Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 66

 

 

               Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн, Ө.Нарантуяа, Д.Бунжаа,

                Шүүгдэгч: Ц.Цогт-Очир, С.Доржсүрэн, Д.Дашням, Ш.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугчин овгийн Цагаанхүүгийн Цогт-Очир, Бурдаг овгийн Даваадоржийн Дашням, Хошууд овгийн Сонинбилэгийн Доржсүрэн, Тугчин овгийн Ширбазарын Давааням нарт холбогдох эрүүгийн 201620000141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 02-07 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОЮ99030416, Бурдаг овгийн Даваадоржийн Дашням.     

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаангом коллежийн сантехникийн ангид сурдаг, ам бүл- 3, аав, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 8-р багт оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОЮ97101333, Их тугчин овгийн Цагаанхүүгийн Цогт-Очир.     

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 13-16 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОВ95042410, Тугчин овгийн Ширбазарын Давааням.     

                Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 7, ээж, эгч, ах, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 17-30 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД: ОЭ97092916, Хошууд овгийн Сонинбилэгийн Доржсүрэн.            

    Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч Ц.Цогт-Очир,  С.Доржсүрэн нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 10-р багийн 17-27 тоотод оршин сууух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн автогражид нэвтрэн орж иргэн Н.Тогтуурын 3 кг ноолуур хулгайлан 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

    - шүүгдэгч Ц.Цогт-Очир  давтан үйлдлээр насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дашнямтай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаангом сумын 10-р багийн  17-27 тоотод оршин суух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн автогражид хууль бусаар нэвтрэн орж иргэн С.Гантөмөрийн 13 кг буюу 2 шуудай ноолуур хулгайлан бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

    -Шүүгдэгч С.Доржсүрэн давтан үйлдлээр шүүгдэгч Ш.Даваанямтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаангом сумын 10-р багийн  17-27 тоотод оршин сууух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн автогражид нэвтрэн орж 6 кг ноолуур хулгайлж бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

                1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13-р тал/,

                2. Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23-р тал/,

                3. Бэлэн мөнгө болон эд зүйл хураан авсан болон хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27, 29,30-31, 33-р тал/,

                4. Хохирогч С.Гантөмөрийн мөрдөн байцаалтад анх удаа өгсөн: “Миний бие Увс аймгийн Өлгий суманд амьдардаг бөгөөд би өөрийн ээж Торгууд болон хүргэн дүү Жамсран нарын бог малыг малладаг. Жамсран бид хоёр 2016 оны 05 дугаар сарын 10-аас 25-ны хооронд ямаануудаа самнасан. Миний өөрийн 73 ямаа, ээжийн 52 ямаа, Жамсрангийн 70 гаруй ямаа нийт 200 гаруй ямаа самнаад ноолуурыг шуудай тус бүрээр жингийг нь үзэж айл айлаар нь ялгаж, шуудай тус бүр дээр нэрний эхний үсгийг тавьсан байсан. Ээж Торгуудын 3 шуудайтай ноолуур тус бүр 8.7 кг, 8.1 кг, 7.9 кг нийт 24.7 кг, хүргэн дүү Жамсрангийн 3 шуудайтай ноолуур тус бүр 9.4 кг, 10.7 кг. 14.7 кг нийт 34.8 кг, миний өөрийн 2 шуудайтай ноолуур тус бүр 10.7 кг, 11.1 кг нийт 21.8 кг, нийт 3 айлын 81.3 кг ноолуурыг аймгийн төвд 2016 оны 05 сарын 28-нд авч ирж нагац эгч Насанжаргалын хашаанд байдаг гражид хийж хадгалуулсан. Тухайн үед ноолуурын ханш унасан байсан болохоор өгөлгүй байлгаж байсан юм. Тэгээд 2016 оны 06 сарын 01-ний өдөр миний ээжийн ах, дүү нар ээжийн гэрийн гадна цугларч зугаалсан. Ээжийнх “Увс хүнс” ХХК-ийн чацарганы талбайд байдаг бөгөөд компанийн үхэр малладаг. Тэгээд орой 17 цагт аймгаас ирсэн хүмүүс тарцгаасан. Гэтэл  Насанжаргал эгч Улаангом уруу гэртээ хариад удалгүй утсаар ярьж “Гражаас 2 шуудай ноолуур алга болчихсон байна. Холбогдох байгууллагад нь хэлчихлээ. Доржсүрэнг аваад ороод ир. Доржсүрэнгийн найз нөхдийн холбоотой хүүхдүүд авсан байж магадгүй” гэж хэлсэн.  Доржсүрэн нь миний төрсөн дүү бөгөөд тэр өдөр гэрээс холдоогүй мал харж өнжсөн. Тэгээд би аймаг орж ирээд өөрийнхөө ноолуурыг шалгахад миний шуудайтай 10.7 кг, 11.1 кг нийт 21.8 кг ноолуур алга болсон байсан. Маргааш нь үлдсэн ноолуурыг өгөхөд 52 кг ноолуур болсон гэсэн бөгөөд нагац ах Сүхээ нь ченжид аваачиж өгсөн байсан. Ноолуур өгөхдөө үлдсэн 6 шуудай ноолуурыг шалгаж үзэхэд шуудай тус бүрээс янз бүрийн хэмжээгээр нийт 10 кг орчим ноолуур дутсан гэсэн. Түүнээс ээжийн нэрний үсэгтэй шуудайтай ноолуураас 3 кг гаруй ноолуур, үлдсэн нь хүргэн дүү Жамсрангийн нэрний үсэгтэй шуудайтай ноолуураас хулгайлагдсан байсан гэсэн. Гэхдээ Жамсрангийн хэдэн кг ноолуур алдагдсан гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан миний өөрийн 21.8 кг ноолуур байсан ба үүнээс үлдсэн нь ээж, хүргэн дүү хоёрын нийлсэн ноолуур байсан юм. Тэгэхээр хүргэн дүүгийн 5 кг орчим ноолуур дутаж байна. Нийт 8 шуудай ноолуураас 3 айлын 29.3 кг ноолуур дутаж байгаа. Гэхдээ алдагдсан ноолуурыг хулгайлсан этгээдүүд баригдаж нийт 640.000 төгрөгийг одоогийн байдлаар хохиролд нөхөн төлүүлж авсан байгаа. Энэ нь нийтдээ 12-13 кг орчим ноолуурын үнэтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Би Өлгий сумаас ноолуур авч ирэхдээ дөрвөлжин шугамтай 2-р өнгийн муу бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар айл бүрийн нэрээр ноолуур тус бүрийн хэмжээг тавьж тэмдэглэсэн байгаа. Одоо тэгэхээр би буруутай этгээдүүдээс нийт 9 кг ноолуурын үнэлгээг нэхэмжлэх хүсэлтэй байна. Магадгүй Жамсран бид хоёр өөрсдөө жинг үзсэн хэрэгслээс аймагт ноолуур авч байгаа ченжүүдийн жинлэгч хэрэгсэл нь граммын хувьд дутаах зэрэг алдаа гарч магадгүй учраас 1-2 кг ноолуурын зөрүү гаргахыг үгүйсгэж болохгүй. Тухайлбал бидний жинлэж үзсэн 81.3 кг ноолуурыг Улаангомд жинлэж үзэхэд 79-80 кг болсон. Тэр өдөр би Улаангомд нагац эгчийнхээ гэрт хоносон. Миний мотоциклийг төрсөн дүү Доржсүрэн надаас 16 цагийн үед ирж авсан. Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Насанжаргал эгчийн гэрт очиход Доржсүрэн түрүүлж ирээд мотоциклоо хашаанд тавьчихсан байсан. Тухайн үед би гражийн хаалганы цоожийг оролдсон байсан эсэхийг анзаарч хараагүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 х/,

                Хохирогч С.Гантөмөрийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Сүүлд тооцож үзэхэд миний 13 кг, Жамаагийн 6 кг, ээж Торгуудын 3 кг, нийт 22 кг ноолуур алдагдсан байсан. миний 2 шуудай буюу 13 кг ноолуур 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хулгайлагдсан байсан. Надад учирсан хохирлыг Дашням, Цогт-Очир нар бүрэн төлж барагдуулсан. Тиймээс надад одоо нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

                5. Иргэний нэхэмжлэгч Н.Торгуудын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие Увс аймгийн төвд “Увс хүнс” ХХК-ийн чацарганы талбайд компанийн үхэр малладаг байсан юм. Миний өөрийн эзэмшлийн ямаанууд миний хүү Гантөмөрийнд байдаг. Хүү Гантөмөр нь 2016 оны 05 сарын сүүлээр ямаагаа самнаж ноолуурыг нь аймагт авч ирж миний төрсөн дүү Насанжаргалын хашаанд байдаг гражид хийж хадгалуулсан байсан. Нийт 3 айлын нийлсэн 8 уут буюу 81 кг ноолуур байсан. Үүнээс миний өөрийн 3 шуудайтай буюу 7.9 кг, 8.7 кг 8.1 тус бүрээр хийсэн нийт 24.7 кг ноолуур байсан гэсэн. Шуудайны гадна талд миний нэрний эхний үсэг болон шуудайнд байгаа ноолуур тус бүрийн жинг үзэж, жин тус бүрийн хэмжээг балаар бичиж тэмдэглэсэн байсан гэсэн. Тухайн үед ноолуурын ханш унасан байсан учраас ноолуураа өгөлгүй түр хүлээж байсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед Улаангомд байдаг миний дүү нар манайд зугаалахаар ирцгээсэн. Тэгээд тэд нар орой 17 цагийн үед Улаангом руу явсан. Улаангомд очоод дүү Насанжаргалын гражид байсан 2 шуудай ноолуур хулгайлагдсан болохыг мэдээд бүртгэж, шалгаж үзэхэд уг алга болсон хоёр шуудай ноолуур нь хүү Гантөмөрийн ноолуур байсан гэсэн. Харин үлдсэн ноолуурыг Дансран гэдэг хүнд миний төрсөн дүү Сүхээ нь өгөхөд 52 кг ноолуур болсон байсан. Харин миний нэрний үсэгтэй шуудай бүрээс 1 кг гарантай нийт 3 гаруй кг ноолуур дутсан гэсэн. Гэхдээ би хулгайд алдагдсан 3 кг ноолуурын үнийг нэхэмжлэхгүй. Нүдээрээ үзэж яг хэдэн кг ноолуур байсныг хэмжээгүй болохоор сайн мэдэхгүй юм. Бас хүргэн Жамсрангийн 3 шуудай ноолуураас шуудай тус бүрээс ноолуур дутсан гэсэн. Хэдэн кг ноолуур дутсан болохыг  мэдэхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дүү Насанжаргалыг ээлжтэй хоносон шөнө гражийн хаалганы цоожийг оролдчихсон байсан гэж Насанжаргал хэлж байсан. Доржсүрэн нь миний төрсөн хүү юм. “Увс хүнс” ХХК-ийн чацарганы талбай аймгаас 5-7 орчим км зайд байдаг бөгөөд Доржсүрэн 2016 оны 05 дугаар сарын 30-нд ахынхаа мотоцикльтой шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би Доржсүрэнгээс яагаад оройтож ирсэн талаар асуухад “Хичээл хийгээд оройтлоо” гэж хэлж байсан. Доржсүрэн гэртээ ирээд ийш, тийшээ утсаар яриагүй бөгөөд шууд л унтсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

                6. Хохирогч М.Жамаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Улаангом сумын 8-р багт байдаг юм. Увс аймгийн Өлгий суманд миний эхнэрийн төрсөн ах Гантөмөрийнд манай бог малнууд байдаг бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 15-25-ны үед би тэднийд очиж 3 айлын нийлсэн 200 гаруй ямаа самнаж, 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирсэн. Улаангомд ирээд хадам ээжийн төрсөн дүү Насанжаргал эгчийн гражид ноолуураа түр хадгалуулсан. Ноолуурыг нийт 8 шуудайнд хийж шуудай тус бүрт хийсэн ноолуурын хэмжээг тэмдэглэж, айл бүрээр нь ялгаж нэрний эхний үсгийг нь бичсэн байсан. Гантөмөр энэ талаар бичгийн жижиг цаасан дээр тэмдэглэсэн байсан. Насанжаргал эгчийн гражид хадгалуулсан ноолуурыг хэмжээ, айл бүрээр нь хэлэхэд: ээж Торгуудын тус бүр нь 8.7, 8.1, 7.9 кг-аар хийсэн 3 шуудай, нийт 24.7 кг ноолуур, миний өөрийн тус бүр нь 9.4, 10.7, 14.7 кг-аар хийсэн 3 шуудай, нийт 34.8 кг ноолуур,  хадам ах Гантөмөрийн  тус бүр нь 10.7, 11 кг-аар хийсэн нийт 21.8 кг ноолуур тус тус байсан. 3 айлын нийлсэн нийт 81.3 кг ноолуурыг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Насанжаргал эгчийн гражид аваачиж хийсэн юм. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр намайг мал хариулж явтал хадам ээжийн төрсөн эгч Намсрай утсаар ярьж “Танай ноолуур хулгайд алдагдсан байна. Хурдан ирж учрыг нь олж ноолуураа өгмөөр байна” гэж хэлэхээр нь би маргааш нь Улаангом орсон. Тэгээд юу болсон талаар асуухад “Хадам ээжийн ах дүү нар хүүхдийн баяраар хадам ээжийн байгаа газарт очиж зулгаалсан. Тэр хойгуур нь Насанжаргал эгчийн гражид хийсэн байсан ноолуур хулгайлагдсан” байна гэж хэлсэн. Тэгээд бид үлдсэн ноолуурыг нь ченжид өгөхөд 52 кг ноолуур болсон. Ноолуурыг өгөхдөө шуудай тус бүрээр нь жинг үзэхэд хадам ээжийн нэрний үсэгтэй шуудайтай ноолуураас 3 кг, миний нэрний үсэгтэй шуудайтай ноолуураас 6 кг ноолуур дутсан байсан. Шуудайтай ноолуур тус бүрээс бага бага хэмжээтэй авсан байсан бөгөөд нийт 3 айлын 8 шуудай буюу 81.3 кг ноолуураас 29.3 кг ноолуур дутаж байгаа. Миний ноолуурыг хулгайлж авсан Давааням, Дашням нар хохирлыг барагдуулж өгсөн . Надад цаашид нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй, ямар нэг гомдол саналгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 52, 53-р тал/,

                7. Гэрч Н.Насанжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай эгчийн хүү Гантөмөр нь Өлгий сумаас нийт 8 шуудай ноолуур авч ирж манай гражид хийсэн юм. Шуудай тус бүр дээр ноолуурын эзний нэрний эхний үсэг, хэмжээг тавьж баталгаажуулсан байсан. Үүнд: төрсөн эгч Торгуудын 24.7 кг, хүргэн дүү Жамаагийн 34.8 кг, зээ дүү Гантөмөрийн 21.8 кг, нийт 81.3 кг ноолуур байсан. Шуудай бүрийн амыг утсаар оёсон,  сайн чихэж хийсэн байсан ба харин сүүлд уг ноолууруудыг үзэхэд шуудайтай ноолуурууд сулхан, дундуур гэмээр болчихсон байсан. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гантөмөрийг манай гражид ноолуур авч ирж хийхэд Доржсүрэн, Жамаа нар зөөж оруулж байсан. Манай гражид ноолуур байгаа талаар Доржсүрэнгийн найзууд болох Дашням, Давааням, Цогт-Очир нар мэдэж байсан байх. Учир нь тэр хүүхдүүд зээ дүү Доржсүрэнг дээрэлхэж мөнгө төгрөг нэхээд байдаг учраас Доржсүрэн найз нарынхаа хамт манай гражаас хулгай хийсэн байсан. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай ах, дүү нар нийлж том эгч Торгуудын гэрийн гадаа өнжиж зугаалаад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гражийн хаалга онгорхой, цоож нь эвдрээд газарт уначихсан байсан тул би цагдаад дуудлага өгсөн. Нийт 8 шуудай ноолуур байснаас Гантөмөрийн 2 шуудай ноолуур алга болсон байсан. Түүнээс өмнө Доржсүрэн мөн гражаас ноолуур хулгайлсан байсан нь мэдэгдсэн. Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 16 цагт ээлжинд гарах үедээ хажуу айл болох Эрдэнэцогийн гэрт гражийн түлхүүрийг үлдээсэн. Учир нь хөдөөнөөс ирсэн Гантөмөр эмнэлэгт үзүүлчихээд орой нь манайд ирнэ гэж хэлсэн тул би хөрш Эрдэнэцогийн гэрт гэрийнхээ болон гражийн түлхүүрээ үлдээсэн юм. Тэр өдөр Эрдэнэцог гэртээ байгаагүй бөгөөт гэрт нь 12 настай Өсөх-Арвин гэдэг эмэгтэй хүүхэд байсан. Гэтэл тэр шөнө Эрдэнэцогийн гэрт ч хүн хоноогүй, Гантөмөр ч манайд ирээгүй байсан. Харин Гантөмөрийн мотоциклийг Доржсүрэн унаж хөдөө гэртээ харьсан гэсэн. Тэр үеэр л гражийн цоожийг эвдлээд дотроос нь ноолуур хулгайлсан байсан. Анх манай гражид ноолуур хийсэн өдөр буюу 05 дугаар сарын 28-ны өдөр би гэрээс гараагүй юм” гэх мэдүүлэг  /хх-ийн 55-56-р тал/,   

                8.  Насанд хүрээгүй гэрч Э.Өсөх-Арвины мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай хажуу талын айлын эгч Насанжаргал нь манайд гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн. Гэхдээ тэр түлхүүрийг нь хэн ч аваагүй. Би тэр өдөр Насанжаргал эгчийн охинтой хамт эгчийнхээ гэрт очиж хоночихоод маргааш нь гэртээ ирээд байж байтал 10 цагийн үед Гантөмөр ах ирж түлхүүрийг нь авсан. Тэр өдөр Доржсүрэн ах Насанжаргал эгчийн түлхүүрийг аваагүй бөгөөд Насанжаргал эгч хааяа манайд түлхүүрээ үлдээдэг юм. Би Насанжаргал эгчийн хашаанд байдаг гражид ноолуур байсан талаар мэдээгүй. Харин сүүлд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр уг гражаас ноолуур алдагдсан гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,

                9. Гэрч Б.Цэндээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би их хэмжээний ноолуур худалдаж авах үедээ хэдэн кг ноолуур авсан талаар тэмдэглэл хөтөлдөг. Харин ноолуур их ирсэн үед , мөн бага хэмжээтэй ноолуур авсан үедээ тэр бүр тэмдэглээд байдаггүй юм. Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ноолуур авсан. Миний санаж байгаагаар улаан өнгийн мотоцикльтой, 20 орчим насны 2 залуу “Хөдөөнөөс ирлээ” гэж хэлээд надад тортой ноолуур өгсөн. Уг ноолуур нь 6 орчим кг ноолуур байсан байх. Тэр хоёр залуу хоёулаа бараан өнгийн царайтай, нэг нь нилээн өндөр туранхайвтар залуу байсан. Тухайн үед хүмүүс ноолуур их хэмжээгээр өгч байсан болохоор хэн, хэдэн кг ноолуур өгсөн гэдгийг нарийн санах боломжгүй. Надад 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ноолуур өгсөн мотоцикльтой 2 залуу ноолуур өгөхдөө “Өлгий сумын ноолуур байгаа юм” гэж хэлж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,

                10. Гэрч Ж.Гомбожавын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ байсан бөгөөд үдээс хойш хэдэн цагийг нь мэдэхгүй байна Цогт-Очир нэг хүүхэдтэй хамт 2 шуудай ноолуур авчихсан ирсэн. Би ямар учиртай хүүхэдтэй хамт явж байгаа талаар нь асуухад “Наранбулагаас ирсэн, хөдөөний хүүхэд” гэж хэлсэн ба тэр хүүхэд нь махлагдуу, бор царайтай хүүхэд байсан. Тэгээд манай эхнэр авч ирсэн ноолуурыг нь худалдаж аваад мөнгийг нь өгсөн. Хэдэн кг ноолуур байсан, хэдэн төгрөг болсон гэдгийг нь манай эхнэр сайн мэдэж байгаа. Би Цогт-Очиртой хамт явж байгаа хүүхдийнх нь хөдөөнөөс авч ирсэн ноолуур юм байх гэж бодсон бөгөөд Цогт-Очирт ноолуур өгөх боломж байхгүй. Гэхдээ тэднийх 30 орчим ямаатай айл юм. Эхнэр бид хоёр хувиараа хаврын улиралд ноолуур худалдан авч, борлуулах зэргээр ажилладаг юм. Ноолуур худалдаж авахдаа тэр болгон бүртгэж аваад байдаггүй. Янз бүрийн хүмүүс өдөр болгон ирж ноолуур өгөх тохиолдол байдаг. Тэр болгоныг бүртгээд байх боломжгүй бөгөөд ялангуяа бага хэмжээтэй ноолуурыг шууд жинлэж үзээд мөнгийг нь өгөөд авдаг. Цогт-Очир нь хувь хүнийхээ хувьд тайван, даруухан, удаан хөдөлгөөнтэй, бага байхын суурь хүмүүжил сайтай, элдэв муу ааш, араншингүй, хүүхэд шиг зантай, цайлган сэтгэлтэй, муу санаа бодолгүй залуу юм. Цогт-Очирын ээж нь нас барчихсан бөгөөд одоо аав, нэг дүүгийн хамт амьдардаг юм. Амьдарлын боломж бололцоо муутай. Гэхдээ гадуур тэнэж яваад элдэв хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/,

                11. Гэрч М.Одонцэцэгийн мөрдөн байцаалтад: “Нөхөр бид хоёр ажлын хажуугаар хаврын цагт иргэдээс ноолуур, ноос худалдаж авдаг юм. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай дүү Цогт-Очир хажуудаа нэг хар царайтай, махлагдуу хүүхэд дагуулчихсан хамт ирээд “Миний таньдаг хөдөөний хүүхэд байгаа юм. Ноолуур өгөх гэсэн юм” гэж хэлсэн. Тэр хоёрын авч ирсэн ноолуурыг жинлэж үзэхэд 13 кг орчим ноолуур байхаар нь 1 кг-ыг нь 49.000 төгрөгөөр тооцож аваад 640.000 төгрөг өгөөд явуулсан. Цогт-Очиртой ноолуур авч ирсэн хүүхдийг би танихгүй, өмнө нь харж байгаагүй хүүхэд байсан. Ер нь Цогт-Очир хаврын улиралд аавтайгаа нийлж айлын ямаа самнаж хэдэн төгрөг олж амьдралдаа нэмэр болгодог тул таньдаг айлынх нь хүүхэд ноолуур авч ирсэн юм байх гэж бодоод анзааралгүй авчихсан юм. Түүнээс хойш Цогт-Очиртой уулзаагүй байсан, сүүлд миний төрсөн дүү ирээд Цогт-Очирыг “ Улаанбаатар хот уруу хамт явъя” гэж хэлэхэд Цогт-Очир өөрөө хэрэгт холбогдсон гэдгээ хэлсэн байсан. Тэгээд би Цогт-Очиртой уулзаж ямар учиртай ноолуур авч ирсэн болохыг нь хэлүүлсэн. Цогт-Очир хэлэхдээ “Би граж орж хулгай хийгээгүй. Дашням гэдэг хүүхэд ноолуур хулгайлж авч гарч ирсэн болохоор танд аваачиж өгсөн юм” гэж хэлсэн. Миний дүү Цогт-Очир нь зан чанарын хувьд элдэв муу ааш зан гаргаад байдаггүй, хүнтэй эелдэг боловсон харьцдаг, үг яриа цөөнтэй, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайн, онгироо, сагсуу зангүй, даруу төлөв, хүнд тусархуу, эелдэг харьцаатай, хүмүүжлийн гаж буруу зуршилгүй, этгээд үг хэллэг хэлдэггүй, сайн дүү байгаа юм. Цогт-Очирын ээж 2010 онд нас барсан бөгөөд одоо аав, нэг дүүгийн хамт амьдардаг юм. Амьдралын боломж бололцоо муутай бөгөөд голдуу айлд зарагдаж амьдралаа авч явдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/,

                 12. Гэрч З.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад миний эхнэр 2010 онд нас барсан. Амьдралын хувьд манайх тааруухан айл байдаг. Эхнэр нас барснаас хойш би хувиараа хөдөлмөр эрхэлж амьдрах болсон. Цогт-Очирын дүү нь Сэлэнгэ аймагт миний хадам ээжийнд байдаг. Харин би хүү Цогт-Очирын хамт Увс аймагт амьдардаг. Бид хоёр айлд зарагдах, хөлсөөр айлын мал маллах, ноолуур самналцаж өгөх зэрэг шаардлагатай ажилд тусалж хэдэн төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулдаг. Миний хүү Цогт-Очир нь хүний хувьд их сайн хүү байгаа юм. Хүүхэд байхаас суурь хүмүүжил сайтай, элдэв бусын асуудалд орооцолдож байгаагүй, эелдэг зөөлөн харьцаатай, их сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, ажилсаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайн хүү байгаа юм. Гэрээс гарч шөнө, орой тэнээд байдаггүй юм. Өнчин өссөн гэхэд биеэ даах чадвартай, ажилсаг, гэрийн бүх ажлыг хийдэг бөгөөд хичээлдээ их сайн. Сургууль болон нийгмийн ажилд их сайн оролцдог гэсэн. Харин энэ хавар намайг байхгүй хойгуур хулгайн хэрэгт холбогдсон байсан. Гэнэн зантай учраас хүн дагаж хэрэгт холбогдсон болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,

               13. Гэрч Д.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Дашням нь манай том хүү юм. Дашням нь зан аашийн хувьд үг дуу цөөнтэй, этгээд гаж буруу үг хэллэг хэлдэггүй, аав, ээжийнхээ үгнээс гардаггүй, гадуур дотуур яваад байдаггүй сайн хүү байгаа юм. Мөн их өглөгч,  хүнд юм өгөх дуртай, тусархуу, ажилсаг, хөдөлмөрч хүүхэд юм. Дашням доороо 2 дүүтэй, айлын том хүүгийн хувьд дүү нартаа халамжтай, дүү нараа загнаж дээрэлхээд байдаггүй юм. Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги төгсөөд Улаангом коллежид сурч байгаад бөхийн спортоор хичээллэх сонирхолтой тул коллежоос гарч бөхөөр хичээллэдэг байсан юм. Би Дашнямыг ийм хэрэгт холбогдсон талаар сүүлд сонсож мэдсэн. Дашянм нь хулгай хийхээр буруу төлөвшиж өссөн хүүхэд биш юм. Тэгэхээр би бусдын нөлөөнд орсон болов уу гэж бодож байгаа. Яагаад хулгай хийсэн талаар нь асуухад юм хэлдэггүй бөгөөд өөрөө санаачилж хулгай хийхгүй гэж би бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р тал/,

               14. Гэрч Н.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Давааням нь зан чанарын хувьд элдэв бус ааш, араншин гаргаад байдаггүй, хүнтэй эелдэг боловсон харьцдаг, үг, дуу цөөнтэй, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, онгироо сагсуу зангүй, даруу төлөв, хүнд тусархуу, хүнтэй элдэг харьцдаг, хүмүүжлийн гаж буруу зуршилгүй, этгээд үг хэллэг хэлдэггүй сайн хүү байгаа юм. Сургуульд байхдаа хичээл сурлагандаа их сайн байсан ба 8-р ангиа төгсөөд Хилийн цэргийн ангид хөгжмийн салаанд орж 1 жил ажиллаж байгаад гарсан юм. Тэгээд дараа жил нь Тува улсын Кызил хот руу сургуульд явах гэж байгаад бие нь өвдөж явж чадаагүй. Буруу хүмүүстэй нөхөрлөж гадуур шөнө орой яваад байдаггүй хүүхэд байсан юм. Харин сүүлийн үед зан аашинд нь бага зэрэг өөрчлөлт орж ганцаардаж байгаа, найз нөхөд нь сургуульд сурч, мөн найз охин нь “Чи сурахгүй байна” гэж хэлээд үерхэхгүй байгаа сураг сонсогдсон ба энэ бүх асуудлаас болж бухимддаг юм байлгүй бага зэргийн уцаартай болсон. Давааням 2016 оны 05 дугаар сарын сүүлээр надад 30.000 төгрөг өгсөн. Би Даваанямаас “Энэ ямар учиртай мөнгө юм бэ, чи хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж асуухад “Зүгээрээ ээж, би найзаасаа буюу Доржсүрэнгээс авсан юм” гэж хэлсэн. Сүүлийн үед Давааням тэр хүүхэдтэй мотоцикльтой хамт явж үзэгдэж манайд 2-3 удаа хамт ирсэн. Давааням надад “Доржсүрэн ямаа самнаж ноолуураа тушаагаад тэр мөнгөнөөсөө надад өгсөн юм” гэж хэлсэн. Давааням өрх тусгаарлаж тусдаа гараагүй тул түүнд өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Гэхдээ Даваанямын учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/,

               15. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Ямааны ноолуур үнэлсэн тухай тайлан /хх-ийн 73-74, 104-105-р тал/,

               16.  Шүүгдэгч Д.Дашнямын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 127-р тал/,

               17. Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн Засаг даргын 2016.07.01-ний өдрийн 404 тоот тодорхойлолт, шүүгдэгч Ц.Цогт-Очирын ял шийтгэлгүй талаархи шалгах хуудас /хх-ийн 147, 148-р тал/,

               18. Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн Засаг даргын 2016.08.05-ны өдрийн 1082 тоот тодорхойлолт, шүүгдэгч Д.Дашнямын төрсний гэрчилгээний хуулбар,  сурагчийн хувийн хэрэг, Д.Дашнямын ял шийтгэлгүй талаарх хуудас /хх-ийн 154, 155, 157-161, 167-р тал/,

               19. Шүүгдэгч Ш.Даваанямын ял шийтгэлгүй талаарх шалгах хуудас, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 177, 180-186-р тал/,

               20. Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2016.08.18-ны өдрийн 30 тоот тодорхойлолт, шүүгдэгч С.Доржсүрэнгийн ял шийтгэлгүй талаарх хуудас /хх-ийн 187, 189-р тал/,  

                21. Хохирогч С.Гантөмөрийн нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 232-р тал/,

                22. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дашнямын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн найз Цогт-Очирын хамт 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13-14 цагийн орчимд танил Доржсүрэнгийн эгчийнх нь хашаанд байдаг гражаас 2 шуудай ноолуур хулгайлсан. Доржсүрэнтэй уулзах гэж тэдний гэрийн гадаа очоод гэрт нь болон хажуугийн айлд нь хүн байхгүй гэдгийг мэдээд ноолуур авахаар болсон. Цогт-Очир бид хоёр  гражийн цоожийг нь хөшиж онгойлгоод гражид байсан 8 шуудай ноолуураас 2 шуудайг нь авсан. Тэгээд хашаанаас нь хойшоо давж эзэнгүй газраар явж хулгайлсан ноолуураа Цогт-Очирын таньдаг ченжид өгсөн бөгөөд 13 кг орчим ноолуур байсан. Ноолуур өгөөд авсан мөнгөнөөс би 400.000 төгрөг аваад үлдсэнийг нь Цогт-Очир авсан. Би авсан мөнгөө огт үрж зараагүй байгаад буцааж эзэнд нь өгсөн бөгөөд Цогт-Очир 1 кг-ыг нь 49.000 төгрөгөөр тооцож өгсөн байсан. Би тэр хашаанд ноолуур байсан гэдгийг Доржсүрэнгээр дамжуулж өмнө нь мэдсэн байсан юм. Би Улаангом коллежид 2 сар орчим автотехникийн ангид сурсан бөгөөд энэ хугацаандаа Доржсүрэнтэй танилцсан. Бид хоёр танилцаад 2 жил болж байгаа. Би өмнө нь Доржсүрэнтэй уулзаж 5.000 төгрөг авч байсан бөгөөд тэр үед Доржсүрэн “Манай эгчийн хашаанд байдаг гражид ноолуур байгаа” гэж хэлж байсан юм. Доржсүрэнгийн эгчийн гражаас ноолуур авахдаа Цогт-Очир бид хоёр хоёулахнаа орж тус бүр 1 шуудай ноолуур авсан бөгөөд гражийн хаалгыг төмрөөр онгойлгоод  төмрөө тэр хашаанд хаячихсан. Нэг удаа Доржсүрэн нэг түлхүүр авчихсан явж байсан бөгөөд би ямар учиртай түлхүүр болохыг нь асуухад “Манай эгчийн гражийн түлхүүр байгаа юм. Би энэ түлхүүрийг хувилж авсан юм” гэж хэлж байсан. Цогт-Очир бид хоёр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, дахин хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

               23. Шүүгдэгч Ц.Цогт-Очирын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ 10 цаг 30 минутын үед гарч найз Дашнямтай хүүхдийн тоглоомын талбайд уулзсан. Дашням нь миний таньдаг Шинэбаяртай хамт явсан. Тэнд бид гурав хэсэг хугацаанд хамт байж байгаад Шинэбаяр “Ээжтэйгээ уулзана” гэж хэлээд бид хоёроос салаад явчихсан. Харин Дашням бид хоёр хүүхдийн тогтлоомын талбайгаас хамт гарч Доржсүрэнгийн эгчийн хашаанд очсон. Тухайн үед Дашням надад “Доржсүрэнгийн эгчийн хашаанд байдаг гражид ноолуур байгаа. Тэндээс ноолуур хулгайлж авмаар байна. Мөнгөний хэрэг байна, хамт явъя” гэж хэлсэн юм. Доржсүрэнгийн эгчийн хашаанд байдаг гражид ноолуур байгааг Дашням бид хоёр мэдэж байсан ба энэ талаар урьд нь Доржсүрэн бид нарт хэлсэн байсан юм. Тэгээд Дашням бид хоёр Доржсүрэнгийн эгчийн хашаанд очиход гэрт нь хүн байгаагүй. Баруун талын хашаанд байсан айлд бас хүн байгаагүй. Доржсүрэнгийн эгчийн хашааны зүүн талд айл байдаггүй, машины замтай бөгөөд бид хоёр хашаанд орж гражийн цоожийг жижиг хар өнгийн 25-27 см орчим урттай нарийн төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд тус бүр нэг шуудай /нийт 2 шуудай/ ноолуур хулгайлж аваад арын хашаа давж зугатаасан. Харин хулгайлж авсан ноолуураа миний хамаатан Гомбожав гэдэг хүний эхнэр Одонцэцэг эгчид Дашиням “ хөдөөнөөс авч ирсэн ноолуур байгаа юм” гэж худлаа хэлж өгсөн. Одонцэцэг эгч ноолуурыг аваад “Нийт 13 кг ноолуур байна, 640.000 төгрөг боллоо” гэж хэлээд надад 640.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөнөөс 400.000 төгрөгийг нь Дашням авч, үлдсэнийг нь би авсан. Авсан мөнгөө ямар нэгэн зүйлд зарцуулаагүй байж байгаад баригдсан. Гражид нийт 8 шуудай ноолуур байснаас бид хоёр 2 шуудай ноолуур л авсан. Өмнө нь тэр гражаас Доржсүрэн нь “Давааням гэдэг залуутай нийлж ноолуур хулгайлсан” гэж ярьж байсан. Доржсүрэн нь гражийн түлхүүр тааруулаад авчихсан байгаа гэж хэлж байсан. Харин 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дашням бид хоёр л бүлэглэж ноолуур хулгайлсан. 2016 оны 06 дугаар сарын сарын 01-ний өдөр хулгай хийхээсээ өмнө би Доржсүрэнтэй хамт 3 орчим кг  ноолуур хулгайлсан. Доржсүрэн  “Гражийн түлхүүр надад байна, хамт ноолуур хулгайлъя” гэж хэлсэн ба би хашааны гадна байж байтал Доржсүрэн нь ноолуур авчихсан гарч ирсэн. Доржсүрэн бид хоёрыг ноолуур хулгайлсан өдөр 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байсан бөгөөд хашаанд мөн л хүн байхгүй, эзэнгүй байсан. Хулгайлсан ноолуурыг бид хоёр  нэг  танихгүй ченжид өгсөн. Доржсүрэнгийн байсан эгчийн хашаанаас холгүй байдаг ченижд өгсөн. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

               24. Шүүгдэгч Ш.Даваанямын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Өлгийн сумын харьяат Улаангом коллежид сурдаг Доржсүрэн гэдэг залуутай 2016 оны 05 сарын 10-ны үеэр танилцсан. Доржсүрэн нь байнга мөнгөтэй явдаг  байсан юм. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна, манай хэдэн найз нар нохойн цуглаан хийхээр ярилцаж байсан ба тэр үед би Цогт-Очиртой утсаар ярихад тэр “Доржсүрэнтэй хамт байна, хүрээд ир” гэхээр нь байсан газарт нь явж очсон. Тэгэхэд тэр хоёр нилээн мөнгөтэй байсан бөгөөд би “Хаанаас мөнгөтэй болсон юм бэ” гэж асуухад Доржсүрэн “Манай эгчийн гражид ноолуур байгаа. Тэр ноолуураас Цогт-Очир бид хоёр 3 кг орчим ноолуур хулгайлсан юм” гэж хэлсэн. Цогт-Очир ч мөн ноолуур хулгайлсан гэдгээ хэлж байсан ба хулгайлсан ноолуураа өгөхөд 150.000 орчим төгрөг болсон гэсэн. Түүний дараа надад мөнгөний хэрэг гарч хувцас авмаар санагдаад, мөн манай гэрийнхний төлөх ёстой банкны зээл дөхөж байсан болохоор энэ тухай Доржсүрэнд хэлж “Найздаа хэдэн төгрөг олж тус болж болох уу” гэтэл тэр “Болно болно. Манай эгчийн гражийн цоожийг нарийн түлхүүрээр сайн оролдоод байхаар онгойчихдог юм” гэж хэлсэн. Мөн өмнө нь тэр ноолуураас 1-2 удаа авсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэдний эгчийг жижүүртэй байх үед нь буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд Доржсүрэнгийн эгчийн хашаанд очиж гражийн цоожийг эвдэлж ороод шуудай болгоноос бага бага ноолуур авч буцааж шуудайны амыг нь оёсон. Гражаас гараад буцааж цоожийг нь зүүж орхих гэтэл болохгүй болохоор нь сүхээр цохиж оруулаад цоожийг нь зүүж орхисон. Бид хоёрын хулгайлж авсан ноолуур 6 кг орчим ноолуур байсан ба уг ноолуурыг нэг танихгүй ченжид өгөхөд 300.000 төгрөг болсон. Тэр мөнгөнөөс би 170.000 төгрөгийг нь авч үлдсэнийг нь Доржсүрэн авсан. Би тэр мөнгөөр хувцас авч өмсөөд 30.000 төгрөгийг ээждээ өгсөн. Доржсүрэнгийн хэлж байгаа байдлаар бол өмнө нь хэд хэдэн удаа гражид орж ноолуур авсан байх гэж бодож байна. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Дашням, Цогт-Очир, Доржсүрэн нартай уулзаагүй. Харин Доржсүрэн надруу утсаар ярьж “Гражийн цоож оролдсон, дотроос нь ноолуур авсныг мэдчих шиг боллоо. Чи утсаа унтраачих” гэж хэлсэн. Миний ярьсан бүх зүйл үнэн бөгөөд би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,  

               25. Шүүгдэгч С.Доржсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад мөнгөний хэрэг гараагүй бөгөөд тухайн үед Давааням “Мөнгө хэрэгтэй байна. Ноолуур өгөөч” гээд байхаар нь би түүнтэй нийлж хулгай хийсэн юм. 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өлгий сумаас манай ах, ээж, хүргэн ах нарын нийлсэн 8 шуудай, 80 гаран кг ноолуур ирснийг миний байсан Насанжаргал эгчийн гражид хийж хадгалуулсан юм. Уг ноолуурыг би хүргэн ах Жамаагийн хамт гражид зөөж оруулсан. Насанжаргал эгч гражийнхаа түлхүүрийг хүнд өгдөггүй юм.  Гэтэл Давааням надаас “Мөнгө байна уу, мөнгөний хэрэг байна. Танай гражид байгаа ноолуураас авъя” гээд байхаар нь 2016 оны 05 дугаар сарын 30-нд Насанжаргал эгчийг ээлжтэй хоносон шөнө бид хоёр гражид байсан ноолуураас 6 кг ноолуур хулгайлсан. Мөн тэр шөнө хажуу хөрш айл болох Эрдэнэцогийнд хүн хоноогүй. Тэдний гэрт Насанжаргал эгчийн охин, Эрдэнэцог ахын охин хоёр байж байгаад явчихсан. Харин манай Гантөмөр ах айлд хонохоор явсан ба би ахын мотоциклийг авч хөдөө гэрлүүгээ явах байсан боловч явалгүй Даваанямтай хамт тэдний гэрийн ойролцоо байж байгаад орой 21 цагийн үед буцаж Насанжаргал эгчийн хашаанд ирээд гражийн цоожийг гадна талаас нь сүхээр онгойлгож эвдэлсэн. Тэгээд гражид орж шуудайтай ноолуур бүрээс ноолуур авч амыг буцаагаад утсаар оёсон. Нийт 6 кг ноолуур хулгайлсан. Түүнийгээ Хишигт дэлгүүрийн хажууд байдаг ноолуурын цэгт өгсөн. Харин гражийн цоожийг буцааж цохиж оруулаад зүүгээд орхисон. Тэгээд гэртээ харьж хоноод маргааш нь иртэл Насанжаргал эгч “Энэ гражийн цоож яасан юм бэ” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Гэтэл Насанжаргал эгч банзны завсраар гражид байсан ноолуур харчихаад “Ноолуур бүрэн байна. Дараа нь цоожоо янзалж авъя” гэж хэлсэн.. Түүнээс хойш би дахиж ноолуур хулгайлаагүй. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 01-нд Насанжаргал эгчийн гражид байсан ноолуураас дахиад 2 шуудай ноолуур хулгайлагдсан бөгөөд тэр ноолуурыг хэн авсаныг мэдэхгүй. Тухайн өдөр би хөдөө гэртээ байсан. Гэхдээ Насанжаргал эгчийн гражид ноолуур байгаа талаар Цогт-Очир, Давааням, Дашням нар мэдэж байсан. Өмнө нь хулгайлсан ноолуурыг тушаасан мөнгөнөөс би 130.000 төгрөг авч, үлдсэн 170.000 төгрөгийг Давааням авсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан  Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Хулгайн хэрэг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.      

 

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

    Шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням нар бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаангом сумын 10-р баг 17-27 тоотод оршин суух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн гражид нэвтрэн орж хохирогч М.Жамаагийн 6 кг ямааны ноолуур хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,  шүүгдэгч Ц.Цогт-Очир, Д.Дашням нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаангом сумын 10-р багийн 17-27 тоотод оршин суух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн гражид нэвтрэн орж хохирогч С.Гантөмөрийн 13 кг ямааны ноолуур хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч М.Жамаа, С.Гантөмөр, иргэний нэхэмжлэгч Н.Торгууд, гэрч Б.Цэндээ, Н.Насанжаргал, М.Одонцэцэг, Ж.Гомбожав нарын мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн ямааны ноолуурын үнэлгээ тогтоосон дүгнэлт,  шүүгдэгч Ц.Цогт-Очир, Д.Дашням, С.Доржсүрэн, Ш.Давааням нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол,  бэлэн мөнгө хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

  

   Харин шүүгдэгч Ц.Цогт-Очир, С.Доржсүрэн нарыг бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаангом сумын 10-р баг 17-27 тоотод оршин суух иргэн Ц.Насанжаргалын эзэмшлийн гражид нэвтрэн орж иргэн Н.Торгуудын 3 кг ноолуур хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд мөрдөн байцаалтын шатанд ял сонсгож, прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, улмаар шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэж ялласан нь тус тус үндэслэлгүй байна. Учир нь: Ц.Цогт-Очир, С.Доржсүрэн нар иргэн Ц.Насанжаргалын гражид хууль бусаар нэвтрэн орж 3 кг ноолуур авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа боловч уг үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байна. 2016 оны 5 дугаар сарын сүүлчээр Улаангом суманд 1 кг ямааны ноолуур 50.000 /тавин мянга/ төгрөгийн ханштай байсан нь хэрэгт авагдсан үнэлгээний баримтаар нотлогдож байх ба 3 кг ямааны ноолуур нь 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол” бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хэмжээний хохирол” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ц.Цогт-Очир, С.Доржсүрэн нарын  3 кг ноолуур хулгайлсны улмаас учирсан хохирол нь мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192.000 төгрөг/-ээс бага буюу Эрүүгийн хуулинд заасан бага бус хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

   Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч С.Доржсүрэн, Ц.Цогт-Очир нарын 3 кг ноолуур хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд ял сонсгосныг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

        Шүүгдэгч Д.Дашням, Ц.Цогт-Очир нар бүлэглэн иргэн Н.Насанжаргалын гражид хууль бусаар нэвтэрч хохирогч С.Гантөмөрийн 13 кг ноолуур хулгайлан 650.000 төгрөгийн, шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням нар бүлэглэн иргэн Н.Насанжаргалын гражид хууль бусаар нэвтэрч хохирогч М.Жамаагийн 6 кг ноолуур хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь нотлогдсон тул тэднийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэстэй гэж дүгнэв.

        Шүүгдэгч нар нь хохирогчдод  учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, тодорхойлолт, хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ш.Давааням, С.Доржсүрэн нар хохирогч М.Жамаагийн 6 кг ямааны ноолуур хулгайлж, бусдад 300.000 төгрөгөөр зарж борлуулан Ш.Давааням 170.000 төгрөг, С.Доржсүрэн 130.000 төгрөг тус тус хувьдаа авч ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар Ш.Даваанямаас 170.000 төгрөг, С.Доржсүрэнгээс 130.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч Д.Дашням, Ц.Цогт-Очир нар өөрсдийн хулгайлсан 13 кг ямааны ноолуураа нийт 640.000 төгрөгөөр худалдан борлуулсан байх ба уг мөнгөө зарцуулаагүй байхад нь Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж, мөнгийг бэлнээр хураан авч, хохирогч С.Гантөмөрт хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй  

                Шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урт төмөр 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

          Иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир нарын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

               Шүүгдэгч Д.Дашням нь 1999 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 17 нас 6 сар 24  хоногтой буюу насанд хүрээгүй, шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч С.Доржсүрэн нь Улаангом Политехник коллежийн “Автомашины засварчин” мэргэжлийн 3-р ангид, Ц.Цогт-Очир нь “Барилгын сантехникч” мэргэжлийн 3-р ангид тус тус суралцдаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах, мөн насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дашнямд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах  нь зүйтэй гэж  тус тус дүгнэв.  

                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч С.Доржсүрэн, Ц.Цогт-Очир нарыг иргэний нэхэмжлэгч Н.Торгуудын 3 кг ноолуур хулгайлж 150.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд ял сонсгож ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг  хэрэгсэхгүй болгосугай.

                2. Шүүгдэгч Хошууд овгийн Сонинбилэгийн Доржсүрэн, Их тугчин овгийн Цагаанхүүгийн Цогт-Очир, Тугчин овгийн Ширбазарын Давааням, Бурдаг овгийн Даваадоржийн Дашням нарыг бүлэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Ц.Цогт-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Д.Дашнямд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.   

           5. Шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Ш.Даваанямаас 170.000 төгрөг, С.Доржсүрэнгээс 130.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Доржсүрэн, Ш.Давааням, Ц.Цогт-Очир нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрт 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дашнямд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, тэнсэгдсэн ялтан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урт төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Дашнямын 42 инчийн LG маркийн зурагт-1, Ц.Цогт-Очирын 6 ханатай, Монгол гэр-1, Samsung маркийн зурагт-1, Ш.Даваанямын Haier маркийн зурагт-1, С.Доржсүрэнгийн 6 настай эм үхэр 1-ийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч  С.Доржсүрэн, Ш.Давааням, Д.Дашням, Ц.Цогт-Очир нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.АЛТАН