Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 3856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: байранд байрлах, М -ны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: тоотод оршин суух, Д.Ц-т холбогдох

566,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Соёлмаа, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М -ны гүйцэтгэх захирал С.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус М -нд харьяалагддаг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Эрх чөлөө” хотхоны 31б байрны 42 тоотод оршин суух Д.Ц нь СӨХ-ны төлбөрөө хуулийн дагуу хугацаанд нь төлөлгүй хураасаар 2015 оны 05 дугаар сараас хойш нийт 29 сарын төлбөр 566,950 төгрөг боллоо. Энэ хугацаанд СӨХ-ноос удаа дараа санамж болон шаардах хуудсаар мэдэгдэж байсан ч үл биелүүлсээр өдий хүрсэн тул зохих арга хэмжээг хуулийн дагуу авч төлбөрийг төлүүлж өгнө үү.

Д.Цынх 36 м.кв байр ба сард 19,550 төгрөг төлөх ёстой. 2015 оны 5 сараас 2017 оны 9 сарыг дуусталх 29 сарын төлбөр 566,950 төгрөг болж байгаа. Өвчтэй, өрх толгойлсон зэргийг харгалзаад бид хүсэлтээ өг, төлбөрийг чинь хөнгөлж өгье гэхэд хүсэлтээ өгөөгүй. Одоо эвлэрэх саналгүй. Өвчтэй байж болно, залуу хүн байж СӨХ-ны төлбөрөө төлөхгүйгээр яаж орон сууцанд цаашид амьдрах вэ. Бусдын төлсөн мөнгөөр бид ажлаа явуулж байна, хогоо ачуулж байна, лифтэнд сууж байна, тог цахилгаан хэрэглэж байна. Яагаад ойлгодоггүй юм...” гэв.

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг байранд орсон цагаасаа эхлэн байрны СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Энэ хугацаанд дээд давхраас ус алдсан бөгөөд тэр үеэс хойш төлбөрийг төлөөгүй. Яагаад гэвэл тухайн байдлыг харсаар байж СӨХ нь ямар ч тусламж үзүүлээгүй. Үүнээс хойш өвчтэй болж хөдөлмөрийн чадваргүй болж халамжийн мөнгөөрөө амьдарч байгаа тул М -ны нэхэмжилсэн 566,950 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

С.Соёлмааг хууль бусаар СӨХ-ны захирал болсон гэж үзэж байна. Миний бие өрх толгойлсон, ажилгүй, 3 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Эмнэлгийн орон дээр найдваргүй гэхэд хүүхдүүдээ л боддог юм байна лээ, хэзээ ч СӨХ-ийн төлбөрөө төлье гэж боддоггүй юм байна лээ. Би мөнгөтэй байсан ч төлөхгүй, мөнгөгүй байсан ч төлөхгүй ... ” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  хариуцагч Д.Цт холбогдуулан “сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 5 сараас 2017 оны 9 сарыг дуусталх 29 сарын хугацааны төлбөрт 566,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Ц “орлогогүй, өрх толгойлсон 3 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан өвчтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 31а, 31б байрны оршин суугчид 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр М -г байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан, захирлаар С.Соёлмаа бүртгүүлэн ажиллаж байгаа болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2014.01.15-ны өдөр олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна.

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Эрх чөлөө хотхоны 31б байрны 42 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Ц болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаангүй байна.

Хариуцагч Д.Ц Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Эрх чөлөө хотхоны 31б байрны 42 тоот орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй.

            М -ноос дараах үнэ тарифыг тогтоосон болох нь тус СӨХ-ны захирал С.Соёлмаагийн тайлбар, төрийн банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна.

Үүнд: засвар үйлчилгээ 5,400 төгрөг /м2 нь 150 төг/, баримт 150 төгрөг, лифт 6,000 төгрөг, хогны төлбөр 2,000 төгрөг, жижүүр 3,000 төгрөг, орцны гэрэл 1,000 төгрөг, цэвэрлэгээ 2,000 төгрөг.

Дээрх тарифыг өндөр тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Эрх чөлөө хотхоны 31б байрны 42 тоот өрх сард цэвэрлэгээ 2,000 төгрөг, харуул 3,000 төгрөг, засвар үйлчилгээ 5,400 төгрөг, хогны төлбөр 2,000 төгрөг, лифт 6,000 төгрөг, баримт 150 төгрөг, нийт 19,550 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан төрийн банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна.

Хариуцагч Д.Ц 2015 оны  05 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-д заасны дагуу М  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч Д.Цыг М -нд 2015 оны  05 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарыг дуустал 19,550 төгрөг х 29 сар = 566,950 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна.

Хариуцагчийн ... орлогогүй, өрх толгойлсон 3 хүүхэдтэй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан өвчтэй, мөнгөтэй ч төлөхгүй, мөнгөгүй ч төлөхгүй ... гэсэн тайлбараар Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан “орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” гэсэн өмчлөгчийн хүлээх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хариуцагч Д.Ц ...С.Соёлмаа хууль бусаар М -ны захирал болсон... гэх боловч баримтаар тогтоогдохгүй байна. Харин Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Эрх чөлөө хотхоны 31б байрны 42 тоотын өмчлөгч Д.Ц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

Иймд М -ны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.Цоос 566,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М -нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цоос 566,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М -нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 17,658 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М -нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ