| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0073/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/68 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдавга Улсын яллагч *******н Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох 2023000000072 дугаартай хэрэгт эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, ******* боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын ******* баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******, Шүүгдэгч А.******* нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байшингийн таамбарт Н.*******ийг гараараа алгадах, цохих, хөлөөрөө өвдөглөх зэргээр зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар: Шүүгдэгч А.******* нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын ******* багийн нутаг дэвсгэрт байшингийн таамбарт Н.*******ийг гараараа алгадаж, цохиж, өвдөглөж зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Н.*******ийн “байшингийнхаа таамбарт төмөр гадас хайж зогстол А.******* гаднаас орж ирээд чи яагаад миний утсыг авахгүй байгаа юм гэхээр нь хүнтэй юм ярьж байна гэсэн. Яагаад 2 туг босгоод байгаа юм гээд цээж хэсэг рүү цохиж авсан. Тэгээд багалзуурдаад цээжний 2 тал руу цохисон. Тэгээд би унахдаа хүзүүний зүүлтнээс татаж унасан гинж нь тасраад унасан...Хэвлий хэсэгт гурван газар хөхөрсөн. Нуруу хэсэгт хөхөрсөн. Толгой дүүрч 2 чихээр хатгаж өвдөж байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх сорви үүсээгүй...Эмнэлгээр явж үзүүлсэн. Эм авч уусан 83.000 төгрөг, мөн томографикийн зураг 120.000 төгрөг, 2 өдөр аймаг явж шинжилгээ өгсөн бензиний мөнгө 40.000 төгрөг, гар утасны ал талын наалт хагалсан. Засварын мөнгө гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хувьд ч гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ын “...******* намын байр луу орж ирээд надтай мэндэлчихээд 2 газар намын юм хийцгээж туг босгоод муухай юм онигоотой юм гэж хэлээд гарсан. Тэгээд би цонхоо шиллээд байж байтал ******* орж ирээд намайг ******* зодчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.ын “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орой 19 цагийн үед ээж манай эмээ руу утсаар хүнд зодуулчихлаа гэж яриад эмээ бид нар очсон. Тэгээд очсон чинь ээж хүнд зодуулчихлаа гээд уйлцан сууж байсан. Тэгээд юу болсон гэсэн чинь намын байран дээр байж байгаад гэртээ хүнд юм авч өгөх гээд утсаар яриад таамбарт гадас ирж байтал А.******* орж ирж алгадаж гэдэс рүү өвдөглөж зодлоо гэсэн...Нүүр нь хавдсан, цээжин дээрээ самардуулсан гэдэс цээж хэсэгтээ 3-4 газар хөхөрсөн байсан. Тухайн гэмтлүүд шинэ үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.ын “...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орой 19 цагийн орчим 99216946 дугаарын утсаар ******* залгаад уйлаад байхаар нь яасан юу болов гэсэн чинь ******* орж ирж зодоод гэж хэлсэн...Энгэр цээж хэвлий хэсгээр нь хөхөрсөн байсан. Нүүр лүү алгадсан гээд нүүр нь минчийсэн улаан болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгсэн ******* утсаар хүнтэй яриад завсараараа надтай хэрүүл хийгээд утсаар яриад намайг үл тоогоод байсан. Тэгэхээр нь би утсаар яриулахыг нь болиулах гээд утсыг нь булаагаад аваад халаасандаа хийсэн. Тэгсэн ******* утас өгөөдөх гээд зуураад авсан. Тэгэнгүүт нь би хоёр хацарлуу баруун гараараа эхлээд алганы хэсгээрээ зүүн хацар луу нь алгадаад гараа буцаахдаа баруун хацар луу нь гарынхаа алганы ар хэсгээр нэг алгадаж цохисон. Тэгтэл ******* надаас зууралдаад авсан. Би зууралдаад нааш цааш түлхэлцээд газар унасан. Газар унахдаа би *******ийн цээжин хэсэгт өвдөглөөд унасан. Тэгэхэд нэлээн хүчтэй унасан. Тэгээд унахад миний цамцны цахилгаан эвдрээд хүзүүний гинж тасарсан байсан. Би газар зууралдаж унангуутаа буцаж босож ирээд хувцаснаас зуурсан байсан баруун гарыг нь бугалаг хэсгээс нь зүүн гараараа атгаж аваад хүчтэй түлхэж хувцаснаасаа салгаад тэгээд шууд хашаанаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас иргэн Н.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000000188 дугаартай “... Н.*******ийн биед зүүн хөхний ******* хэсэгт, зүүн хөхөнд, хүйсний ******* хэсэгт, баруун бугалаганы дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой... Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч А.******* нь иргэн *******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэстэй бөгөөд А. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй,шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид 2020 оны 06 дугаар сарын 16- ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай. 5. Шүүгдэгч А.*******д 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй,иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА