Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 3932

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Е-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ц-д холбогдох, 

12,320,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2017 оны 01 дүгээр сарын 15-нд А.Цд 2 өрөө байрны урьдчилгаа болох 11,000,000 төгрөгийг өгсөн. Аман гэрээ байгуулсан. Энэ мөнгийг авч өгөхдөө зуны сургалтын төлбөр хийхээр хадгаламжид 1,5%-ийн хүүтэй байсан мөнгөнөөс авч өгсөн. Би А.Цыг ажилгүй цалингийн зээлтэй байхад хэцүү явахад нь тусалж байсан. Ингээд ажил нь тогтворжоод ирэхээр нь байр түрээсэлж суухаар өөрийн гэсэн орон гэртэй болоход нь тусалж байрны 20%-ийн урьдчилгааг нь хийж өгсөн. Дээрх мөнгийг боломжоороо төлөөрэй гэж тохирсон. Гэтэл ааш зан нь хувирч цуг наймаандаа явахаа больж зугтах болсон. Би 8,000,000 төгрөгийг өндөр хүүтэй зээлж хүүгээ сургуульд явуулсан. Мөнгөө нэхэхэд удаа дараа хойшлуулсаар өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй хэл амаар доромжилж цагдаад хүртэл гомдол гаргаж байсан. Миний бие нуруу нугасны хүнд заалттай тул хагалгаанд орох шаардлагатай байгаа тул мөнгөө яаралтай авах хүсэлттэй байна.  А.Ц нь Бүгд Найрамдах Солонгос улс уруу яваад эргэж ирэхгүй магадлалтай тул зээлдүүлсэн 11,000,000 төгрөг, түүний 1,5%-ийн хүүг 8 сараар бодон нийт 12,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч А.Ц нь нэхэмжлэгч А.Егийн төрсөн ахынх нь хүүхэд ба байр авахад урьдчилгаа хэрэгтэй байна гээд сарын 1.5 хувийн хүүтэй 11,000,000 төгрөгийг 2017.01.15-нд амаар тохирч зээлсэн. Үүний дараа 2017.08.28-нд бичгээр гэрээ байгуулж баталгаажуулсан. Хариуцагч тал 11 сая төгрөг зээлсэн талаар маргадаггүй. Иймд үндсэн зээл 11,000,000 төгрөг, зээлийн хүү сард 165,000 төгрөгийг 8 сараар тооцож 1,320,000 төгрөг, нийт 12,320,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Е хариуцагч А.Цд холбогдуулан “зээлд 11,000,000 төгрөг, хүүнд 1,320,000 төгрөг, нийт 12,320,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Д.Батмөнхөд 2017 оны 9  дүгээр сарын 12-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Е 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч А.Цд 11,000,000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй зээлж, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бичгээр баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.3, 282.4 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацааг харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлдүүлэгчийн шаардсанаар А.Ц буцаан төлөх үүрэгтэй. Зээлдүүлэгч А.Ерөөлтаа 2017.08 сарын 30-нд зээлээ буцаан шаардсанаас хойш нэг сарын дотор үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч А.Ц зээлийн гэрээний үүрэгт мөнгө төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба мөнгө төлснөө хариуцагч нотлоогүй.

Зээлдэгч А.Цыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэхээр байна.

2017.01.15-наас хойш хэргийг шийдвэрлэх хүртэл 10 сар гаруй хугацаа өнгөрсөн байх тул хүүг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 сараар тооцож 1,320,000 төгрөг /11,000,000*1.5%*8сар/, үндсэн зээл 11,000,000 төгрөг, нийт 12,320,000 төгрөгийг хариуцагч А.Цаас гаргуулж нэхэмжлэгч А.Ед олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгч Д.Батмөнхөд 2017 оны 12 сарын 7-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 11 сарын 30-ны өдөр түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд, нэхэмжлэгч өөрийгөө байлцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Цаас 12,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ед олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 212,070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ед олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ