| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/04352/и |
| Дугаар | 3826 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 3826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний дагуу төлвөл зохих 55,300,000 төгрөгийг орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрээр төлөх байсан хугацаа буюу 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3,682,980 төгрөг, хохирол 1,023,050 төгрөг, нийт 4,706,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““Ц” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014, 2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Иргэн А нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас орон сууцны захиалгын гэрээг байгуулан орон сууц захиалж, урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцон орон сууцандаа орсон. Иргэн А нь манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний хавсралт 1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөрийг төлөх байсан боловч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 329 хоногийн хугацаа хэтрэлттэй, үлдэгдэл төлбөр болох 55,300,000 төгрөг төлөгдөөгүй. “Ц” ХХК нь орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхийг А д утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлэн, мөн биечлэн уулзаж мэдэгдсэн боловч А нь төлбөрөө төлөхгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээг цуцалж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оын 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орон сууцаа чөлөөлж, компанийн санхүүгийн албатай холбогдож тооцоо нийлэхийг түүнд мэдэгдсэн. Гэвч хариуцагч А нь өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж, компанийн санхүүгийн албатай тооцоо нийлээгүй болно. Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч А аас Иргэний хууль, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №230/4 тоот орон сууц захиалгын гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, хавсралт №1-д заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 329 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.4 заалтууд болон тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 заалтыг үндэслэн 5,458,110 төгрөгийн алданги гаргуулах, хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, хавсралт №1-д заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5, 232.4 заалтууд болон орон сууц захиалгын гэрээний 3.9, 4.5 заалтуудыг үндэслэн 8,551,044 төгрөгийн торгууль гаргуулах, орон сууц захиалгын гэрээний 2.4, 3.6, 3.7 заалтууд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үүрэг хожим дуусгавар болсон тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 88а байрны 36 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлэхийг даалгах, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заалтыг үндэслэн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 88а байр 36 тоот орон сууцнаас албадан гаргуулах, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 заалтыг үндэслэн анх хүлээлгэн өгсөн байдлаар орон сууцыг сэргээн засварлах зардал 5,596,867 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого буюу Иргэний хуулийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 заалтыг үндэслэн 329 хоног хэтэрсэн хугацаанд тохирсон 3,638,740 төгрөгийн хүүг гаргуулах шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч А нь Орон сууц захиалгын гэрээний дагуу төлвөл зохих 55,300,000 төгрөгийг орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрээр төлөх байсан хугацаа буюу 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс хойш 2017 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3,682,980 төгрөг, хохирол 1,023,050 төгрөг, нийт 4,706,030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч нь манай 2015 онд ашиглалтад орсон 432 айлын орон сууцнаас 43.2 м.кв орон сууцыг нийт 79,056,000 төгрөгөөр худалдан авахаар захиалаад, 2016 оны 1 сарын 8-нд орон сууцны гэрээ байгуулсан. 100 хувийн төлөлтийн 15 хувийг өөрөө, 15 хувийн төлөлтийг Улаанбаатар сангаар тухайн үеийн төрийн албан хаагч нар дунд шалгаруулалт явагдаад шалгарсан нэг ажилтандаа олгосноор шийдсэн. 70 хувь болох 55,300,000 төгрөгийг Капитал банкнаас 5 хувийн зээлээр төлөхөөр болсон. Гэрээ байгуулснаас хойш Капитал банкнаас зээлийн мөнгө нь орж ирээгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 6 сарын 14-ны өдрийн А/122 журам үйлчилж байсан, энэ журам 2016 оны 3 сарын 11-ны өдрийг хүртэл хэрэгжсэн ба уг журмын 3.1 болон 5.2-т заасан хэсэгт ипотекийн зээлийн жилийн хүү нь 8 дээр нэмэх, хасах 1 гэж заагдсан байсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан үед 8 хувийн зээлийн үйлчилгээ байсан гэсэн үг. Энэ хүн гэрээ хийх үед 2013 оны 9 сарын 27-ны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон сууцны сангийн нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад буцалтгүй тусламж үзүүлэх болон зээл олгох журам гэдэгт заагдсан шалгуурыг хангаж байж, тухайн үед сонгогдоод манайтай гэрээ хийсэн байгаа юм. Уг журмын 4.5-д зээлдэгч нь Арилжааны банкны шаардлагыг хангасан байна гэсэн байгаа. Энэ хүн тэгэхээр 8 хувийн зээлд хамрагдана гэдгээ мэдэх боломжтой байсан гэсэн үг. Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 сарын 11 өдрийн А/67 тушаалаар журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ журамд заагдсанаар ипотекийн зээлийн гэрээд хамаарагдах гэж байгаа бол зээл хүсэгчийн нэр дээр нь бүртгэгдсэн байх ёстой гэснээс үүдээд гэрчилгээг гаргаж өгсөн. Ингээд 2016 оны 5 сарын 5-нд энэ хүний бичиг баримт нь хангагдсан. Манайтай харилцаатай Капитал банкинд 5 хувийн зээлийн хэрэгжилт үйлчилж эхэлсэн болохоор банкинд хандахыг хэлсэн. Монгол банкнаас 5 хувийн зээлийн санхүүжилт зогссоноор 9 сард бүх банк зээлээ олгохоо зогсоосон байсан. Капитал банк нь манайд 11 сарын 22-нд 5 хувийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Бид энэ хүмүүст мэдэгдсэн, гэрээгээр бол 7 хоногийн дотор хийх ёстой тул энэ асуудлаа яаралтай шийдэхийг хэлсэн. Манайх хүлээцтэй хандсан. 3 сард Монгол банкнаас албан ёсны журам гарсан. Энэ үед 8 хувийн зээл бол үйлчилж байсан, 8 хувийн зээлийн үйлчилгээнд хамрагдах боломж нь байсан. Энэ бүх хугацаанд үйлчилж байсан бүх журманд барьцаа эд хөрөнгө нь зээлдэгчийн нэр дээр байхыг шаарддаг үүднээс гэрчилгээг гаргаж өгсөн. 5 хувиар орох байхад 8 хувиар орох болсноор хохирлоо гэдэг үндэс байхгүй. 5 хувь нь боломжгүй гээд төрийн байгууллага мэдэгдэл өгсөн. Энэ хүн манайд хандахдаа 8 хувийн зээлийн хэрэгжилтийн хугацаанд хандаж гэрээ хийсэн. Харин 5 хувь гарч ирсэнээр давуу байдал үүссэн. Манайд хувийн хэмжээ бол хамааралгүй, хэдэн ч хувиар байсан 55,300,000 төгрөгийг төлөх ёстой. Харин таныг 5 хувьд орчихоосой гээд бид хүлээцтэй хандсан. Монгол банк энэ иргэдийг хүлээж аваад уулзсан байдаг. Тэгээд энэ иргэдийн зээлийг 5 хувиар гаргах боломжгүй, 8 хувиар л гаргана гээд 27 иргэдийн мэдээлэлтэй хамт Капитал банкинд хүргүүлсэн байсан. Бид эдгээр иргэдийг хүлээж авч уулзаад 8 хувийн зээлд ороод хохиролгүй болгоод, дараа нь өмгөөлөгч аваад 5 хувийн зээлийн асуудлаа хөөцөлдөх боломжтой, би өмгөөлөгчийнх нь мөнгийг гаргана гэж хэлсэн. Энэ хүнтэй ижил асуудалтай 15 хүн 8 хувийн зээлд хамрагдаад байраа авсан байхад энэ хүн тэгээгүй. А болон хэсэг иргэд үнэгүй байранд суухыг л урьтал болгосон бөгөөд манай тал шүүхэд хандахад л 8 хувийн зээлд хамрагдаж байгаа юм. Манайх гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг гаргаж өгсөн. Ипотекийн зээл гэдэг бол байр таны нэр байгаа тохиолдолд санхүүжилт нь орж ирдэг байгаа. Манайх Капитал банктай гэрээ хийх талаар хэлээгүй. Энэ хүн өөрөө зээл авах хүсэлтээ өгсөн. Манайх 1,840,000 төгрөгөөр үнэлж байхад, Капитал банк мөн адил үнэлж байгаа болохоор л энэ хүн сонгосон. Иймд гэрээний дагуу алдангиа тооцох ёстой гэж үзэж байна. Гэрээний дагуу бол энэ хүнээс 9 сая гаруй төгрөг гаргуулах ёстой. Харин ч нөхцөл байдлыг нь ойлгоод 50 хувиар бууруулж тооцсон гэдгийг энэ хүн ойлгох ёстой. Монгол банкнаас 5 хувь боломжгүй, 8 хувийн зээлээ олгоод яв гэсэн хариу мэдэгдэл ирсэн байдаг. Ингээд 3 сарын 21-ээс алдангиа тооцоод 10 сараар тасалбар болгосон. Манайх хуулийн этгээд, байгууллага дээр ипотекийн зээлийн гэрээгээр цугласан мөнгөө харилцагч банкиндаа байршуулдаг, бодогддог хүү маань жилийн 13-аас дээш хүүтэй байгаа. гэхдээ хариуцагчийн хувьд энэ хүүгээр бодоогүй. Хугацаагүй хадгаламжаар тооцоод, Иргэний хуулийн 222.5, 227.3, 229.1-ийг үндэслээд хоногийн 0.1, сарын 0.3, жилийн 3.6 хувиар тооцож өгсөн хүү болох 1,023,050 төгрөг, нийт 4,706,950 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэв. .
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Мөнхөө овогтой Алтанзаан миний бие нь “Ц” ХХК-ийн дахин төлөвлөлтийн байрнаас захиалж авсан. Төрийн сангийн санхүүжилтээр төлөхөөр болсон. Төрийн сангийн санхүүжилтийн 15 хувьд хамрагдахын тулд дахин төлөвлөлтийн, 5 хувийн зээлэнд орох шаардлагатай болсон. “Ц” ХХК-иас 42.8 м.кв байр ипотекийн зээлээр авсан. Тухайн үед зээлийн банкаа “Ц” ХХК-тай хамтран ажиллаж байгаа Капитал банкыг сонгосон. Материалаа бүрдүүлж өгөөд 2016 оны 05 дугаар сарын 12-ны шийдвэрээр 5 хувийн зээлийн шалгуурыг хангасан. Гэвч Капитал банк Монгол банкнаас санхүүжилт байхгүй буюу орж ирээгүй шалтгаанаар зээлийг минь шийдэж өгөөгүй одоог хүрсэн. Монгол банкнаас гарсан А/64 тогтоолд 2016 оны 9 сарын 15-аас өмнө зээлийн материалаа өгсөн хүмүүсийг 5 хувьд оруулна, үүнээс хойшихийг 8 хувьд оруулна гэсэн шийдвэр гарсан байсан. Банкыг бол надад борлуулалтын албаны ажилтан нь манайх Капитал банктай харилцдаг гэсэн санал тавьсан болохоор зээл маань хурдан шийдэгдэх байх гэж бодсон. 5 болон 8 хувийн зээлийн хооронд надад 16,000,000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Бидний “Ц” ХХК-иас байр авсан хэсэг оршин суугчид зээлээ 5 хувиар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Энэ хугацаа хүртэл 5 хувь хүчингүй болж 8 хувь шийдвэрлэх саналыг “Ц” ХХК мэдэгдсэн. Миний зээл Засгийн газрын 5 хувийн хууль тогтоомжийн дагуу цаг хугацаанд нь багтаж шийдвэр гарсан. 5 хувиар авах хүсэлтэй байсан. Одоог хүртэл асуудал шийдэгдээгүй тул би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Капитал банктай дахин очиж 8 хувийн зээлээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг минь хүлээж авч, зээл шийдвэрлэгдсэн. “Ц” ХХК-д үлдэгдэл 55,300,000 төгрөгийг Капитал банк зээл гаргаж өгөнгүүт шилжүүлсэн. 2016 оны 9 сарын 14-ний өдөр Монгол банкнаас гарсан А/64 тогтоол байгаа. Засгийн газар, Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг тус өдрөөс өмнө өгсөн иргэдийн зээлийг 5 хувиар олгохоор болсон. Гол нь Капитал банк нь Монгол банкны шаардлагыг хангахаа байсан. Засгийн газар болон Монгол банкнаас гаргасан уг хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй, уг хөтөлбөрт нь хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад “Ц” ХХК-тай гэрээ байгуулаад, улмаар 5 хувийн зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн аваад банк өөрөө зээл олгохоор шийдсэн тогтоолоо 2015 оны 5 сарын 12-ны өдөр мэдэгдээд, хамтран ажиллах гэрээтэй “Ц” ХХК-д мэдэгдээд иргэн А ы B1 блокын 1 дүгээр орцны 6 давхарын байрны 55,300,000 төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилт, ипотекийн зээлийн гэрээний санхүүжилт нь тус тус батлагдсан бөгөөд орон сууцны зээлийн 5 хувийн зээлийн санхүүжилт орж ирсний дараа хөрөнгийн эрхийн гэрчилгээг харилцагч нарт гаргаж, холбогдох зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ гэсэн. Энэ нь шинээр гаргаж өгсөн нотлох баримтан дээр дурьдагдсан байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу захиалагчийн гэрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс өөрт нь хохирол учрууллаа гэж үзээд алданги, хүү тооцооод хохирол нэхэмжилж байна. Энэ нь А тай холбоогүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зүйл огт байхгүй. Гэрээнд үлдэгдэл 70 хувийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлнө гэсэн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бид гарга гэж хэлээгүй. Капитал банкнаас “Ц” ХХК-д илгээсэн 206809 гэсэн албан тоотоор бол Капитал банк нь “Ц” ХХК-д гэрчилгээг гаргахыг даалгасан зүйл байхгүй байгаа. Санхүүжилт орж ирэхээр л энэ бүртгэлийн ажлыг хийлгэе гэсэн байгаа. Энэ хоёр байгууллагын хооронд л хамтын ажиллагаа явагдаж байна, энэ нь үр дүнд хүрээгүй болсны хариуцлагыг иргэн А д нялзаах гэж байгаа бол тийм юм байхгүй. Нэхэмжлэгч 8 хувийн зээл гарснаар төлөх боломжтой байсан хугацаагаар алданги тооцсон байна. А нь 2016 оны 1 дүгээр сард Капитал банкны өнөөдөр 8 хувийн зээл буюу тэр үеийн 5 хувийн зээлд хамрагдахаар материалаа өгсөн. Зээл олгох гэж байсан Капитал банк нь зээлдэгчийг судалсаныхаа үндсэнд зээл олгох шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргаснаа “Ц” ХХК болон зээлдэгчид мэдэгдсэн. Ингээд А гэж хүний хувьд бол зээлээ хүлээгээд л сууж байхаас өөр арга байхгүй, зээлээ хүлээгээд суусан. Гэвч 2016 оны 11 сарын сүүлээр зээлээ олгох боломжгүй гэдгээ иргэд болон “Ц” ХХК-д мэдэгдсэн. “Ц” ХХК-г хохирчихоод байгааг мэдэж байна. Гэхдээ иргэн А гэдэг хүн биш Капитал банктай харилцаж, 5 хувийн зээлийн гэрээн дээр ажилласандаа өөрсдөө хохирсон” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч А д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 329 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 5,458,110 төгрөг, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан торгууль 8,551,044 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 88а байрны 36 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч “Ц” ХХК-д шилжүүлэхийг даалгах, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 88а байр 36 тоот орон сууцнаас албадан гаргуулах, орон сууцыг анх хүлээлгэн өгсөн байдлаар сэргээн засварлах зардал 5,596,867 төгрөг, нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого буюу 329 хоног хэтэрсэн хугацаанд тохирсон 3,638,740 төгрөгийн хүүг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний дагуу төлвөл зохих 55,300,000 төгрөгийг орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрээр төлөх байсан хугацаа буюу 2017 оны 03 сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3,682,980 төгрөг, хохирол 1,023,050 төгрөг, нийт 4,706,030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Ц” ХХК болон хариуцагч А нар нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 230/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-г байгуулж, “Ц” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан Хуаран” хотхоны 2 дугаар ээлжийн 432 айлын орон сууцны В1 блокийн 1 дүгээр орцны 6 давхарт 43,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 79,056,000 төгрөгөөр худалдах, А нь төлбөрийн 15 хувь буюу 11,858,400 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлөх, 15 хувь буюу 11,858,400 төгрөгийг Улаанбаатар орон сууц сангаас төлөх, 70 хувь буюу 55,339,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/ Энэ талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч нь ашиглалтад орсон орон сууцны барилгыг хариуцагчид худалдахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч А нь 2016 оны 05 дугаар сард орон сууцанд орж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 88а байр, 36 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204082160 дугаарт бүртгэлтэй, 43,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000482544 дугаартай гэрчилгээг авсан болох нь зохигчдын тайлбар болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-10/
Хариуцагч нь гэрээний дагуу 30 хувийн төлбөрийг төлсөн, 70 хувийн төлбөрийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед төлөөгүй байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Капитал банкнаас зээл авч төлбөрийн үлдэгдэл 55,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Зохигчид энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл заан алданги 3,682,980 төгрөг, хохирол 1,023,050 төгрөг, нийт 4,706,030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь дахин төлөвлөлтөд орсон байршилд баригдсан орон сууцнаас 5 хувийн зээлийн шалгуурыг хангаж орон сууц авсан, “Ц” ХХК-ийн санал болгосноор Капитал банкнаас зээл авахаар болсон боловч тус банк нь зээлийн хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй болсноос 5 хувийн зээлийн санхүүжилт авах боломжгүй болсон, төлбөрийг банкнаас авах ипотекийн зээлээр л төлөх байсан, энэ асуудлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан тул хугацаа хэтэрсэнтэй холбоотой хохирол, алдангийг хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргасан.
Зохигчдын тайлбарт дурдагдаж буй Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А-69 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” нь орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, түүний эх үүсвэр, нөхцөлийг тодорхойлох, банкны орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагаа, эргэн төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9/37 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар-орон сууц сангийн нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад нэг удаагийн буцалтгүй тусламж болон зээл олгох журам” нь нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох сонгон шалгаруулах асуудлыг зохицуулсан байх бөгөөд орон сууц худалдаж, худалдан авч буй иргэн, хуулийн этгээдийн хоорондын гэрээний дагуу үүссэн харилцааг зохицуулахаар заагаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэслэлтэй..
2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 230/4 дугаартай “Орон сууцны захиалгын гэрээ”-ний 6.1-д захиалагч гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг “Ц” ХХК-д төлөхөөр заасан байх бөгөөд гэрээнд зааснаар А гэрээний төлбөрийн 70 хувь буюу 55,339,200 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч 2017 оны 11 дүгээр сард Капитал банкнаас зээл авч төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд захиалагч гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг “Ц” ХХК-д төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Хариуцагч А нь 2016 оны 05 дугаар сард орон сууцанд орж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байх тул гэрээнд заасны дагуу гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлбөрийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алдангийг тооцож нэхэмжлэх эрхтэй байх боловч 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3,682,980 төгрөгийг нэхэмжилсэн байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс компанийн олох байсан орлогыг банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож хохиролд 1,023,050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос урьдчилсан таамаг, тооцоо, тохиролцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн банкуудтай байгуулсан гэрээг үндэслэн банкуудын хадгаламжийн хүүгээр дундажлан тооцож нэхэмжилсэн 1,023,050 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хариуцагч А аас алданги 3,682,980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,023,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч А аас 3,682,980 /гурван сая зургаан зуун наян хоёр мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,023,050 /нэг сая хорин гурван мянга тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 73,877.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Хариуцагч А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР