Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 230

 

  Н.З, М.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Мөнхцэцэг,

          шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

          шүүгдэгч М.Г ийн өмгөөлөгч Б.Тэнгис,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.З, М.Г нарт холбогдох 20160100 0026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Н-н З, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

2. Боржигин овгийн М-ны Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Н.З нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Bridge” зочид буудлын гадаа авто зогсоол дээр М.Г т Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 4.000.000 төгрөгөөр худалдсан,

2016 оны 2 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин хотын Санлитун гэх газарт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 100.9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

улмаар 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биедээ болон чемодантай хувцсан дундаа нуун хадгалж, Г.А-н жолоодож явсан 99-69 УБН улсын дугаартай “Mercedes Benz S-500” загварын автомашинаар тээвэрлэсэн,

М.Г  нь 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Bridge” зочид буудлын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Н.З-с 4.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд ..... дүүргийн 3 дугаар хороо, Нарны..... хорооллын ........тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,

2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace Bridge” зочид буудлын гадаа авто зогсоол дээр ....... улсын дугаартай, “Toyota Harrier” загварын автомашины дотор Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0.6 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Э.Б-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.З-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, М.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.З-г Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд,

М.Г ийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.З-г 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.Г ийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч М.Г т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-н цагдан хоригдсон 298 хоногийг, шүүгдэгч М.Г-ийн цагдан хоригдсон 88 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Mongolian Passport гэсэн бичигтэй улаан өнгийн хавтастай /голоор урж наасан байдалтай/ Н-н З-н Е серийн 1586368 дугаартай Монгол Улсын гадаад паспорт, Г-н А-н Е серийн 1549770 дугаартай Монгол Улсын гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж,

ZN5791683, АQ9369821, АL5107941 серийн дугаартай Монгол Улсын 100-тын төгрөг 3 ширхэг, АJ9804093, АJ9804092, АJ9804038, АJ9804090 серийн дугаартай зах ирмэг нь шатаж харласан шинжтэй, Монгол Улсын 10-тын дэвсгэрт 4 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж,

Шүүгдэгч М.Г-с хураагдсан натрихлорид 0.9% гэсэн бичигтэй толгой нь хагарсан тарианы хоосон шил 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, 12.8 см урттай, 2 талыг нь халбаганы хэлбэр дүрсэнд оруулсан шинжтэй, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, цахилгаантай, гар бариултай, хар өнгийн жижиг цүнх 1 ширхэг, савхи мэт гэртэй, дотор нь “G&G Pocket Scale” гэсэн бичигтэй, таг нь дэлгэгддэг жин 1 ширхэг, 15x10 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг, 6x8.5 см хэмжээтэй амсар хэсэг нь задгай, баруун талын хэсгийг халааж наалдуулсан хоосон уут 1 ширхэг, 5x8 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 3 ширхэг, нийт 20 ширхэг ууттай, нийт жин 17.2 грамм “мөс”-ийг,

шүүгдэгч Н.З-н бие, орон байр, ачаа тээшнээс хураан авсан резинэн соруул 1 ширхэг, хар өнгийн тортой, шилэн гаанс 13 ширхэг, 8x5 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, Departure Card Ganbold Anand гэсэн бичигтэй шар өнгийн, 10x8.5 см хэмжээтэй, дөрвөлжин цаас 1 ширхэг, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн авто зам ашигласны төлбөр гэсэн бичигтэй, 7.5x5 см хэмжээтэй, хөх өнгийн цаас 1 ширхэг, төлбөрийн баримт 1 ширхэг, Хаан банкны зарлагын баримт 2 ширхэг, хөх өнгийн тагтай, дотроо цэнхэр өнгийн гуурстай хуванцар сав 1 ширхэг, 4.4 см урттай цайвар өнгийн резинен гуурсны нэг талын амсарт 16 см урттай шар өнгийн хуванцар гуурс шургуулсан, гаанс хэлбэрт оруулсан 5 см урттай, бор өнгийн гуурсны нэг талын амсарт цайвар өнгийн резинэн гуурсны үзүүрийг, 3 см урттай, цайвар өнгийн резинэн гуурсны тасархай, 4 см урттай гол хэсгээрээ болон нэг талын үзүүр хэсгээрээ шатаж харласан шинжтэй бор өнгийн гуурс, нийт 11 см урттай, нэг талын үзүүрийг халбаганы хэлбэр дүрст оруулсан, нэг талд нь 0.5 мл/мл гэсэн улаан өнгийн бичигтэй бариултай хэмжигч, хөх өнгийн эвдэрхий асаагуур, дотор талдаа ягаан өнгийн гуурсан шилтэй, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, ямар нэгэн бичиглэлгүй, ёроол хэсэгт 3 нүх гаргаж цоолсон шил, 3.8 см урттай цайвар өнгийн резинэн гуурс, хар өнгийн GNL Роскеt scale гэсэн бичигтэй, сөхөгддөг тагтай жин, тууш шугамтай, хавтасгүй тэмдэглэлийн дэвтэр, нийт 10 ширхэг ууттай, 99.9 грамм жинтэй “мөс” гэх бодисыг,

Г.А-н бие, тээврийн хэрэгслээс хураан авсан цагаан тагтай, таган дээрээ шар өнгийн цорготой, хажууд нь ягаан өнгийн гуурс мэт зүйл гаргаж, түүн дээр цайвар өнгийн резинэн гуурстай, дотроо тунгалаг шингэнтэй хуванцар сав 1 ширхэг, шилэн гаанс 1 ширхэг, 1 талын үзүүрт нь шилэн гаанс шургуулсан резинэн соруул 1 ширхэг, Тэс Петролиум, ШТС-08 Тээврийн товчоо, нийт дүн 141.000 гэсэн бичигтэй төлбөрийн баримт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.З, М.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.З, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Н.З-н бага насны хүүхэд болох 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Боржигон овгийн З-н У-д асран хамгаалагч томилох, асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн З.У-г асрах үүргийг Хүүхэд асрах байгууллагад /Хүүхдийн төв сувилалд/ хариуцуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би цагдан хорих 461 дүгээр ангид нийт 288 хоног цагдан хоригдож байгаад эрүүл мэндийн байдал хүндэрч, бусдын батлан даалтад гарсан. 2016 оноос хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр охин төрүүлж ээж болсон. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр тус дүүргийн Засаг дарга асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл миний үүрэг болгон хариуцуулж, одоо хүүхдийн сувилалд байгаа. Миний охин Уянга нь төрснөөсөө хойш ямар нэгэн өвчин хүрч байгаагүй, эрүүл бойжиж байсан. Миний ээж Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд охин бид хоёрын хэрэглээний зардалд сар бүр 600-900 мянган төгрөг явуулдаг. Би өөрийн болгоомжгүй, гэнэн томоогүй зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Тухайн үед олддоггүй, олоход хэцүү байсан болохоор өөрт олдвол таньдаг, адилхан хар тамхи хэрэглэдэг найз нартайгаа хамт хэрэглэдэг байсан. Түүнийгээ тус болж байна гэж маш том эндүүрч байсандаа одоо ч гэсэн харамсаж байна. Цагдан хоригдож байх хугацаандаа мөн батлан даалтад гарснаасаа хойш хар тамхины хор хөнөөл болоод яагаад хуулиар хориглодог болохыг ойлгож мэдсэн. Түүнээс хойш Шар хадны эмнэлэгт болон хувийн сэтгэл зүйчид хандаж, өөрийн сэтгэл зүй болоод хар тамхины хамаарлыг судлуулж эмчлүүлсэн. Одоо миний бие охин Уянгад маш ихээр санаа зовж байна. Охин маань тав тухтай аюулгүй орчин, гэр бүлийн дулаан уур амьсгалд хайр халамж авч байх ёстой. Иймд бага насны нялх охин болох Уянгын ээж нь байх, эх хүний эрхэм үүргээ биелүүлж, охиноо тав тухтай, аюулгүй орчинд өсгөх боломжийг олгож өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, бага насны хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Н.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйл, хэсэгт заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад буруу дүгнэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар Н.З-д хорих ял оногдуулсанд гомдолтой. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан журмыг буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.З-н өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр:

Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч Н.З-н... “мөс” гэх бодисыг БНХАУ-ын нутагт хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 21 граммыг, 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100.9 граммыг хууль бусаар тус тус нэвтрүүлж, өөрийн бие болон тээшинд хадгалж, Г.А-н жолоодож явсан автомашинаар тээвэрлэсэн, 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр М.Г т 21 грамм мөс худалдсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул,” ...гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.” гэсэн нь: ялтны БНХАУ-ын болон Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд оногдох ял шийтгэлээс айсан, хамт зорчиж байсан Г.А “хар тамхи хэрэглэсэн, биедээ авч тээвэрлэн БНХАУ-ын хилээр гарвал цаазын ялтай” гэж уурлан гадаад паспортаа урсан тухай ялтны болон Г.А-н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт ялтны гадаад паспортаа урснаас шалтгаалан БНХАУ-ын хил дээр 2 цаг, Монгол Улсын хил дээр 1 цаг гаран бүрэн шалгалтад орсон тухай мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлуулсан Г.А, ялтан Н.З-н бүх хуудас нь урагдсан 2 ширхэг гадаад паспорт зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэж байна. Хэрэв дээрх баримтуудыг нягталбал бүх хуудас нь салж урагдсан гадаад паспорттай Монгол Улсын хоёр иргэнийг БНХАУ-ын хил дээр саатуулж хоёр цаг гаран тусгайлан шалгах үед, Монгол Улсын хил дээр нэг цаг гаран саатуулж тусгайлан шалгаж өргөдөл бичүүлж нэвтрүүлэх үед метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлээгүй байна гэж үзэх, эсхүл тэр шалгалтуудаар нууж, улсын хил нэвтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь, хэрэгт цугларсан Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь, хил гааль дээр хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл зэргээс тодорхой харагдаж байна. Мөн дээрх баримтуудыг шүүх тогтоол гаргахдаа үгүйсгэсэн баримтуудыг заагаагүй байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр:

Ялтны 2016 онд гэмт хэрэг үйлдэж баригдах үед 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль үйлчилж байсан бөгөөд 2018 онд ял шийтгүүлэх үед шинэ Эрүүгийн хууль үйлчилж байсан. Шүүх тогтоолынхоо үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэх боловч хууль хэрэглэхдээ “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан “Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх”-д хамаарах ба Н.З-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарах тул... шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.” гэж, шүүгдэгчийн болон бага насны хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн хуулийг хэрэглээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Иймд Н.З-н метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, өөрийн гэм буруугаа хүлээж, хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд нь гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг хэрэглэж, ял хойшлуулж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан. М.Г ийн үйлдлийн талаар нэмж хэлэх тайлбар байхгүй. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. ...” гэв.

 

          Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Паспорт нь урагдсан боловч штамп дарж, хилээр орж ирсэн. Эд зүйл өгөх, авах асуудал хил дээр байхгүй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан, шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нарт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.