Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 391/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагчаар Г.Энхболд,

-шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Баяр,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э

-шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэгмид овогт Р Ад холбогдох эрүүгийн 1834005400377 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.А нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хиаман цех” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 04.00-05.00 цагийн орчим 61-51УНС улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 88-17 ТӨА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, 61-51 УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Д.Алтангэрэлийн амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

  1.  Шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: " Би 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор явж байсан. Намайг замаар уруудаж байхад портер маркийн машин эсрэг урсгалд замын хөвөөн дээр зогсож байсан. Тэгээд хажуугаар нь том Хово машин эсрэг урсгалаас орж ирсэн. Тэгээд Хово машинтай зөрөх үед миний унаж явсан машин тухайн Хово машинтай шүргэлцэж зам тээврийн осол гарсан. Хово машин цагаан зураас давж орж ирсэн” гэв
  2.  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би амь хохирогчийн ээж нь байна. Би осол болсныг 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5 цаг 30 минутад мэдсэн. Тэгээд Би хэргийн газарт очиход аймар болсон байсан. Тэгээд цагдаа нар хэмжилтээ хийгээд манай талд буруу байна гэсэн. Тэр үед нь би яагаад урсгал сөрхөөргүй хөдөлгөөнтэй зам дээр Хово машин цагаан шугам дараад ороод ирсэн байсан. Тийм байхад яагаад тэр Хово машин хүнд даацын машин, газрын өөд явж байсан мөртлөө 80 км цаана очиж зогсох ёстой юм. Би олон жил жолооч хийсэн. Хэрэг болсон газрын А цэгийг буруу авсан. Надад гомдол гаргах эрх байсан. Тэгэхдээ би гомдол гаргаж яваагүй. Одоо хэргийг хурдан шийдэх хүсэлтэй байна. Би цагдаа нарт Хово машины дугуй цагаан шугам давсан байхад яагаад Р.Аын буруу болж байгаа юм бэ гэж хэлэхэд том тэрэгний дугуй гадна талаар явдаг юм гэж надад хариулсан. Тэгээд би за яршиг гээд орхисон. Намайг хохиролгүй гэж хэлж байгаад хүмүүс гайхах байх, би хүүгээ алдсан ч гэсэн хүүтэй минь хамт явсан 5 хүн гэмтэлгүй зогсож байсанд нь би баярласан. Миний хүү энэ хүмүүсийн амийг хамгаалаад яваад өгж дээ гэж би бодсон. Би шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсэж байна. Учир нь ард нь байгаа өндөр настай эцэг эх, хань ижил, үр хүүхдүүдийг нь бодож байна. Зам тээврийн осол нүд ирмэх зуур л болоод өнгөрдөг. Би олон жилийн туршлагатай жолооч. Би энэ хүүхдийг шоронд оруулахыг хүсэхгүй байна” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  • Иргэний нэхэмжлэгч Х.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..61-51 УНС улсын дугаартай Т.Королла маркийн тээврийн хэрэгсэл бол Неткапитал ХХК-ний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн машин байсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны үеэр талийгаач Д.Алтангэрэл гэх хүнд 7.000.000 төгрөгөөр худалдсан юм. Мөнгөө аваагүй байсан ба талийгаач Д.Алтангэрэл гэх хүн ажлын хөлсөнд авсан байсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. Өөрөөр хэлбэл тухайн 61-51 УНС улсын дугаартай машин бол Д.Алтангэрэл гэх хүний машин болсон байсан ба нэрээ л шилжүүлж амжаагүй байсан. Надад 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэх шаардлага байхгүй. Би тухайн машиныг нэхэмжлэхгүй. Д.Алтангэрэл гэх хүнд амаар тохирон тухайн машиныг би хүлээлгэн өгсөн байсан юм...61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг би Сайнбаяр гэх хүнд 7.000.000 төгрөгөөр тохиролцон худалдсан байгаа, машины нэр “Нэт капитал” ББСБ-д бүртгэлтэй байдаг, миний нэрээр 3.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа машин байгаа юм. Сайнбаяр гэх хүн 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Алтангэрэл гэх хүнд шилжүүлж өгсөн байсан. Тэгээд зам тээврийн осолд орж Д.Алтангэрэл гэх хүн нас барсан байсан. Өөрөөр хэлбэл би 7.000.000 төгрөгөөр Сайнбаяр гэх хүнд мөнгийг нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авахаар тохироод худалдсан юм. Би Сайнбаяр гэх хүнээс 2.000.000 төгрөг авсан байгаа. Тухайн машиныг жолоодож явсан Р.А гэх хүнээс 3.310.000 төгрөг дансаар шилжүүлж авсан байгаа ба үндсэндээ хавтаст хэрэгт тусгагдсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 5.310.000 төгрөгийг хүлээж авсан, үлдэгдэлд 1.650.000 төгрөгийг иргэнийхээ журмаар Сайнбаяр гэх хүнээс нэхэмжлэх болно. Неткапитал компани мөн хэрэгт оролцохгүй надтай байгуулсан иргэний гэрээгээр мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/
  • Гэрч Б.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Илт гоулд ХХК-ний 88-17 ТӨА улсын дугаартай машинаар ачаа ачаад Төв аймгийн Заамар сум орохоор 19 цаг өнгөрч байхад жолооч Галмандахын хамтаар гарсан юм. Тэгээд замдаа хуучин Баянцогт гэдэг газар ирээд 11 цагаас 04 цаг хуртэл унтаж байгаад өглөө босоод хөдлөөд явж байхад өөдөөс нэг машин ирж байсан. Тэгээд зөрөх гэж байтал хажуу талаас дараад ороод ирэх шиг болоод л миний машины зүүн урд талаас мөргөөд хажуу дугуйнууд мөргөж явж байгаад замын хажуу руу орсон. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан ба зорчигч бас хамгаалах бүсээ зүүсэн байсан...40 орчим километр цагийн хурдтай явж байсан, би өгсөж явж байсан тул хурд багатай явж байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
  • Гэрч Г.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Заамар сум орохоор Вагнер Ази ХХК-ний хашаанаас экскаватор ачаад орой 19 цагийн орчимд гарсан юм. Тэгээд буцах замдаа хуучин Баянцогт гэдэг газар ирээд амарч байгаад үүрээр шахуу хөдлөсөн, би өмнөх өдөр нь машин бариад Заамраас ирсэн тул ядарчихсан машинд унтаад явж байтал тас буугаад яваад өгсөн.  Тэгээд асуусан чинь хажуу талаас машин орчихлоо гэж хэлсэн. Тэгээд түргэн болон цагдаа дуудсан, яг юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
  • Гэрч Б.Төрмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...05:20 минутын орчим зам дээр осол болсон байсан тул бууж тусалсан...кораллоны жолооч Портер машинаас болж осолд орчихлоо гэж байсан. Тухайн жолооч ингэхийг мэдсэн бол унтаж байгаад хөдлөх минь яав гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/
  • Гэрч А.Золсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би охин Хулан талийгаач нарын хамтаар гурвуулаа Улаанбаатар хотоос талийгаачийн найзынх нь машинтай Баянхонгор аймаг руу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гараад шөнөдөө Баянхонгор ороод талийгаачийн эгчийнд очоод буцаад Улаанбаатар хотруу 20-ны орой 17 цагийн орчим гараад талийгаач машинаа бариад явж байгаад шөнө 02 цагийн орчим талийгаач жолоогоо хүргэн ах Р.Ад шилжүүлээд явж байсан. Нэг мэдэхэд л түс тас гээд сэрээд хүүхдээ аваад буугаад үзэхэд талийгаач нас барсан байсан. Миний эрүүнд зулгарсан шархтай, Хулан уруулаа хазсан өөрөөр гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
  • Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр талийгаач найз бүсгүй гэх Золсайхан болон Золсайханы охин Хулан нарын хамтаар ирсэн юм. Тэгээд буцах болоод Улаанбаатар хотруу талийгаач машинаа бариад Золсайхан би болон хүүхдүүд ард суугаад Р.А жолоочийн хажууд суугаад хөдлөсөн юм. Тэгээд замдаа шөнө Улаанбаатар хот орох нэлээн дөхсөн байхад талийгаач манай нөхөр Р.Атай жолоогоо шилжүүлсэн. Тэгээд бид нар унтсан байсан ба нэг мэдэхэд түс тас гээд осол болсон байсан. Миний биед болон Халиунаа, Хулан нарын биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/
  • Шүүгдэгч Р.Аын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор хадам дүу Д.Алтангэрэл, эхнэр Наранцэцэг, 2 настай охин Хулан, 13 настай охин Халиунаа Д.Алтангэрэлийн найз Золсайхан түүний охин 6 настай охин Хулан нийтдээ бид долуулаа Улаанбаатар хот орохоор Д.Алтангэрэлийн 61-51 УНС улсын дугаартай тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлтэй Д.Алтангэрэл жолоодож яваад Төв аймгийн Эрдэнэсант сумаас нааш Төв аймгийн нутагт явж байгаад Д.Алтангэрэл нойр хүрч байна гээд бид хоёр жолоо сольсон. Тэгээд Д.Алтангэрэл миний хажууд суугаад би жолоо бариад цааш үргэлжлүүлээд жолоодоод явсан. Тэгээд явсаар Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байтал Портер маркийн машин эсрэг урсгалд замын хөвөөн дээр зогсож байсан. Тэгээд хажуугаар нь том Хово машин эсрэг урсгалаас орж ирсэн. Би тухайн Хово машинтай зөрөх үед л манай машин тухайн хово машинтай шүргэлцэж зам тээврийн осол болсон. Ослын улмаас Д.Алтангэрэл газар дээрээ нас барсан байсан...Өглөөний 05 цагт гадаа гэрээтэй байсан үзэгдэх орчин чөлөөтэй ямар нэгэн цас бороо бакгүй байсан хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 тал/,... гэрчээр мэдүүлсэн: “...би 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Заг сумаас аймгийн төв орж ирээд талийгаач Д.Алтангэрэлтэй уулзаад орой 17 цагийн орчим Улаанбаатар хот орохоор талийгаач Д.Алтангэрэл машинаа бариад манай эхнэр Наранцэцэг болон манай охин Халиунаа, Хулан мөн талийгаачийн эхнэр болон хүүхдийнхээ хамтаар явж байсан. Тэгээд би замдаа унтаж явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумд талийгаач нүдний хор гаргаадхая гэж хэлээд жолоогоо надад шилжүүлсэн. Тэгээд би машиныг нь бариад яг цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Явж байгаад үүрээр 05 цагийн орчим байсан байх гадаа гэгээтэй болчихсон байсан юм. Би даваад уруудаад ороод ирсэн чинь өөдөөс нэг том машин ирж байсан юм. Тэгээд л нэг мэдсэн осол болсон байсан. Урд талаар нь шүргээд л наалдчих шиг болсон. Тэгээд л замын хажуу руу яваад орчихсон. Тэгээд хажууд сууж явсан талийгаачийг харсан чинь тархи нь хагарчихсан байсан. Талийгаачаас бусдад нь ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №455 дугаартай “Р.Аын биед зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал биед гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болох гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 52 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №453 дугаартай “..З.Хулангийн биед тархи доргилт, уруулын салст, уруулын доод хэсэгт, зүүн зовхинд зулгаралт, урууланд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, цус хуралт, хэлний үзүүрт шарх, хүзүүний булчинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №111 дугаартай “Талийгаач Д.Алтангэрэлийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын яс, зүүн чамархай, орой яс хамар, нүүрний олон яс, суурь яс олон хэсэгт хуваагдсан бяцарсан хугарал, духны дэлбэн, орой хэсгийн эдэд эдийн дутагдал, аалзан хальс уг бяцарсан хугарал, духны дэлбэн, орой хэсгийн эдэд эдийн дутагдал, аалзан хальс уг хэсэгт урагдсан, хатуу хальс урагдсан, ховдолд цус, хамрын баруун хажуугаас баруун нүдний дотор булан хөмсөгний дундуур үргэлжилж баруун чихний ард хүрсэн ярагдсан шарх, хуйханд шарх, баруун чамархайн булчинд цус хуралт , эрүү ясанд хугарал, ерөнхий биеийн доргилт, уушигны эдэд няцрал, элэгний эдэд язарсан шарх, дух зүүн хөмсөгний гадна, баруун чих, зүүн зовхи, нүүрний зүүн талд шарх, 2 шүдний булгарал, дух, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдгөнд зулгаралт, зүүн зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын улмаас мохоо ба ирмэг бүхий зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн цус нь В(Ш) харъяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 70-72 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7752 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн “Шинэбаяр” гэж хаягласан цус, “А” гэж хаягласан цус тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Шинэбаяр” гэж хаягласан цус, “Аптанзул” гэж хаягласан цус тус бүрт спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 77 тал/,
  • Замын цагдаагийн тасгийн шинжээчийн №96 дугаартай “..Материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд Хово маркийн 88-17 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Шинэбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Жолооч Шинэбаяр нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Тоёота Королла маркийн 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн. Жолооч Р.А нь МУ-ын ЗХД-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Тоёота Королла маркийн 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.А нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 99 тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдэхэд “..хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сум 2 дугаар баг Хиаман цех гэх газарт Т.Королла 61-51 УНС тээврийн хэрэгсэл Хово 88-17 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн хэргийн газарт үзлэгийг хийв” гэх тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
  • Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-20 тал/,
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 тал/,
  • Зүүн ханх ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №154 тоот албан бичиг /хх-ийн 35-36 тал/
  • Хан үнэлэмж ХХК-ийн Тоёота королла маркийн 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ /хх-ийн 80-85 тал/
  • Эй жэй жэй эм ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 87-97 тал/
  • 61-51 УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Нэт Капитал Авто ХХК болохыг тогтоосон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 124 тал/
  • Илт гоулд ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 18/99 тоот албан бичиг /хх-ийн 127 тал/
  • 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 155 тал/
  • Илт Гоулд ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 18/99 дугаартай “Манай компанийн тээврийн хэрэгсэлд хохирол гэмтэл бага гарсан тул компанийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 127 тал/,
  • 88-17 ТӨА улсын дугаартай Хова маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар “Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Илт Гоулд ХХК” /хх-ийн 139 тал/
  • Нэт Капитал Авто ХХК-ний 09/320 дугаартай “Манай байгууллагаас У380073011 регистрийн дугаартай Хишигт овогтой Баясгалан 2018 тоны 02 дугаар сарын 23-ны өдөр Тоёота Королла /2003 2012/ маркийн 61-51УНС улсын бүртгэлийн дугаартай автомашиныг барьцаалан 3.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.648.821 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Манай компаний зүгээс иргэний нэхэмжлэлд оролцохгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 37 тал/ зэрэг болно.

            Шүүгдэгч Р.Аын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

              Гурав: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.А нь “Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хиаман цех” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 21-ний өглөө 04.00-05.00 цагийн орчим 61-51 УНС улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 88-17 ТӨА улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, 61-51 УНС улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан З.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Д.Алтангэрэлийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүгдэгч Р.А, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Шинэбаяр, Г.Галмандах, Б.Төрмагнай, А.А, А.Золсайхан, Д.Наранцэцэг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний №453, №455, №111 дугаартай дүгнэлтүүд, техникийн шинжээчийн №96 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-20 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Д.Алтангэрэлийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно. Шүүгдэгч Р.Аын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Р.Аыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Насанд хүрээгүй хохирогч З.Хулангийн хууль ёсны төлөөлөгч А.Золсайхан нь мөрдөн байцаалтын шатанд “ нэхэмжлэх зүйл байхгүй, миний охин зүгээр байгаа ” гэсэн мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт ” Би Р.Ад ял шийтгэл оногдуулахгүй байхыг хүсэж байна...Би энэ хүүхдийг шоронд оруулахыг хүсэхгүй байна, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэнийг дурдах нь зүйтэй байна.  

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Х.Баясгалан нь “...61-51 УНС улсын дугаартай Т.Королла маркийн тээврийн хэрэгсэл бол “Неткапитал” ХХК-ний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийн машин байсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны үеэр талийгаач Д.Алтангэрэл гэх хүнд 7.000.000 төгрөгөөр худалдсан юм. Мөнгөө аваагүй байсан ба талийгаач Д.Алтангэрэл гэх хүн ажлын хөлсөнд авсан байсан юм. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм...Надад 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэх шаардлага байхгүй. Би тухайн машиныг нэхэмжлэхгүй...61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг би Сайнбаяр гэх хүнд 7.000.000 төгрөгөөр тохиролцон худалдсан байгаа...Б.Сайнбаяр гэх хүн 61-51 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Алтангэрэл гэх хүнд шилжүүлж өгсөн байсан...А гэх хүнээс 3.310.000 төгрөг дансаар шилжүүлж авсан, үнэлгээгээр тогтоогдсон 5.310.000 төгрөгийг хүлээж авсан байгаа үлдэгдэлд 1.650.000 төгрөгийг иргэнийхээ журмаар Сайнбаяр гэх хүнээс нэхэмжлэх болно...” /хх-ийн 33-34 тал/ гэх мэдүүлэг,

“НэтКапитал Авто” ХХК-ний 09/320 дугаартай “Манай байгууллагаас У380073011 регистрийн дугаартай Хишигт овогтой Баясгалан 2018 тоны 02 дугаар сарын 23-ны өдөр Тоёота Королла /2003 2012/ маркийн 61-51 УНС улсын бүртгэлийн дугаартай автомашиныг барьцаалан 3.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.648.821 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Манай компаний зүгээс иргэний нэхэмжлэлд оролцохгүй болно” гэх албан бичиг /хх-ийн 37 тал/,

“Зүүн Ханх” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №154 тоот албан бичигт “ЧИ76082196 дугаартай Батмөнх овогтой Сайнбаярын барилгын гэрээт ажлын гүйцэтгэл  болох 18.000.000 төгрөгийн ажлын хөлсөнд оролцуулан Тоёота Королла 61-51 УНС улсын дугаартай /NZE1213196037/ арлын дугаартай автомашиныг шилжүүлэн өгөв. Автомашины үнэлгээ 7.000.000 төгрөг болно” гэсэн албан бичгүүд хэрэгт авагдсан байх тул иргэний нэхэмжлэгч Х.Баясгалан нь Б.Сайнбаяраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар, “НэтКапитал Авто” ХХКомпани, ”Зүүн Ханх” ХХКомпаниуд нь гэрээний үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа мөн бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

                     Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь “...урсгал сөрхөөргүй хөдөлгөөнтэй зам дээр Хово машин цагаан шугам дараад ороод ирсэн байсан...Хэрэг болсон газрын А цэгийг буруу авсан...Хово машины дугуйны мөр Р.Аын явж байсан эгнээнд гарсан тул Хово машины буруу байсан...” гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-20 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Р.Аын буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон гэм буруутай нь нотлогдож байна.

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Р.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, ял шитйгэл оногдуулахдаа анхаарч үзнэ үү гэсэн хүсэлтийг нь шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Р.А нь 2-19 насны 5 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ах дүү нартаа тусладаг, одоо Баянхонгор аймагт мал нь эзэнгүй, хүнд захиад үлдээсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд  зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Р.Аын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

Шүүгдэгч Р.А нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүйн  улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хүний амь нас хохирсон, нөхөн сэргээгдэхгүй хор уршиг бий болсон зэргийг харгалзан өмгөөлөгчийн дүгнэлт болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд, шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Р.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Р.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн хорин дөрөвдүгээр бүлгийн  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буюу тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнийг тэнсэж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзэв.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834005400377 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний №240338 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цэгмид овогт Р. Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэгмид овогт Раанын Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Аын жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Аын эзэмшлийн Самсунг маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай хөлдөөгч 1 ширхэгийг тус тус битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Аын №240338 дугаарын жолооны үнэмлэх 1 ширхэгийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгосугай.

 

  1. Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, насанд хүрээгүй хохиргчийн хууль ёсны төлөөлгч А.Золсайхан нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Х.Баясгалан  нь нэхэмжлэлийн шаардлагаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА