| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/04498/И |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-т холбогдох,
“5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, түүний өмгөөлөгч Д.Золзаяа, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай “Б” ХХК нь хариуцагч Д.От 2016.12.13-ны өдөр зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 7%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс үндсэн зээл 1,732,000 төгрөг төлсөн, хүү төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 4,268,000 төгрөг, хүүнд 2,369,100 төгрөг, нийт 6,637,100 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.От 2016.12.13-ны өдөр зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг 7%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Үүний дараа 2017 оны 1 сарын 1 сарын 14-ний өдөр түүний дансаар 1,000,000 төгрөгийг нэмж зээлсэн. 2017.02.06-ны өдөр хариуцагч 7,750,000 төгрөг төлсөн.
Үүний дараа хариуцагч нь нэмж 2017.02.09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус зээлсэн. Дээрх 4,000,000 төгрөгийг зээлэхдээ өмнөх зээлийн гэрээний дагуу сарын 7 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээг бичгээр байгуулаагүй. 2017 оны 2 сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 2017 оны 10 сарын 4-ний өдрийг хүртэл 1,000,000 төгрөгөөс илүү хүү бодогдож байгаа боловч хүүнд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Иймд үндсэн зээлд 4,000,000 төгрөг, үүний хүү 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д.О нь 2016.12.13-ны өдөр 25 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 7%-ийн хүүтэй зээлэн авсан. Зээлдэгчийн шаардлагаар хариуцагч 2017.02.06-ны өдөр 7,750,000 төгрөгийг төлсөн. Энэ төлсөн төлбөрөөс 1,008,000 төгрөгийг илүү төлсөн байдаг. Учир нь дээрх гэрээний дагуу зээл ашигласан хугацаа 1 сар 23 хоног ба энэ хугацаанд ногдох хүү нэг сарын 420,000 төгрөг, 23 хоногт 322,000 төгрөг нийт 742,000 төгрөг болж байна. Ийнхүү төлбөр хийгдсэнээс хойш 4,000,000 төгрөг авсан ба дээрх илүү төлсөн 1,008,000 төгрөгийг суутгаж 2,992,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Д.От холбогдуулан “2016 оны 12 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,268,000 төгрөг, хүүнд 2,369,100 төгрөг, нийт 6,637,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 2 сарын 9-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, хүүнд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах” гэж өөрчилж, энэ шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тал “илүү төлөлтөө хасаж үлдэх хэсгийг төлнө” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Д.От холбогдуулан “2016 оны 12 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,268,000 төгрөг, хүүнд 2,369,100 төгрөг, нийт 6,637,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “2017 оны 2 сарын 9-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, хүүнд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах” гэж өөрчилсөн тул “Б” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд дүгнэлт хийх шаардлагагүй байна.
“Б” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн харилцаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зохицуулалтад хамаарна.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Өлзийбулаг 2017.02.09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.02.25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Д.Оын Хаан банкин дахь данс уруу шилжүүлж зээлсэн болох нь зохигчийн тайлбар, Д.Оын хаан банкин дахь 5057474253 тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал “Б” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний төлбөрт 2017.02.06-ны өдөр Д.Оаас 7,750,000 төгрөгийг төлсний дараа нэмж 4,000,000 төгрөгийг зээлсэн талаар хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “... “Б” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг үргэлжлүүлж сард хүүг 7 хувиар тооцохоор зээлсэн...” гэж тайлбарлаж байх боловч талууд 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг сунгасан нь тогтоогдохгүй, 2017.02.09, 2017.02.20, 2017.02.25-ны өдрүүдэд мөнгө зээлсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу бичгээр гэрээ байгуулаагүй байх тул хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагч Д.О “Б” ХХК-иас 2017.02.09, 2017.02.20, 2017.02.25-ны өдрүүдэд тус тус зээлсэн нийт 4,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Хариуцагчийн төлөөлөгч “... “Б” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2017.02.06-ны өдөр Д.Оаас 7,750,000 төгрөгийг төлж, 1,008,000 төгрөгийг илүү төлснийг 4,000,000 төгрөгөөс суутгаж 2,992,000 төгрөг төлнө...” гэж тайлбарлаж байх боловч “Б” ХХК 2016 оны 12 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.От 6,000,000 төгрөг зээлсэн дээр нэмж 2017.01.14-ний өдөр 1,000,000 төгрөгийг зээлсэн, уг 7,000,000 төгрөгийг болон хүүг харилцан тогтоож талууд 7,750,000 төгрөгөөр тооцож, 2016 оны 12 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээ дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул илүү төлсөн гэх 1,008,000 төгрөгийг 4,000,000 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг хариуцагч Д.Оаас гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
“Б” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг үндэслэн Д.Оын өмчлөлийн 32-55 УБВ улсын дугаартай лексус 470 маркийн автомашиныг “Б” ХХК нэр дээрээ шилжүүлэн авсан нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба “Б” ХХК Д.Отай байгуулсан 2016 оны 12 сарын 13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийг шаардаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагчийн төлөөлөгч М.Эрдэнэбилэгт 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 сарын 21-ний өдөр түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оаас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,144 төгрөгөөс 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26,194 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ