| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/05508/и |
| Дугаар | 47 |
| Огноо | 2017-12-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 47
| 2017 оны 12 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2018/00047 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох,
1,725,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани хариуцагч Атай 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн “*******” ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг 2,250,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон юм.
Хариуцагч тал гэрээ байгуулсан өдөр 300,000.00 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1,950,000.00 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 243,750.00 төгрөгийг төлж барагдуулахаар болсон.
Гэвч тэрээр бараа бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 1,950,000.00 төгрөгөөс 800,000.00 төгрөгийг төлж, 1,150,000.00 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлж, үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-т “худалдан авагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ийнхүү алдангийг тооцоход үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 575,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Бид, “*******” ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг хариуцагчид худалдахаас өмнө Мэргэжлийн хяналтын газарт шинжлүүлэхэд Монгол Улсад дагаж мөрдөж буй холбогдох стандартад нийцсэн гэсэн дүгнэлт гарсан ба хэдийгээр энэхүү дүгнэлтийг тухайн үед худалдан авагчид өгөөгүй ч түүнд чанарын шаардлага хангасан ус цэвэршүүлэгчийг худалдсан.
Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад дурьдснаар худалдан авагч нь 6 сар тутамд 3 шүүлтүүр солих, 12 сар тутамд 2 шүүлтүүр солих, 4-6 жилд тодорхой үйлчилгээ хийлгэх ёстой байтал авсан цагаасаа хойш солих ёстой шүүлтүүрийг солиулаагүй, өөрийн ажилладаг газарт хийлгэсэн шинжилгээний дүгнэлтийг баримтаар өгөөгүй тул түүний гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд, хариуцагч Агаас 1,725,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Намайг 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ найз *******ийн хамт байхад нэхэмжлэгч компанийн худалдааны менежер ******* гэгч залуу манайд ирж, Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн “*******” ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг үнэн, худал нь мэдэгдэхгүй сурталчилж байгаад тавьж өгсөн.
Миний бие нэхэмжлэгчид гэрээ байгуулсан өдөр 300,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,950,000.00 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 243,750.00 төгрөгийг тогтмол төлж барагдуулахаар болсон бөгөөд 2015 оны 02 дугаар сар хүртэл 800,000.00 төгрөгийг төлсөн.
Тухайн үед худалдааны менежер ******* нь надад нэгдүгээрт, сар бүр усыг шинжлүүлж өгөх, хоёрдугаарт, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдсан гэдгээ нотолсон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг өгнө гэсэн атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд үүргээ биелүүлээгүй.
Би, хүнсний технологич мэргэжилтэй бөгөөд тус “*******” ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн цэвэршүүлсэн усыг 2015 оны 04 дүгээр сард “Арвайн үндэс” ХХК-ийн итгэмжлэгдсэн лабарторид өгч, шалгуулахад бичил биет нянгийн тоо өндөр гарсан тул шүүлтүүрийг салгаж, хэрэглэхээ больсныг гэрч ******* гэрчилэхээс гадна лаборторийн албан бичгээр нотолно. Харамсалтайн тус компанийн микробиологич *******ын өгсөн шинжилгээний хариу миний утсан дээр хадгалагдсан байсан боловч устгагдсан байна.
Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, бүтээгдэхүүнийг харилцан буцаах тухай ярилцсан байтал ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, 1,725,000.00 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас хариуцагч Ад холбогдуулан 1,725,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагчид ус цэвэршүүлэх төхөөрөмжийг зээлээр худалдсан ба худалдан авагчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хэмээн түүнээс 1,150,000.00 төгрөг, алданги 575,000.00 төгрөг, нийт 1,725,000.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, доголдолтой бүтээгдэхүүн худалдсан гэж татгалзсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрч болон талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Атай 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн “*******” ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нийт 2,250,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд худалдан авагч гэрээ байгуулсан өдөр гэрээний зүйлийг хүлээн авч, 300,000.00 төгрөг, 2015 оны 02 дугаар сар хүртэл 800,000.00 төгрөг, нийт 1,100,000.00 төгрөгийг худалдагчид төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 4-7-р хуудас/.
Хэдийгээр зохигчид шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн энэхүү гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж буй боловч талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Учир нь, гэрээний талууд тухайн шилжүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч зөвхөн гэрээний зүйл болсон төхөөрөмжийг худалдах үеийн шууд үнийг ийнхүү хожим төлөх бөгөөд зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр маргааны зүйл болсон “*******” ус цэвэршүүлэх төхөөрөмжийг “Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 0900:2005 стандарт”-ын шаардлагыг хангасан гэж дүгнэсэн бол 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/047/48 тоот дугаартай дүгнэлтээр “хатуулаг, төмрийн агууламж илрээгүй, хлорид 2.1 дахин, нитрат 3.7 дахин, сульфат 6.4 дахин буурсан” гэсэн үзүүлэлт гарчээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 /зургаа/ сарын дотор доголдлыг илрүүлснээр ийнхүү дээр дурьдсан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болох юм.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.-д зааснаар худалдагч тал тус “*******” ус цэвэршүүлэх төхөөрөмжид 5 /тав/-н жилийн баталгаат хугацаа олгож, гэрээний хугацаанд худалдан авагч нь 6 сар тутам 3 шүүлтүүр, 12 сар тутам 3 шүүлтүүр, 4-6 жилд 2 шүүлтүүрийг тус тус тогтмол солих нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэтэл хариуцагч буюу худалдан авагч А гэрээний зүйл болох ус цэвэршүүлэх төхөөрөмжийг доголдолтой буюу сайн шүүдэггүй, бичил биетэн их хэмжээгээр гарсан гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, тухайн төхөөрөмжийг 2015 оны 04 дүгээр сар хүртэл ашиглахдаа энэ тухай худалдагч талд аливаа гомдлын шаардлага гаргаж байгаагүй ажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу худалдах, худалдан авах гэрээний зүйл болох “*******” ус цэвэршүүлэх төхөөрөмжийг доголдолтой гэдгийг нотлохгүй байна.
Шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараар тэрээр хүнсний технологч мэргэжилтэй, гэрээний зүйлийг хүлээн авахдаа ердийн хэмжээнд шалгаж үзсэн байх бөгөөд гэрээнд заасан хугацаанд шүүлтүүрийг тухай бүр солиулах үйлчилгээг хийлгээгүй байна.
Зохигчдын байгуулсан гэрээний баталгаат хугацааг үзвэл тухайн төхөөрөмжийг ашиглах боломжит үйлчилгээний нийт хугацааг бус харин бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд гаргаж буй хугацааг илэрхийлсэн бөгөөд баталгаат хугацаанд дагаж мөрдөх журамд зааснаар хариуцагч тал ус цэвэршүүлэх төхөөрөмжийн шүүлтүүрийг тухай бүр сольсон тохиолдолд хэвийн ажиллах, хэрэв солиулаагүй тохиолдолд үүсэх эрсдэлийг нэхэмжлэгч буюу худалдагч хүлээхгүй ажээ.
Иймд, дээр дурьдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох “*******” ус цэвэршүүлэх төхөөрөмжийг доголдолтой гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь гэрээний зүйлийн үнэ 2,250,000.00 төгрөгөөс 300,000.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр өгч, 1,950,000.00 төгрөгийг 8 /найм/-н сарын хугацаанд сар бүр 243,750.00 төгрөг төлж, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр 2015 оны 02 дугаар сар хүртэл 800,000.00 төгрөг, нийт 1,100,000.00 төгрөг төлсөн хэдий ч үлдэх 1,150,000.00 төгрөгийг төлөөгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцно.
Гэтэл зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс ийнхүү үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу худалдан авсан ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг доголдолтой гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг үндэслэн худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 1,150,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-т “гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдан авагч нь тухайн сарын төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж үүргийн гүйцэтгэлийг хангахаар анзыг хэрэглэхээр тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, түүнчлэн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан ба талуудын алдангийн талаарх гэрээнд заасан тохиролцоо нь хуульд нийцэж байна.
Нэгэнт дээр дурьдснаар хариуцагч тал худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд энэхүү алдангийн хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг үндэслэн 575,000.00 төгрөгийн алдангийг хариуцагч тал төлөх нь зүйтэй юм /1,150,000x0.5%=5,750 /1 өдрийн алданги/ 5,750x910 хоног=5,232,500 төгрөг/.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөр 1,150,000.00 төгрөг, алданги 575,000.00 төгрөг, нийт 1,725,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР