Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 3931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б,

Т.О  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А,

Хариуцагч: Д.Н нарт холбогдох,

“16,850,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, хариуцагч Г.А, Д.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О, А.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Т.О, А.Б нар нь эхнэр, нөхөр бөгөөд 2014 оны 10 сарын 15-ны өдөр Г.А, Д.Н нартай харилцан тохиролцож Нарантуул захын хуучин хүнсний зах дотор эзэмшдэг байсан 826 тоотын павильоныг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 15,000,000 төгрөг аваад үлдэгдэл төлбөрөө тухайн хүнсний захын үйл ажиллагаа эхлэхээр авахаар тохиролцсон. Уг хүнсний зах 2016 оны 1 сард ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч А.Б нь өөрийн нэр дээр бүртгэлтэй лангуугаа Г.А, Д.Н нарын нэр дээр шилжүүлэх хүсэлтийг нотариатаар гэрчлүүлэн Нарантуул захын захиргаанд гаргаж нэрийг нь шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө өгөөгүй байна. Мөн 2016.09.15-ны өдөр Д.Н, Г.А нарт мөнгөний хэрэг гараад байна гэснийх нь дагуу 940 вон буюу 1,850,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна. Иймд павильон худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, зээлийн төлбөр 1,850,000 төгрөг буюу нийт 16,850,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.О нь Нарантуул худалдааны төвийн хүнсний захын байцаагчаар ажиллаж байхдаа нөхөр А.Батсоёмбын нэр дээрх тус төвийн хүнсний зах дотор байрлалтай 826 тоот павильоныг Д.Н, Г.А бид нарт 30,000,000 төгрөгөөр худалдахаар болж 2014.10.15-ны өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хүнсний зах ашиглалтад орж түлхүүр гардаж авсны дараа авахаар тохиролцон гарын үсэг зуралцсан юм. Гэтэл 1 жил өнгөрсний дараа Т.О бидэнтэй уулзаж, би та нарт павильоноо хямдхан зарсан байна, 30 саяар зарахаа болилоо гэсэн тул бид нар үүнээс өндөр үнээр авч чадахгүй, машинаа зарж, эд зүйлээ ломбардад тавьж, хүнээс зээлж байж өгсөн учир мөнгөө буцааж авъя, бид нараас авсан мөнгөө яаралтай буцааж өг гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд би павильоноо 60,000,000 төгрөгөөр заръя, тэгээд та хоёроос авсан мөнгөө хүү алдангитай тооцож, 30,000,000 болгож өгье гэж гуйж байгаад 2015.10.29-ний өдөр Т.О, түүний нөхөр А.Б болон Д.Н, Г.А бид 4 гарын үсэг зурсан юм. 15,000,000 төгрөг шүүхэд нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй энэ шаардлага нь огт үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна. Дээрх тохиролцооны дараа Т.О нь павильоноо зарах гэж маш олон хүнд санал болгож, зарлаж байсан, гэвч хэн ч аваагүй. Т.О бид хоёрыг хохироосон гэдгээ зөвшөөрч 1,850,000 төгрөг өгсөн нь үнэн, Г.А бид 2 уг мөнгийг хувааж авсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ...” гэв.

Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Нгийн ярьж байгаа бүгд үнэн. Уг павильон Нарантуул захын өмч хөрөнгө бөгөөд түрээсийн лангууг бусдад зарж болохгүй учир Т.Отай бид 2 тохироод хэлцэл гэж бичээд 15 сая төгрөгөө өгсөн. Бид Т.Од өгсөн 15,000,000 төгрөгөө байнга нэхэж энэ талаараа тус төвийн удирдлагад хэлж гомдол гаргаж байсан учир нэг удаа Солонгос яваад ирлээ, надад энэ л байна гээд 940,000 вон буюу 1,850,000 төгрөг өгч байсан юм. Бидний зүгээс аргаа барахдаа Т.Од өгсөн мөнгөө олж авахын тулд дээрх 826 павильоныг 2016.10.21-ний өдөр Ч.Болор гэдэг хүний нэр дээр шилжуүлж өгч, 20,000,000 төгрөг авсан. Энэ үедээ Нарантуул худалдааны төвийн удирдлагад үнэн байдлаа хэлж нэр шилжүүлж байсан юм. Т.О, А.Б нар ч энэ тухай сайн мэдэж байгаа юм. Гэтэл энэ үйл явдлаас хойш бүтэн жилийн дараа ямарч үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.

           

            Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О, А.Б нар хариуцагч Д.Н, Г.А нарт холбогдуулан “павильон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг, зээлийн үүрэгт 1,850,000 төгрөг, нийт 16,850,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар “павильоныг Т.О, А.Б нар худалдах эрхгүй, “Нарантуул трейд” ХХК-ийн өмч хөрөнгө, павильоныг ашиглаагүй, мөнгө зээлээгүй, 1,850,000 төгрөгийг бидний хохиролд өгсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“Нарантуул трейд” ХХК-ийн хүнсний захын 82б тоот павильоны өмчлөгч нь “Нарантуул трейд” ХХК, нэхэмжлэгч А.Б 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Нарантуул трейд” ХХК-ийн хүнсний захын 82б тоот павильоныг түрээслэх эрхтэй байхдаа хариуцагч Г.А, Д.Н нарт 30,000,000 төгрөгөөр худалдахаар хэлцэл байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн 5-6-р хуудсан дахь мөнгө хүлээлцсэн баримт, баталгаа гэх баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Гэвч нэхэмжлэгч нар уг павильоныг өмчлөх эрхтэй, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д заасны дагуу түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дамжуулан түрээслэх эрхтэй болох нь баримтаар тогтоогдохгүй, худалдах болон дамжуулан түрээслэх эрхгүй болох нь “Нарантуул трейд” ХХК-ийн 2017 оны 12 сарын 6-ны өдрийн ГБ-17/134 дугаартай албан бичиг, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал 2014 оны 10 сарын 15-ны байдлаар уг павильоныг түрээслэх эрхтэй байсан боловч энэ эрхээ бусдад дамжуулан түрээслүүлэх болон худалдах эрхийг “Нарантуул трейд” ХХК-иас авснаа баримтаар нотолж чадахгүй байх тул хариуцагч нараас “Нарантуул трейд” ХХК-ийн хүнсний захын 82б тоот павильоныг худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагч Г.А, Д.Н  нараас 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б, Т.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Т.О 2016 оны 9 сарын 15-нд Д.Нд Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт болох 940,000 вон буюу Монгол Улсын мөнгөөр тооцвол 1,850,000 төгрөг өгсөн нь Т.О, Д.Н нарын хооронд хүлээлцсэн мөнгөний баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Н ... Г.А бид хоёр А.Б, Т.О нарт 15,000,000 төгрөг өгөөд зээлийн хүүд мөнгө төлж их хохирсон, 1,850,000 төгрөгийг зээлж аваагүй, бид хоёрыг хохироосноо хүлээн зөвшөөрч хохиролд тооцон өгсөн ба Г.А бид хоёр тэнцүү хувааж авсан... гэж тайлбарлаж байна.

Т.О Д.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдохгүй, харин Т.Оаас хариуцагч нарт “хохиролд” гэж өгсөн нь хариуцагч нарын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Г.А, Д.Н нар “Нарантуул трейд” ХХК-ийн хүнсний захын 82б тоот павилоныг А.Б, Т.О нар худалдах эрхгүйг мэдсээр байж 15,000,000 төгрөг өгсөн байх тул хариуцагч Г.А, Д.Н нарын ... бид 15,000,000 төгрөг хүүтэй зээлж их хохирсон... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй учир гэрээнээс учирсан хохирол тооцогдох хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Т.О хариуцагч Г.А, Д.Н нараас 1,850,000 төгрөгийг шаардах эрхтэй, Г.А, Д.Н нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч нар 1,850,000 төгрөгийг тэнцүү хуваан авснаа хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Г.А, Д.Н нараас тус тус 925,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Од олгох нь зүйтэй.

Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч Г.Ааас 925,000 төгрөг, хариуцагч Д.Нгаас 925,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Од олгож, нэхэмжлэлээс Г.А, Д.Н нараас 15,000,000 төгрөг гаргуулах тухай А.Б, Т.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Г.А, Д.Н нар Ч.Болороос 20,000,000 төгрөг авсан, маргаан бүхий павильоныг Ч.Болор түрээслэж байгаа талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас 925,000 төгрөг, хариуцагч Д.Нгаас 925,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Од олгож, Г.А, Д.Н нараас 15,000,000 төгрөг гаргуулах тухай А.Б, Т.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 242,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгаас 26,750 төгрөг, хариуцагч Г.Ааас 26,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ