Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001020068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт**************, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын номгон 1 дүгээр багийн нутаг 1-79-5 тоотод оршин суух иргэн*******ийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд 2017 оны 08 дугаар сарын 21-ний орой 22-23 үед хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө хулгайлан иргэн*******ид Монгол улсын 32170000 төгрөгийн, Бүгд найрамдах хятад ард улсын 550 юань, Оросын холбооны улсын 1500 рубль, Америкийн нэгдсэн улсын 170 долларын нийт 32849082 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа худал мэдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцсан, би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Би Баянхонгор аймагт нэг ч удаа очиж байгаагүй хаана байдгийг нь хүртэл мэдэхгүй. Би цагдан хорих байгууллагад л энэ хэргийн талаар сонссон хэн гэдэг хүн хэлснийг нь одоо хэлмээргүй байна. Тухайн үед хүнээс сонссон болохоор эрүүгийн төлөөлөгч хэрэг байна уу гэхээр нь энэ хэргийг ярьсан. Ярихдаа хаанаас ямар эд зүйл авснаа яриагүй бэлэн 35.000.000 төгрөг, хөөрөг, шонхрын хошуу авсан гэж мэдүүлэг өгсөн түүнээс айл руу яаж орсон хаана нь эд зүйл байсныг мэдэхгүй гэрчийн мэдүүлгээ худал өгсөн нь үнэн. Яллагдагчаар үнэн мэдүүлэг өгсөн. Би цагдан хорих байранд Есөнтөмөрийн хамт нэг өрөөнд хоригдож байсан. Есөнтөмөр надад хэлэхдээ 2017 онд Баянхонгор аймгийн төвд байдаг айлаас цагаан өнгийн хөөрөг, шувууны хошуугаар хийсэн хусуур зэргийг хулгайлан урт цагаан дээр зарсан гэж хэлсэн яг хэн хэний хамтаар хулгайлснаа хэлээгүй бас гадаад улсын мөнгөнүүд байсан гэж хэлсэн. Миний хувьд Есөнтөмөртэй нүүрэлдэх шаардлага байхгүй. Би түүний ярьсныг л хэлсэн. Есөнтөмөр нь надад Баянхонгор аймгийн төвд оршин суух иргэн Цэрэндашийн гэрээс эд зүйл хулгайлсан гэж 2018 оны 12 дугаар сард А2-24 тоот өрөөнд хамт хоригдож байхдаа ярьсан юм. Би хяналтын прокурорын №33 дугаартай яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой уншиж танилцлаа. Уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Учир нь уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед цагдан хоригдож байсан бөгөөд өөрийнхөө хэргийг удаашруулж, хэргээ шийдүүлэхгүй байхын тулд өөрийн хамт хоригдож байсан хүний хийсэн гэж ярьж байсан үйлдлийг өөрөө хийсэн мэтээр мэдүүлэг өгсөн юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172, 205-207, 2-р хх-ийн 43-47, 53-55, 85-87,113-116 /

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  ******* мэдүүлэхдээ: Би энэ гэмт хэргийн талаар Есөнтөмөр гэгчтэй хамт хоригдож байхдаа сонсож байсан юм. Тэгээд гадуур гарч тамхи татах гээд уг хэргийг үйлдсэн, хулгайлсан гээд худлаа хүлээсэн юм. Би худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Орой 22 цаг өнгөрч байхад манай доод айлын хүн утсаар яриад байшин дээгүүр хүн дамжаад гүйчихлээ гэхээр нь манай хүүхэд гэртээ очоод үзтэл хулгай орсон байна гэхээр нь би гэртээ очоод юмаа бүртгэхэд мөнгө болон эд зүйл алдагдсан байсан. Манайхаас мөнгөн тоногтой хотонгийн хусуур, хуучны шүрэн толгойтой хаш хөөрөг, хүүхдийн цүнхэнд байсан 10 гаран сая төгрөг, эхнэрийн түрүүвчинд байсан мөнгө зэрэг эд зүйл алдагдсан байсан..." мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-67 дугаар тал/

Гэрч Ж.Ягааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 08 дугаар сарын 21-ний 22 цаг 25 минутын орчим манай нөхөр Бэхбат бид 2 гэртээ байж байхад байшингийн дээвэр дээр төмөр дуугарах хөлийн чимээ дуугарсан манай нөхөр гэрэл аваад ганцаар гарсан...Гэртээ орж ирээд нөгөө тийшээ гардаг хаалгаар хойшоо гарсан. Бэхбат эзэнгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Мөнхтөр лүү утасдаж хэлсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 сарын дундуур ганцаараа Баянхонгор аймгийн төвд замын машинаар очсон. Тэгээд аймгийн төвийн модон хашаатай 2 давхар тоосгон байшинтай айлын цонхоор ороод 1 давхрын өрөөнд байсан хар цүнхийг онгойлгоход 10 сая гаран төгрөг бэлэн мөнгө байсныг авсан. Мөн 1 давхрын ханын шүүгээнд байсан гадна талаар мөнгөлсөн шонхор шувууны хошуу. хажууд нь байсан шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг авсан. Тэр айлд шөнийн 00 цагийн үед орсон байх. Тэр айлаас гараад шууд замын унаанд суугаад хотод ирсэн. Мөнгөлөг хошуу, хөөрөг 2-ыг урт цагаан дээр ченжид зарсан. Би зарсан газраа зааж өгч чадна ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 134-136 /

 

6. Гэрч Б.Есөнтөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би************** гэдэг хүнийг танихгүй. Би Улаанбаатар хотод 6 удаагийн давтан үйлдлээр хулгайн хэрэгт шалгагдсан ба бүх хэргээ үнэн зөвөөр нь ярьж хохирлыг нь барагдуулан 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 429 дүгээр ангид 5 сар болоод суллагдсан. Би Баянхонгор аймагт очиж байгаагүй. Баянхонгор аймагт хулгайн хэрэг үйлдээгүй ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 32-34 /,

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс  шүүгдэгч ******* нь  2017 оны 07 сарын дундуур  Баянхонгор  аймгийн төвийн модон хашаатай 2 давхар тоосгон байшинтай айлын цонхоор ороод 1 давхрын өрөөнд байсан хар цүнхийг онгойлгоход 10 сая гаран төгрөг бэлэн мөнгө байсныг авсан гэж гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт болсон нь шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг  гэрч Б.Есөнтөмөр нарын мэдүүлэг, болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч *******ын “...2017 оны 07 сарын дундуур ганцаараа Баянхонгор аймгийн төвд замын машинаар очсон. Тэгээд аймгийн төвийн модон хашаатай 2 давхар тоосгон байшинтай айлын цонхоор ороод 1 давхрын өрөөнд байсан хар цүнхийг онгойлгоход 10 сая гаран төгрөг бэлэн мөнгө байсныг авсан. Мөн 1 давхрын ханын шүүгээнд байсан гадна талаар мөнгөлсөн шонхор шувууны хошуу. хажууд нь байсан шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг авсан. Тэр айлд шөнийн 00 цагийн үед орсон байх. Тэр айлаас гараад шууд замын  унаанд суугаад хотод ирсэн. Мөнгөлөг хошуу, хөөрөг 2-ыг урт цагаан дээр ченжид зарсан. Би зарсан газраа зааж өгч чадна ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 134-136 / болон шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг гэрч нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан овогт**************ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлгээ өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Халзан овогт**************ыг гурван зуун тавин  / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэл тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.БАТЦЭНГЭЛ