| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/05236/и |
| Дугаар | 3997 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 3997
| 2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/03997 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: э ХХК -ийн гаргасан,
Хариуцагч: О
Хариуцагч: Ч нарт холбогдох,
5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш, хариуцагч О, Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч э ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ч, *******тай зээлийн гэрээ байгуулж, ******* тоот улсын дугаартай ланд крузер 80 маркийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авч, тэдгээрт 4,000,000.00 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000.00 төгрөг байхад 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 7,200,000.00 төгрөгийг нэмж олгосон.
Анх хариуцагч Ж.Чзээл хүсэхэд тэрээр хөдөө орон нутгийн хаягтай байсан тул Оыг үндсэн зээлдэгч, өөрөө хамтран зээлдэгч болж, эхний гэрээний хугацаанд автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж байгаад нэмж зээл авахадаа зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлсэн. Тухайн үед уг автомашин цэмбэгэр, засвар хийх шаардлагагүй, 8,000,000.00 төгрөгөөр зарагдахаар байсныг үндэслэн өнгө үзэмж хэвээр байгаа гэж итгэн нэмж 7,200,000.00 төгрөгийг олгож, зээлийн үлдэгдлийг 9,000,000.00 төгрөг болгосон.
Гэтэл хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бидэнтэй утсаар ярьж “ажил бүтэлгүйтсэн тул автомашиныг худалдаж, зээлийг барагдуулаарай” гэсэн учир бид энэхүү автомашиныг худалдахаар удаа дараа зар тавихад хүмүүс үзээд “машины эд анги муудсан, 8,000,000.00 төгрөгөөр бус 5,000,000.00 төгрөгөөр авъяа” гэдэг байсан.
Ингээд манай компани уг автомашинд зарим шаардлагатай засвар хийж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000.00 төгрөгөөр худалдаж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 152 хоногийн алданги, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 42 хоног, нийт 194 хоногийн алдангид 2,044,000.00 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусах 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,280,000.00 төгрөг, автогаражийн төлбөр 176,000.00 төгрөг, үндсэн зээлээс 3,500,000.00 төгрөгийг тус тус төлүүлж, 5,500,000.00 төгрөг үлдсэн юм.
Иймд, хариуцагч О, Ж.Чнараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,500,000.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч О, Ж.Чнар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхдээ өөрийн өмчлөлийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу тус компанийн өмчлөлд шилжүүлсэн.
Нэхэмжлэгч тал намайг хөдөө орон нутгийн хаягтай гэсэн үндэслэлээр зээл олгохоос татгалзахад Оыг хамтран зээлдэгч болгож, 4,000,000 төгрөгийг авсан бөгөөд графикийн дагуу төлж явж байгаад 2017 оны 04 дүгээ сарын 27-ны өдөр 1,800,000.00 төгрөгийн үлдэгдэл дээр 7,200,000 төгрөгийг авсан.
Гэвч миний эрхэлсэн ажил бүтэлгүйтсэн тул 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид “зээлийг төлж чадахгүй болсон, автомашиныг худалдаж, хохирлоо барагдуулаарай” гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн асуудлыг шийдэгдсэн гэж ойлгож байсан юм.
Бид, нэхэмжлэлийн шаардлага болох алданги 2,044,000.00 төгрөг, зээлийн хүү 2,280,000.00 төгрөг, автогаражийн төлбөр 176,000.00 төгрөг, нийт 4,500,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин автомашиныг 8,000,000.00 төгрөгөөр худалдсан гэснийг үндэслэн 1,500,000 төгрөгийг төлж эвлэрэх санал гаргасан боловч хүлээн авсангүй. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч э ХХК-иас хариуцагч О, Ж.Чнарт холбогдуулан 5,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсны орлогоос зээл, зээлийн хүүг бүрэн барагдуулаагүй гэсэн үндэслэлээр 5,500,000.00 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл хэмээн нэхэмжилж байгаа ажээ.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч э ХХК 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч О, Ж.Чнартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 4,000,000.00 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ******* тоот улсын дугаартай ланд крузер 80 маркийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна /х.х-ийн 6, 7, 8-р хуудас/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд зохигчид дээр дурьдсан 4,000,000.00 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу тухайн төрлийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна /х.х-ийн 4-р хуудас/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгчид энэхүү зээлийг хуваарийн дагуу төлж, зээлийн үлдэгдэл 1,800,000.00 төгрөг болох үед талууд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 7,200,000.00 төгрөгийг нэмж, нийт 9,000,00.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 11-р хуудас/.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд 236.1.3.-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэжээ. Тодруулбал, зохигчид 4,000,000.00 төгрөгийн сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл зохих ёсоор төлөгдөж, 1,800,00.00 төгрөг үлдсэн байхад ийнхүү 7,200,000.00 төгрөгийн зээл нэмж олгож, нийт 9,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргээр сольж, 1,800,00.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгожээ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар барьцаалан зээлдэх журмаар эрх бүхий этгээдээс бусдад зээл олгохдоо гагцхүү хөдлөх эд хөрөнгийг барьцаалах бөгөөд гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй тохиолдолд тус хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т заасан журмын хүрээнд худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах ба харин 286.4.-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж зааснаас үзэхэд зээлдүүлэгч тал барьцааны зүйлийг өмчлөх, захиран зарцуулах эрхгүй юм.
Гэвч талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6.-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, ******* тоот улсын дугаартай ланд крузер 80 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 9-р хуудас/.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тодруулбал, талууд зөвхөн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгч этгээд гэрээний хугацаанд үүрэг зохих ёсоор биелэгдэж буй эсэхээс үл хамааран тухайн хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй боловч хоорондын итгэлцлийг үндэслэн үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдсэн тохиолдолд буцаан өгөх үүрэг хүлээдэг байна.
Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч тал өөрийн автомашиныг 15,000,000.00 төгрөг, харин зээлдүүлэгч 10,000,000.00 төгрөг гэж үнэлсэн боловч талууд харилцан тохиролцож, үнэлгээг 11,000,000.00 төгрөгөөр тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид уг автомашиныг ийнхүү үнэлж буйг түүнийг худалдах боломжит үнийг тодорхойлж байгаагаас гадна зээл, зээлийн хүү болон фидуцийн гэрээний зүйлийн үнэлгээний харьцааг тогтоож, ийм хэмжээний үнэтэй эд хөрөнгийг шилжүүлэн авсан болон хэрэв үүрэг зөрчигдөж, зээлийн өр үүсэх тохиолдолд 11,000,000.00 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тохирсон гэж үзэхээр байна /х.х-ийн 8-р хуудас/.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь бие даасан гэрээ, хэлэлцээр биш бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-д зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах түүнээс салгаж үл болох эрх тул үндсэн зээлийн гэрээний зорилго, эрх, үүрэг буюу агуулгатай холбоотой байдаг.
Ийм ч учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлд 2,000,000.00 төгрөг, хүүнд 435,000,00.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч тус үүргээ үл биелүүлж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид цаашид зээлийг зохих ёсоор төлж чадахгүй болсон тухай мэдэгдэж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9,000,000.00 төгрөгийг цаашид, хүү 435,000.00 төгрөг, нийт 9,435,000.00 төгрөгийг төлөх боломжгүй болж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй болсон учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг дуусгавар болгох тухайгаа мэдэгдсэн ажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ж.Ч2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл автомашиныг өөрийн эзэмшилд байлгасан бол нэхэмжлэгч тал нэмэлт гэрээ байгуулсан өдрөөс хойших хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж, улмаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******т худалдсан байна /х.х-ийн 10-р хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж, мөн 235 дугаар зүйлийн 235.2.-т “Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж тус тус заасны дагуу хариуцагч тал 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл автомашиныг шууд эзэмшиж байгаад нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т заасан бодитойгоор гаргуулан авсан гэдэг нь тухайн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхүйц үнэтэй гэж үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан, аль эсхүл бусдад худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үндсэн гэрээний үүрэг дуусгавар болохыг ойлгоно.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул 11,000,000.00 төгрөгөөр үнэлсэн автомашиныг захиран зарцуулахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч тал тухайн хүсэл зоригийг хүлээн авсан, улмаар бодитоор эзэмшиж байсан эд хөрөнгийг бусдад худалдсан байх тул үүрэг дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдийн хувьд фидуцийн зүйлийн үнэ болон зээлийн өрийн харьцааг дээр дурьдснаар тооцоолсон ба 9,000,000.00 төгрөг болон ашигласан хугацааны хүү 435,000.00 төгрөгийг тус тус төлөх үүргийг 11,000,000.00 төгрөгөөр үнэлсэн автомашиныг бодитоор гаргуулан авснаар дуусгавар болсон гэж үзнэ.
Иймд, зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,500,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР