| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0351/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/374 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
хохирогч Б.Шагдаржав, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
иргэдийн төлөөлөгч Ц.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанд холбогдох эрүүгийн 1834000000279 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баяндэлгэр суманд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, “Эко алтан заамар” ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг, Баяндэлгэр сум, 12 дугаар баг, Галуут хөндлөн 12 гудамж, 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймгийн Сум дундын Анхан шатны шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЧ87120411 дугаарын регистртэй, Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасан
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын төвд иргэн Д.Батмөнхийн гэрт иргэн Б.Шагдаржавыг нуруун тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******гийн:
Би хэрэг болохын өмнө дүүгийнхээ утсаар ярих гээд аваад уншсан чинь хохирогч Б.Шагдаржав мессеж бичсэн байсан. Тэгээд уншсан чинь би гэртээ ганцаараа байна ирээд миний дэвсгэр болбол бол гэж бичсэн байсан. Мөн хүүхдээ өөр эцэгтэй болго гэж бичсэн байсан. Тэгээд би хүүхдийг нь гаргаж өгөөд олон жил ханилсан байж яагаад ийм зүйл бичсэн юм бол гэж бодсон. Манай дүү хүүхдээ бодоод хоёулаа эвлэрье гэж бичсэн чинь чиний заяа тэр гээд ингэж явахдаа таарна гэж бичсэн байсан. Манай найз намайг нэг шил архи аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би найзындаа очоод архи уучхаад дэлгүүрт Б.Шагдаржавтай 14 цагийн үед таарсан. Тэгээд уулзаж ярилцъя гэсэн чинь уулзахгүй гээд байсан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Шагдаржавын:
Би 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн үед хөдөө явж ирчхээд сумын төвд найзынхаа дэлгүүрт орсон чинь ******* орж ирээд юм ярихгүй байгаад байсан. Тэгээд гараад явахаар нь би явсан юм болов уу гэж бодоод цонхоор хартал байж байсан. Тэгээд ******* буцаж орж ирээд дэлгүүрээс нэг шил архи авсан. Би найз Батмөнх, Сүхболд нартай хамт дэлгүүрээс гарсан чинь араас ******* дуудаад байсан. Би уулзахгүй яваад найз Батмөнхийн гэрт нь очсон. Тэгээд хоол идээд сууж байхад араас хүн цохих шиг болсон чинь манай найз Батмөнх чамайг хутгалчихлаа гэхээр нь эргээд хартал том хутга байсан. Тэгээд би гарж зугтаагаад эмнэлэг орсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч Б.Шагдаржавын /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Г.Долгорсүрэнгийн /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Батхүүгийн /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.Мөнхтуулийн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Б.Сүхболдын /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Д.Батмөнхийн /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Н.Мөнхтуулийн /хх-ийн 87 дугаар хуудас/, сэжигтэн *******гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, яллагдагч *******гийн /хх-ийн 43-45 дугаар хуудас/, яллагдагч *******гийн /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 631 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9855 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын 935 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 52-71 дүгээр хуудас/, эд зүйл, баримт биичг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай баримт /хх-ийн 93-108 дугаар хуудас/, цэргийн төв эмнэлгийн албан тоот, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 109-123 дугаар хуудас/, хохирол нэхэмжлэх тухай баримт /хх-ийн 127-128 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 130-141 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан ...зүйлчлэл буруу, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Сэтгэл санаа нь гэнэт цочрон давчидсаны улмаас хутгалсан учир зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж өөрчилж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг болно.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, өөрчлөх тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Үүнд: Хохирогч Б.Шагдаржав утсаар мессеж бичиж *******гийн дүү Н.Мөнхтуулыг элдвээр доромжилж, дарамталсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч *******гийн санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас тухайн гэмт хэрэг гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үзэж байгаа боловч энэ нь хохирогч Б.Шагдаржавын ...би 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед сумын төв дээр дэлгүүрт найз Батмөнх, Сүхболд нарын хамт ороод байж байтал миний араас ******* согтуу орж ирээд юм ярихгүй зогсож байгаад гараад явсан... ...Тэгээд ******* дахин буцаж орж ирээд нэг шил архи авсан. Би найз Батмөнх, Сүхболд нартай хамт дэлгүүрээс гарсан... ...Батмөнхийн гэрт орсон, хоол идээд сууж байтал хаалга дуугараад хүн орж ирж байгаа сонсогдсон... ...Мөнхнасан орж ирээд миний зүүн мөрөн дээр цохих шиг болоод баруун дал хавьцаа цохих шиг болсон тэгсэн манай найз Батмөнх чамайг хутгалчихлаа гэхээр нь эргээд хартал гарт нь том хутга байгаа харагдсан...,
гэрч Д.Батмөнхийн ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед Б.Сүхболд, Б.Шагдаржав бид гурвуулаа дэлгүүрт зогсож байх үед Мөнхнасан дэлгүүрт орж ирсэн. Тэгэхлээр нь бид гурав зөрөөд гараад явсан. Тэгтэл Мөнхнасан Шагдаржавыг араас дуудсан... ...бид гурав яваад манай гэрт ороод хоол идэх гээд ширээ тойроод сууж байсан гэтэл хаалга дуугарч хүн орж байх шиг болсон би тухайн үед анзаараагүй сууж байсан. Мөнхнасан орж ирээд үгийн зөрөөгүй сууж байсан Шагдаржавын араас хутгалсан... ...Мөнхнасан чиний найзад шангыг нь хүртээж байгаа юм гэсэн...,
гэрч Б.Сүхболдын ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Шагдаржав, Батмөнх бид гурвуулаа найз Батмөнхийн гэрт хоол идэх гэж ороод гал тогооных нь өрөөнд сууж байтал хаалгаар хүн орж ирэх чимээ гарсан. Тэгэхээр нь анзаараагүй сууж байсан чинь Мөнхнасан орж ирээд үгийн зөрөөгүй манай найз Шагдаржавын нуруу хэсэгт нь хутгалсан... ...Мөнхнасан танай найзыг ална, шанг нь хүртээж байгаа юм гээд байсан... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч *******гийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж Б.Шагдаржавыг хутгалсан үйл баримт тогтоогддоггүй ба шүүгдэгч ******* нь дэлгүүрт хохирогч Б.Шагдаржавтай тааралдсан бөгөөд хохирогчийг Батмөнх, Сүхболд нарын хамт Батмөнхийн гэрт байхад араас нь хутга барьж орж ирээд үгийн зөрөөгүй шууд хутгалсан, мөн гэрч Д.Батмөнх, Б.Сүхболд нарыг “чи яаж байгаа юм бэ, хүн алчихлаа шүү дээ” гэхэд “найзад чинь шангыг нь хүртээж байгаа юм” гэж хариулж байгаа байдлаас тухайн гэмт хэргийг өөрийн төрсөн дүү Н.Мөнхтуулыг элдвээр доромжилж, дарамталж байгаагаас үүдэлтэй өс хонзон санасан санаатай хийсэн үйлдэл гэж үзэхээр байна.
Мөн гэрч Д.Батмөнх, Б.Сүхболд нарын өгсөн ...Мөнхнасан танай найзыг ална, шанг нь хүртээж байгаа юм гээд байсан... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч ******* нь хохирогч Б.Шагдаржавыг хутгалж байгаа нь түүний эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, амь насанд нь аюултай байдал үүснэ гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн үйлдэл юм.
Тэгээд ч санаа сэтгэл хүчтэй цочрон давчидах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэнтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлдэг ба шүүгдэгч *******гийн хувьд тухайн өдөр хохирогч Б.Шагдаржавтай дэлгүүрт тааралдаж, улмаар Д.Батмөнхийн гэрт ороход нь араас орж ирээд хутгалж байгаа нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидах болон гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт нэг цаг хугацаанд нэгэн зэрэг үүссэн байх ёстой.
Иймд эдгээр дээр авагдсан мэдүүлгийн болон бусад нөхцөл байдлуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Тиймээс Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1834000000279 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч *******гийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д.Батмөнхийн гэрт орж ирээд үгийн зөрөөгүй хохирогч Б.Шагдаржавыг араас нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Шагдаржавын ...бид нар гал тогоонд сууж байсан ба би хаалганы хажууд хаалга руу нуруугаа харуулаад сууж байтал араас ******* орж ирээд миний зүүн мөрөн дээр нэг цохих шиг болоод баруун дал хавьцаа цохих шиг болсон. Тэгсэн манай найз Батмөнх чамайг хутгалчихлаа гэхээр нь эргээд хартал гарт нь том хутга байгаа харагдсан... ...******* дахин над дээр ирж байна гээд Батмөнх намайг орхиод *******г бариад авсан... ...би урьд өмнө нь *******гийн төрсөн дүү Мөнхтуултай хамтран амьдардаг байж байгаад, дундаасаа нэг охинтой болсон ба одоо охин 5 настай бид хоёр 2015 онд салсан бөгөөд тэрэн дээр л юм санасан юм болов уу гэж бодож байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч Г.Долгорсүрэнгийн ...манай нөхөр ******* хутга барьчихсан гэрт орж ирснээ намайг уучлаарай гэж хэлээд буцаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь гадаа гараад би Шаагааг хутгалчихлаа гэсэн... ...*******гийн барьж байсан хутгийг булаан аваад грашны дээвэр рүү шидчихсэн... /хх-ийн 16 дугаар хуудас/,
гэрч Б.Батхүүгийн ...орой 18 цагийн үед ажлаа тараад эхнэр бид хоёр гэртээ байх үед манай гэрт 18 цагийн үед ******* орж ирээд гараад явсан... ...цонхоороо хараад гадаа гарсан чинь Баагий, Мөнхнасан хоёр манай гэрээс нилээд урд явж байсан. Тухайн үед Мөнхнасан гартаа хутга барьсан алхаж байсан... ...Манайх үүдний таампартаа хоолоо хийдэг юм. ******* манай хутгыг аваад гарсан байсан байна лээ. Тухайн үед ******* манай гэрээс хутга аваад гарахыг анзаарч хараагүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Н.Мөнхтуулийн ...Би төрсөн ах *******д Шагдаржав намайг мессежээр элдэв янзаар хэлж доромжлоод байна гэж хэлж байгаагүй. Харин сумын төв дээр ******* ах манай охин бид гурав явж байсан чинь манай охин Шагдаржавыг хараад ааваа гэж хэлээд өөдөөс нь гүйгээд очсон юм. Тэгтэл Шагдаржав надад чатаар хүүхдээ над руу битгий гүйлгээд бай гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр үгийг нь ах *******д хэлсэн. Тэгсэн ******* ах аймар гайхсан байдалтай хүлээж авснаа чи Шагдаржавтай битгий харьцаж бай гэж надад хэлсэн юм. Тэр үед манай ах миний охиныг ргадаад дэлгүүр яваад зайрмаг авч ирээд манай охиныг тайвшруулж байсан юм... ...хэрэг болохын өмнөх өдөр Мөнхнасан ах миний утсыг түр зуур хүнтэй яриад өгье гэхээр нь өгсөн ба тэр үед манай ах миний утасны мессенжир дээр байсан Шагдаржав бид хоёрын чатыг олж уншсан байсныг би сүүлд мэдсэн юм. Тэр мессежир дээр бид хоёрын хэрэлдсэн намайг доромжилсон гээд бүх мессежийг уншсан гэж хэрэг болсны дараа цагдан хорихоос гарч ирээд Мөнхнасан ах надад хэлж байсан юм... /хх-ийн 18, 87 дугаар хуудас/,
гэрч Б.Сүхболдын ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Шагдаржав, Батмөнх бид гуравуулаа найз Батмөнхийн гэрт хоол идэх гэж ороод гал тогооных нь өрөөнд сууж байтал хаалгаар хүн орж ирэх чимээ гарсан. Тэгэхээр нь анзаарахгүй сууж байсан чинь Мөнхнасан орж ирээд үгийн зөрүүгүй манай найз Шагдаржавын нуруу хэсэгт нь хутгалсан... ...Харин Батмөнх бид хоёр Мөнхнасанг ална гээд дайрахаар нь хаалгыг нь хэсэг дарж байгаад найз Шагдаржавын араас явсан. Тэгсэн Мөнхнасан бид хоёрын араас гарч ирээд “танай найзыг ална шанг нь хүртээж байгаа юм” гээд байсан... ...Мөнхнасан Шагдаржавыг дахиад ална гээд явж байсан... ...би Шагдаржавыг эмнэлэг рүү оруулаад Батмөнх, *******г хорьж зогсоосон... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч Д.Батмөнхийн ...бид гурав яваад манай гэрт ороод хоол идэх гээд ширээ тойроод сууж байсан. Тэгтэл хаалга дуугарч хүн орж ирж байх шиг болсон. Би тухайн үед анзаараагүй сууж байсан. Мөнхнасан орж ирээд үгийн зөрөөгүй сууж байсан Шагдаржавын араас хутгалсан... ...Мөнхнасан ална гэж орилохоор нь би хаалга дарж хэсэг хугацаанд зогссон... ...араас Мөнхнасан хутга барьсан гарч ирэхээр нь би “чи яаж байгаа юм бэ, хүн алчихлаа ш дээ” гэсэн чинь “чиний найзад шангыг нь хүртээж байгаа юм” гэсэн... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 631 дугаартай ...Б.Шагдаржавын биед цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, өрц хатгагдсан шарх, цээж хэвлийн хөндийн цус алдалт, нуруунд шарх... бүхий хүнд хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9855 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн ажлын хэсгийн урт нь 15 см, нийт урт нь 26 см хүрэн өнгийн судалтай шар өнгийн бариултай хутга нь шинжилгээнд тэнцэж байна... ...Уг хутга дээр цус илэрч байна... ...Илэрсэн цус нь хүний цус байна... ...илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D16S539, CSF1PO8, Penta D, Vwa. D8s1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов... гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
шүүх сэтгэц эмгэг судлалын 935 дугаартай ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна... ...******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. ******* нь өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдэн хянах чадвартай байсан байна... ...******* нь мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12 дугаар хуудас/, цэргийн төв эмнэлгийн албан тоот, өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 109-123 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн прокурорын газарт гаргасан 13.235.600 төгрөгийн хохирол нэхэмжлэх тухай баримт /хх-ийн 127-128 дугаар хуудас/, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 52-71 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******гийн хохирогч Б.Шагдаржавыг Д.Батмөнхийн гэрт байхад нь хутга барин гэрт нь орж үгийн зөрөөгүй хутгалсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирол, хор уршигтай үр дагаврын хоорондох шалтгаан холбоог бий болгосон зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Шагдаржавын эрүүл мэндэд цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, өрц хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цус алдалд, нуруунд шарх... бүхий хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Б.Шагдаржав нь шүүгдэгч *******гаас хавтас хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан баримтаар олох ёстой байсан орлого 11.555.000 /арван нэгэн сая таван зуун тавин таван мянга/ төгрөг, эмчилгээний зардал 909.000 /есөн зуун есөн мянга/ төгрөг, замын зардал 543.600 /таван зуун дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөг, бусад зардал 228.000 /хоёр зуун хорин найман мянга/ төгрөг, нийт 13.235.600 /арван гурван сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуу/ төгрөг нэхэмжилдэг.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн нэхэмжилсэн 13.235.600 /арван гурван сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуу/ төгрөгөөс 10.000.000 /арван сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн, үлдэх 3.235.600 /гурван сая хоёр зуун гучин таван мянга зургаан зуу/ төгрөгийг хохирогч, шүүгдэгч нар хоорондоо тохиролцсон талаар тус тус мэдүүлдэг ба хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болох нь өөрийх нь прокурорын газарт бичгээр гаргасан 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогддог тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Харин шүүх хавтас хэрэгт авагдсан бусад хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд хохирогч нь хавтас хэргийн 127 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч ******* нь миний хохирлыг төлсөн гэж гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хуванцар иштэй, нийт 16.5 см урттай, 12 см урт бариултай, 14.5 см урт ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасангийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасан нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Насанбаярын Мөнхнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Ш.ГАНДАНСҮРЭН