Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 385/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан

-хохирогч Г.Л,

- иргэний нэхэмжлэгч Х.Батаа

-хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,  

-шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лнд холбогдох эрүүгийн 1734001510058тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Л нь 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт орших Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд явах хатуу хучилттай замын 221/210 дугаар километрын шонгийн орчим 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1а дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Х.Батаагийн жолоодон явсан 59-77 УНО улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Лгийн эрүүл мэндэд хүнд, Л.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Харин хохирогч болон хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Миний буруу учир гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Хохирогч Г.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол гарсан үеийг ерөөсөө санахгүй байгаа. Миний биеийн байдал гайгүй болж байгаа. Цаашид эмчилгээгээ тасралтгүй хийгээд байвал гайгүй болно гэсэн. Харин шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүсэж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х.Батаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед миний машинд 5.180.000 төгрөгний хохирол учирсан байгаа. Одоогийн байдлаар хохирлоо аваагүй байна. Харин шүүгдэгч жолоочийн хариуцлагын даатгалаас 5.000.000 төгрөг гаргуулж өгнө гэсэн байгаа” гэв.

 

Хохирогч Л.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2017 оны 07-р сарын 30-ны орой аав Л.Лгийн хамт хоёулаа 18-94 УНМ улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгсэлтэй Ховд аймаг Цэцэг сумаас Улаанбаатар хот орохоор явсан ба замдаа Говь-Алтай аймаг өнгөрөөд явж байгаад машиндаа хоносон. Тэгээд 07-р сарын 31 -ны өглөө үүрээр хөдлөөд Улаанбаатар хотруу явсан ба замдаа явахдаа би Лхагвасүрэнтэй машинаа ээлжилж бариад явсан. Тэгээд явж байгаад Булган аймгийн Рашаант сум буюу Сансар гэх газар ирээд 18-94 УНМ улсын дугаартай, Мицубиа Кантер маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс түлш авч банкаа дүүргээд тэг аав Лхагвасүрэн машинаа бариад би Рашаант сумаас хөдлөөд явж байгаад удаагүй унтаад өгсөн бөгөөд би сэрэх гээд сэрж чадахгүй байсан ба сэрэхэд би гадаа хэвтэж байсан. Аав Лхагвасүрэн миний хажууд байсан, би даараад байсан тул аав Лхагвасүрэнд даараад байна гэхэд аав юм авчирж хучиж өгсөн. Тэгээд харанхуй шөнө хэвтэж байхад эмч ирээд Төв аймгийн Эрдэнэсант сумын эмнэлэг дээр очсон. Өглөө нь Улаанбаатар хотруу явах замдаа харахад манай машин засмал зам дээр онхолдсон мөн саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн бололтой замын хажуу руу орсон байсан, тэгэж би осолд орсон талаар мэдсэн...Тухайн осол болох үед би унтаж явсан болхоор хэдэн км/цагийн хурдтай  явсан талаар мэдэхгүй байна. Аав замд явахдаа бол 80 км/цагийн хурдтай л явдаг юм...аав Лхагвасүрэн хамгаалах бүс зүүсэн явсан, би харин замд унтаж явсан болхоор хамгаалах бүс зүүгээгүй байсан...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,  

Шинжээч Ш.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд: “Хавтаст хэргийн материалаас уншиж үзэхэд болон намайг анх хэргийн газар очиж үзлэг хэмжилт хийхэд 59-77 УНО улсын дугаартай, Т.Приус-11 маркийн тээврийн  хэрэгслийн жолооч Батаа, 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Л нарыг оролцуулан хэргийн газар үзлэг хэмжилт хийсэн ба тэгэхэд 59-77 УНО улсын дугаартай, Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн явж байсан эгнээнд буюу зорчих хэсгийн хойд талд шороо, шавар унасан, тос асгарсан байдал, 2 тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг байсан. Зорчих хэсгийн урд талд буюу 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийн явж байсан эгнээнд ямарч 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх ул мөр байгаагүй тээврийн хэрэгслүүдийн эвдрэлүүд нь зорчих хэсгийн хойд талд буюу 59-77 УНО улсын дугаартай, Т.Приус-11 мар тээврийн хэрэгслийн явж байсан эгнээнд байсан тул 18-94 УНМ улсын дугаарттай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байсан газраас урд дугуйнаас 1.90 м, хойд дугуйнаас 2.70 м газар зайд дээрх ул мөрийг үндэслэн 2 тээврийн хэрэгслийн жолоочийг байлцуулан А цэгийг тогтоож үзлэг хэмжилт хийхэд 18-94 УНМ ула дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд 59-77 УНО улсын дугаартай, Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн нь тогтоогдсон тул МУ-ын ЗХД-ийн 8.2-д заасныг зөрчсөн, 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Л нь 2017 оны 08-р сарын 04-ны өдөр мөрдөгч дэслэгч Д.Батхуягт өгсен гэрчийн мздүүлэгийн 14-17-р мөрнүүдэд “өмнөөс ирж явсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй улмаас гэрлийн гялбаанд орж өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн” гэж мэдүүлсэнийг үндэслэн МУ-ын ЗХД-ийн 15.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн юм. 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Л нь хэргийн газрын үзлэг хэмжилт хийхэд А цэг энд байх ёстой гэсэн ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй ба дээрх хэргийн газарт байсан ул мөрийг тайлбарлаж хэлэн А цэгийг тогтооход Л.Л гэж жолооч хүлээн зөвшөөрч үзлэг хэмжилт хийсэн юм. А цэг буюу мөргөлдсөн цэг нь 59-77 УНО улсын дугаартай, Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт байсан нь тодорхой байсан. Жолооч Л.Л тухайн үед ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй...А цэг бол үндэслэлтэй...” гэх тайлбар /хх-ийн 81-82 тал/,

   

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №485 дугаартай дүгнэлтэд:

  • Г.Лгийн биед их тархины хоёр талын зулай, чамархайн түвшинд ард дагз хэсгийн субарахнойдаль зайнуудад цус харвалт, зүүн талын чамархайн ар хэсгээс эхлэн зүүн чихний суваг, зүүн хөхлөг сэртэн, зүүн талд суурь ясны эх бие, их далавчид дайрсан нийлмэл хугарал, суурийн хөндийд цус, тархи доргилт, зүүн эгэм яс, цээжний зүүн талын гурван хувирганд хугарал, зүүн эгэм, зүүн бугалганд цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  • Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №477 дугаартай шинжээчийн:

  •  Х.Батаагийн биед зүүн чих, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Гэмтлийн зэрэгт хамаарахгүй
  • Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 66 тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №476 дугаартай шинжээчийн:

  • Л.Дөлгөөний биед баруун сарвууны шивнүүр, зүүн тавхайн шагайн ясанд хугарал, баруун завжинарх, баруун зовхи, зүүн хацар, зовхи, хамар, баруун нүд, чамархайн эдэд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо
  • Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  • Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 71 тал/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №478 дугаартай шинжээчийн:

  • Л.Лгийн биед дух чамарххайн хуйханд залгаралт, зүүн хөмсөг, зүүн нүднийи зовхи, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн элийн няцрал гэмтэл тогтоогдлоо
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  • Гэмтлийн зэрэгт хамаарахгүй
  • Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 75 тал/,

 

Шинжээчийн №76 дугаартай дүгнэлтэд:

  • 18-94 УНМ улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн залтыг зөөрчсөн байна
  • 18-94 УНМ улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1 дахь заалтыг зөрчсөн байна.
  • Осол гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй
  • 18-94 УНМ улсын дугаартай М.Кантер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Л.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1 дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 80 тал/,

       - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургууд /хх-ийн 7-43 тал/

       - Сонгино-Хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны №690 тоот тодорхойлолт /хх-ийн 93 тал/,

       - тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 96, 103 тал/,

       - Ашид билгүүн ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 97-99, 106-110 тал/,

       - хохирогч Г.Лгийн өвчтөний түүх /хх-ийн 113-130 тал/,

       - мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 156 тал/,

 

       Шүүгдэгч Л.Лгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахал “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 92 тал/,

       Шүүгдэгч Л.Лг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-90-91 тал/ яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Л нь 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт орших Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд явах хатуу хучилттай замын 221/210 дугаар километрын шонгийн орчим 18-94 УНМ улсын дугаартай, М.Кантер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 15.1а дахь заалтуудыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас Х.Батаагийн жолоодон явсан 59-77 УНО улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Лгийн эрүүл мэндэд хүнд, Л.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургын үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүсэн хохирогч Г.Л, Л.Дөлгөөн, иргэний нэхэмжлэгч Х.Батаа нарын мэлдүүлэг, шүүхийн шинжилгээний №476, 477, 478, 76, 485 тоот дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Лгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.  

 

Шүүх шүүгдэгч Л.Лд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол тодорхой хэмжээгээр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Л нь 3.826.665 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж яллах дүгнэлтийн хавсралтанд дурдагдсан боловч нотлох баримтын шаардлага хангасан мөрдөн байцаалтын шатанд 2.560.500 төгрөгийн баримтыг, шүүхийн шатанд 739.500 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт 485.000 төгрөгийн, банкны зээлийн 2.127.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нийт 5.912.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч Х.Батаа нь “Ашид билгүүн” ХХКомпаний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 5.181.000 төгрөг, үнэлгээний 220.000 төгрөг, оношлогооны 31.000 төгрөг, машин ачуулсны 150.000 төгрөг нийт 5.582.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна. 

Шүүгдэгч Л.Л нь хохирогч Г.Лд хохирлын 3.400.000 төгрөг төлсөн байх тул 385.000 төгрөгийг шүүгдэгч Л.Лгээс гаргуулж хохирогч Г.Лд олгож, хохирогч Г.Лгийн банкны зээлийн 2.127.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л нь иргэний нэхэмжлэгч Х.Батаад учирсан эд хөрөнгийн хохирол болох 5.582.000 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Лгээс 5.582.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Батаад олгохоор шийдвэрлэв.  

Харин хохирогч Л.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд “надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй болно.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Лгийн өмчлөлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хуучин, 1995 онд үйлдвэрлэгдсэн, хар хөх өнгийн Ниссан Патрол маркийн 85-03 УБА улсын дугаартай тээврйин хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баатад овогт Лхамсүрэнгийн Лхагвасүрэн нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хассугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Лд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Л.Лд хяналт тавихыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Л нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Лгийн өмчлөлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хуучин, 1995 онд үйлдвэрлэгдсэн, хар хөх өнгийн Ниссан Патрол маркийн 85-03 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

7. Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг / жолооны үнэмлэх/ шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Л нь хохирогч Г.Лд 3.400.000 төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгч Л.Лгээс хохирогч Г.Лд 385.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Батаад 5.582.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Л нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Л.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА