Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2017/00020

 

******* нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2017/00603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч  Т.Тийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлээр худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 4.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 6-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т. Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч  Т.Таас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Ч нь гурил гурилан бүтээгдэхүүн болон бусад хүнсний бүтээгдэхүүн зэрэг 3.500.000 төгрөгийн үнэ бүхий бараа зээлээр худалдан авч борлуулахаар харилцан тохиролцож авсан. Түүнээс хойш тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй явсаар байсан учир хугацаа тохиролцон 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Мөнгө гаргуулахаар олон удаа шаардлага тавьсан боловч ямар нэг байдлаар төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд үндсэн зээл болох 3.500.000 төгрөг, алданги 550.000 төгрөг нийт 4.050.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэж байсан, мөн эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авч байсан. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл тооцоогоо бодоод талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Мөн хариуцагч гэрээн дээр гарын үсэг зурсан гэхдээ өөрийг нь бодоод зурсан гэж хэлж байгаа хэдий ч гэрээнд гарын үсэг зурж 3.500.000 төгрөг төлөх талаар уншсан гэдгийг өөрөө шүүх хуралдааны явцад хэлсэн. Хариуцагч нь нягтлан бодогч учраас мөнгө төлөх, авахтай холбоотой асуудлыг хайнга хандахгүй байх гэж бодож байна. Хариуцагч нь Т. Ттай үлдэгдэл байхгүй гэж маргаагүй, төлбөр тооцоо 1.000.000 төгрөг байгаа байх би сайн мэдэхгүй байна гэсэн байдлаар тайлбарласан. Ийм учраас талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзээд 4.050.000 төгрөгийг гаргаж Т. Тийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Т. Таас 2013 оноос 2015 оны 01 сар хүртэл талх, хүнсний ногоо материал авч хүүхдүүдтэйгээ хамтран үдийн цайны үйлдвэрлэл явуулж байсан. 2014 оны 10 сард автын осолд орж хүүхдүүд үргэлжүүлэн хийсэн. Тухайн үедээ мөнгө төгрөгөө авч өгөлцөөд явж байсан. Бага зэргийн тооцооны үлдэгдэл байсан. Гэтэл 2016 оны намар намайг айл нүүлгээд завгүй байхад Т. Т ирж би банкнаас зээл авч Солонгос улс явах гэсэн юм авлагатай байх шаардлагатай байна, та гарын үсэг зураад өгчих гээд байсан. Би ийм их өглөг байхгүй гэхэд тантай би дараа тооцоо нийлнэ гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ илүү дүнгээр бичиж өгснөөс гадна он сараа зөрүүтэй бичсэн байна. 2016 оны 01 сард би Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан. Энэ тооцоондоо 2013 оны 11-12 сард Т. Тын 5215186845 тоот дансанд тушаасан 2.031.000 төгрөг, 2014 оны 09 сард *******ын 5099229949 тоот дансанд тушаасан 500.000 төгрөгийг тус тус оруулаагүй байна. Иймд дээрх мөнгөнүүдийг хасаад Т. Тт 969.000 төгрөг төлөхөөр байна гэжээ.

Хариуцагч *******гээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2013-2014 онд үдийн цайны үйл ажиллагаа явуулж байхдаа Т. Таас хүнсний бүтээгдэхүүн зээлж аваад дараа нь тооцоогоо хийдэг байсан. Мөн 2014 оны 10 сард авто осолд ороод түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Өмнө 1,000,000 төгрөгийн тооцоотой байсан. 2016 оны 08 сард айл нүүлгээд явж байхад Т. Т ирээд Солонгос явах гэсэн юм. Банкнаас зээл авах гэсэн чинь авлага шаардлагатай байна гарын үсэг зураад өг гэсэн болохоор нь би гарын үсэг зурсан. Тэгээд сүүлд нь тооцоогоо нийлүүлнэ гэж хэлчихээд өнөөдрийг хүртэл тооцоогоо нийлүүлээгүй. Ийм учраас шүүхэд гомдол гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна уу гэхээр нь харилцан тохиролцож тооцоо нэгтгэж байж хүлээн зөвшөөрнө. Өөртэй нь харилцан тохиролцоогүй байж хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлсэн. Тооцоогоо тухай бүрд хийдэг байсан болохоор итгээд гэрээнд гарын үсэн зурсан. 2015-2016 онуудад Т. Таас гурил, хүнсний ногоо аваагүй. 2013-2014 онуудын үлдэгдэл 1,000,000 төгрөг байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг тус тус баримтлан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.500.000, алданги 550.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөгийг хариуцагч *******сээ гаргуулж нэхэмжлэгч Т. Тт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* төлсөн 79750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 79750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т. Тт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие 2016 оны 8 дугаар сард айл нүүлгэлцээд завгүй явж байхад Т. Т ирж “ Би банкнаас зээл авч Солонгос улс явах гэсэн юм, Авлагатай байх шаардлагатай байна, Та гарын үсэг зураад өгчих” гэж гуйсан. Би түүний бичсэн зүйлийг нь хараад “ Би ийм их өглөг байхгүй шүү дээ” гэхэд Т. Т “ Таньтай дараа тооцоо нийлье” гэж яааруу байдлаар хэлсэн тул би гарын үсэг зурсан, тэр аваад явсан юм.

Миний бие Т. Тт 2013- 2014 оны хоорондох хүнс, ногооны төлбөрийн үлдэгдэл 969000 төгрөг төлөх төлбөртэй, гэвч Т. Т өөрийн биеэр төлбөр тооцоо дууссан гэдгээ илэрхийлсэн.

Шүүх ганцхан төлбөр барагдуулах хэлцэл гэх зүйлд үндэслэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Миний бие өөрт байгаа, хэрэгт хамааралтай нотлох баримтаа гаргаж өгсөн ба шүүх түүнийг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Төлбөр барагдуулах хэлцэл гэх зүйл би гарын үсэг зурж өгсөн нь үнэн боловч Т. Т нь надаас авах төлбөр мөнгө, тооцоо одоо байхгүй гэх хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байгаа гэж би үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 131/шш2017/00603 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын нэрс, хаяг тодорхойлоогүй байхад ажиллагаа хийж, хэргийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийг  Т.Т гэж хувь хүн нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэл дээрээ ******* ХХК гэсэн хуулийн этгээдийн тамга дарсан, хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол хуулийн этгээдийн нэртэй маягт хуудас дээр хуулийн этгээдийнхээ нэрээр нэхэмжлэл гаргаагүй мөн шүүгч иргэний хэрэг үүсгэхдээ “..итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох..” иргэний хэрэгт гэж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан зэрэг нь зөрчилтэй бөгөөд нэхэмжлэлийг ******* гэдэг хуулийн этгээд гаргасан уу, эсхүл Т. Т гэдэг хувь хүн гаргаж байна уу, итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нэхэмжлэл гаргасан уу гэдэг нь тодорхойгүй. Мөн төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр нэхэмжлэгч А тал, хариуцагч Б тал гэсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусынхаа хуулийн этгээдийн тамга дарсан байхад шүүх энэ талаар тодруулахгүйгээр шийдвэртээ хариуцагч *******, нэхэмжлэгч Т. Т гэж шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ “..нэхэмжлэгч Т. Тийг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцуулмаар байна..” гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлаж, дараа нь шүүх хуралдааныг үргэжлүүлээд хүсэлтийг хангахаас татгалзаж захирамж гаргасанаа тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч шүүгчийн захирамж гаргаагүй байгаа нь шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна гэж дүгнэв.

Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79.750 төгрөгийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 131/ШШ2017/00603 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79.750 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                 Г.УЛАМБАЯР