ ах өөрийн хүү Улаанаад хандаж “чи өөрийнхөө сэгнүүдийг янзалж чадахгүй байж, хүний сэгийг янзлах гээд байдаг юм гэж хэлсэн”. Тэр яриаг Нямцэнд ойлгохдоо намайг хэллээ гэж буруугаар ойлгоод надтай хэрэлдээд намайг заамдаад хоолой боогоод унагасан. Би тухайн үед түүний гарыг шүдээрээ хазсан. Би шууд орхиод тэр чигээрээ гэр рүүгээ харьсан. Энэ үед Нямцэнд өөрийн төрсөн дүү бас Улаанаа гэж дууддаг Нямпүрэвийг хойноос дагуулж ирсэн. Тэр хоёр гартаа нэг лоом, нэг шургааг мод бариад ирсэн. Би гэртээ сандал дээр сууж байсан. Тэр хоёр орж ирээд Улаанаа буюу Нямпүрэв намайг заамдаж байх үед Нямцэнд нь хажуугаар орж ирээд миний зүүн чих тус газар нэг удаа цохисон. Нямцэнд “танай гурван овоохойг чинь овоолж байгаад шатаачихна шүү, гадны цагаачид” гээд янз бүрээр доромжлоод байсан. Би уул нь гомдол гаргаад яршиг гэхэд сүүлд нь эцэг, эх нь ирээд хэл ам хийгээд хэрүүл хийгээд яваад байсан. Манай эхнэр зүгээр байж байгаад доромжлулж зодуулна гэж юу байхав гээд гомдол гаргасан юм... ...Өөр зүйл болоогүй... ...Миний хувьд эрүүл мэндийн хохирол дээр нэхэмжлэх зүйл байхгүй... ... цагдаа руу дуудагдахад гарсан зардлаа төлүүлж авмаар байна... /хх-ийн 05-06 дугаар хуудас/,
гэрч Ж.Ганбаатарын ...Памбига намайг чи миний мотоциклыг сэг гэж хэллээ гээд намайг заамдаад боосон тэгэхээр нь би Памбигийн гарыг нь хазсан. Тэгтэл тэр Памбига яваад өгсөн. Би гэрийн араар мотоциклтой явсан чинь намайг мотоциклоор хөөсөн. Дараа нь Памбига, Улаанаа 2 гэрт ирээд намайг сууж байсан чинь зүүн чих рүү гараараа Памбига цохисон. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Зүүн чих рүү Памбига гараараа цохисон. Өмнө нэг заамдсан. Гэхдээ цохиогүй... Гомдолгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний толгой хааяа нэг мансуурч өвдөөд байна... /хх-ийн 07 дугаар хуудас/,
гэрч Н.Нямцэндийн ...Улаанаагийн гэрийн гадаа Жагаа ах, Гэрлээ ах, Ганбаа ах нар пад трактортын дэргэд гуравуулаа юм яриад сууж байсан. Улаанаа бид 2 мотоциклоо чирээд хажууд нь очоод зогссон чинь Улаанаагийн аав Гэрлээ ах өөрийнхөө сэгийг яая гэж байхад дахиад нэг сэг авчирлаа гэж хэлсэн. Тэгсэн Ганбаа ах хажуунаас дээрээс Болдоо бас нэг ачиж авчирч байгаа гэж хэлэхээр нь би Ганбаа ахад таны мотоцикл гаднаа үзэмжтэй ч гэсэн дотроо бол адилхан л сэг болсон байгаа ш дээ гэж хэлсэн чинь намайг чи одоо юу гээд хуцаад байгаа пизда вэ гэхээр нь би өөдөөс нь та одоо дээрээс хойш пизда наахуугаар нь дуудаад байгаа ш дээ гээд бид хоёр заамдалцаад авсан. Тэгсэн Улаанаа, Гэрлээ, Жагаа ах нар салгах гээд бариад авсан. Ганбаа ах миний элэг рүү хөлөөрөө өшиглөнгүүт би Ганбаа ахыг боогоод унагасан. Тэгсэн миний баруун гарын шууг хазангуут би гараа мултлаад наадах чинь намайг хазлаа гээд бид хоёр бүрэн салсан. Тэгсэн Ганбаа ах над руу төмөр алх аваад шидсэн боловч би бултаад намайг оноогүй. Би шууд мотоциклоо асаагаад гэр рүүгээ яваад өгсөн. Гэртээ очоод байж байсан чинь манай дүү Нямпүрэв /Улаака/, Ганбаа ахынд хоёулаа очье гээд бид хоёр мотоциклоор яваад очсон бууж амжаагүй байхад Ганбаа ахын эхнэр гарч ирээд намайг та хоёр хулгайчууд, гичий, пизда гэж зэргээр хараалын үгээр доромжилсон. Тэгээд бид хоёр гэрт нь ороод Ганбаад хандаж төрсөн ах шигээ харьцаж байхад та нар юу болоод байгаа юм бэ гэсэн чинь эхнэр миний хажуунаас миний нуруу руу нэг метр 20 см модоор 2 удаа цохисон. Тэгээд манай дүү бид хоёр босоод би Ганбааг толгойн тус газар нь гараараа нэг цохисон чинь эхнэр нь манай нөхрийг гэрт орж зодлоо гээд над руу модоо далайхад би модыг нь булааж авсан чинь эхнэр нь намайг бас цохиоч гэж хэлэхээр нь би эмэгтэй хүн цохидоггүй юм гээд модыг нь шидчхээд гараад явсан. Араас Ганбаа ах гарч ирэхээр нь би эр хүмүүс хаана ч муудалцдаг юм даа гэсэн Ганбаа ах тийм ээ тийм гэсэн. Тэгээд бид хоёр яваад өгсөн... /хх-ийн 09 дүгээр хуудас/,
насанд хүрээгүй гэрч Н.Нямпүрэвийн ...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 09 цагийн үед манай ах Нямцэнд гэртээ мотоциклтойгоо баруун гараа хазуулсан, хоолойгоо боолгосон байдалтай ирсэн. Тэгэхээр нь ах бид хоёр Ганбаа зодох гэж гэрт нь очсон чинь Ганбаагийн гэрт Ганбаа эхнэртэйгээ байсан гэрийн гаднаас дуудсан чинь эхнэр нь гарч ирээд хараалын үгээр доромжилж алх шидээд зайлцгаа муу гичийнүүд минь зайлцгаа гэж хэлээд эхнэр нь наашаа хүрээд ирсэн. Тэгэхээр нь би гэр рүү нь Ганбааг өргөөд босгоод ирсэн. Тэгсэн манай ах хажуунаас орж ирээд чих рүү нь гараараа нэг цохисон. Тэгсэн эхнэр нь шүүгээгээ ухаад байсан нэг бургас бариад манай ахыг нуруун дундуур нь цохисон. Тэгээд бид хоёр гэрээс нь гараад явсан араас Ганбаа гарч ирээд ахынх нь буруу гэж хэлсэн... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Т.Энхжаргалын ...Гэртээ ороод цай уугаад сууж байх үед Памбига, Улаанаа хоёр мотоциклтой сундлаад ирсэн. Гаднаас “Ганбаа пизда минь гараад ир, ална чамайг” гээд хашхираад байсан... Яах гээд муухай хашхираад, хэнийг дуудаад байгаа гэж хэлсэн. Танай нөхрийг ална гээд том лоом, мод бариад гэрт ороод ирсэн. Би яасан бэ юунаас болоо вэ, учир зүйгээ ол, хэний буруугаас болсон юм бэ, гэж хэлсэн. Тэр үед ах нь болох Памбига танай нөхөр чинь “миний мотоциклыг яамбий гэж хэллээ, тэгээд зодож байгаа юм” гэж хэлээд манай нөхрийн зүүн чихэн тус газар нь нэг удаа цохиод цус гарсан. Би гэр дотор битгий цус гоожуулаад бай гээд нөхрийг гаргасан. Хойноос нь тэр хоёрыг хөөгөөд гаргасан... ...Ганбаатарын толгой зүүн чих орчим Памбига буюу Нямцэнд нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед лоом болон бүдүүн шургааг модыг нь аваад шидчихсэн байсан юм. Түүний дүү нь зодож цохисон зүйл байхгүй. Эхлээд ууртай орж ирсэн. Сүүлдээ зүгээр хараад зогсоод байсан. Түүний ах нь элдэв бусаар хэлээд байсан. Ганбаатар энэ хоёроос айгаад байгаа бололтой сүүлдээ гадаа тамхи татаад суугаад байсан. Улаанааг Нямпүрэв гэж дууддагийг сүүлд мэдсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/
яллагдагч Н.Нямцэндийн Ганбаа, Жагаа, Гэрлээ ах нар падны хажууд сууж байсан. Тэр үед Гэрлээ ах “өөрийнхөө сэгийг яая гэж байхад дахиад нэг юм аваад ирэх юм” гэж Улаанаа бид хоёрт хэлсэн. Тэр үед хажуу талаас Ганбаа ах “Болдоо хүртэл нэг юм ачиж ирж байгаа” гэж хэлсэн. Би Ганбаа ахад хандаж “таных гаднаа үзэмжтэй боловч дотроо адилхан сэг шүү дээ” гэж хэлсэн. Тэр үед Ганбаа ах намайг юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд босоод ирсэн. Бид хоёр хоорондоо заамдалцаад авсан. Гэрлээ ах Жагаа ах хоёр салгасан. Тэр үед Ганбаа ах намайг гэдэс рүү өшиглөсөн. Би түүний хоолойг боож дарж унагасан. Тэр үед Ганбаа ах миний баруун гарын шуунаас хазсан... ...Гэрт нь ороход гэрийнхээ баруун талд Ганбаа ах сууж байсан. Тэр үед манай дүү “та яаж байгаа юм бэ ах дүү шиг яваад байхад яагаад байгаан бэ” гээд зүгээр Ганбаа ахыг заамдсан. Тэр үед би баруун гараараа хажуу талаас нь Ганбаа буюу Ганбаатар ахын толгой хэсэгт 1 удаа цохисон... Харин тэр үед түүний эхнэр нь хажуу талаас үхэр туудаг нарийн модоор бид хоёрыг цохиж холдуулсан. Тэгээд гэрээс гарах үед Ганбаатар ах цуг дагж гарсан... Манай дүү Нямпүрэвийн хувьд намайг өмөөрч зүгээр заамдаж хувцаснаас нь барьсан, түүнээс огт цохиж зодсон зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
яллагдагч Н.Нямпүрэвийн ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р багийн нутаг Ар тарвагатай гэх газар гэрийнхээ гадаа юм хийж байхад төрсөн ах Нямцэнд зодуулчихсан ирсэн. Тэгээд би учир байдлыг асуухад манай ахыг нөгөө хүмүүс салгаж байгаа нэртэй барьж байгаад Ганбаа ахад цохиулж хазуулсан байсан. Тэгээд дараа нь бид хоёр мотоциклтой Ганбаатар ахын гэрт нь очиход эхнэртэйгээ хоёулаа байж байсан. Манай ах гэрт нь ороод Ганбаатар ахыг нэг удаа цохисон. Би зүгээр нэг заамдаж аваад салгасан юм. Тэр үед эхнэр нь нутгийн хэллэг гээд гичий нохой, хулгайч гээд мод бариад хөөсөн. Бид хоёр тэгээд явсан... ...Би хүрээгүй, өөртөө ч хүргүүлээгүй... /хх-ийн 34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 549 дугаартай ...Ж.Ганбаатарын биед тархи доргилт, зүүн чихний дэлбээнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг, зажлуурын булчин орчим зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,
шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 556 дугаартай ...Н.Нямцэндийн биед баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Н.Ганбаатарын эвлэрэх хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хаянхярваагийн гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03 дугаар хуудас/, шүүгдэгч болон өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /35-37, 42, 51-52/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэвийн өмгөөлөгч П.Ганбаатар ...тухай гэмт хэрэгт Н.Нямпүрэвийн хувьд бүлэглэж оролцсон гэдэг нь бичгийн баримтуудаар тогтоогддоггүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Нямцэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээх нь зүйтэй гэж харж байна. Тодруулбал Н.Нямпүрэв нь хохирогчийг зодож, цохисон зүйл байдаггүй. Харин ч хэрэг учрал гарсан газар нөхцөл байдлыг тодруулахаар очсон байдаг. Тийм учраас шүүх шүүгдэгч Н.Нямпүрэвийн үйлдсэн хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг.
Гэвч дээрх дүгнэлт нь хохирогч Ж.Ганбаатарын ... ... гэх мэдүүлэг, хохирогч Ж.Ганбаатарын мэдүүлгийг давхар нотолж буй гэрч Т.Энхжаргалын ... ..., яллагдагч шүүгдэгч Н.Нямцэндийн ... ..., насанд хүрээгүй яллагдагч, шүүгдэгч Н.Нямпүрэвийн ... ... гэсэн мэдүүлгүүдээр Н.Нямпүрэв, Н.Нямцэнд нар бүлэглэсэн, Н.Нямпүрэв хохирогчийн гэрт орж ирэнгүүтээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, түүний хөдөлгөөний хязгаарлах үйлдэл хийж заамдсан нь Н.Нямцэндэд хохирогч Ж.Ганбаатарыг цохих боломжийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн нөхцөл байдал зэрэг нь мэдүүлэг өгөгч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж, тухайн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, мөн яллагдагч, шүүгдэгч Н.Нямцэнд, Н.Нямпүрэв нарын заамдсан байхад цохисон талаарх мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон тул яллах үндэслэл болсон учраас бүлэглэсэн гэж үзсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэвийн өмгөөлөгч П.Ганбаатарын дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нарын бүлэглэж, иргэн Ж.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд үйлдлээрээ нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан цохих, заамдах тэдний үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн төгссөн үйлдэл бөгөөд санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Гэвч хохирогч Ж.Ганбаатар нь шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нартай эвлэрч, тэднээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь хавтас хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ж.Ганбаатарын хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсныг тус тус хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус ялгамжтай оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч нарт тус бүрд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэвт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг баримталж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нямпүрэв нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарт шүүхээс тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямцэнд, насанд хүрээгүй шүүгдэгч Тайж овгийн Наранмандахын Нямпүрэв нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН