Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 3957

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

“Б.М-ийг архины албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, БЗД-Ц1сийн хэсгийн байцаагч, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Х, гуравдагч этгээд Б.М, гуравдагч этгээдийн эх болох Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

Хүсэлт гаргагч БЗД-Ц1сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Б.М нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, баривчлагдаж, нийтийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул  Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан албалан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээд Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай хажуу айлын хүн хүүхэд уйлаад байна гээд гэртээ уриад хүүхдэд нь засал хийж өгсөн. Тэгээд архи өгөхөөр нь уугаад гэртээ иртэл аав зөрж гараад цагдаад өгсөн байсан. Манай эцэг зөнөсөн учраас намайг цагдаад байнга өгдөг. Архины эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө архинаас гарч чадна гэж үзэж байна гэв ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Б.Мыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Б.М захиргааны арга хэмжээ авахуулж байсан, архинд донтох эмгэгтэй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч Б.Мын төрсөн эцэг, эхээс нь архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргаагүй, түүний төрсөн эх Х.Нарантуяагийн ... хүү Б.М байнга архи уудаггүй, агсам согтуу тавьдаггүй, би хүүгээ эмчлүүлж байгаа, архины албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй, эцэг нь 70 гарсан зөнөсөн хүн байдаг, намайг байхгүй байхад хүүгээ архи уухаар нь цагдаад дуудлага өгсөн байсан ... гэх тайлбар зэрэг нөхцөл байдлаас шалгаалан түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй явуулах шаардлагагүй гэж дүгнэн шүүх хүсэлтийг хангахгүй орхив.

Б.Мыг дахин архи ууж гэр орондоо амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд эцэг, эх нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст Б.Мыг архины албадан эмчилгээнд явуулах талаар хүсэлт гаргах эрхтэй ба цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан тохиолдолд Б.Мыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                     

 ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т заасныг баримтлан  Б.М захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн БзЗД-Ц1-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.БАТЦЭЦЭГ