| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 106/2018/0941/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 091.2.12, |
| Улсын яллагч | Н.Ням-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 207
А.Н- т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ням-Очир,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н- , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,
шүүгдэгч А.Н- , түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н- , түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Н- т холбогдох эрүүгийн 832671 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.Н- нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б.Б- г 49 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Н- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Н- ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 18 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Н- т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн хасаж, хорих ял эдлэх хугацааг 2 жил 7 сар 9 хоногоор тогтоож, биечлэн эдэлсэн 1 жил 5 сар 26 хоногийг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 13 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жил 10 сар хорих ял дээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 11 сар 13 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Н- т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н- ын цагдан хоригдсон 220 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийн зарим нэг хэсгүүд худал бөгөөд 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэрэг гарсан шалтгаан нь гэвэл, тухайн үед “Топ тен” нэртэй байсан шөнийн цэнгээний газарт талийгаач нь үл таних 20-25 насны бүсгүйтэй хамт явж байсан. Талийгаач намайг сүрхий танимхаараад бид гурав хамтдаа талийгаач Б.Б- гийн гэрт наргиж хонохоор очсон. Тэнд бид гурав хамтдаа 0.5 литрийн шилтэй архи болон “Tiger” нэртэй шар айраг хэд хэдийг ууцгаасан. Б.Б- гаднаас архи авчрах хооронд би тэр хүүхэнтэй нэг удаа бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орсон. Б.Б- гийн авчирсан архинд хэн нэгэн ямар нэгэн бодис хольсон байж болзошгүй. Учир нь, Б.Б- гийн архинаас нэг хундагыг уугаад миний тархины үйл ажиллагаа өөрийн мэдэлгүй нойрмог байдалд орж нам унтсан. Хэн нэгэн миний биед хүрч өгзөг маш хүчтэй өвдөхөөр нь сэрээд харахад, талийгаач миний өмд, дотоожийг тайлчихсан анус руу бэлэг эрхтнээ шургуулчихсан байсан. Би түүнээс холдож “та яаж байна вэ” гээд тусламж дуудсан, хэн ч сонсоогүй. Гэтэл талийгаач бэлэг эрхтнээ миний анус руу хийх гээд дайрсан. Энэ үед маш ихээр балмагдан цочирдож, тэдний зочны өрөөний ширээн дээр нэг хутга харагдсан. Үнэндээ үүнээс хойш яг юу болсныг тодорхой мэдүүлж чадахгүй. Талийгаачийг хутгалснаа санаж байна. Тэгээд нэг сэхээ ороход хутга барьчихсан айлын үүдний хэсэгт сэрсэн. Биеийн доод хэсгээрээ нүцгэн зогсож байсан. Сэхээ ороод юу хийснээ ойлгож, зугтсан дээр гэж бодоод зугтсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед талийгаачийн гэрээс аяга алга болсон гэдэг. Би аяга хулгайлаагүй.
Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлээгүй шалтгаан нь олон нийтийн сүлжээ, шар сонингоор хэргийн талаар ямар нэгэн нууцлалгүйгээр хэргийн бодит байдлыг дөвийлгэн хэтрүүлэгтэй бичиж байсан. Миний нэр төрийг гутаан доромжлох эрхгүй. Гэтэл миний эрх зүйн байдалд хууль бусаар халдсан. Би ичиж байна. Санаанд багтамгүй хэрэг хийсэн. Хэрэг гарсан аймшигт өдрөөс хойш хором бүрт шаналаж үүнтэй улбаатайгаар гэмт хэрэгт холбогдон ял эдэлсэн. 1998 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан нь үнэн. Иймд миний насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан зэргийг харгалзан ял шийтгэл болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоогоогүй.
2. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэрч болох нэг эмэгтэй байсан тухай мэдүүлдэг боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй.
3. Хохирогч бэлгийн чиг хандлагын хувьд өөр гэдгийг гэрчүүд нотлох бөгөөд энэ нөхцөл байдлаас шалтгаалан хэрэг хийгдсэн байж болзошгүй нөхцлийг шалгаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
4. Шүүх ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл нь ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэх заалт юм. Харин энэ тохиолдолд шинээр биш өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байгаа ойлголт тул ялыг нэгтгэх үндэслэл байхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш их гомдолтой байдаг. Миний хүүхэд зэрлэг, танхай этгээд биш байсан. Харин маш их зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байсан. Өнгөрсөн хүн юм хэлэхгүй болохоор юм бүхэн өөр болдог байх гэж бодож байна. Миний хүүхэд хүн хүчирхийлэхээр хүн биш. Бид хоёр гэртээ хоёулаа амьдардаг байсан. Миний хүүхэд ажилд яваад шөнө ирдэг байсан. Тухайн үед миний автомашины дугуй хагараад янзлуулах гээд гэртээ ирээгүй байхад энэ хэрэг гарсан байсан. Би хүүхдээ архи дарс ууж, хүчирхийлэл үйлдээгүй гэж боддог. Шүүгдэгч А.Н-т хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулсан ч бага санагдаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н- ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогчийн ээж нь гомдолтой байдаг бөгөөд шүүгдэгч А.Н- т оногдуулсан ялын талаар түүнд тайлбарлаж өгсөн ч гомдол нь хэзээ ч тайлагдахгүй байгаа. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр маш сайн ажилласан” гэв.
Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Н- ын гаргасан давж заалдах гомдолд, хэргийн газар өөр нэг эмэгтэй хүн байсан талаар яригддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нь “энэ талаар шалгаагүй байна” гэж ярьж байна. Хэргийн газрын үзлэг тухайн үед маш сайн хийгдсэн бөгөөд хэрэг гарсан газраас хоёр ширхэг архины хундага олддог. Мөн хажуу талын ханын шилэн шүүгээнд хэрэглээгүй хундаганууд ил байсан. Энэ нь хэрэг болсон газарт хоёр хүн байсныг илэрхийлж байна. Хэрвээ гурван хүн байсан бол хажууд байгаа хүндээ архи хундагалж өгөхгүй байна гэж байхгүй. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан баримтуудад эмэгтэй хүн хэрэглэж байсан гэх нотлох баримт байдаггүй. Харин нэг трико байсан гэж яригддаг бөгөөд уг өмдний талаар гэрчүүд эрэгтэй хүн өмсөж байсан байх боломжтой гэсэн асуудал яригддаг. Эд мөрийн баримтаар үс хураагдсан бөгөөд тухайн үсийг умдагны үс гэж ярьдаг боловч эрэгтэй хүний умдагны үс байх боломжтой. Талийгаачийн бэлгийн чиг хандлага эсрэг байсан гэдэг нь тогтоогдсон. Талийгаач өөрөө эмэгтэй болох байдлаар бэлгийн харилцаанд оролцдог байсныг талийгаачтай бэлгийн харьцаанд ордог байсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогддог. Давж заалдах гомдолд дурдагдсанаар А.Н- ын архинд юм хийж унтуулж, түүнийг оролдсон гэсэн нөхцөл байдал бий болсныг тогтоох боломжгүй. Ийм байх боломжтой юу гэдэг байдлаар хүртэл шалгахад талийгаач эрэгтэй хүн оролддог байсан асуудал тогтоогдоогүй, өөрөө зөвхөн эмэгтэй болж бэлгийн харьцаанд ордог байсан асуудал тогтоогддог. Энэ нь шинжээчийн дүгнэлт болох талийгаачийн анусанд урагдалттай байсан гэдгээр давхар тогтоогддог. Иймд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, өөр ямар нэгэн байдлаар хийгдэх ажиллагаа байхгүй. Шүүгдэгч А.Н- ын сэтгэл санаа цочрон давчидсан асуудал яригдаж байна. Шүүгдэгч А.Н- хүчиндүүлсэн асуудал байхгүй учраас цочрон давчидсан асуудал байхгүй гэсэн үг. Хэд хоногийн өмнө талийгаачтай буудалд хоносон, дараа нь хохирогчийн гэрт очиж хоносон байдаг учраас хоорондоо танил бөгөөд хэд хэдэн удаа бэлгийн харилцаанд орсон нь бэлгэвчээр тогтоогддог. Шүүгдэгч А.Н- нь тухайн үед насанд хүрээгүй байсан нь үнэн бөгөөд тэрээр тухайн үед 17 нас 10 сартай байсан. Өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж, биеэр эдэлсэн. Тиймээс хүүхдийн хэмжээнд сэтгэхгүй гэж бодож байгаа тул насны асуудал яригдахгүй байх. Ялыг нэмж нэгтгэх асуудал дээр хуулийг буруу хэрэглэсэн асуудал яригдаж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан асуудал бол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан асуудлын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоол нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан давтан гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь хууль тогтоогч нарын гаргасан найруулгын ойлгомжгүй байдал байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг дүгнэх шаардлага гараагүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
А.Н- нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б.Б- г 49 удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н- ын: “...1998 оны 12 дугаар сарын 23-ны өглөө би 10 дугаар хорооллын 21 дүгээр байрны 56 тоот гэрээсээ гарсан. 26 настай хүү Б.Б- гэртээ ганцаараа үлдсэн. ...Манай өвгөн гал тогооны өрөө хаалттай байсныг түлхэж онгойлгоод хартал гал тогооны өрөөний ширээний дэргэд хүү маань цээж нүцгэн байдалтай зүүн тийш харан хажуулдаж нас барсан байсан. Тэгээд бид хоёр хэсгийн цагдаад очиж мэдэгдсэн. Ер нь манай бүх өрөөний гэрлүүд асаалттай, том өрөөний салхивч онгорхой харагдсан. Тухайн үед том өрөөний жижиг ширээн дээр манай улсын экспортын архины шил байгаа харагдсан. Манай гэрээс алдагдсан алт, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө гэхээр зүйл байхгүй. Харин талийгаачийн аль нэг гарын ядам хуруунд очиртой монетон бөгж байгаагүй” /1хх-25-28, 30-32/,
гэрч Н.Б-..1998 оны 12 дугаар сарын 23-нд “Шар хад”-ны гэрт эхнэрийнхээ хамт хоноод өглөө хоёулаа автобусаар явж машин тавьсан граж дээрээ очиж машинаа асаагаад тус тусдаа халтууранд гарсан. Тэгээд би гараад ...авгайгаа хүлээж 16 цаг бараг дөхөж байхад авгай ирсэн. ...Цоожны нүхэнд гадна талаасаа түлхүүр хугарсан байсан. ... Зүү, бахиар оролдож байгаад сугалж аваад бүтэн түлхүүрээр онгойлгоод ортол гэрийн коридороор нил цус харагдсан. Хөгшин цааш гүйх гэхээр нь бариад гал тогооны өрөө хаалттай байхаар нь би өшиглөж түлхэж онгойлгоод (гараар хүрч болохгүй байх гэж бодоод) хартал гал тогооны өрөөний ширээн доогуур миний дагавар хүүгийн цогцос их бие нь доош, толгой нь хажуулдсан байдалтай, хамаг бие нь нүцгэнээр цус болчихсон байгаа харагдсан. Тухайн үед бандаашгүй байна гэж харсан” /1-хх-146-148/,
гэрч Ч.Хн: “...Шөнө 12:00 цагт амарсан. Тэгэхэд ямар нэгэн дуу чимээ гараагүй. Би 05 цагийн үед босоод бие засахад ямар нэгэн дуу чимээ гараагүй. Харин өглөө 06:30 цагаас 07:00 цагийн үед байх манай харалдаа дээд айлын том өрөө хавьд байх чимээ гарч, гал тогооны өрөө рүү 2 хүний дуу гарч дуулдсан. Согтуу хүн дуугарч байх шиг байсан. Энэ дуу чимээ бол нэг их хугацаа болоогүй. Маш богино хугацаанд гараад чимээгүй болсон” /2хх-195/,
гэрч П.А-ийн: “...Б.Б- тэй 1996 онд танилцаж, тэр даруйдаа ганц хоёр удаа хурьцлын ажил хийж байсан. Гэхдээ би Б.Б- г сайн мэдэхгүй, ямар ч байсан нилээн дээрээс эхэлж ижил хүйстэнтэйгээ явалддаг болсон юм шиг байна лээ. Б.Б- ижил хүйстэнтэйгээ явахдаа эмэгтэй нь болдог байсан. Б.Б- сүүлийн үед эмэгтэй хүн шиг айлгүйтээд байдаг болсон байсан. Надтай бол тэгж эм хувцас өмсдөггүй байсан. Сүүлд яасныг мэдэхгүй, Б.Б- хурьцал үйлдэхдээ бэлгэвч хэрэглэдэг байсан” /1хх-167-168/,
шүүгдэгч А.Н- ын 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр өгсөн: “...намайг Баянгол дүүргийн 21 дүгээр байрны 56 тоот хаягт дагуулж очсон. Би уг хаягт урьд нь очиж байсан. 1998 оны сүүлчээр он, сарыг нь яг сайн санахгүй байна. Би Дархан-Уул аймгаас мөнгөтэй ирээд мөнгө дуусч байх үед “Toп тен” баарны гадаа хохирогч ахтай танилцсан. Намайг танимхайраад байсан юм. Тэгээд бид хоёр төмөр замд 2 пиво уучихаад, Тээврийн товчооны орчимд буудалд орсон. Тухайн шөнө буудалд бид хоёр хоёулахнаа хоносон. ... Тэгсэн чинь нөгөө ах “манай гэрт очъё” гээд бид гурав баарнаас гараад хорооллын хуучин эцэс орчимд дэлгүүрт ороод пиво, архи аваад идэж уух зүйл худалдаж аваад ...цагаан өнгийн таван давхар байрнууд руу ороод 21 дүгээр байрны хамгийн хойд талын орцны 4 билүү 5 давхарт гарсан. Байрны хаалга нь шатаар чигээрээ гараад зүүн талын хаалга байсан юм. Гэрт нь ороод архи пиво ууцгааж эхэлсэн. ... Тэгээд бид гурав жоохон согтоод хамтдаа групп секс хийж эхэлсэн. ... Би жорлон гал тогооны өрөөнд ороод хулгай хийчих дэл сул зүйл байгаа эсэхийг харсан. Тэгээд буцаж ирээд хүүхний цүнхийг нь ухаж байгаад түрүүвчтэй мөнгийг нь хулгайлж аваад гэрээс нь гараад зугтаасан... Би тэдний гэрт шөнийн 11 цаг өнгөрч байхад ороод шөнө 02-03 цагийн үед гарч явсан санагдаж байна” /5хх-28-32/,
мөн түүний 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Гэрт байхдаа бид гурав бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед талийгаач бид хоёр тэр хүүхэнтэй бэлгийн ажил хийсэн. Том өрөөнөөс нь зургийн аппарат хулгайлсан. ... Би хэрэг зэрэг согтуу байснаа санахгүй байна. Өмнөх өдөр нь Б.Б- гийн хамтаар “Топ тен” баарны ард бамбарууш кафед орж нэг нэг шил пиво уугаад, хуучин тээврийн товчооны орчим ... буудалд орж хоносон. Талийгаачийг ижил хүйстэнээ сонирхдог гэдгийг мэдээгүй. Би энэ талаар дахин мэдүүлэг өгч чадахгүй” /5хх-34-36/ гэх мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 556 дугаартай: “1. А.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. А.Н- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Н- нь хэрэг хариуцах чадвартай байна. 3. А.Н- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. А.Н- нь эсрэг хүйсний бэлгийн чиг баримжаатай байна” гэх дүгнэлт /5хх-84-86/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 913 дугаартай: “1. Хохирогчийн биед дээрх онош болон протоколд бичигдсэн олон тооны нэвтэрсэн болон нэвтрээгүй шарх, зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шархнууд нь хурц ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хохирогч Б.Б- нь дээрх олон тооны шархны улмаас дотуур болон гадуур цус алдаж цус алдалтын шокоор нас барсан болно. 4. Шүүх химийн шинжилгээгээр цус, шээсэнд этилийн спирт илрээгүй болно. 5. Ходоодны хөндийд бага хэмжээний шаргал шингэнтэй байсан байна. 6. Б.Б- гийн шулуун гэдэснээс авсан арчдас, бэлэг эрхтэний толгойноос авсан гэх наалдацанд үрийн сун, эр бэлгийн эс илрээгүй болно. 7. Хохирогч олон удаагийн үйлчлэлээр үүссэн шархнуудын улмаас цус алдалтын шокод орж хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байна. 8. Хохирогч нь өглөө 6.30-7.30 минутын үед нас барсан байх боломжтой” /1хх-59-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 6372 дугаартай: “ 1. Шинжилгээнд тэнцэж буй “34” дугаартай зураг дээрх шинжилж буй зүүн хөлийн мөр нь А.Н- ын зүүн хөлөөр дарагдаж гарсан байна гэх дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч А.Н- нь нүцгэн хөлөөрөө хохирогчийн цусан дээр гишгэсэн болох нь тогтоогдож байна” /5-хх-217-218/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 3662 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн Алтанзагасын Наранбаярын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. ... 3. Шинжилгээнд тэнцсэн Алтанзагасын Наранбаярын гарын хээний дардас санд MN003810002162, MN003110003063, МN0000БГД05472, MN003810002435, 713, MN0000XӨB00047 дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна. 4. Шинжилгээнд тэнцсэн А-ын Н-ын зүүн гарын долоовор хурууны дардас “1998 оны 12 дугаар сарын 24-нд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 21 дүгээр байрны 56 тоотод Б.Б- нас барсан” гэх хэргийн утгатай 2017-7190-БГД дугаарын “2” дахь мөртэй тохирч санд хадгалагдсан байна. 5. Гарын хээний нэгдсэн санд байх 2017-7190-БГД дугаараар бүртгэгдсэн 10 ширхэг гарын мөрийн “3” дахь мөр санд 1998-0608-БГД-/1/ дугаараар, “1” дэх мөр нь санд 1998-0608-БГД-/2/ дугаараар бүртгэгдсэн байна” /5хх-88-91/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүрэг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
1998 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд сэжигтнээр татвал зохих этгээд олдоогүй гэсэн үндэслэлээр прокуророос хэргийг түдгэлзүүлсэн байх боловч амь хохирогч Б.Б- гийн эгч Б.О-ы гаргасан гомдлын дагуу хэргийг сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.
1998 онд хэргийн газар хийгдсэн хурууны хээ, хөлийн мөрний дардас нь шүүгдэгч А.Н- ын гар, хөлийн мөрний дардастай тохирсноор хэрэг илэрсэн байх бөгөөд шүүгдэгч А.Н- хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд хэргээ хүлээдэггүй боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо уг гэмт хэргийг үйлдсэн талаараа дурджээ.
Шүүгдэгч А.Н- ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин анхан шатны шүүх А.Н- ын 1998 онд үйлдсэн “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.
Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд үүнээс хойш 2002, 2015 онд тус тус шинэ Эрүүгийн хууль батлан гаргаж, хүчин төгөлдөр болж үйлчилжээ.
Дээрх Эрүүгийн хуулиудын ерөнхий ангид заасан “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх” зарчим нь зохицуулалтын хувьд, үйлчлэх үндэслэлийн хувьд ижил байна.
Шүүгдэгч А.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 нас 10 сартай байсан бөгөөд 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохгүй” гэж заажээ.
Шүүгдэгч А.Н- ын үйлдлийг 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн е-д зааснаар зүйлчлэх “хүнийг санаатай алах хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн”-ээр байх ба уг зүйлд “20-25 жил хорих ял, эсхүл цаазаар авах ял” оногдуулахаар заажээ.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3-т “Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, ...-д арван таван жилээс дээш хугацаагаар ял оногдуулж болохгүй” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Н- ын холбогдсон гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар буюу онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж зүйлчилвэл 15-25 жилийн хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр эрүүгийн хариуцлагыг тусгажээ.
1998 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б.Б- гийн амь насыг хохироосон хэргийн түдгэлзүүлсэн тогтоолыг сэргээж дахин мөрдөн шалгах явуулах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн байх бөгөөд энэ үед Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болжээ.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 8-д “насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол бүх насаар нь хорих ял оногдуулж болохгүй” гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу “онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэргийн зүйлчлэл 12-20 жил хүртэл хугацаагаар хорих буюу бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр байна.
Дээрх хуулиудын шүүгдэгчид аль ашигтай буюу оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр харьцуулан үзэхэд, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасан “оногдуулах ялын төрөл, хэмжээ” шүүгдэгчид ашигтай байна гэж үзэв.
Шүүгдэгч А.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байх тул уг ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах” нийтлэг журмыг баримтлан биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Мөн А.Н- нь 1998 оны 12 дугаар сарын 24-нд “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэнээс хойш буюу 2002 оноос 2016 оны хооронд нийт 3 удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 1998, 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа 10 жил тасарч дахин шинээр тоологдсон, мөн “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан тул 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д хамаарагдаж байна.
Шүүгдэгч А.Н- ын өмгөөлөгч С.Тэгшжаргал нь “...хэргийн газар байсан гэрч гэх эмэгтэй хэн байсныг тогтоогоогүй, шүүх ялыг нэмж нэгтгэхдээ хууль буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих байдал”-уудыг шалгаж тогтоосон байх тул А.Н- т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин давж заалдах шатны шүүх ялыг нэмж нэгтгэх талаарх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хууль хэрэглээний хувьд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.
Шүүгдэгч А.Н- нь “талийгаач Б.Б- гийн өгсөн архийг уугаад нойрмог байдалд орж унтсан. Нэг сэрэхэд талийгаач миний дотоожийг тайлсан, анус руу бэлэг эрхтнээ шургуулсан байсан. ... энэ үед ихээр балмагдаж ...талийгаачийг хутгалснаа санаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял хөнгөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч А.Н- ын насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн талаар гаргасан гомдлыг хүлээн авч, хууль буцаан хэрэглэх үндэслэлийн хүрээнд хөнгөрүүлэн шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н- нь Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялаас 1 жил 5 сар 26 хоногийн ялыг биечлэн эдэлсэн байгаа бөгөөд тэрээр “Бусдыг санаатай алах” гэмт хэрэгт шалгагдан 2018 оны 5 дугаар сарын 11-нээс 2018 оны 12 дугаар сарын 17-ныг хүртэл буюу анхан шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд 220 хоног, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл 79 хоног, энэ хэрэгт нийт 299 хоног цагдан хоригджээ.
Шүүгдэгч А.Н- ын хорих ял шийтгүүлж биечлэн эдэлсэн болон цагдан хоригдсон нийт хугацааг тоолоход 2 жил 3 сар 23 хоног байх тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Иймээс дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “хэргийн газар байсан эмэгтэй хэн байсныг тогтоох” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Н- т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар зүйлчилсүгэй” гэсэн,
“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Н- ын цагдан хоригдсон 2 жил 3 сар 23 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Монгол овогт А-ын Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч А.Ныг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар буюу онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 18 жил 10 сар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч А.Н- ыг 15 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жил 10 сар хорих ял дээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 11 сар 13 хоногоор тогтоосугай” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан шүүгдэгч А.Н- т Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.12-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд багтаан, нийт биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ