| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/04845/И |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Г,
Хариуцагч: С.О нарт холбогдох,
72,409,705.61 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, М.Баярт-Од, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдэн төлөөлөгч М.Баярт-Од, Э.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч иргэн Х.Г нь “Х” ХХК-ийн Сонгинохайрхан салбарын Хүлэг тооцооны төвөөс 2011 оны 07 дүгээр сарын 09-ний өдөр №ХЗГ-172 тоот зээлийн гэрээ байгуулан 130,000,000 төгрөгийг сарын 1,35 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, cap бүр 3,242,000 төгрөгийг, хамгийн сүүлийн сард 3,302,879 төгрөг төлөх нөхцөлөөр, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд: Иргэн Х.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* тоот дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *******-р хороо нарны зам *******-р байр ******* тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, иргэн Х.Г*******ын эзэмшлийн АЯ№0166300 гэрчилгээний дугаартай ******* ******* улсын дугаартай LX470 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 82,751,944.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 57,138,803.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 46,94.87 төгрөг, нийт 139,937,688.70 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 987 /хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 03 сарын 31 -ны өдрөөс хойш удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дүгээр зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 47,248,055.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 21,705,610.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,449,039.49 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7000 төгрөг, нийт 72,409,705.61 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Х.Г*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* тоот дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *******-р хороо нарны зам *******-р байрны ******* тоот, 118,44 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, АЯ№ 0166300 гэрчилгээний дугаартай ******* ******* улсын дугаартай LX470 маркийн саарал өнгийн суудлын автомашин зэрэг үл хөдлөх /хөдлөх/ хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна.
Хувьсах хүүтэй гэрээ байгуулсан, хүүг 2012 оны 7 сарын 1-нээс сарын 1,45 хувь жилийн 17,4 хувь болгосон талаар мэдэгдэл өгсөн. Гэрээг шинээр байгуулсан зүйл байхгүй ...” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн хүү 21,705,610 төгрөгийн хүүг болон 3,4493,039 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг яаж бодож гаргасан ойлгомжгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл нь зөв гарсан, үүнийг зөвшөөрч байгаа. Зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүг яаж бодогдсон нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй, нотлогдохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Х.Г, С.О нарт холбогдуулан “үндсэн зээлд 47,248,055.73 төгрөг, зээлийн хүүнд 21,705,610.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,449,039.49 төгрөг, нотариатын зардал 7,000 төгрөг, нийт 72,409,705.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч “хүү, нэмэгдүүлсэн хүүг яаж тооцсон нь ойлгомжгүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
“Х” ХХК Х.Г, С.О нартай 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр № Х3Г-172 тоот “Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ”, № БГ- 172 тоот “Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 130,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1.35, жилийн 16.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Х.Г*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам *******-р байрны ******* тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 118.44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг болон Лексус 470 маркийн автомашин, хөргөгч, телевизорыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдэгч тал болох Х.Г, С.О нар зээлийн гэрээний үүргээ 2015 оны 2 сарын 4-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлэн төлж байсан болон 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээл, хүүд мөнгө төлөлгүй явсаар зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгтээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Зээлийн гэрээний хугацаа 2016.7.5-ний өдөр дуусах хүртэл Х.Г, С.О нар 139,937,689 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт хүснэгтээр тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Талууд зээлийн хүүг хувьсах буюу өөрчлөгдөх нөхцөлтэй байгуулсан, Х 2012 оны 7 сарын 1-ний өдрөөс хүүг жилийн 17.4 хувь болгох талаар Х.Гд мэдэгдсэн байх боловч энэ хүүг Х.Г, С.О нартай харилцан тохиролцсон гэж үзэхээргүй, үүний дараа зээлийн хүүг жилийн 18 хувь болгохдоо зээлдэгч нарт мэдэгдээгүй, хүү нэмэх тохиолдолд бичгээр гэрээг байгуулаагүй байх тул нэхэмжлэгч талын жилийн 17.4 хувь, 18 хувиар тус тус тооцож зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилснийг хангах үндэсгүй.
2016 оны 7 сарын 5-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аль дүнгээс, ямар хугацаанд, хэдэн хувиар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь ойлгомжгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байх тул хариуцагч нарын төлөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар тооцох нь зүйтэй.
Зээлийн гэрээ, буцаан төлөх хуваариар зээлдэгч нар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, хүүд 60,370,*******1 төгрөг, нийт 190,370,*******1 төгрөг төлөх байсныг зээлдэгч нарын хүлээсэн үндсэн үүрэг гэж үзнэ. Үүнээс зээлийн гэрээний хугацаанд төлсөн 139,937,689 төгрөгийг хасвал зээлийн гэрээний хугацаа дуусахад 50,432,572 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
2016.07.05-ны өдөр зээлийн гэрээ дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусахад төлөх ёстой байсан үүрэг 50,432,572 дүнгээс 2017.10.20-ны өдөр шүүхэд хандах хүртэл хугацаанд дараах байдлаар тооцох үндэслэлтэй.
Хэтрүүлсэн хугацааны хүү: 50,432,572төгрөг*16.2% (жилийн хүү):365хоног*467 хоног(2016.07.05-2017.10.20хүртэл)=10,453,221 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 50,432,572төгрөг * 16.2% (жилийн хүү) *20% (нэмэгдүүлсэн хүүгийн хувь): 365хоног*467хоног (2016.07.05-2017.10.20хүртэл)=2,090,644 төгрөг
Дээрх тооцооллоос дүгнэвэл үндсэн зээл, хүүд буюу зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50,432,572 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 10,453,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,090,644 төгрөг, нийт 62,976,437 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал Х.Г, С.О нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан зардлаа хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан нотариатын мөнгөний тасалбараар Х.Г, С.О нартай холбогдон нэхэмжлэгчээс 7,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч нар хариуцах үндэслэлгүй байна.
Х.Г*******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам *******-р байрны ******* тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 118.44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг талууд барьцааны гэрээгээр 130,000,000 төгрөгөөр тооцон үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон, хариуцагч нарын төлөх үүргийг барьцаалсан орон сууцаар хангуулахад хүрэлцээтэй, давхар автомашинаар үүргийг хангуулах шаардлагагүй байх тул нэхэмжлэгчийн “Х.Г*******ын өмчлөлийн Лексус 470 маркийн автомашинаар үүргийг хангуулах” гэсэн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Х.Г, С.О нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 50,432,572 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 10,453,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,090,644 төгрөг, нийт 62,976,437 /жаран хоёр сая есөн зуун далан зургаан мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал 7,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9,4*******,*******8.61 төгрөг, нийт 9,433,*******8.61 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Г-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам *******-р байрны ******* тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 118.44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 62,976,437 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, “Х.Г-ын өмчлөлийн Лексус 470 маркийн автомашинаар үүргийг хангуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Г, С.О нараас 62,976,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,433,*******8.61 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Х.Г, С.О нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Х.Г-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам *******-р байрны ******* тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 118.44 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 62,976,437 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “Х.Г-н өмчлөлийн Лексус 470 маркийн автомашинаар үүргийг хангуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г, С.О нараас 543,032 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ