Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0378

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 18 өдөр                    Дугаар 378                                          Улаанбаатар хот

 

А.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар шийдвэртэй, Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэн А.А-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.А нь 1970 онд төрсөн. 44 настай. 2004-2008 оны хооронд Эко Ази Байгаль орчны дээд сургуулийг экологич мэргэжлээр төгссөн. 2003 оны 2 дугаар сарын 15-нд Цогт сумын Байгаль хамгаалагчаар ажилд орж, тасралтгүй 6 дахь жилдээ ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлын ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй. 2011 онд Усны тооллогын багийнхныг ирэхэд би зориуд хувийн ажлаар огт яваагүй ирнэ гээд бараг 7 хоног хүлээлгэсэн.

Тэр өдөр ГИДЦГ-ын дарга н.М хавтгайн буур говь руу тавих гэсэн юм ирэх боломж байна уу гэж холбоо барьсан. Би усны тооллого хийж дуусаж байсан. Тэгээд эхнэр н.Алимаа хамт явахаар болсон. Хулхийн усны тооллого хийж дуусаж байсан учир н.М даргад хэлж хамт очиж хэмжилт хийж ирсэн. Төрөөс надад 1 литр бензин өгөөгүй, хавтгай дээр очих ажлаар төрийн ажлыг хийж явсан. Үүнийг н.М дарга, жолооч н.Т мэдэж байгаа.

 

 

Хувийн ажлаар багуудаар явсан гэж байна. Говийн их дархан цаазат газрын даргатай яриад хавтгай тарих гэж явсан. Тэр бол хувийн ажил биш. Тэр үед манай эхнэр малын эмч хийж байсан. Тэгэхэд эхнэрээ авч явж хавтгай тарьсан юм. Мэргэжилтнүүдийн хамт явсан.

Айлын мал тарьсан зүйл байхгүй. Ус тооллогод өөрийнхөө хувийн мотоциклоор хоёулаа хоол унд ч үгүй явсан. Энэ ажлыг нэлээд чанартай сайн хийсэн гэж бодож байна. 2010 онд 10 хоног ажил таслаагүй цагийн бүртгэл, авсан цалин нь тодорхойлно. 2013 онд хэрэгжсэн төсөл “Нүдэн булгийн эхийг хамгаалах” нь байгаль орчны байцаагч Д.Э нь Чулуун дэнж нөхөрлөлийн нэрийг зээлдүүлж хэрэгжүүлсэн. Би тэр ажилд нь гар бие оролцсон. 2013 оны 5 сард нөхөрлөлийн гишүүд болох н.Б, н.С, н.З, н.О, н.Б гэх мэт эмэгтэйчүүдийг оролцуулан жолооч н.Б хамт Засаг даргын Тамгын газраас бензин гаргуулан 5-7 хоног сумын давааны орчмоос шон татсан ямар ч ажлын хөлсгүй төсөл хэрэгжих хугацаанд ямар ч хүнд ажлын хөлс гэж өгөөгүй.

Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө жолооч н.Б-оос шон аваад ирээч гэтэл авчирсан байсан шонгоосоо өгсөн байсан. 10 сард Б дарга нь төслийн хэрэгжилт шалгаж ирсэн байсан. Д.Э нь төслөө хэрэгжүүлээгүй байсан учир 4 ширхэг шон гэж над руу дайрсан. Тэр 4 ширхэг шонг нь жолооч н.Н о ахаас гуйж авч өгсөн. 10 сар дотор багтааж төслөө хийж дуусга гэсэн үүрэг өгөөд явсан. Мөн би өөрийн биеэр тэр хүмүүсийг гуйж ажиллуулсан. Хөлсгүй ажил хийхгүй гэж эсэргүүцсэн.

Гэвч би энэ ажлыг хийж дуусгасан. Одоо хүртэл хөлсгүй ажил хийсэн хэмээн гомдолтой байна гэж прокурорт гомдол гаргасан баримт нь байгаа. Шонгоос 8 ширхэг илүү гарсан. Тэрийг нь Д.Э-ын хашаанд үлдээсэн. Үнэхээр улсын үнэтэй хөрөнгө юм бол Д.Э авсныг хууль бус гэж үзэж байна. 2013 оны ажлын үр дүнгийн гэрээнд хийгээгүй ажил огт байхгүй. 2008 оноос эхлэн жил бүр жилийн эцсийн үр дүнгийн нэмэгдэл бодогдсон. Ажлаа хангалтгүй хийсэн бол нэмэгдэл гэж авахгүй. Цагийн бүртгэлийг хуурамчаар засварлаж, Д.Э нь хуурамчаар хүний нэр барьж тайлбар өргөдөл хийсэн байгаа.

Мөн 2008 онд төгсөж ирээд тангараг өргөхөөр аймаг явахад Д.Э нь хуурамч өргөдөл бичиж миний тангараг өргөхийг хойшлуулж байсан. 2000- 2004 оны хооронд Байгаль хамгаалагч н.Б гэдэг хүн байхад н.Б-той миний бие нь идэвхтэн байгаль хамгаалагч хийж, н.Б гуайтай байнга эргүүл хийж хувийн унаагаар явдаг байсан.

 

Бид нар эко клубийн ажлаар Баянхонгор аймаг явсан нь үнэн. Манай хүүхэд эко клубийн ахлагч, тэгээд цуг явсан. Мөн биологийн ахлах багш, Д.Э явсан. Бид цагтаа очсон. Замдаа архи уусан гэж худлаа. Өглөө нь бид бүгд байж байгаад зургаа авхуулсан. Хүүхдүүдийг хоцруулсан зүйл байхгүй. Энэ бол манай байцаагчийн хийсэн ажил. Хүүхэд машин барьсан асуудал бол манай хүүхэд бөөлжөөд байдаг болохоор нь цагаан газар машин бариулсан нь үнэн. Орой нь галын наадам болоод оролцсон. Үйл ажиллагаагаа дуусаад явж байхад бензин дуусаад бензин авах гээд Б тн бензин түгээгч нь аймаг явсан байсан учраас тэндээ хоносон. Шөнө бензин түгээгч ирж бензин аваад, өглөө нь сум явсан.

2012 онд манай сумд 4 хоног ажиллаагүй. Худлаа хэлж байна. Бид Дархан газарт очсон. Тэндээсээ “Захын ус” орж хавтгай тарьсан. Тухайн үед манай эхнэр малын эмч хийж байсан учраас хавтгай тарих ажилд хамт явж, 1 хоноод очиход ажлын хэсгийнхэн байж байсан. Булгийн асуудлыг сумын Тамгын газраас хэдэн литр түлш гаргаж шонгийн хөлийг зөөж ирсэн. Д.Э энэ ажилд ерөөсөө оролцоогүй. Төслийг Д.Э өөрөө гардаж аваад хэрэгжүүлэх ёстой байсан. Тэгэхэд нэг удаа ч булгийг хамгаалах ажилд оролцоогүй. Би тэнд бас 7 хоног ажилласан. Гэтэл Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нь Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмыг баримтлан хууль бусаар ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна.

Иймд, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М тайлбартаа: “А.А нь 2008 онд анх ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас болон хариуцагч талын тайлбараас харагдаж байна. 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Ажлын цагаар, ажлын байранд архидан согтуурсан гэдэг нь нотлох баримтаар харагдахгүй байна. Мөн 2013 онд шон хулгай хийсэн гэж байна. Энэ нь өнөөдрийн шүүх хуралдаанд ямар ч хамааралгүй. Гэм буруутай гэсэн шүүхийн шийдвэр байхгүй байхад гэм буруутайд тооцохгүй.

Ажлаас халахад журам барьж халахгүй, хуулиа барина. Журам зөрчсөн асуудал ч байхгүй. Энэ хүний ажилд Засаг даргын орлогч н.Баатар нь “А" үнэлгээ тавьсан байдаг. А.А нь улирал бүр төлөвлөгөө удирдамжаа батлуулж, түүний дагуу ажилладаг байсан. Шүүх хуралдаанд А.А нь хийсэн ажилдаа хариуцлагатай ханддаг гэдэг нь хавтаст хэргийн материалаас харагдаж байна. н.Ганчулуун нь би өргөдөл бичиж өгөөгүй гэдэг. Эх хувийг шаардсан боловч ирээгүй. Д.Э, А.А нарын таарамжгүй харилцаанаас үүсээд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн.

Иймд, гэрчүүдийн яриад байгаа зүйл нотлогдохгүй байгаа тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Ийм учраас Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Иймд, А.А-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Жаргалцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Иргэн А.А нь 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус газрын даргаар ажиллаж байсан Д.Б нь Цогт сумын байгаль хамгаалагч А.А-ыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр газрын даргын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1 дэх заалт, байгууллагын дотоод журмыг тус тус үндэслэн халсан байдаг. Ажлын байрандаа, албан ажлаа гүйцэтгэж явах үедээ архидан согтуурдаг. /байгууллагын дотоод журамд албан ажлаа гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлж, гэрээг цуцална гэж заасан/

Тус газраас хяналт шалгалт, судалгаа шинжилгээний болон цаг үеийн бусад ажлаар Цогт суманд ажиллахдаа ихэвчлэн согтуу байдаг. Жишээлбэл, 2011 онд Монгол Улсын усны тооллого орон даяар хийгдсэн бөгөөд бүх сумдад урьдчилан албан бичиг хүргүүлж бэлтгэл ажлыг хангахыг мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газрын мэргэжилтэн Түмэндэмбэрэл, Г.Олонбаатар тус газрын жолооч М.Жавхлан нар Цогт суманд ажиллахаар очиход урьдчилан анхааруулж, утсаар ярьсаар байхад эхнэрийнхээ компанийн мал тарих ажлаар Б т явсан байсан ба улсын ажил тасалдуулж, 2 хоногийн дараа согтуу ирж байсан. Тэр үед нь амаар анхааруулж, дахин ийм үйлдэл гаргавал ажлаас чөлөөлнө гэж байсан удаатай.

2013 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн Нүдэн булгийн эхийг хашиж хамгаалахаар бэлтгэсэн шонгийн хөлийг хувьдаа авч ашигласан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 15 дугаар зүйлийн 15.1.7-д Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглосон заалтыг зөрчсөн бол гээд энэхүү асуудлыг худал хэмээн өөрийг нь гүжирдэж байна гэж мэдүүлсэн боловч шонг ачиж аваачсан жолооч Б уг үйлдлийг нь нотолсон. Үүний дараагаар Засаг дарга дээрх шонгуудыг А.А-аас буцаан авсан.

2013 оны үр дүнгийн гэрээг “F” үнэлгээтэй дүгнүүлсэн. Байгаль хамгаалагчид нь тухайн сумын Засаг дарга, газрын даргатай гурвалсан гэрээг байгуулан ажилладаг. А.А-ын 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг Цогт сумын Засаг дарга буюу 90.3 хувиар дүгнэн ирүүлсэн бөгөөд дараагийн шатны дарга болох Байгаль орчны газрын дарга Д.Б дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй буюу 34.1 хувиар дүгнэсэн байдаг.

Сумын Засаг дарга нь А.А-ын 2013 оны ажлыг дүгнэж ирүүлэхдээ 4 ажлын хэрэгжилтийг огт бичээгүй, хэрэгжүүлээгүй байхад бүрэн хэрэгжсэн мэт 30 хүртэл оноо тавьсан нь байгаль хамгаалагчийн ажлыг дүгнэж байгаа Засаг дарга үнэн зөв дүгнэлт өгөөгүй нь харагдаж байна. Мөн тус газраас Засаг дарга Н.Самбад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 278 тоот албан бичгээр А.А-ыг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлж байсан. Үүний хариуд Засаг дарга Н.Самбаас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны тоот албан бичгээр иргэн Д.Базархүүг Байгаль хамгаалагчаар ажиллуулах санал, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1065 тоот албан бичгээр А.А-ыг ажиллуулах саналыг тус тус ирүүлж байсан.

Байгаль хамгаалагчийг удирдлагаар хангаж ажиллах ёстой Засаг дарга энэ мэтчилэн олон талт шийдвэр гаргаж, 2013 оны үр дүнгийн гэрээг үнэн зөв дүгнээгүй нь удирдах албан тушаалтанд байж болохгүй ёс зүй юм.

2013 оны 8 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан чуулга уулзалт болсон байдаг. Энэ чуулга уулзалтад танай сумын хүүхдүүд 8 дугаар сарын 09-нд амжиж очоогүй байж байгаад 8 дугаар сарын 10-нд очсон байдаг. Яагаад амжиж очоогүй вэ? Бидний авсан

 

мэдээллээр архи уугаад төөрсөн, сүүлдээ хүүхдээр машин бариулсан гэсэн байгаа.

Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурдаг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зорилго, зорилтуудыг хангалтгүй гүйцэтгэж, 2013 оны үр дүнгийн гэрээгээр “F” үнэлгээ авсан, төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаасан байгаль хамгаалагч А.А-ыг ажлаас халсан нь үндэслэлтэй үйлдэл байсан гэж үзэж байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.А-ыг Цогт сумын Байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгохыг аймгийн Байгаль орчны газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Аптай аймгийн Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.О давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21- ний өдрийн 25 дугаар шийдвэрийг дараах үндэслэлүүдийн улмаас хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Үүнд:

  1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж, дүгнэх журам”, байгууллагын дотоод журмын 5.15 болон 6.12 дахь заалтуудыг үндэслэл болгоогүй, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын аман яриа болон үнэн эсэх нь тодорхой бус нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэр гаргасан.
  2.  Нэхэмжлэгч талын гаргасан үнэн эсэх нь тодорхой бус нотлох баримтуудыг нягтлан нэмж тодруулга авах. Тухайлбал, нэхэмжлэгч А.А-ын 2012 онд Дархан цаазат газар /Захын ус/ очиж хавтгай тарьсан эсэхийг тодруулах. Учир нь, нэхэмжлэгч нь 2012 оны ажлын тайлангууд болон үр дүнгийн гэрээний биелэлтдээ хавтгай тарьсан ажлынхаа талаар дурдаагүй, мөн дархан газрын тухайн оны ажлын тайлангуудад хавтгай тарьсан ажлын талаар тусгагдаагүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн үр дүнгийн гэрээний биелэлтээр тухайн жилийн хийсэн бүх ажлаа дүгнүүлдгийг мэдсээр байж яагаад зарим ажлын биелэлтийг бичилгүй хоосон орхисон, биелэлт бичээгүй хоосон орхисон ажилд яагаад бүрэн оноог нь өгч дүгнэсэн талаар тухайн биелэлтийг дүгнэсэн Засаг даргаас тодруулах, түүнчлэн нэхэмжлэгчийн сар сарын тайлангуудад биелэлт бичээгүй хоосон орхисон ажлуудыг хийсэн талаар тусгагдсан эсэхийг тодруулах шаардлагатай байна.
  3. Нэхэмжлэгч нь ажлын байран дээр, ажлын цагаар огт архи уудаггүй байсан эсэхийг хамт ажилладаг байсан хүмүүс болон иргэдээс тодруулга авч, харгалзан үзэх шаардлагатай юм.

Иймд, Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч А.А-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.А-ыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж дүгнэх журмын 7.1, Байгаль орчны газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.15 дахь заалтуудыг тус тус үндэслэж, байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг “удаа дараа үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил гаргасан буюу албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэж, төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д "... удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлж, дүгнэхэд төрийн албан хаагч нь “хоёр ба түүнээс дээш” удаа хангалтгүй дүн авсан байхыг ойлгоно.

 

 

 

 
 


Гэтэл нэхэмжлэгч А.А-ын 2013 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг тус сумын Засаг дарга Н.Самба 90.3 “А” үнэлгээгээр дүгнэж байсан, мөн буруутгаж буй зөрчлүүд нь дараах байдлаар тогтоогдоогүй байхад “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж хуулийн дээрх заалтыг үндэслэн түүнийг төрийн албанаас халсан нь үндэслэлгүй байна.

 

  1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрандаа архи ууж, архидан согтуурдаг гэдгийг нь хамт ажилладаг Д.Э-ын иргэн О.Ганчулуунаас авсан “Алтай ах намайг архи ав гэсэн, архи нэхэж уусан” гэх тайлбараар нотлогдож байгаа гэх боловч хэрэгт авагдсан О.Ганчулууны “... Д.Э надаас тайлбар аваагүй. Ямар нэгэн тайлбар дээр гарын үсэг зуруулаагүй. Миний нэрийг барьж худлаа бичсэн байна. ... Надаар архи авхуулж ууж байсан удаа байхгүй. Мөн А.А-ын талаар ямар нэгэн тайлбар бичиж гарын үсэг зурж байгаагүй” гэсэн тайлбар, Цогт сумын хэсгийн төлөөлөгч Б.Арсланбаатар, мөн тус сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатар нарын тодорхойлолт болон гэрч Д.Цогзолмаа нарын мэдүүлгээр А.А нь ажлын байрандаа архидан согтуурсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
  2. Нэхэмжлэгч А.А-ыг “...2013 онд Цогт суманд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн Нүдэн булгийн эхийг хашиж хамгаалахаар бэлтгэсэн шонгийн хөлөөс хувьдаа ашигласан...” гэж буруутгаж, ажлаас халах нэг үндэслэлд оруулсан байх боловч энэ талаар ‘Шон бол төрийн өмч биш, модыг нь аваад явчихсан цементэн хөлийг цуглуулж ирсэн юм. Хаягдал байсан шонг л ашигласан юм”, “...хаясан шонгоос 2 шон аваад Тамгын газарт буцааж өгсөн" гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, “...Хээр шонгуудын цементэн хөл байсныг Тамгын газрын ажилчидтай хамтарч ачиж ирсэн. Тоог нь мэдэхгүй байна” гэсэн гэрч Д.Цогзолмаагийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглан завшсан гэж үзэх үндэслэлгүй байна.
  3. Түүнчлэн А.А нь 2013 онд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдоогүй, мөн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Д.Б нь сумын Засаг дарга болон байгаль хамгаалагчтай санал солилцож, ярилцлага хийлгүйгээр түүний гэрээний биелэлтийг үнэлсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай
     
    ярилцлага хийнэ" гэж заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд А.А-ыг ажлаас халсан үндэслэлүүд болон ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа

шүүгч Ц.Цогт,

шүүгч Д.Баатархүү