Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0113/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г-ийн Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31ий  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Г-ийн Х /регистрийн дугаар: .. /,...  оны .  дугаар сарын . ий өдөр .. аймгийн .  суманд төрсөн, .  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , .....-ийн хамт .. аймгийн . сумын ..  дүгээр баг .  дүгээр байрны   тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан. Үүнд:

- ....  аймаг дахь сум дундын шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 19ий өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

- ...... аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн . дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын ялыг тэнсэж хянан харгалзсан,

- ..  аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 1ий өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар  112.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- .. аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ..  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 11 хоногийн хорих ял,

- ..  аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн . дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2019 оны 10 дугаар сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 202 дугаартай өрөөнд гэрч, хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө иргэн Р.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 8-ны орой 20 цагийн үед ажлаасаа би согтуу ирээд эхнэртэйгээ маргалдсан. Манай эхнэр дүү Га дуудсан ба Г цагдаад дуудлага өгсөн байсан. Гэртээ тамхи татаад байж байхад эргүүлийн 2 цагдаа орж ирсэн. Цагдаа нар орж ирээд намайг тамхиа хая гэхээр нь би маргалдсан. Нэг цагдаа нь гар мушгих үед гараа гэмтээсэн. Тэр өдөр би эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш нь цагдаагийн газар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө залуу хүнийг ажилгүй болгоод яахав гэж бодоод цагдааг биш эхнэрийн дүү Гантулгыг миний гарыг хугалсан гэж мэдүүлсэн. Гэр бүлийн хүмүүс дараа нь учраа олж болох байх гэж бодсон. Миний өгсөн мэдүүлэг худлаа байсан. Тухайн үед Г цагдаа дуудсан болохоор түүнд нь жаахан хорссон юм.” гэв.

 

Эрүүгийн 2018000000076 дугаартай хэргээс:

 

Г.Хын хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Шинэ хорооллын 24 дүгээр байрны ард ажлаа хийж байгаад 18 цагийн үед хамт ажилладаг Нтэй 16 давхар байрны урд талын сааданд 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уучхаад салсан. Тэгээд тэндээсээ шууд гэртээ 20 цагийн үед орсон. Гэртээ ороод ороо засаад унтах гээд ороо засаж байсан чинь манай эхнэр ажлаасаа тараад ирсэн. Тэгээд орж ирчхээд чи архи уучихсан байна гээд орилж чарлаад байхаар нь чи миний гар утсыг авчихсан юм уу гаргаад өгчих гэх мэтээр түүнтэй маргалдсан. Тэгсэн манай эхнэр дүү Г руу яриад түүнийг дуудсан. Тэгсэн Г удаагүй ирээд чи ер нь яах гээд байгаа юм бэ, эгчийг юунд дээрэлхээд байгаа юм гээд намайг заамдаад авахаар нь би бас түүнийг заамдсан чинь миний зүүн гарыг гараараа мушгиад доош нь тонгойлгоод зүүн гар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би гар хугалчихлаа шүү дээ гэж хэлэхэд худлаа битгий хэлээд бай өөрөө унаж гараа гэмтээчихсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороосон байсан тамхиа асаагаад татаад сууж байсан чинь цагдаа нар орж ирсэн. Тэгээд цагдаа нар юу болсон бэ гээд асуухад нь манай эхнэр цагдаа нарт манай нөхөр надад агсам согтуу тавиад байна.” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар хувцсаа өмс яв гэхээр нь би урдаас нь гараа хугалуулчихсан байсан болохоор уурандаа хэдэн үг хэлж маргалдахад намайг түлхээд жижиг өрөөний матраас руу түлхээд суулгасан. Тэгээд намайг авч гарахдаа гавлах гэхэд нь би ёо ёо гэж хэлсэн чинь миний гарыг барьж үзээд наад гар чинь яасан юм бэ гэхэд манай  эхнэрийн дүү болох Г гээд энэ залуу гар мушгиад өшиглөөд гэмтээчихсэн гэж хэлсэн. Мөн эрүүлжүүлэхийн байрны эмч Цэрэндулам гээд хүн гараа яаж байгаад гэмтээсэн юм бэ гэхээр нь эхнэрийн дүү мушгиад өшиглөөд гэмтээсэн гэж хэлсэн. Би Гд л гомдолтой байна. Тэр хүн л миний гарыг хугалсан.” гэх мэдүүлэг[1],

 

Г.Хын хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Р.Г гаднаас орж ирээд яагаад агсам согтуу тавиад байгаа юм бэ гэхээр нь би агсам тавиагүй, архи уучихсан гэртээ ирээд тамхи татаад сууж байна шүү дээ гэж хэлсэн. Р.Г-ыг орж ирсний дараахан хоёр цагдаа орж ирсэн. Тэгсэн манай эхнэр хоёр цагдаад хандаад Г.Х гэж манай нөхөр надад агсам тавиад байна гээд байхаар нь би агсам тавиагүй ээ гээд тамхи татаад сууж байхад нөгөө хоёр цагдаа босчих хувцсаа өмсчих гэхээр нь босохгүй суугаад байсан. Тэгсэн нүдний шилтэй А гэж цагдаа миний баруун талын мөрнөөс татаад гавлах гэхэд нь гавлуулахгүй эсэргүүцэж гараа татсан чинь миний зүүн гарыг мушгиад коридор руу түрж гаргасан. Ингэж түрж гаргах үед би өөрийн эрхгүй баруун гараараа тулаад газар унасан. Тэгсэн намайг газар унасан байхад гуя руу цахилгаан бороохойгоор цохиулсан. Тэгэхээр нь ёо ёо гар өвдөөд байна гэхэд босгож ирээд зүүн гарыг маань барьж үзээд нээрээ эвгүй болчихсон байна. Та сая ийшээ коридор руу унаад гараа эвгүй болгочихсон уу гэж хэлсэн. Тэгээд шууд намайг гэрээс авч гараад эмнэлэг явсан. Гэрээс гарахдаа эхнэрийн дүү Р.Г-ыг дуудсан бөгөөд эмнэлэг дээр очиж рентгенд харуулахад зүүн гарын маань тохойны үеэс дээгүүр хэсгээр хугарсан байсан тул гибс тавиулаад эрүүлжүүлсэн. Би цагдаа Д.А-ыг миний гарыг эмчлүүлээд өгчих би залуу хүнийг ажилгүй болгоод яахав гэж бодоод Р.Г нь эхнэрийн дүү түүнийг хугалсан гээд хэлчихвэл хамаатан садан хүмүүс дараа нь учраа олно байх гэж бодоод Р.Гд гараа хугалуулсан талаар мэдүүлсэн. Миний гарыг Д.А гэж цагдаа мушгиж унагаад зүүн гарын бугалга дээр өвдөглөөд дарсан. Тэр үед миний гар хугарчихсан.” гэх мэдүүлэг[2],

 

Г.Хаас 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл[3],

 

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлтийн 191800705 дугаартай хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[4],

 

2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай хэрэг бүртгэлтийн 191800705 дугаартай хэргийг хаах тухай прокурорын тогтоол[5],

 

Гэрч Р.О-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн: “...Х миний гар утас хаана байна гээд надаас нэхээд, согтуурхаад олон долоон юм яриад амраахгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд эрүүлжүүлье гэж бодсон боловч цагдаагаас олон юм асуугаад байдаг болохоор дүү Г руу залгаад Х согтуу ирсэн унтуулахгүй байна цагдаад дуудлага өгчих чи хаана байна гэхэд би Дарханд ирчихсэн байна гэсэн. Тэгээд Г удалгүй манай гэрт орж ирсэн.  Г орж ирээд хөгширчхөөд одоо болимоор юм яах гэж ингээд байдаг юм гэж хэлээд  коридорт байж байхад гаднаас 2 цагдаа ороод ирсэн. Х жижиг өрөөнд сандал дээр тамхиа татаад сууж байсан. Би коридорт байсан ба хоёр цагдаа жижиг өрөөнд орсон бодвол аваад явна хувцас хунараа өмс гэсэн байлгүй. Би чих хатуу болохоор юу гэж хэлсэн талаар сонсоогүй. Гэтэл өрөөнд нэг цагдаа нь Хтай зууралдаад орны матраас дээр уначихсан. Уг цагдаагийн хантааз нь урагдчихсан байсан. Тэгээд нэг цагдаа нь Хыг дарж газар унагаагаад зүүн гарыг нь ард нь мушгиж дарсан. Тэгээд Хыг босгоод гутлаа өмсөх гэхэд гар эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд 2 цагдаа Хыг аваад гарсан. Г, Х нар цагдаагийн алба хаагч нар ирэхээс өмнө хэрүүл маргаан үүсгээгүй, зууралдаж ноцолдоогүй. Г орж ирээд удаагүй зүв зүгээр зогсож байсан.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Р.Г-ын хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Хоёр цагдаа орж ирэхэд Х ороосон тамхиа татаад байсан. Тэгэхээр нь хоёр цагдаагийн шар царайтай нь та тамхиа больчих хувцсаа өмсөөрэй явъя гэж хэлсэн. Тэгсэн Х муу сайн гичий нар намайг авч явдаг хэн бэ, явахгүй гээд шаардлагыг нь биелүүлэхгүй байсан. Тэгснээ босч ирээд тухайн цагдаагийн хантаазнаас нь зуураад авахад нөгөө цагдаа дээрээс нь дарж түлхээд ард нь байсан матраас руу суулгаж байсан. Тэгэхээр нь би том өрөө рүү орчихсон. Тэгсэн коридорт Хыг нөгөө хоёр цагдаа гаръя гээд чирээд татаад байх шиг байсан. Тухайн үед би том өрөөнд байсан болохоор хаанаас нь яаж чирсэн эсэхийг хараагүй. Том өрөөнд байхад энэ нөхрийн гутал хаана байгаа юм бэ гэхээр нь гутлыг нь олоод өгсөн чинь Х ёо ёо гээд зүүн гараа  барьчихсан үүдний хэсэгт шалан дээр сууж байсан. Тэгээд цагдаа нар түүний гутал хувцсыг нь өмсгөөд гарсан бөгөөд гэрээсээ гарахдаа чамайг хачин болгоноо гээд намайг занаад гарсан. Хын гар нь өөрөө л цагдаа нарын шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байгаад өөрөө унахдаа хий дарж хугалсан байх.” гэх мэдүүлэг[7],

 

Шүүгдэгч Г.Хын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, шийтгэх тогтоолын хуулбар[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Хын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2019 оны 10 дугаар сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 202 дугаартай өрөөнд гэрч, хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө иргэн Р.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Хыг мөрдөн шалгах ажиллагааны үед, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар прокурортой маргаж мэтгэлцээгүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Хт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Хыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн өс хонзонгийн буюу хувийн бусад сэдэлтдээ хөтлөгдөн илт гэм буруугүй хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэм буруугийн шууд санаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх” гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байх тул шүүгдэгч Г.Хаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Л.Оюунсувд “Шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн хувьд гар хугарсан, 56 настай зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Х нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ял тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Г.Х нь урьд 5 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Г.Хт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.Хын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Хыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Хыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Хт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн  16 тал

[2] Хавтаст хэргийн  12-13 тал

[3] Хавтаст хэргийн  10 тал

[4] Хавтаст хэргийн 9 тал

[5] Хавтаст хэргийн 6-8 тал

[6] Хавтаст хэргийн  21-22 тал

[7] Хавтаст хэргийн  23 тал

[8] Хавтаст хэргийн 71-72, 73, 74-77 тал