Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2015/0334

 

Сүхбаатар аймгийн УЗМ

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн УЗМ нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын харьяа Сүхбаатар аймгийн аудитын газрын шинжээч Г.С т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндэсний Аудитын Газрын харьяа Сүхбаатар аймгийн Аудитын газрын шинжээчийн Төсвийн орлого болгох тухай СБР-**** дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндэсний Аудитын газрын харъяа Сүхбаатар аймгийн Аудитын газар нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтын дагуу УЗМ 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийхэд түлш халаалтын зардлаас хэмнэгдсэн төсөвт төвлөрүүлэх 969.278 төгрөгийн хөрөнгийг Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын данс руу шилжүүлж авлагаар илэрхийлсэн байсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 /төсвийг үр ашигтай, архивлан хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулахад/, 6.4.8 /төсвийг зохистой удирдаж авлага өр төлбөр үүсгэхгүй байх/, 7 дугаар зүйлийн 7.7 /төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ/, 41 дүгээр зүйлийн 41.2.3 /төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах/ дахь заалтуудыг зөрчсөн учир төлбөрийн акт тогтоосон.

Шалгах явцад алдаа зөрчил илэрч байсан. УЗМ нягтлан бодогчид нь зөвлөн туслах ажиллагаа үзүүлж байсан. Тэгээд гарсан зөрчлийг удирдлагад чинь танилцуулъя гэхэд захирал байхгүй Улаанбаатар хотод ажилтай байгаа гээд хэсэг хугацаагаар хойшлогдож байсан. Дараа нь захирлыг нь ирэхээр уулзаж алдаа зөрчлийг нь хэлэхэд алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй загнах маягаар хандаж байсан. Бид нар Үндэсний аудитын газраас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийсэн. Угсаатны зүйн музей дээр нийт 6.600.000 төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ дотор нь 969.278 төгрөг нь багтаж байгаа. Энэ мөнгийг авлага үүсгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг урьдчилж төлсөн зардал гэж тайлбарласан байсан. Төсөвт хэмнэгдсэн мөнгийг авлагаар харуулж зардал болгож хийсэн нь төсөвт байгууллагад урьдчилж гарсан орлого юм уу, урьдчилж гарсан зардал гэсэн данс байдаггүй, аж ахуйн нэгжид л байдаг данс. Энэ нь нягтлан бодох бүртгэлийнхээ олон улсын стандартад дагаж мөрдөхгүй зүйлийг дагаж мөрдсөн байна.

Нэхэмжлэгч Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар руу шилжүүлсэн мөнгө авлагаар илэрхийлсэн авлага нь өөрөө бодит бус авлага байсан. Бодит бус орлого гэдгийг юугаар нотолсон бэ гэхээр авлагаар данс бүртгэлдээ тусгачихаад авлагаа яаж хаах гэж байгаа юм. Намайг шалгалт хийх явцад Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай тооцоо нийлсэн акт байгаагүй. Тооцоо нийлсэн актаа дараа нь авч хэрэгт өгсөн байна. Тооцоо нийлсэн актаар авлага хаагддаггүй. Тайлангаа зөв болгохын тулд Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас УЗМ дансанд 969.278 төгрөг орж ирснээр тайлан мэдээ зөв болно. Шалгаад зөрчил илрэх явцад УЗМ нягтлан бодогч нь манайх Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 900 гаран мянган төгрөгийн өртэй гэсэн төлбөрийн нэхэмжлэл ирсэн. Түрүү нягтлан бодогч усны төлбөр лүү шилжүүлсэн байхад Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар үзээгүй, халаалтынхаа зардлыг үзээд өртэй байсан учраас энэ үлдэгдэл мөнгийг Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар руу шилжүүлсэн гэсэн тайлбар хэлж байсан.

Аудитын газраас гаргасан дүгнэлт, тогтоосон акт, албан шаардлага, санхүүгийн тайлангийн аудит хийхтэй холбоотой гарсан зөрчил дутагдлуудыг төсвийн шууд захирагч байгууллагын хамт олонд танилцуулж өгсөн зөвлөмж, үүрэг даалгавруудыг хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа үнэн зөв илэрхийлэх үүрэгтэй. Тухайлбал: Тухайн байгууллага төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, ажил үйлчилгээ үзүүлчихээд дараа тооцоогоор хөрөнгө авахаар бол авлага үүсгэж данс бүртгэлд тусгах ёстой гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.

Аудитаар тогтоогдсон акт нь тэргүүлэх аудитор, менежерээр хянагдаад хангалттай, найдвартай, учир холбогдолтой, эрх зүйн үндэслэлтэй нотлох баримтаар хангагдсаны үндсэн дээр хяналтын хуудас давхар бичигдсэн болно. УЗМ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 41 дүгээр зүйлийн 41.2.3, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, 15.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Үндэсний Аудитын газрын харьяа Сүхбаатар аймгийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн СБР-**** тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.С  давж заалдах гомдолдоо: 1. Төсвийн жилийн эцэст түлш халаалтын зардлын 969278 төгрөгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг УЗМ төсвийн шууд захирагч нь Дөрвөлж компани руу 2015 оны халаалтын төлбөрийн урьдчилгаанд шилжүүлсэн зөрчлийг шүүгчийн зүгээс дулааны эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусаагүй, халаалтын тооцоо хийх хугацаа нь төсвийн жилээс зөрүүтэй болсон гэх шалтгаанаар зөрчил биш гэж үзсэн нь Төсвийн тухай хуулийн 5.1.3-т заасан Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмыг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдалд хүргэж байна. Тухайлбал Төсвийн тухай хуулийн 6.4.1-д / төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах/, 6.4.8-д /төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх/, 7.7-д /төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухай шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ/ заалтуудыг зөрчиж тус байгууллагын төсвийн шууд захирагч нь төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа оны зардлыг санхүүжүүлэхээр урьдчилан шилжүүлсэн явдал нь тухайн байгууллагын төсвийн төлөвлөлт болон төсвийн төслийн мөн чанарыг алдагдуулж байна. Учир нь Монгол улсын төсвийн тухай хуулийн 7.1-д Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан ба төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна гэсэн заалттай нийцэхгүй байна.

2. Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 49-д /хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх дулааны эрчим хүчний үнийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны дотор урьдчилан төлнө/ гэсэн нь зөвхөн тухайн сарын дулааны эрчим хүчний төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулах ба хэрэглэгч дараа сард хэрэглэх дулааны эрчим хүчний төлбөрөө өмнөх сард нь урьдчилан төлөх талаар дээрх дүрэмд тусгагдаагүй байна. Гэтэл шүүгч дээрх дүрмийн 49 дэх заалтыг баримтлан Угсаатны зүйн музей нь дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө урьдчилан төлсөн нь үндэслэлтэй байна гэснээс үзвэл тохирохгүй заалтыг баримталсан харагдаж байна. Иймд шүүгчийн баримталсан Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 49 дэх заалт энэхүү маргаанд огт хамааралгүй гэж үзэж байна.

3. Аймгийн угсаатны зүйн музей нь төсвийн байгууллага бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналын үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн хууль болон сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаалаар батлагдсан Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар-ыг дагаж мөрдөхийн зэрэгцээ Монгол улсын төсвийн тухай хуулийг баримталж ажилладгаараа аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанаас онцлог ялгаатай. Тухайлбал төсөвт байгууллага нь төсвийн жилийн эцэст өр, авлага үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах талаар Төсвийн тухай хуулийн 6.4.8-д тусгайлан зааж өгсөн байна. Түүнчлэн түлш халаалтын зардлаас хэмнэгдсэн 969278 төгрөгийг 2015 оны халаалтын төлбөрийн урьдчилгаа болгож Дөрвөлж компани руу шилжүүлсэн нь УЗМ төсвийн шууд захирагч Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг дагаж мөрдөөгүй болохыг харуулж байна. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын 3 дахь заалтад Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ төсвийн зардал хэмнэх талаар дараах арга хэмжээг авч ажиллахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай: 3.1. Төсвийн санхүүжилтийг бууруулснаар өр, авлага үүсгэхгүйгээр зардал хэмнэх боломжийг дайчлах гэж заасан бөгөөд аймгийн Угсаатны зүйн музей нь Сүхбаатар аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн шууд харьяаны байгууллага тул Засгийн газрын дээрх тогтоолыг дагаж мөрдөхөөр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгч нотлох баримтыг дутуу шинжилсэн гэж үзэж байна. Иймд Төрийн аудитын байгууллагаас хийсэн дээрх тайлбарыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Бид бүхний тайлбарт дүн шинжилгээ хийж, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музейгээс Үндэсний Аудитын Газрын харьяа Сүхбаатар аймгийн Аудитын газрын шинжээч Г.С ын тавьсан Төсвийн орлого болгох тухай СБР-**** дугаар актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Тухайн актаар Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей нь 2014 оны халаалтын зардлаас хэмнэгдсэн 969.278 төгрөгийг Дөрвөлж ХХК-ийн дансанд шилжүүлсэн зөрчил гаргасан гэж үзэн 969.278 /есөн зуун жаран есөн мянга хоёр зуун далан найман/ төгрөгийг аймгийн төрийн сан банкны 120000952 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор оруулахыг тус музейн эрхлэгч, нягтлан бодогч нарт хариУ улжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулж, халаалтын үйлчилгээг авч байсан, гэрээгээр тохирсон хөлсөө 2014 оны сар бүр бүрэн гүйцэт төлж байгаагүй, улмаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дулааны эрчим хүчээр хангагчаас байгуулсан гэрээнийхээ дагуу үлдэгдэл өр төлбөрт 7.365.000 мянган төгрөгийн нэхэмжлэх ирүүлснийг үндэслэн нэхэмжлэгч байгууллага тухайн төлбөрийг төлсөн, үүний дараа 2015 оны 01 дүгээр сард тооцоо нийлэхэд 969.278 төгрөгийн илүү төлөлттэй гарсныг талууд харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын төлбөрт тооцохоор, үүнийг санхүүгийн тайландаа түлш, дулааны зардалдаа урьдчилж төлснөөр тусгасан болох нь тогтоогджээ.

 

Эндээс үзвэл нэхэмжлэгч байгууллага Дөрвөлж Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан гэрээгээр тохиролцсон хэмжээнд батлагдсан төсвийн хүрээнд нэхэмжилсэн мөнгийг тухайн байгууллагад шилжүүлсэн, хожим 969.278 төгрөгийг дулааны зардлаас хэмнэгдсэн гэдгийг мэдсэнээр дараа сарын төлбөрт тооцохоор тохиролцсон, өөрөөр хэлбэл 2015 оны 01 дүгээр сарын төлбөрийг төлөх зорилгоор урьдчилан шилжүүлээгүй энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 /төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх/, 41 дүгээр зүйлийн 41.2.3 /төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах/ заалтыг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй буюу илүү төлөлтийг дараа сарын дулааны төлбөрт суутган тооцохоор тохиролцсонд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй. Эдгээрээс үзвэл хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн боловч маргаанд хамааралгүй, баримталбал зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 гэснийг хасч, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 гэснийг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Сүхбаатар аймгийн Аудитын газарт буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР