Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 229

 

   Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор С.Цэрэндалай,

          хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяа,

          яллагдагч Б.Б-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б-т холбогдох 1807 0043 30171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Б-н Б, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ...........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 05 цагийн орчим, архи ууж согтуурсан үедээ ...... дүүргийн 1 дүгээр хороо, ..... дугаар гудамжинд Г.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

мөн 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим, .... дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Э д” баарны гадаа М.М-г боох, түлхэх, хавсарч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд хохирогч М.М, түүний өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан” тухай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хохирогч М.М нь “... Би уншиж чадахгүй, 1-3 дугаар анги хүртэл сурсан. Би бичиг үсэг мэдэхгүй гэж мөрдөгчид хэлэхэд намайг гарын үсгээ зурж чадах уу гэж асууж байсан. Намайг хэргийн материалтай танилцуулаагүй. ...” гэх бөгөөд энэ нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй буюу бичиг үсэг мэдэхгүй хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.6, 1.8, 1.9, 1.12 дахь заалтуудад заасан эрхүүдийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурор “... Хохирогч бага боловсролтой...”, “... хохирогч одоо өмгөөлөгч авсан учир гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл хэргийн материалтай танилцах боломжтой” гэж тайлбарлах ба Эрх зүйн толь бичигт “эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах, тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах, хүрээлэн орчны үзэгдэл юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх, гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгох зэргээр 5 жилийн хугацаагаар олгох боловсролыг бага боловсрол” гэж тайлбарласнаас үзэхэд хохирогч М.М-г бага боловсролтой гэж үзэх эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагаа буюу мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзэн, хохирогчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байж болох ч хавтас хэргийн материалыг танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүйгээс хохирогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагааны явцад эдлэх эрх нь хязгаарлагджээ.

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр насанд хүрээгүй гэрч Б.П-с мэдүүлэг авсан тэмдэглэлд сурган хүмүүжүүлэгч Г.Ганчимэгийн гарын үсэг зурагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед Б.Б-н өмгөөлөгч нь хохирогч М.М-г бичиг үсэг мэддэггүй, энэ хэрэгт өмгөөлөгч оролцуулаагүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан. Харин хохирогчийн өмгөөлөгч нь М.М-н ээжийнх нь хүсэлтээр шүүх хуралд оролцож байгаагаа хэлсэн.

Хохирогч М.М нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед өөрийгөө бага боловсролтой, 1-3 дугаар анги төгссөн талаараа мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд танилцсан талаараа бичиж гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн бол мөн зүйлийн 1.3 дахь заалтад “Монгол хэл бичиг мэдэхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, “Монгол хэл бичиг мэдэхгүй” хохирогчийг заавал өмгөөлөгчтэй оролцуулна гэсэн ойлголт биш юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулсан хэдий ч хохирогч М.М нь урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас өмнө өмгөөлөгчөө сонгон авсан. Өөрөөр хэлбэл, шүүх хохирогч М.М-г бага боловсролтой, бичиг үсэг мэддэг эсэхэд эргэлзээ төрвөл түүний сонгон авсан өмгөөлөгчтэй хамт хэргийн материалыг танилцуулсны дараа хүсэлт гаргавал түүнийг шийдвэрлэх боломжтой. Г.Ганчимэг нь насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатаас мэдүүлэг авахад сурган хүмүүжүүлэгчээр оролцсон нь үнэн, мэдүүлэг авах ажиллагаа дууссаны дараа намайг ажлаас яаралтай дуудсан тул дараа нь гарын үсгээ зуръя гэж хэлээд явсан талаар прокурорт ярьж байсан бөгөөд энэ асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн үед прокурор тайлбарлаж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбат, сурган хүмүүжүүлэгч Г.Ганчимэг нарыг оролцуулж, хууль зөрчиж мэдүүлэг авсан эсэхийг тогтоох боломжтой байх тул хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 457 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

          Хохирогч М.М-н өмгөөлөгч С.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.М нь Б.Б-т зодуулж, хүнд гэмтэл авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. М.М нь тухайн үед өмгөөлөгч аваагүй мэдүүлэг өгсөн боловч мэдүүлэгт ноцтой зөрчил гараагүй, эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Өмнө нь мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байснаасаа одоо татгалзаж байна. ...” гэв.

          Яллагдагч Б.Б-н өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн ээж шүүхэд ирээд “манай хүүхэд бичиг үсэг мэдэхгүй” гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн эрхийг тусгайлан заасан. Хохирогч хууль ёсны эрх ашгаа хамгаалж чадахгүй бол өмгөөлөгч авах, хууль ёсны төлөөлөгч томилох эрхтэй байдаг. Бичиг үсэг мэдэхгүй гэдэг нь өөрийнхөө хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа байдал гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг эргэлзээ төрүүлж байна. Мөн насанд хүрээгүй гэрч Пүрэвбатаас мэдүүлэг авсан боловч сурган хүмүүжүүлэгч нь гарын үсэг зураагүй. Дээрх процессын алдааг засуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчтэй оролцуулах талаар тусгайлан хуульчилсан.

Харин хохирогч монгол хэл, бичиг мэдэхгүй байдлыг хуулийн дээрх заалтад шууд хамааруулан үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрхийг эдлүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.М-н эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Мөн насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвбатаас мэдүүлэг авахдаа сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь зөрчил мөн боловч түүнийг эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулж, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтойг тэмдэглэвэл зохино.

Иймд прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.