| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/04717/И |
| Дугаар | 4026 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 4026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Г-д холбогдох,
“42,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И Эн Пи” ХХК-ийн захиалгаар 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Захиалгаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилэн фасад, вакуум цонх нийлүүлэх угсрах ажил гүйцэтгэсэн. Манай компани ажлын үлдэгдэл хөлсөндөө Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж 81-р байр 24 тоот орон сууцыг 47,896,930 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан. Гэтэл Баянгол дүүргийн тамгын газрын 2 дугаар өргөтгөлийн хөөсөн фасадын ажлыг гүйцэтгэж байсан Н.Гнь надтай уулзаж би орон сууц худалдаж авна гэж төлөвлөж байгаа юм. Баянгол дүүргийн тамгын газраас ажлын хөлс 14,000,000 төгрөг авна дээрээс нь хашаа байшингаа зараад энэ орон сууцыг чинь худалдаж авъя гэж гуйгаад салахгүй болохоор зөвшөөрч мөнгөө үл хөдлөхийн гэрчилгээ гарахаас өмнө төлж дуусгахаар тохирч И Эн Пи” ХХК-иас шууд Найдангийн Гантулгын нэр дээр 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 81-р байр 24 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Тухай үед Н.Гбайрны мөнгийг үл хөдлөхийн гэрчилгээ гарахаас өмнө хурдан хугацаанд өгнө гэж тохиролцсон боловч 14,500,000 төгрөг өгснөөс хойш одоог хүртэл үлдэгдэл 33,396,930 өгөөгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.”Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Монгол банкны арилжааны банкны 2015 оны 9 сарын зээлийн дундаж хүү 18.7 бөгөөд 33,396,930 төгрийн 2 жилийн хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа хүүний төлбөр 12,490,451 болсон. Үүнээс 8,603,070 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Н.Гаас орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 33,396,930 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хүү 8,603,070 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийг Н.Гас гаргуулж өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Н.Гд холбогдуулан “худалдсан байрны үлдэгдэл төлбөр 33,396,930 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хүү 8,603,070 төгрөг, нийт 42,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Гд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“Б” ХХК “И эн Пи” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 сарын 2-ны өдрийн 14-012 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол 81-р байрны 24 тоот 25,89 м.кв 1 өрөө орон сууцыг аван өмчлөх эрхтэй болсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, “И эн Пи” ХХК болон “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 сарын 2-ны өдрийн 14-012 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, “И Эн Пи” ХХК-ийн 2017.10.09-ний 018 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол 81-р байрны 24 тоот 25,89 м.кв 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй “Б” ХХК уг орон сууцаа 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Гд 47,896,930 төгрөгөөр худалдахаар тохиролцож амаар гэрээ байгуулан өмчлөгчөөр Н.Г-ыг улсын бүртгэлийн Ү-2204074363 дугаарт бүртгүүлэн 000438648 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн, орон сууцыг түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг 14-р хороо 14-р хороолол 81-р байрны 24 тоот 25,89 м.кв 1 өрөө орон сууцыг Н.Гөмчлөгч болохыг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, “И Эн Пи” ХХК-ийн 2017.10.09-ний 018 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Н.Г14,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 33,396,930 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтад талууд маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч Н.Гхудалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан орон сууцны хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул орон сууцны үнэ 33,396,930 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Талууд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээх талаар гэрээгээр тохиролцоогүй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хүү тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгч талын ... мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн хүүд орон сууцны төлөөгүй 33,396,930 төгрөгийг жилийн 18.7 хувиар, 2 жилээр тооцон 12,490,451 төгрөг болохоос 8,603,070 төгрөгийг гаргуулах... гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд хариуцагч Н.Гас 33,396,930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,603,070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч Н.Гд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хариуцагч талын өмгөөлөгч сонгон шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гас 33,396,930 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,603,070 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гас 324,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/19448 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ