Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 3955

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: БЗД-Ц1-ийн хүсэлттэй,

“Д.М-ыг архины албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, БЗД-Ц1-ийн хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Б, гуравдагч этгээд Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч БЗД-Ц1 шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.М нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Бунханы 1-26 тоотод оршин суудаг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, баривчлагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул  Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан албалан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээд Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна...” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч БЗД-Ц1 нь тус шүүхэд Д.Мыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.М нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэн ойр орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг бөгөөд архинд донтох хамааралтай болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон эхнэр Б.Нэргүй нарын тайлбар, согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн...этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэжээ.

Иймд БЗД-Ц1-ийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан, Д.М-г архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Д.Мыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг БЗД-Ц1т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч БЗД-Ц1 нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч буюу төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ