Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00073

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Э.Дашням, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дашнямд холбогдох эрүүгийн 201606000101 дугаартай, 132/2016/0067/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 5-125 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Энхбатын Дашням / РД: МЖ93101215/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.Дашням нь 2016 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баатар Ван" амралт сувилалын газрын автомашины зогсоол дээр байсан Старекс, Приүс, Витз, Мазда маркийн авто машинуудын цонхыг хагалж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дашнямын өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 12 цагийн үед найз Ган-Эрдэнэ, Арвижихболд нар Хөвсгөл аймагт бөөгийн ёслол болж байгаа. Бид машин жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тийм учраас машин жолоодоод Хөвсгөл аймаг руу яваад өг гэсэн юм. Би үүний дагуу машин жолоодохоор болсон юм. Замд машин саатаад орой 23 цагийн үед Булган аймагт ирсэн юм. Бид манай хадам аав Эрдэнэсүхийнд очиж хоол хийж идчихээд цааш явсан. Замд Ган-Эрдэнэ, Арвижихболд нар унтаж явсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Баатар ван" амралт сувилалын газрын гадаа зогсоолд хэдэн машинууд зогсож байхаар нь би зогссон. Тэр машинуудын цонхыг нь хагалж эд зүйлүүдийг нь хулгайлж машиныхаа ард ачсан. Би Ган-Эрдэнэ, Арвижихболд нарт эд зүйл хулгайлсан талаараа хэлэхэд яагаад бусдын эд зүйлийг хулгайлж байгаа юм бэ гэж хэлсэн. Замдаа хулгайлсан эд зүйлээ замын хажуу руу хаясан. Бид Хөвсгөл аймагт оччихоод үдээс хойш Улаанбаатар хот руу буцаад явсан гэх мэдүүлэг,

201606000101 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч В.Отгонбаярын өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найз Хүрэлбаатарын хамт Улаанбаатар хотоос 0762 УНИ улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрлах "Баатар ван" амралт сувилалын газар 16 цагийн үед очоод амрахаар болоод амралтын газрын гадаа зогсоол дээр машинаа тавьсан. Хамгаалагч нь манайх 24 цагийн хамгаалалттай санаа зоволтгүй гэж хэлээд тавиулсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед хүмүүс надад "машинд чинь хулгай орсон байна" гэхээр нь гараад харахад миний машины зүүн хойд гурвалжин шилийг хагалж, тээшинд байсан эд зүйлийг авсан байсан. Тэгээд хамгаалагч болон цагдаа дуудсан. Цагдаа иртэл бид нар машинд гар хүрээгүй. Цагдаа ирээд алдагдсан эд зүйлийг бүртгэхэд миний машины тээшинд байсан Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн HUSKI брэндийн багажтай цүнх, хятад улсад үйлдвэрлэгдсэн батерей дрилл унверсал гар багажтайгаа хамт 1 ширхэг, бор өнгийн дотортой шинэ дээл 1 ширхэг эд зүйл алдагдсан. Надад учирсан хохирлыг "Баатар ван" амралт сувилалын газраас төлж барагдуулсан байгаа. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 41 тал/ 

Хохирогч Ц.Амаржаргалын өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших "Баатар ван" сувилалын газарт амрахаар очсон. Очоод хоноод маргааш өглөө нь миний эзэмшлийн Старэкс маркийн 52-07 ДАХ улсын дугаартай авто машины жолооч талын хаалганы шилийг хагалаад дотроос нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, машины аптек, машин холбогч, хоолны хуванцар сав зэрэг эд зүйл алдагдсан байсан. Алдсанаа мэдээд би сувилалын газартаа  дуудлага өгсөн. Би өөрөө тээврийн хэрэгслийн бичиг баримтаа авчихсан. Машины цонхийг "Баатар ван" сувилалын газраас шиллэж өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 43 тал/ 

Иргэний нэхэмжлэгч Д.Батцэцэгийн өгсөн: Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах "Баатар ван" амралт сувилалын газарт сувилалын дарга, их эмч хийдэг. 2016 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө "Баатар-ван" амралт сувилалын зогсоол дээр байсан 4 машины цонхыг хагалаад дотор талаас нь эд зүйл хулгайлсан байсан. Маргааш өглөө нь машины эзэд манай амралтын газраас бэлнээр 1.030.000 төгрөгийг гаргуулж авсан. Би хохирлын 1.030.000 төгрөгийг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх 45 тал/ 

Гэрч О.Мэндсайханы өгсөн:…намайг 2016 оны 04 дүгээр сарын 07-08-ны хооронд ажил үүргээ гүйцэтгэж байхад 37-71 УБП улсын дугаатай тээврийн хэрэгслийн жолооч надаас "Баатар ван" амралтын газар луу яаж ордог талаар асууж байсан. Би улаан өнгийн самбарын хажуугаар баруун гар тийш эргээд 2 гэрэлтэй шонгийн дундуур ороод очно гэж зааж өгсөн. Би яг ямар хүмүүс байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Одоо санаж байгаагаар жигтэйхэн дуу шуу болсон машин байсан гэх мэдүүлэг /хх 48 тал/,

Гэрч Б.Алтанцэцэгийн өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байхаа он сар өдрийг нь сайн санахгүй байна. Танихгүй 2 залуутай ирээд бөөгийн чанар авахаар Хөвсгөл явж байна гээд орж ирээд хоол идчихээд гараад явсан гэх мэдүүлэг /хх 53 тал/,

Гэрч Э.Саранцэцэгийн өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын эхээр байхаа он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би төрөөд эмнэлгээс гараад удаагүй байсан. 12 цагийн үед эхлээд Дашнямын найз Арвижихболд ирээд араас нь нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд Дашнямыг хөдөө явчихаад ирье бөөгийн чанар гэх мэт юм яриад байсан. Манайд удаагүй тэгээд гараад явсан. Хашааны гадаа цагаан өнгийн машин ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хх 56-57 тал/,

Гэрч Б.Бат-Учралын өгсөн: …Арвижихболд манай дүү Цасансувдын нөхөр байгаа юм. 37-71 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин байгаа юм. Би аваад 6 жил болж байна. Одоо "Нет капитал" ББСБ-д барьцаанд тавиад 2 жил болж байна. Манай хадам дүү Арвижихболд надад сарын 350.000 төгрөгний түрээс төлж миний машиныг унадаг юм гэх мэдүүлэг / хх 58 тал/,

     Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 тал/,

     Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-15 тал/,

     Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх 31-32 тал/,

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 108 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Дашням нь 2016 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Баатар Ван" амралт сувилалын газрын автомашины зогсоол дээр байсан Старекс, Приүс, Витз, Мазда маркийн авто машинуудын цонхыг хагалж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3 тал /, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-15 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / хх-ийн 31-32 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Дашнямыг бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь мөрдөн байцаалтын шатанд болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.   

     Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дашнямыг бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

     Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Д.Батцэцэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.Дашнямыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бүхий байна.

     Шүүгдэгч Э.Дашням нь 12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 37-71 УБП улсын дугаартай цагаан өнгийн "Верна Аксент" маркийн автомашиныг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Чонос овогт Энхбатын Дашнямыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.Дашнямд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

4. Шүүгдэгч Э.Дашням нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт 12 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

5. Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 37-71 УБП улсын дугаартай цагаан өнгийн "Верна Аксент" маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Э.Дашнямд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.ДЭЛГЭРМӨРӨН