| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/04602/и |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 78
| 2018 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2018/00078 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн гаргасан,
Хариуцагч: Д-т холбогдох,
15,763,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч А болон хариуцагч Д нар 2015 оны 06 дугаар сард харилцан тохиролцож, 1991 онд үйлдвэрлэсэн Хьюндай 15 маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг 16,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон.
Талууд тухайн үед тус автомашиныг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хариуцагч нь ийнхүү тохиролцсон өдөр 1,700,000.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 3,000,000.00 төгрөг, нийт 4,700,000.00 төгрөгийг төлсөн боловч үлдэх 11,300,000.00 төгрөгийг төлөөгүй.
Бид, 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, урьдчилгаанд төлсөн 4,700,000.00 төгрөгийг хүлээн авсанд тооцож, үлдэх 11,300,000.00 төгрөгийг худалдан авагч тал 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч тэрээр уг үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн хувьд дээрх автомашиныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дгээс 2014 онд 15,000,000.00 төгрөгөөр худалдан авсан ба тэдгээрийн хооронд аливаа төлбөр тооцооны асуудал байхгүй тул нэхэмжлэгч тал энэхүү автомашиныг өмчлөх эрхтэй. Харин талууд тээврийн хэрэгслийн гэрчилгээг гуравдагч этгээдийн нэрээс шилжүүлэн аваагүй байгаагийн учир гэвэл хариуцагчид төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсоноос гадна олон хүний нэр дамжуулж байхаар гээд шууд гуравдагч этгээдээс түүнд шилжүүлэхээр болсон юм.
Өнгөрсөн хугацаанд хариуцагчаас автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар гомдол гаргаж байгаагүй атлаа 2015 оны 06 дугаар сараас хойш автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаад буцаан өгнө гэсэн хариу тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр болсон.
Иймд, хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 11,300,000.00 төгрөг, 79 өдрийн алданги 4,463,500.00 төгрөг, нийт 15,763,500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Д нь 2015 оны 06 дугаар сард нэхэмжлэгч Агаас Хьюндай 15 маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг 16,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар болсон хэдий ч эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
Хэдийгээр тэрээр тус автомашиныг 2015 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа ч тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь өөр хүнийх буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дгийн нэр дээр байсан учраас өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Нөгөө талаар тус автомашиныг нэхэмжлэгч тал өмчлөх эрхгүй байсан атлаа бусдад худалдсан байх тул зохих этгээд буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй хэлцэл хийснийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хэрэгт талуудын 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээг өгсөн боловч зохигчид анхнаасаа 2015 оны 05 дугаар сардд энэхүү гэрээг байгуулаагүй, хожим байгуулсан тул дүр үзүүлсэн хэлцэлд тооцогдоно.
Хариуцагч нь энэ хугацаанд ******* ******* улсын дугаартай автомашинд хэд хэдэн удаа засвар үйлчилгээ хийсэн бөгөөд эд хөрөнгийн хувьд доголдолгүй тул талууд авсан, өгсөн зүйлээ харилцан буцаахад ямар нэгэн асуудал гарахгүй.
Иймд, нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Д нь 2014 онд маргааны зүйл болох энэхүү автомашиныг нэхэмжлэгч Ад 15,000,000.00 төгрөгөөр худалдсан ба төлбөр тооцоо бүрэн барагдаж дууссан тул нэхэмжлэгч нь өмчлөх, захиран зарцуулах эрхтэй этгээд гэдэгтэй маргахгүй.
Тухайн үед талуудыг автомашин худалдах, худалдан авахаар тохиролцож байхад хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдаж авахаар болж, үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцож байсан.
Бидний зүгээс нэхэмжлэгчийг тус автомашины өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна хариуцагч тал үлдэх төлбөрийг төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Агаас хариуцагч Дт холбогдуулан 15,763,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс зохигчдын хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/19055 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Дг оролцуулж, түүнд болон хариуцагчид нэхэмжлэлийн хувь, нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гардуулж, хуульд заасан ажиллагааг зохих ёсоор явуулсан.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хариуцагчид автомашин зээлээр худалдсан ба худалдан авагчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хэмээн тодорхойлж, түүнээс 11,300,000.00 төгрөг, алданги 4,463,500.00 төгрөг, нийт 15,763,500.00 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж татгалзсан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А нь хариуцагч Дтэй 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хьюндай 15 маркийн 1991 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, ачаа ачих зориулалттай ******* ******* улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг нийт 16,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд худалдан авагч нь 2015 оны 06 дугаар сард гэрээний зүйлийг шилжүүлэн авч, худалдагчид 4,700,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 3-р хуудас/.
Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч тэд 2015 оны 06 дугаар сард энэхүү автомашиныг 16,000,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч, гэрээний зүйлийг шилжүүлсэн болон 4,700,000.00 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.
Хэдийгээр зохигчид шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа ч талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш юм. Учир нь, гэрээний талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон боловч гэрээний зүйл болсон автомашиныг зөвхөн худалдах үеийн шууд үнийг ийнхүү хожим төлөхөөр тохирсон байгаагаас гадна зээлээр худалдан авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авахад бичгээр гэрээ байгуулах талаар тусгайлан шаардлага тавиагүй бөгөөд талууд 2015 оны 06 дугаар сард ийнхүү автомашин худалдах, худалдан авах талаар амаар тохиролцсон тохиролцоогоо хожим бичгээр баталгаажуулсан байх тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-д “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсний дагуу зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-т “талууд төлбөр тооцоо дууссан тухай баримтыг үйлдэж, энэхүү гэрээнд хавсарган улсын бүртгэлд өгч, худалдан авагчид өмчлөлийг шилжүүлнэ” гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.4.-т “худалдагч тал автомашины төлбөр бүрэн төлөгдснөөр өмчлөх эрхийг аливаа татгалзал, тайлбаргүйгээр худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу гэрээний зүйл болох автомашины үнэ бүрэн төлөгдсөн тохиолдолд өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар энэхүү автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д бүртгэгдсэн ба тэрээр уг автомашиныг нэхэмжлэгчид 2014 онд 15,000,000.00 төгрөгөөр худалдсан, тэдгээрийн хооронд төлбөр тооцооны аливаа маргаан байхгүй бөгөөд нэхэмжлэгчийг автомашиныг захиран зарцуулах эрхтэй эсэх талаар маргахгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тухайн автомашины өмчлөх эрхийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1.-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.-д “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаас гадна 254.6.-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1.-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Энэ нь, худалдан авагч тал гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 /зургаа/ сарын дотор илрүүлснээр ийнхүү дээр дурьдсан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болох юм.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд тус автомашинд чанар, аюулгүй байдалд тодорхой баталгаат хугацаа тогтоогоогүй ба хариуцагч тал 2015 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ийнхүү эзэмшиж, ашиглахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх эзэмшигчийн нэрийг өөрчлүүлэх талаар худалдагч талд аливаа гомдлын шаардлага гаргаж байгаагүй ажээ.
Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д “Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байдалд жилийн турш техникийн хяналт хийж гэрчилгээ олгоно” гэж, мөн Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь эзэмшигчийн бүртгэл, түүний өөрчлөлт болон улсын дугаар олгох, техникийн үзүүлэлтийг агуулсан бүртгэл хөтлөхөд шаардлагатай баримт бөгөөд талууд тухайн журамд зааснаар эзэмшигчийг өөрчлүүлэх боломжтой юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу автомашиныг эрхийн доголдолтой гэдгийг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон автомашиныг хариуцагчид 2015 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэгчийг уг автомашиныг өмчлөх эрхтэй хэмээн хүлээн зөвшөөрснөөс гадна хариуцагч тал ийнхүү гэрээний зүйлийг хүлээн авсан өдрөөс хойш хугацаанд худалдагч талд эрхийн доголдолтой гэж гомдол гаргаагүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д худалдан авсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын хугацаанд доголдлыг илрүүлсэн бол хэмээн заасан байгаа ч худалдан авагч гэрээний зүйлийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, улмаар ашиглаж байх хугацаанд эрхийн болон бусад доголдлын талаар мэдэх боломжтой байдаг.
Иймд, талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг эрхийн доголдолтой гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний зүйлийн үнэ 16,000,000.00 төгрөгөөс 4,700,000.00 төгрөгийг төлж, үлдэх 11,300,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Гэтэл талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, тус хуу лдийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Нөгөө талаар тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу худалдан авсан автомашиныг эрхийн доголдолтой гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.-т “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч Агаас хариуцагч Дт холбогдуулан үүрэг зөрчснөөс улбаалан гэрээнээс татгалзах шаардлагыг гаргаагүй ба, харин тэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” тухай шаардлагыг гаргаж байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.-д заасан худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байгааг үндэслэн хариуцагчаас 11,300,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д “худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцно” гэж тохирч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар анзыг хэрэглэхээр болжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6.-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан ба талуудын алдангийн талаарх гэрээний тохиролцоо нь хуульд нийцэж байна.
Нэгэнт хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд зааснаар нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд энэхүү алдангийн хэмжээг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр болох 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тооцоход 4,463,500.00 төгрөг болж байна /11,300,000x0.5%=56,500 /1 хоногийн алданги/ 56,500x79хоног=4,463,500/.
Иймд, шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөр 11,300,000.00 төгрөг, алданги 4,463,500.00 төгрөг, нийт 15,763,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР