Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/244

 

2017 он 11 сар 24-ны өдөр                          Дугаар:244                                                      Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ , Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамьяндорж, Шүүгдэгч Б.Ариунболд түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001450118 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-5 ээж, эхнэр хүүхдийн хамт, ДарханУул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 21-ын 87 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ариунболд нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Байдрагийн гүүр чиглэлийн авто замын төсөл дээр ажиллаж байсан “Шанхай” констракшн группын орчуулагч *******-ийг хутгалж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүугийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван Лиянгийн бие махбодид гэмтэл учруулсандаа ихээр гэмшиж байна. Би тэр хүний эмчилгээний бүх зардлыг нь нөхөн барагдуулах болно. Би тэр хүнээс байнга уучлалт гуйж байгаа одоо ч гэсэн болсон явдалд ихээр харамсаж байна. Надад хенгөн төрлийн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73 /,

2. Шүүгдэгч Б.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би өмгөөлөгч Н.Жамьяндорж үнэмлэхний дугаар №1284 дугаартай хүнийг байлцуулан мэдүүлэг өгнө. Би хохирогчийн эрх үүргийг ойлгосон. Асууж тодруулах зүйл байхгүй. Би Монгол Улсад төрсөн ба Монгол хэл мэднэ, уншиж бичихдээ бага зэрэг тааруу. Гэхдээ өмгөөлөгчөөр дамжуулан уншина. Би Баянхонгор аймгийн төв болон Байдрагийн гүүр чиглэлд авто зам тавьж байгаа “Шанхай” констракш ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн орчуулагчаар ажиллаж байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 34 дүгээр кемп буюу “Нарийны гүүр” дээр байж байхад манай дарга Лин фун цунь “Машин эвдэрсэн” гээд дуудахаар нь би викап машинд суугаад засварчин жолооч нарын хамт 38, 34 дүгээр кемпийн дунд очиход зам дээр манай компаний Хятад ажилчин гараараа даллаад дуудсан ба цаана нь гурван хүн нэг машин байсан. Тэгээд очиход манай жолооч Хятадаар хятад ажилчинтай юм яриад байсан. Гэтэл цаана нь зогсож байсан гурван Монгол иргэн монголоор хараагаад байсан. Би машинаас буугаагүй ба машин дотор жолоочийн хажуу талд суусан байсан ба дотроос нь “та нар одоо боль, манай ажилчны ажлыг хийлгэ” гэхэд нэг өндөр залуу миний нүдний баруун дор хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Наана нь зогсож байсан нэг монгол “чамайг хутгална” гээд хутга гартаа барьчихсан байсан. Гэтэл намайг цохьсон залуу нөгөө залуугаасаа хутгийг нь аваад миний зүүн гарын булчин хэсэг рүү хутгалсан. Би гараа бариад сууж байхад нөгөө Монгол залуучууд машиндаа суугаад явсан ба би машины дугаарыг харахад 17- 71 УНС улсын дугаартай автомашин байсан ба болсон явдлын талаар дүү Баяраа руу хүнээр дамжуулан хэлүүлсэн. Тэгээд Баянхонгор аймгийн эмнэлэгт орой нь ирээд оёдол тавиулсан, гараа хөдөлгөх гэхэд хөдлөхгүй байсан, эмч Улаанбаатар хот руу явж эмчилгээ хий гэсэн. Тэр шөнөө Улаанбаатар хот руу яваад 2017 оны 09 дүгээр сарын 07- ны өглөө үүрээр 07 цагийн орчимд хотод очоод гэмтлийн эмнэлэгт 1 өдөр хэвтсэн. Хагалгаа хийх гэхэд шарх арай эдгээгүй байна, эдгээж байгаад хагалгаа хийнэ гээд гэрээрээ 7 хоноод 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хагалгаанд ороод 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгээс гарсан. Эмнэлэгээс гарах үед шарх боолттой байсан ба 2017 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүртэл боолт хийлгэж байгаад 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боолтоо авахуулсан. Одоо зүүн гарын хуруугаа тэнийлгэх гэхээр болохгүй байгаа ба гэмтлийн эмч хэлэхдээ 3-6 сарын бүрэн хөдлөх боломжтой гэж байсан. Ягаан өнгийн бариултай ойролцоогоор 25 орчим см урттай ахуйн хэрэглээний хутга байсан. Өөрсдөө хутгаа аваад явчихсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор бол эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, эм тариа, такси эмчилгээний боолт энэ тэр гээд нийт 1.488.000 төгрөгний зардал гараад байгаа. Надад бол яг бүрдүүлсэн баримт байхгүй ба бэлнээр нь аваад байсан. Хохирол барагдсан зүйл байхгүй. Дээрээс нь би сард монгол мөнгөөр 2.960.000 төгрөгний цалин авдаг гэмт хэргийн улмаас гэмтэл аваад би 2 сар ажилгүй байсан тэр хугацааний нийт цалин 5.920.000 төгрөгний цалинг нэхэмжилнэ. Маргаан огт болоогүй. Намайг хутгалсан залуу болон наана нь хутга гаргаж ирээд барьж байсан хоёр залуу над руу дайраад байсан. Тухайн үед яваад очиход Хятад ажилтан хүрч ирээд жолоочтой юм яриад байсан. Би Монгол хүмүүст “ажлыг нь хийлгэ” гэхэд шууд хутгалсан. гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 /,

4. Хохирогчийн өмгөөлөгч Н.Жамьяндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай үйлчлүүлэгч нь шүүгдэгч Б.Ариунболдод одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэв.

5. Гэрч Ш.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өнөө өглөө буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Говь-Алтай аймгаас 2 шил архи аваад Улаанбаатар хотруу “Ланд круйзер” 80 маркийн машинтай хөдөлсөн юм. Тухайн хоёр шил архийг бүгдээрээ хуваагаад ууж дуусгасан юм. Тэгээд явж байгаад би хэсэг дуг хийсэн унтсан байсан юм. Тэгээд би сэрээд харахад жолоочийн суудалд Ербол байсан юм. Ганбагана, Ариунболд хоёр машинаас буусан хар өнгийн машинтай тухайн машины жолоочийн хажуу талын суудалд сууж байсан өвөр монгол залуу байсан байх Монголоор яриад байсан тэр залуутай маргалдаад зогсож байсан юм. Тэгээд намайг машинаас буухад Ганбагана надад буугаа аваад ир гээд хэлсэний дараагаар аяархан эд нарыг жаахан айлгая гэж хэлсэн. Тэгэхээр нь би угаасаа машин дотор буу байхгүй гэдгийг мэдээд буцаж очоод машиндаа суусан юм. Тэгээд намайг машинд сууж байхад миний араас 1 минутын дараа байх Ариунболд, Ганбагана хоёр ороод ирсэн юм. Тухайн үед Ариунболдын гарт цустай хутга байсан юм. Тухайн үед нөгөө хажуу талын машин руу цонхноос харахад нөгөө урд сууж байсан залуу гараа барьсан сууж байсан юм. Тэгээд тэндээс Улаанбаатар хотыг чиглээд хурдтай хөдлөөд явсан юм. Ариунболдын гарт нь байсан хутгыг Ербол аваад цонхоороо шидсэн юм. Ербол чи яаж байгаа юм бэ гэж орилоод байсан юм. Ариунболд болохоор чимээгүй байсан. Тэгээд наашаа явж байхад Баянхонгор аймгийн цагдаа нар зогсоосон юм. Хамгийн гайгүй эрүүл нь Ербол байсан юм. Ер нь Ариунболд бид хоёр унтсан байсан юм. Ганбагана машин жолоодож явсан Ерболын хажуу буюу урд талд Ариунболд бид хоёр хойно сууж байсан юм. Ер бид гурав нэлээн согтуу байсан юм. Тухайн хунийг Ариунболд хутгалсан юм. Ямар учраас хутгалсан эсэхийн мэдэхгүй байна. Дэлгүүрээс хоол зүсэж идэхэд хэрэглэх гээд замдаа худалдан авсан жижигхэн бордуу иштэй хутга байсан юм. Замын хажуу талруу Ербол шидсэн юм. Одоо хаана байгаа талаар нь нарийн хэлж чадахгүй. Тухайн газарт олон салаа зам байсан юм. Тухайн хутга лав машин дотор байсан. Яг аль хэсгээр байсан эсэхийн мэдэхгүй байна. Хутгыг хэзээ авсан талаар нь би мэдэхгүй байна. Тухайн үед би нэг удаа болио одоо явъя гэхэд тэр манай гадаа байсан хоёр хариулаагүй нөгөө хүмүүстэйгээ хэрэлдээд зогсож байсан юм. гэх мэдүүлэг / хх-ийн 33-35 /, 6. Гэрч Б.Ганбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 17-71 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай эхнэрийн ах болох Содбаяр юм. 2017 оны 09 дүгээр сарын 02-нд эхнэр болох Содгэрэлийн төрсөн ахаас нь машиныг нь гуйгаад Ербол, Ариунболд, Баяраа бид дөрөв Улаанбаатар хотоос өглөөний 08 цагийн үед Говь-Алтай аймагуу гарсан юм. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт Будсүрэн гэх манай найзын хуриманд очихоор гарсан юм. Говь-Алтай аймагт 2017 оны 09 дүгээрсарын 03-ны өдрийн 18- 19 цагийн хооронд Говь-Алтай аймагруу очсон юм. Улаанбаатар хотоос Говь- Алтай аймаг руу явахдаа машиныг би өөрөө жолоодоод явж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хуримын ажилд оролцсон юм. Тус өдрийн маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Олон булаг сумын Элсний амралт гэх газарлуу очсон юм. Тэнд 1 хоночихоод 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр машиныг Ербол жолоодоод Говь-Алтай аймгийг дайраад аймгийн төвөөс 10-11 цагийн орчимд Улаанбаатар хотруу гарсан юм. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотруу явахдаа машиныг Ербол жолоодсон юм. Би тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу урд талын суудалд сууж явж байгаад аймгаас наашаа 100 киллометр яваад би хойшоо Ариунболдтой солигдоод жолоочийн эсрэг талын хойд талын суудал дээр нь суусан юм. Говь-Алтай аймгийн Олон булаг сумаас гарахдаа 5 литрийн саванд айраг авсан байсан юм. Тухайн айргыг замдаа уугаад дуусгасан юм. Тэгээд наашаа явах замдаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа замын кемпын ажилчдаас би Улаанбаатар хотруу явах зам энэ зөв эсэх, тамхи байгаа эсэх талаар асуухад тэр хоёр үнэндээ Хятадууд байсан юм. Тэгээд юм хэлээд ойлгохгүй байхаар нь дүрсэлж тамхи асуухад толгойгоо сэгсрээд Викап маркийн машины хажууд зогсож байсан ажилчид руу оч гээд гараараа заасан юм. Тэгээд тэндээс хөдлөөд доор зогсож байсан 2 кобш, 2 усны машины хажууд зогсоод би тэнд байсан хятадуудаас тамхи гуйхад тамхи өгсөн юм. Тухайн үед би тэд нараас авсан тамхиа машины хажууд ирээд зогсоод байж байхад надтай цуг явж байсан гурван залуу гурвуулаа машин дотор сууж байсан юм. Тэгсэн чинь машинтай хар өнгийн Викап маркийн машинтай 4 залуу ирсэн юм. Тэд нар ирсэнээ жолооч эсрэг талын урд талын суудалд сууж байсан залуу нь машиныхаа цонхыг онгойлгосноо “та нар зайлцгаа” гэж хэлэхээр нь би тэд нарт хандаж “та нар бид нарыг хөөхгүй шү”ү гэхэд тэр залуу одоо та нар ингээд яваа гэхэд бид нар зүгээр тамхи асуугаад явж байна шүү дээ гэж хэлсэн юм. Тэгсэн тэд нар “ахиад зайлцгаа” гэж хэлсэн юм. Тэгсэн манай найз Ариунболд “бид нар Монголын нутаг дэвсгэрт явж байгаад яагаад хөөгдөх ёстой юм бэ” гэж хэлээд тухайн үед Ариунболд бид хоёр машинаас буугаад гадаа зогсож байсан юм. Тэгсэн Ариунболд тэр үгээ хэлэнгүүтээ нөгөө машины жолоочийн хажуу буюу урд талд сууж байсан нөхрийн нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Машины хаалганы хавтсанд хүрэн иштэй жижигхэн хутга байсан юм. Ариунболд нөгөө хүнийг цохисоны дараагаар тэр хутгыг аваад нөгөө залуугийн зүүн гарын булчингийн хэсэгт 1 удаа яг дүрсэн эсхүл зүссэн эсэхийн мэдэхгүй байна. Нөгөө залуу гараа барьсан байсан юм. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөөд наашаа ирэх замдаа цагдаа нар зогсоосон юм. Тухайн газраас 5-6 км хөдлөөд явахад бид нар Ариунболдод наад хутгаа хая гэхэд Ариунболд хутгаа Ерболд өгөөд Ербол цонхноос гаргаад хаясан юм. Одоо тухайн хутгын байгаа газрыг зааж чадахгүй. Бүгдээрээ бага зэргийн согтолттой байсан юм. Айлаас 0.75 литрийн “Болор" архийг өгсөн байсан юм. Ербол уугаагүй нэг л удаа амссан юм. Ариунболд, Баяраа бид гурав хувааж уусан юм. Хөх эрэгийн гарамаас нэлээд цаана тэр архийг дуусгасан байсан юм. Маргалдаад зогсож байхад машинаас хутгыг би гартаа авсан байсан юм. Намайг зүүн гартаа хутгыг бариад зогсож байхад түүний хутгыг яг яаж авсан эсэхийн одоо санахгүй байна. Би лав май гэж түүнд өгсөнеө санахгүй байна. Нэг мэдэхэд тухайн хутгыг аваад нөгөө урд сууж байсан хүнийг хутгалсан байсан юм. Ербол, Баяраа машинаас огт буугаагүй юм. Баяраа арын суудал дээр унтаж байсан юм. Ербол болохоор одоо маргаад яах юм бэ явцгаая гэж хэлсэн боловч Ариунболд бид хоёр түүний хэлснийг тоохгүйгээр маргалдаад зогсож байсан юм. Би тэдгээр хүмүүсийг айлгах гэж авсан байсан юм. Би хутгыг далайж тэдгээрийг айлгаагүй юм. гэх мэдүүлэг / хх-ийн 36-39 /, ..... : Тухайн Ариунболдын нөгөө Бүгд найрамдах хятад ард улсын иргэнийг хутгалдаг хутга болохоор манай унаж явсан гэх тээврийн хэрэгслийн урд талд байсан ууттай махыг идэхэд хэрэглэж байсэн хутга байсан юм. Би болохоор өөрсдийн унаж явсан машины буюу тэдгээрийн машин талын урд суудалд сууж байсан юм. Мөн яг тэд нартай таарахаас өмнө мах идэж байсан юм. Тэгээд жаахан уусан болохоор тэр хутгыг ямар учраас авч буусанаа санахгүй байна, Би өмнө мэдүүлэг өгөхдөө их сандарсан байсан юм Надад тэдгээрийг хутгалах эсхүл айлгах сэдэлт зорилго байгаагүй. Харин маргаан маягын юм үүсэнгүүт авч буусан юм. Гэхдээ би хутгаа аваад тийшээгээ ойртоогүй машинаас буугаад машины урд зогсож байсан юм. Тэгээд хутгыг намайг гартаа бариад зогсож байхад Ариунболд өөрийнхөө эмоци хөөрлөөр тэдгээр хүмүүсийг айлгах гэж тухайн хутгыг авсан байх. Би бодохдоо яг хутгална гэж түүнийг аваагүй байх гэж бодож байна. Зөвхөн айлгах зорилгоор авсан боловч өөрийнхөө үйлдлээ бүрэн хянаж чадаагүй байх цохих гэж байгаад хутгалсан гэж бодож байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байх тул өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хувьд болохоор газраас чулуу аваагүй. Мөн надтай цуг явж байсан хүмүүсээс газраас чулуу авч байсан эсэхийн би хараагүй юм. Цохиж байхдаа лав манай хэдийн аль нэгний гарт нь чулуу байгаагүй. Тэгээд ч тухайн хятадыг Ариунболдоос өөр хүн цохиогүй. Ихэвчлэн машины тэр хятадын сууж байсан талд Ариунболд тулж харьцаж байсан юм. Бид нар болохоор түүний хойно өөрсдийнхөө машины хажуу хэсэгт зогсож байсан юм. Би болохоор дээгүүрээ хар өнгийн подволктой, Ариунболд болохоор улаан өнгийн подволктой, Баяраа бопохоор цэнхэр енгийн цамцтай Ерболын хувьд бас, цагаан өнгийн подволктой байсан байх гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/, 7. Гэрч Б.Ерболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн одоо миний санаж байгаагаар 09 цагийн үед байх найз болох Ганбаганын машинтай Улаанбаатар хотоос Ариунболд, Баяраа бид дөрөв Говь-Алтай аймаг руу гарсан юм. Замдаа Баяраагаас бусад нь машиныг ээлжилж барьсан юм. Бид нар бүгдээрээ жолооны үнэмлэхтэй юм байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 00 цагийн үед байх Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд гараад аймгийн төвөөс нэлээн зайдуу зогсоод тэнд амарч хоноглоод маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг руу Ганбагана машиныг барьж явсан юм. Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу явах замдаа өдрийн цагаар архи уугаагүй. Орой амарч унтах үеэр нийт 1 эсхүл 2 шил архийг хувааж уусан юм. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Говь-Алтай аймагт байх Будсүрэнгийн гэрлүү очсон юм. Будсүрэн болохоор надтай цуг явж байгаа 3 залуугийн хамт ажилладаг хүн юм байгаа. Тэгээд тус өдөр тэдний гэрт хонож амраад маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Будсүрэнгийн хурим найранд оролцсон юм. Хурим тарсаны дараагаар өөрсдийн байрлаж байсан газартаа амраад маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явах гэсэн боловч тэнд байсан хүмүүс холоос ирсэн юм чинь бид нартай цаашаа аймгийн төвөөс 80 км зайд байх газарлуу очиж амраад яв гэхээр нь тийшээ очоод тэнд нэг хоночихоод өнөө өглөө буюу 09 дүгээр сарн 06-ний 09 цагийн үед Улаанбаатар хотруу машиныг би жолоодоод тэндээс хөдөлсөн юм. Бид нартай тэнд цуг очсон Будсүрэнгийн гэр бүлийнхэн нь тэнд үлдсэн юм. Тэгээд тэндээс наашаа явах замдаа Говь-Алтай аймгийн төврүү ороод Будсүрэнгийн гэрт нь очоод хоол унд идчихээд гарсан юм. Тэдний гэрт архи уугаагүй юм. Говь-Алтай аймгаас бидэнд Будсүрэн 2 шил 0.75 литрийн нэг нь лав Болор архи байсан. Нөгөө шил архийг ямар архи эсэхийн үнэндээ мэдэхгүй байна. Тэгээд тухайн 2 шил архийг замдаа бид дөрөв дөрвүүлээ хуваагаад уусан юм. Би жолоо барьж байсан болохоор сүүлд ганц нэг удаа уусан юм. Замдаа явж байхад индүүлэгийн машиныг барьж явсан 2 хятад улсын ажилтан байсан юм. Тэр хоёроос тамхи байна уу гэж асуухад байгаа гэж хэлээд Ганбаганад тамхи өгсөн юм. Бид нараас Ганбагана хятад хэлтэй юм. Тухайн газраас тамхи аваад яг хөдлөх гэж байхад хар өнгийн машинтай 3 залуу ирсэнээ жолоочийн саад талд сууж байсан залуу цонхноос яг юу гэж хэлсэн эсэхийн мэдэхгүй байна би бодохдоо хараалын уг хэлсэн байх гэж бодож байна. Тэгээд хараалын уг хэлсэн болохоор нь машинаа зогсоо гэсэн юм. Тэгсэн манай найзуудаас хэн эсэхийн мэдэхгүй байна тухайн процессээ сайн хэлж чадахгүй байна нөгөө хумүүстэйгээ харилцан маргалдсан юм. Маргалдах явцдаа Ариунболд, Ганбагана, Баяраа гурав машинаас буугад гадаа зогсоод маргалдаад зогсож байсан юм. Нөгөө машинаас хүмүүс буугаагүй тэдний машины хаалга нь онгорхой байсан юм. Хэсэг маргалдаж зогсож байснаа манай гурван найзын яг хэн авсан эсэхийн мэдэхгүй байна. Машины жолоочийн хажуу талын урд хаалганы хавтсанд байсан жижигхэн хэлбэрийн Баянхонгор аймгийн “Гүнж” дэлгүүрээс хоол унд идэхдээ хэрэглэх гээд худалдан авсан хутга байсан юм. Би болохоор машин дотор сууж байсан болохоор тухайн хутгыг хэн нь аваад хэзээ хутгалсан эсэхийн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд жолоочийн хажуу буюу зөв талын урд суудал дээр сууж байсан хүний зүүн гарын булчингийн хэсгээр цус гарч байсан юм. тэгээд сандралын байдалтай манай найзууд машинд суугаад наашаа хөдлөөд явж байхад Ариунболд гартаа цустай жижиг хэлбэрийн мод юм шиг хуванцаран хутга барьж сууж байхаар нь би түүний гараас нь цустай хутгыг аваад цонхноос хаясан юм. Тухайн газарт олон салаа зам байсан одоо тэр хутга зам дагуу байгаа байх. Тэгээд наашаа явж байхдаа цагдаа нар барьж авсан юм. Замдаа явж байхад хэн нь хэлсэн эсэхийн мэдэхгүй байна./ хх-ийн 40-42/, 8. Гэрч Li ji Iong-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хэдэн цаг байсан эсэхийн одоо сайн санахгүй байна. 17-18 цагийн хооронд байсан байх би болохоор “Шанхай” констракшн грүпп ХХК-ны техник тоног төхөөрөмжийг хариуцдаг юм. Тэгээд тус өдөр 37 дугаартай жижиг хэлбэрийн самбар буюу Баянхонгор аймгийн төвөөс 37 киллометрийн зайд замын ойролцоо машинтай зогсож байж байхад замын индүүний жолооч нарыг “Ланд круйзер” 80 маркийн машинтай хүмүүс явуулахгүй юм яриад зогсож байсан харагдсан тэгэхээр нь би Ван Лиан руу “тэнд индүүний машин зогссон байна чи тэр хүмүүсээс ямар учраас зогссон талаар асуу” гээд би хэлэхэд Ван Лиан машины цонхноос монголоор юм хэлэхэд тэдгээр залуус машинтай хүрээд ирсэн юм. Тухайн үед Ван Лиан бид хоёроос гадна Чан жин тау машин дотор байсан юм. Тэнд байсан залуусаас улаан цамцтай нэг залуу нь гартаа чулуу бариад хүрээд Ван Лиантай монголоор юм яриад байсан юм. Тухайн үед Ван Лиан урьд сууж байсан ба тэр хоёрын хооронд юу ярьж байсан талаар би ойлгоогүй юм. Машиныг нь бариад явж байсан залуу машинаасаа ерөөсөө буугаагүй улаан цамцтай залуу анх миний цонх дээр ирээд юм ярьсан боловч би ойлгоогүй юм. Тэгсэн чинь миний хажууд сууж байсан Ван Лиан түүнд хандаж юм ярихад тэр Ван Лианы сууж байсан цонхны тал руу очсон юм. Тэгээд тэр залуутай цуг байсан хоёр залуу цуг яваад очсон юм. Тэгээд Ван Лиантай улаан цамцтай залуу юм яриад зогсож байсан юм тэр үед манай машины цонх нь онгорхой байсан юм. Хаалга нь хаалттай байсан. Тэгээд би айгаад нуугдаад доошоогоо болоод сууж байхад нэг харахад Ван Лиан нүдээ барьсан байсан юм. Би тухайн үед түүнийг яг хэн нь цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэнд байсан 3 залуугийн нэг нь дээгүүрээ хувцасгүй байсан, Ван Лианыг цохисоны дараагаар тэр улаан цамцтай залуу чанга чанга юм яриад байсан би монгол хэл мэдэхгүй болохоор ойлгоогүй юм. Нэг мэдэхэд Ван Лиан зүүн гараа дараад сууж байсан юм. Ажиглаад харсан чинь түүний гарнаас нь цус гарсан байсан юм. Ван Лиантай хамгийн ойр байсан хүн тэр улаан цамцтай залуу байсан тэр хутгалсан байх гэж бодож байна. Би айгаад байсан болохоор доошоогоо хараад сууж байсан юм. Тэр машин дотор сууж байсан жолооч нь сигналдахад 3 залуу машинд суусан. Тэр машин манай машинтай их ойрхон зогсож байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Хариулт: Тэр гурван залуу ирээд буцаад машинруугаа явсан эсэхийн би хараагүй тэр хутга нь анхнаасаа тэд нарын биед байсан байх гэж бодож байна. Намайг цохиж авсан асуудал байхгүй. Тэр хутга нь 8-10 см орчмын урттай, бариул хэсэг нь хальт харахад улаан өнгетэй харагдсан. Бид нар очоод зогсоход улаан цамцтай шууд хүрээд ирсэн юм. Тэр үед тэр гартаа чулуу бариад ирсэнээ надад юм ярихад би хариулаагүй сууж байхад ван Лиан юм ярьсан юм. Тэгсэн тэр залуу Ван лиан дээр очсон юм. Тийшээ очиход түүний гарт чулуу харагдаагүй юм.гэх мэдүүлэг / хх-ийн 43-45/, 9. Гэрч Jiu Ji Shun-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 16-18 цагийн хооронд байх Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн авто зам далангийн дээр машин дотор Лү Жиан Кэтэй хамт сууж байхад Ланд круйзер 80 маркийн машинтай дөрвөн залуу ирсэнээ тэндээс дээгүүрээ юм өмсөөгүй нүцгэн байсан залуу ирсэнээ эхлээд гараараа тамхи байгаа эсэх талаар дүрслэхэд Лү Жиан Кэ байхгүй гэж хятадаар хэлж толгойгоо сэгсэрсэн юм. Тэгсэн машин дотроос улаан хувцастай залуу бууж ирсэнээ газраас чулуу авсан байсан. Бид нар луу далайх эсхүл цохисон асуудал байхгүй тэр зүгээр гартаа чулуу авсан байсан. Ямар учраас авсан эсэхийн мэдэхгүй байна. Нийт гурван залуу буусан байсан.гэх мэдүүлэг /-ххийн 51-52/, 10. Гэрч Chang Jing Tao-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би “Шанхай” констракшн группынп техник хэрэгслийн засварчнаар ажилладаг юм. Бид машин эвдэрчихлээ гээд засахаар явж байтал манай индүүний машиныг зогсосон юм яриад зогсож байсан тэгээд манай орчуулагч Ва Лиан тэдэнд монголоор юм хэлсэн чинь улаан цамцтай залуу нь нэг гартаа чулуу, нөгөө гартаа хутга бариад Ван Лианы сууж байсан машины цонхны хажууд ирээд монголоор юм яриад байсан...Нэг харахад орчуулагч Ван Лиан нүүрээ дарсан байсан би айгаад харж чадаагүй. Тэгсэн чинь манай жолооч алчуур байна уу гэсэн би Ван Лиан руу харсан чинь түүний зүүн гарнаас цус гарч байсан юм. Тэгээд манйа усны жолооч ирээд Ван Лианы гарыг боож өгсөн юм гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/, 11.Гэрч Л.Баянбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б.Ариунболдын хувьд болохоор Дархан аймгийн Дархан-Уул суманд төрсөн юм. Одоо болохоор тэнд эхнэр хүүхдийнхээ хамт оршин суудаг Боловсролын хувьд бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хааж байсан тийм залуу юм байгаа. Б.Ариунболд нь оюу толгой ХХК-д ээлжийн цахилгаанчаар ажилладаг. Тэр болохоор Солонгос улсад ажиллаж амьдарч байсан Солонгос хэлээр ярьдаг юм. Урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан эсэхийн мэдэхгүй байна. Б.Ариунболд нь төлөв даруу, нийгмийн идэвхи сайтай залуу байгаа юм. Гэр орон, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, биеэ зөв боловсон авч явдаг. Эд хөрөнге амьжиргааны түвшин ер нь дунд зэргийн амьжиргааны түвшинтэй байдаг юм.гэх мэдүүлэг / хх-ийн 58-59/, 12. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 12181 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед N.Radialis гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт / -хх-ийн 61-69/, болон хавтаст хэргийн 148 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ариунболдоос хохирогчид 8500000 төгрөгт төлсөн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 74-80 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ариунболдын хувийн байдлыг тогтоосон бичиг баримтууд зэргийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Ариунболдын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Б.Ариунболдод холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Ариунболдод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмуудыг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн,...цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулав. Шүүгдэгч Б.Ариунболдын эзэмшлийн “LG”- G 6 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “LG”- G 6 маркийн гар утсыг эзэмшигч Б.Ариунболдод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Ариунболдод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ариунболд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Харин шүүгдэгч Б.Ариунболдод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар шүүгдэгч *******од гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдын эзэмшлийн “LG” G-6 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “LG” G-6 маркийн гар утсыг эзэмшигч Б.Ариунболдод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ариунболдод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ.