Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 3858

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э гаргасан,

 

Хариуцагч: Д-д холбогдох,

 

3,696,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, түүний өмгөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан талбайртаа:

 

“Миний бие хариуцагч Ц.Дгийн хүсэлтийг дагуу “М*******” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай авч, түүнд зээлдүүлсэн юм.

 

Хариуцагч тухайн үед энэхүү компаниас авсан зээлийг хүүгийн хамт төлнө гэсэн боловч тэрээр гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг сунгаж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр болсон.

 

Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийг төлөөгүй тул би өөрийн өмчлөлийн тоёото рав 4 маркийн автомашиныг худалдаж, ойролцоогоор 3,764,000.00 төгрөг зарцуулж, тус зээлийг хаасан. Ингээд хариуцагчаас авсан зээлийг буцаан нэхэмжлэхэд надад 2,430,000.00 төгрөгийг төлсөн, үүнээс 2,180,000.00 төгрөгийг миний өмнөөс зээл төлсөн тул үлдэх 1,070,000.00 төгрөг төлөх ёстой хэмээн татгалздаг.

 

Хэдийгээр бидний хооронд энэ талаар тохирсон гэрээ байхгүй боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал “М*******” ХХК-нд 2,180,000.00 төгрөгийг төлж байсан гэх үйл баримт тодорхой байдаг.

 

Иймд, хариуцагчаас зээл 3,500,000.00 төгрөг, түүнд авч өгсөн зээлд миний төлсөн 196,000.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч тал ямар учир шалтгааны улмаас “М*******” ХХК-иас 3,500,000.00 төгрөгийн зээл авсан бэ гэдгийг зайлшгүй харгалзах шаардлагатай, өөрөөр хэлбэл, бусдад 3,500,000.00 төгрөгийг хүүгүй зээлдүүлэхийн тулд өөр хэн нэгнээс энэ хэмжээний мөнгийг хүүтэй авч өгөх шаардлага байхгүй.

 

Хариуцагч өөрөө тус компаниас зээл авах боломжгүй байсан тул нэхэмжлэгч тал зээлийг авч, түүнд өгсөн бөгөөд хариуцагч нь тодорхой хэмжээнд буцаан төлж байснаас үзэхэд хамтран зээлдэгч мөн гэдгийг илэрхийлж байна. Гэтэл тэрээр зээлийг төлөх үүргээ зөрчсөнөөс улбаалан нэхэмжлэгч нь тухайн компанид их хэмжээний мөнгийг төлсөн байдаг тул түүний төлсөн төлбөрийг хохиролд тооцох учиртайг үндэслэн хохирлыг шаардаж байна.

 

Энэхүү зээлийг нэхэмжлэгч ашиглаагүй, авсан өдрөө шууд хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг тул хамтран зээлдэгч болсон гэж үзэх үндэслэлтэй.  Иймд, хариуцагчаас 3,696,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч Б.Этай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр амаар тохирч, 3,500,000.00 төгрөгийг зээлж авсан бөгөөд ямар нэг байдлаар хүү, алданги төлөх талаар харилцан тохиролцоогүй, талууд бие биедээ хүүгүй мөнгө зээлсэн.

 

Үүний учир нь, зохигчид бизнесийн харилцаатай, тухайлбал, нэхэмжлэгч тал өмнө нь хариуцагчаас 500,000.00 төгрөгийг зээлж, буцаан төлж байсан, бие биенээсээ бараа худалдаж авдаг гэх мэт. Хариуцагчаас  энэ хугацаанд нэхэмжлэгчид 2,430,000.00 төгрөгийг төлсөн, үүнээс 2,180,000.00 төгрөгийг түүний “М*******” ХХК-нд төлөх ёстой зээлийг төлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1,070,000.00 төгрөг үлдсэн байна.

 

Нэхэмжлэгчийн уг компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцагч тал хүлээх үндэслэл байхгүй, яагаад гэвэл тэдгээрийн хооронд хамран үүрэг гүйцэтгэгч болсон гэрээний харилцаа үүсээгүй, 3,500,000.00 төгрөгийг хамтран зээлсэн талаар баримт байхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өмнөөс түүний зээлийг төлсөн үйлдлийг үндэслэн хамтран зээлдэгч гэж үзэж болохгүй юм.

 

Хариуцагч, нэхэмжлэгчээс авсан зээлийг буцаан төлөхдөө түүний хүсэлтийн дагуу холбогдох компанийн дансанд шилжүүлж байснаас гадна нэхэмжлэгчид төлж байсан. Иймд, 3,696,000.00 төгрөгийг хохирол хэмээн нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл 1,070,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Эаас хариуцагч Ц.Дд холбогдуулан 3,696,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал 3,500,000.00 төгрөгийг зээл, 196,000.00 төгрөгийг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлсон бол өмгөөлөгчийн зүгээс “М*******” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол хэмээн тайлбарласан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Э 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “М*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тус компаниас 3,500,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус зээлийн үлдэгдэл 3,300,000.00 төгрөг болсныг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар сунгасан байна /х.х-ийн 8, 9, 14-16-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгчийн ******* тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С.Г*******ын ******* тоот даснаас 3,500,000.00 төгрөгийн орлого орсныг тэрээр хариуцагчийн ******* тоот дансанд шилжүүлсэн ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 18-р хуудас/.

 

 Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн 3,500,000.00 төгрөгийг зээл байсан хэмээн тайлбарлаж, зохигчид хариуцагчийг үүнээс 2,430,000.00 төгрөгийг буцаан төлсөн тухай маргаагүй ч гагцхүү “М*******” ХХК-ийн өмнө хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болсон эсэх талаар мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2.-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, түүнчлэн 242.12.-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” заасан.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсний дагуу талуудын хооронд тус хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүрэг үүсэх бөгөөд зээлийн гэрээний хамтран үүрэг зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болоход тэдгээрийн хооронд тодорхой төрлийн гэрээ байгуулагдсан байхаас гадна амаар тохиролцсон байж болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.Э 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “М*******” ХХК-тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан, ийнхүү бичгээр байгуулахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-д нийцүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт талууд гэрээний зүйл болох 3,500,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож буй тохиолдолд бичгээр байгуулах шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгч этгээдүүдийн хооронд ийнхүү гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Гэтэл “М*******” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ц.Дгийн хүсэл зориг тусгагдаагүй, тэрээр тухайн зээлийг хамтран авсан гэх үйл баримт тогтоохгүй байна. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх............................................ зарчимд үндэслэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 7 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хоорондын харилцааг бусад этгээдийн харилцаанаас тусгаарлах бөгөөд энэ нь иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлэхтэй холбоотой.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн бусдаас хүүтэй мөнгө зээлсэн шалтгааныг “хариуцагчид мөнгө хэрэгтэй байсан” гэж тайлбарлаж буй боловч нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг гуравдагч этгээдээс авсанд хариуцагчийг буруутгах боломжгүй, түүний ийнхүү мөнгө зээлсэн үйлдлийг иргэний эрх зүйн бие даасан харилцаа гэж үзэх бөгөөд өөр этгээдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг нь хариуцагчийн үүрэгтэй шууд шалтгаант холбоогүй, хариуцагчийг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал бусдад төлөх ёсгүй байсан зээл, зээлийн хүүг төлсөн гэж үзэхгүй.

 

Иймд, зохигчдын хооронд хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчийн харилцаа үүссэн гэх тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь энэхүү үндэслэлээр 3,696,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.  

  

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, аль эсхүл энэ талаар амаар тохиролцсон боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хаан банк” ХХК дахь хариуцагчийн ******* тоот дансанд 3,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тал үүнийг хүлээн авсан талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар “Хаан банк” ХХК дахь хариуцагчийн ******* тоот данснаас нэхэмжлэгчийн ******* тоот дансанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 150,000.00 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000.00 төгрөгийг шилжүүлсэн бол нэхэмжлэгчид 3,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн С.Г*******ын ******* тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 280,000.00 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 300,000.00 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, нийт 2,430,000.00 төгрөгийг төлсөн, үүнээс 2,180,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид бус өөр этгээдэд төлснийг зохигчид хүлээн зөвшөөрсөн.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч тал зээлийн гэрээний дагуу 3,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар Г хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд, хариуцагч Ц.Д 3,500,000.00 төгрөгөөс 2,430,000.00 төгрөгийг буцаан төлсөн байх тул түүнээс үлдэх 1,070,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эт олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Ц.Дгаас 1,070,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,626,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,086.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 30,230.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР