Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 3862

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: байрлах, “Ж.М” ХХК -ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: Л.А-д холбогдох,

300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.А нь манай компанитай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1165166 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийн урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 20,000 төгрөг төлсөн, дараа нь 1 удаа 20,000 төгрөгийн төлөлт хийгдээд Л.А нь одоогийн байдлаар манай компанид төхөөрөмжийн үнэ 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Л.Аас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5,3-т заасны дагуу 954 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

1 жилийн хугацаанд ашиглах 120 гегабайт датаг урамшуулал болгон өгсөн боловч өөрсдөө сар бүр 20,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй учир дата хэрэглээг нь хязгаарласан. Мөнгөө төлөөд тухайн датаг ашиглах боломжтой байсан боловч өөрсдийнх нь буруугаас шалтгаалж 1 жилийн хугацаа нь дууссан учир одоо үлдэх датаг сэргээж өгөх боломжгүй ...” гэв.

Хариуцагч Л.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Анх нэхэмжлэгч байгууллага нь 1 жилийн хугацаанд 120 гегабайт дата бүрэн ашиглах боломжтой гэж гэрээ хийж өгсөн боловч 3 сарын дотор хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Баянцээлийн салбараас очиж асуусан боловч нөхөж олгох боломжгүй гэсэн хариу гаргасан. Ингээд 3 сарын төлбөр төлөөд бусдыг нь төлөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, алданги төлөхгүй. Нэхэмжлэгч “Ж.М” ХХК нь мөн хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж байна.

Уг төхөөрөмжийг авсан нь үнэн боловч одоо ч гэсэн 4-5 хүн интернэтэд хандахад гацдаг, 120 гегабайт датаг нь бүрэн ашиглаагүй, одоо сэргээж өгвөл мөнгөө сар бүр төлж болох юм. Манай хүүхдийн 1 удаа төлсөн 20,000 төгрөгийг тооцоогүй байна. Төхөөрөмжийн үнэ 200,000 төгрөг болон алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг төлөхгүй ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК хариуцагч Л.Ад холбогдуулан “зээлээр худалдсан төхөөрөмжийн үнэд 200,000 төгрөг, алдангид 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.А “төхөөрөмж гацдаг, датагаа сэргээж өгвөл төлнө” гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ж.М” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр NP10 маркийн NA014676 дугаар сериал номертой интернэт ашиглах төхөөрөмжийг хариуцагч Л.Ад хүлээлгэн өгсөн,  Л.А урьдчилгаа 20,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 220,000 төгрөгийг 11 сарын хугацаанд тогтоосон өдөр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээл төлөх хуваарь зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Л.А 2014.12.17-ны өдөр 20,000 төгрөг төлж, үлдэх 200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний хугацаа дууссан болох нь зээл төлөх хуваарь, зохигчийн тайлбар, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Л.А төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

“Ж.М” ХХК-иас төхөөрөмж худалдан авсны урамшуулалд Л.Ад 120 гегабайт хэрэглэх эрхтэй 98471123 дугаарыг өгсөн болох нь гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба урамшуулалд өгсөн датаг бүрэн ашиглаагүй гэх үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй ба уг датаг хэрэглэгч ашиглах, эс ашиглах нь түүний эрх байна.

 Хариуцагч ... 120 гегабайт датагаа бүрэн ашиглаагүй, нөхөж олговол төлнө... гэх боловч гэрээний 4.3-т заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр Л.Аюурзанын дата эрхтэй 98471123 дугаарыг компани түр хааснаас 120 гегабайтын дата эрх хэрэглэх 1 жилийн урамшуулалт хугацаа 2015 оны 11 сарын 13-нд дууссанд “Ж.М” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцэж байх тул алданги гаргуулах үндэслэлтэй байна.

11 удаагийн төлөлт тус бүр 20,000 төгрөгөөс 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бодоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 100,000 төгрөгөөс хэтэрч байх боловч хариуцагчийн ... интернэт төхөөрөмж 4-5 хүн зэрэг хандахаар гацдаг, 120 гегабайт датагаа бүрэн ашиглаж чадаагүй... гэсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг шүүх 20,000 төгрөг болгож багасгахаар шийдвэрлэв.

Хариуцагч Л.А хүүхэд 1 удаа 20,000 төгрөг төлсөн гэж байх боловч баримтгүй учраас хасаж тооцох боломжгүй, хэрэв баримтаа олбол “Ж.М” ХХК-д хандан хасуулах боломжтой болно.

Иймд хариуцагч Л.Аас худалдсан төхөөрөмжийн үнэд 200,000 төгрөг, алдангид 20,000 төгрөг, нийт 220,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж.М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 80,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Аас 220,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж.М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 80,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Аас улсын тэмдэгтийн хураамжид 6,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж.М” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭЦЭГ