Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 25

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/00025

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З-ийн гаргасан,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

1,450,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Мд 1,450,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, тус өдөр хариуцагч тал гэрч Ө.Батжаргалын хамт надтай уулзаж, Хүй долоон худагт гуанз ажиллуулах гэж байгаа тул үйл ажиллагаанд зориулж мөнгө хэрэг болоод байна гэж зээлсэн.

 

Ингээд би түүнээс зээлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авах гэхэд тэрээр одоо төлөх боломжгүй байна, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй тул түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өгч шалгуулахад иргэний хэрэг маргаан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээгдээгүй.

 

Би, гэрч Ө.Батжаргалыг таньдаг бөгөөд тэрээр хариуцагчид өөрийн цайны газрыг түрээслүүлж, түрээсийн төлбөрийг түүнээс шаардахад санхүүгийн боломжгүй байсан тул надаас зээлж, гэрчид өгсөн байсан.

 

Иймд, хариуцагч Маас 1,450,000.00 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, нэхэмжлэгч Зийг танихгүй, түүнтэй анх удаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түрээслүүлэгч буюу гэрч Ө.Батжаргалын хамт уулзсан бөгөөд 1,450,000.00 төгрөгийг надад биш, гэрчид зээлдүүлснийг гэрч этгээд тус өдөр бусдад өгөх ёстой төлбөрөө барагдуулахаар “Төрийн банк” ХХК-нд тушаахаар явсан.

 

Миний бие 2017 оны 04 дүгээр сараас эхлэн Ө.Батжаргалын Харин хорин зах дахь цайны газрыг түрээслэсэн бөгөөд 38,000,000.00 төгрөгөөр худалдан авна гэсэн боловч чадаагүй, гэрчийн шүүх хуралдаанд үзүүлсэн түрээсийн гэрээг байгуулсан талаар маргахгүй.

 

Би, 8,000,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 30,000,000.00 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлнө гэж бичиж өгсөн хэдий ч албан ёсоор худалдаж аваагүй, энэ хугацаанд түрээслүүлэгчид ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэл байгаагүй тул надад мөнгө зээлэх шаардлага байгаагүй.

 

Иймд, нэхэмжлэлд дурьдсан 1,450,000.00 төгрөгийг гэрч Ө.Батжаргал авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зоос хариуцагч Мд холбогдуулан 1,450,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагчид 1,450,000.00 төгрөгийг зээлсэн хэмээн тайлбарласныг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээл аваагүй, харин гэрч Ө.Батжаргал тухайн зээлийг авсан гэж татгалзсан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч болон талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, аль эсхүл зээл өгөх, авах талаар харилцан тохиролцсон хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй.

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан.

 

            Энэ нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч М нь гэрч Ө.Батжаргалын эзэмшлийн цайны буюу үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг сарын 2,600,000.00 төгрөгөөр түрээслэдэг байсан бөгөөд талууд уг түрээсийн зүйлийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож байжээ.

 

Шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлгээс үзвэл хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу гэрч буюу түрээслүүлэгчид төлөх ёстой төлбөрийг тухайн үед шууд төлөх санхүүгийн боломж байгаагүй тул тэрээр нэхэмжлэгчээс 1,450,000.00 төгрөгийг авч, гэрчид өгсөн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2017/20717 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас хариуцагч Мд холбогдох эрүүгийн хэргээс түүний өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр түрээсийн төлбөрөө төлөх зорилгоор маргааны зүйл болсон 1,450,000.00 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч З нь 1,450,000.00 төгрөгийг хариуцагч Мд шууд өгөөгүй, хариуцагч тал үүнийг захиран зарцуулаагүй гэж тайлбарлаж, татгалзаж буй боловч тэрээр түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхээр түрээслүүлэгч этгээдэд тус мөнгийг өгсөн байх тул хариуцагчийг маргааны зүйл болох энэхүү мөнгийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Энэ нь, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, гэж мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

   Хариуцагч тал 1,450,000.00 төгрөгийг хүлээн аваагүй хэдий ч түүний бусдад төлөх ёстой 1,450,000.00 төгрөгийн түрээсийн төлбөр ийнхүү төлөгдөж, түрээслүүлэгчийн өмнө хүлээсэн гэрээний үүрэг биелэгдсэн нь хариуцагчид ашигтай үйл баримт болсон ба тэрээр нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой эрүүгийн хэрэгт шалгагдаж, мэдүүлэхдээ дээр дурьдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд, хариуцагчийн гаргасан хариу тайлбар үндэслэлгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авах гэхэд тэрээр одоо төлөх боломжгүй байна, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй” гэсэн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй. 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.

 

Гэтэл зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч буюу зээлдэгч тал гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний буюу зээлийг ашиглах хугацаа нэгэнт дууссан байх тул зээлдүүлэгч нь тус гэрээний дагуу зээлдэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэйг үндэслэн хариуцагчаас 1,450,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг үндэслэн хариуцагч Маас 1,450,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,150.00 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 38,150.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР