Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0420

 

Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант

цогцолбор сургуулийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгчС.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батнөхөрлөл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түдэв нарыгоролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машууз шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жавхлант цогцолбор сургуулийн захирал Б.Түдэвийг аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлж М.Нямдоржийг 2013 оны 11 сард тус сургуулийн захирлаар томилсон юм. Захирал асан Б.Түдэв мөн оны 11 сард Халаалтын зуухыг гэрээгээр ажиллуулах саналыг аймгийн орон нутгийн удирдлагад санал гаргасан байгаа юм. Сургуулийн хамт олны дийлэнх олон, Үйлдвэрчний эвлэлийн хороо үл зөвшөөрч 2014 оны 01 дүгээр сарын 10-нд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатарт мэдэгдэл хүргүүлсэн юм. Мэдэгдэл хүргүүлсний дараагаар 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 тоот албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт халаалтын зуух хэдэн онд ашиглалтанд оруулсан, ямар өртөгтэй зэрэг олон асуулт асуусан байсан. 20 тоот албан бичгийн хариуг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот албан бичгээр явуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатартай өөрийн биеэр уулзаж мэдэгдлийн хариуг амаар лавлахад хурлын тэмдэглэлээр ирэх 9 сар хүртэл хойшлуулсан. Бусад зуухны хамт шийдвэрлэнэ. Ногоо тарих албан газруудын үйл ажиллагааг ч зогсооно, улиралд нь тохируулж ажиллана гэж амаар хариулсан.

Үүнээс хойш 3 сар гаруй өнгөрсний дараа цаг үеийн байдлыг ашиглан үл ойшоож багш ажилчдын амралтын үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот тогтоол гаргаж, Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанаас 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгийг тогтоолын хамт 08 дугаар сарын 23-нд тус тус ирүүлсэн байдаг.

Албан бичигт 08 дугаар сарын 25-ны дотор Золжаргалсайхан ХХК-д актаар хүлээлгэн өгч холбогдох материалыг Орон нутгийн өмчийн албанд ирүүлэхийг үүрэг болгож байна гэж дурдаад 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл удаа дараа шаардаж дарамт шахалт үзүүлж орон нутгийн багш нарын бага хурал, сургалт семинарын өдрүүдэд цаг үеийн нөхцлийг ашиглан мөн өдөр хүчээр комисс томилуулж, халаалтын зуухыг хүлээлгэж өгүүлсэн. Багш нарын бага хурал сургалт семинарын үйл ажиллагаанд оролцож байгаа үед захирал М.Нямдоржийг удаа дараа утсаар дуудсан утсаа хаасны дараа бие төлөөлөгч Г.Батсайханыг явуулж хурлаас авчруулан уурын зуухыг даруй хүлээлгэж өгөх тухай үүрэг даалгавар өгч дарамталсан гэдэг. Дээрх мэдээлэл тогтоол албан бичгийг 08 сард багш нарын цуглаан дээр захирал М.Нямдорж танилцуулан мэдээлэл өгсөн юм. Гэтэл Улиастай сумд байгууллагын харьяалалд өөрийн халаалтын үйл ажиллагаа явуулж буй 7 албан байгууллагын халаалтын зуухыг гэрээгээр ажиллуулах асуудал хөндөгдөөгүй өнөөдрийг хүртэл хэвээрээ ажиллаж байна.

2015 оны 01 дүгээр сарын 13-нд тус хуралд хамт олны олонхийг төлөөлөн Үйлдвэрчний эвлэлийн хороо өргөдөл бичсэн. 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот албан бичгээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Машууз миний нэр дээр хариу ирүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатарын өмнөх байр суурь хэвээр байна гэж ойлгосон. Олон хууль зөрчсөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 55 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчид шүүхэд ирүүлсэн тайлбартааТус сургуулийн уурын зуухыг менежментийн гэрээгээр эзэмшүүлэх хүсэлтийг сургуулийн захирал М.Нямдорж 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай албан тоотоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатарт, мөн өдрийн 160 дугаартай албан тоотоор аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд хүсэлт гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 52/32 тоот зөвлөмжийн 3.2, 3.3 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийг тус тус үндэслэн Жавхлант цогцолбор сургуулийн нам даралтын усан халаалтын тоног төхөөрөмжийг барилгын хамт менежментийн гэрээгээр хувийн хэвшлийн байгууллагад эзэмшүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тогтоолоор шийдвэрлэсэн.

Тус Тэргүүлэгчдийн хуралдаан 66.6%-ийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж тогтоол нь хууль зүйн дагуу хүчин төгөлдөр гарсан. Мөн Жавхлант цогцолбор сургуулиас манай хамт олон урд нь менежментийн гэрээгээр эзэмшүүлэх талаар буруу ойлголттой байсан байна. Иймд менежментийн гэрээгээр эзэмшүүлэх нь зөв байна гэсэн гарын үсэгтэй бичиг ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын зар мэдээг 07 дугаар сарын 16-ны өдөр Завхан сонин болон мэдээллийн самбарт байршуулан тавьсан. Үүний дагуу 3 байгууллага оролцох хүсэлт ирүүлснээс 2 байгууллага нь тендерийн материалаа ирүүлж оролцсоноос Золжаргалсайхан ХХК шалгаран гэрээ хийсэн болно. Менежментийн гэрээгээр эзэмшүүлсэн хөрөнгө нь орон нутгийн өмч хэвээр байх бөгөөд үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах эсэхийг дахин шийдвэрлэх болно. Жавхлант цогцолбор сургуулийн халаалтын уурын зуухыг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот тогтоол гаргах үндэслэл болсон гэжээ.

Гуравдагч этгээд Золжаргалсайхан ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн нам даралтын усан халаалттай зуухыг барилгын хамт аж ахуйн нэгж, хувь хүнд менежментийн гэрээгээр эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулалт явуулахыг Орон нутгийн өмчийн албанд даалгасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалт явагдаж Золжаргалсайхан ХХК сонгон шалгаруулалтаар шалгарч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон нутгийн өмчийн албатай өмч эзэмших менежментийн гэрээ байгуулан өмч эзэмшигч байгууллагаас эд хөрөнгийг хүлээн авч хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Мөн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн захиргаанаас 2013 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатар, Засаг дарга Ж.Жамъянтив нарын нэр дээр тус сургуулийн эзэмшилд байгаа обьектуудын инженерийн шугам сүлжээнд урсгал болон их засвар олон жил огт хийгдээгүйн улмаас өвлийн улиралд халаалт дулааны системийн хэвийн үйл ажиллагаа удаа дараа алдагдаж байгаа, мөн сургуулийн удирдлагыг аж ахуйн үйлчилгээний ажил руу хэт их анхааруулж зарим тохиолдолд сургалтын үндсэн үйл ажиллагаанаас хөндийрүүлэх зэрэг ажлын нэмэгдэл ачаалал болон бусад хүндрэл бэрхшээлийг буй болгож байна.

Иймд цаашид тус нам даралтын усан халаалтын зуухны үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц орон тоог хэвээр нь хадгалан байгууллагын дулаан хангамжийг найдвартай ханган хамтарч ажиллах, дулаан үйлдвэрлэх эрх бүхий аж ахуйн нэгж, хувийн хэвшил, иргэдэд менежментийн гэрээгээр шилжүүлэн өгч ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн 159, 160 тоот албан хүсэлтийг хүргүүлсэн байна гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 27 дугаар зүйлийн 27.1, 77 дугаар зүйлийн 77.2.3, 77.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгч нарт холбогдох Хөрөнгө эзэмшүүлэх тухай 2014 оны 07-р сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Машууз давж заалдах гомдолдооСургуулийн захирал асан Б.Түдэв 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаар албан бичгийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Отгонбаатарт, мөн өдрийн 160 дугаартай албан бичгийг Засаг дарга Ж.Жамъянтив нарт сургуулийн хэвлэмэл маягтыг ашиглаж тус тус хүргүүлсэн байдаг. н.Б.Түдэвийн үйлдсэн албан бичиг М.Нямдоржийг ажилд томилж ажил хүлээлцсэн он, сар, өдөр тохирч байдаг. Энэ нь урьдчилан боловсруулсан албан бичгүүд юм. Захирал М.Нямдорж сургуулийн хуучин захирал миний багш Б.Түдэв надаар 2 бичиг дээр гарын үсэг зуруулж би санаандгүй зурсан. Хууль зөрчихгүй биз дээ гэж асуухад зөрчихгүй гэж хэлсэн. Би санаандгүй танилцаагүй гарын үсэг зурж, тамга дарсан нь буруу боллоо гэж сургуулийн дотоод ажлын цуглаан дээр өөрөө мэдэгдсэн юм. Энэ талаар олон хүнд өөрөө ярьсан байдаг. М.Нямдорж шүүхэд гаргасан өөрийн тайлбартаа Ажил хүлээлцдэг 12 дугаар сарын 10-ны өдөр өмнөх удирдлага аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт уламжилсан. 159,160 тоот миний нэрээр төлөвлөсөн байсан бөгөөд өмнөх удирдлагаас энэ зүйл хуулийн дагуу биз дээ гэж лавласан. Хууль зүйн дагуу юм гэж хариулахад нь тамга дарж, гарын үсгээ зурчихсан. Гэтэл дараа долоо хоногоос эхлэн ажилтан, албан хаагчдын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн гэж бичсэн байдаг.

Дөнгөж шинэ ажил авсан захирал тэр дороо энэ өдөр аймгийн орон нутгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлэх боломж байхгүй нь ярьсан яриа, бичсэн тайлбараар нотлогдож байна. Энэ нотлох баримтыг хэрэг шийдвэрлэхэд авч үзээгүй өнгөрөөсөн.

Сургуулийн дийлэнх олонхи 81 хүн буюу 79,6% , ҮЭ-ийн хороо үл зөвшөөрч 2014 оны 1 дүгээр сарын 10-нд Аймгийн ИТХ-ын дарга Б.Отгонбаатартай өөрийн биеэр уулзаж "мэдэгдэл"-ийн хариуг лавлахад Хурлын тэмдэглэлээр ирэх 9 сар хуртэл хойшлуулсан. Бусад зуухны хамт шийдвэрлэнэ. Ногоо тарих албан газруудын үйл ажиллагааг зогсоож, улиралд тохируулан ажиллана гэж амаар хариулсан.

Өргөдөлл бичсэн үйл баримтыг харгалзан үзэх санаачлага гаргаагүй. Хэрэг дээрээ 4 сард тэмдэглэл гарч шийдвэрлээгүй байдаг. Үүнээс хойш 3 сар өнгөрсөний дараа цаг үеийн байдлыг ашиглан үл ойшоож багш ажилчдын амралтын үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоол гаргаж, Орон нутгийн өмчийн албанаас 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгийн хамт 08 дугаар сарын 23-нд тус тус ирүүлсэн байдаг.

Энэ сургууль өөрийн эзэмшлийн "Халаалтын зуух" байгаагүй, 1995 онд халаалтын зуух байгуулагдахад тухайн үед ажиллаж байсан багш ажилчид нэг өдрийн цалин нэхий 1ш, сурагч бүр 1ш нэхий зэргэлдээ ажилладаг одоо халаалт авч байгаа цэцэрлэгийн багш ажилчид тус бүр нэхий 1 ширхэгийг хандив цуглуулж хөрөнгө бүрдүүлсэн. Сантехник цахилгааны угсралтын ажлыг ажлын хөлс аваагүй хийж туслалцаа үзүүлсэн багш инженер ч бий. Сонгино туужуурын өвс, лаа, шүдэнз, ноос ноолуур, арьс шир, хялгас хөөвөр, дэл сүүл зэргийг худалдан борлуулж хөрөнгө босгосон. Хамт олноос тухайн үеийн ханшаар 15384600 төгрөгийн, орон нутгаас 6601993 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж халаалтын зуухыг ашиглалтанд оруулж ажиллуулсан юм. Анхны зуухны ашиглалтын хугацаа дуусч 2-дахь зуухыг Боловсролын яам 10000000 төгрөг, аАймаг 5000000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 3 дахь зуухыг ашиглалтанд оруулж 20 жилийн баталгаат хугацаатай улсын төсвөөс 60000000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан.

Гуравдагч этгээд Б.Түдэв 20 жилийн тэртээ хандив өргөсөн багш ажилчид тэтгэвэрт гарч, өөр суралцагсад нь төгсөөд явсан байхад өргөх бичиг өргөсөн хүмүүс өөрсдийн оролцоотой эд хөрөнгө мэт буруу ойлголттой явдаг байна. Нийт ажиллагсадын тус сургуульд ажилласан цаг хугацааг судлаад үзэхэд 91 хувь нь 1995 оноос хойш энэ сургуульд ажиллаж байгаа бөгөөд 2006 онд актлагдсан зуухны хандив тусламжийн их үүсвэртэй ямар ч холбоо хамааралгүй хүмүүс болохыг хэлэхэд илүүдэхгүй байх буруу ойлголттой явж ирсэн гэж бичжээ. Өргөн барих бичиг барьсан хамт олны дийлэнх олонх хүмүүс "Халаалтын зуухыг" ноогдол ашиг хүртэх хувь хөрөнгө мэтээр ойлгоогүй, бага зардлаар том объектийг халааж ажиллах таатай орчин бүрдуүлж үр ашигтай ажиллаж байгааг илэрхийлж сургуулийн эзэмшилд байлгахыг зорьсон юм. Ашиг хонжоо хувийн ашиг сонирхол байхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч Менежментээр эзэмшүүлэх нь зөв байна гэсэн гарын үсэгтэй бичиг ирүүлсэн гэж тайлбар өгсөн. Өмчийн алба ажлын бус цагаар хамт олонтой яриа хийж гарын үсэг зуруулсан ажил зохион байгуулсан. Зарим хүний гарын үсэг биш байдаг. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын 52/32 зөвлөмжийн 3.3 , 3.4 , заалтуудад тодорхой байгаа. Зардал өндөртэй барилгыг худалдах, хувийн өмчийн жижиг барилгыг түрээслэх, ашиггүй байгууламж, тендерийг хувийн хэвшилд шилжүүлэх гээд олон санаачлагыг дэвшүүлсэн. Сургуулийн "халаалтын зуух" үрэлгэн зардалгүй ашигтай ажлыг бага зардлаар их зүйлийг бүтээдэг өөрийн технологи арга барилтай ажилладаг объект юм. Сургуулийн халаалтын талбай өөрийн өртгөөр 19882м3*610төг = 12128020 төг\1 сар\ , 12128020*8 сар = 97024160 төг /1 жилийн зардал/ Жич: 9 дүгээр сараас дараагийн жилийн 05 дугаар сарын хагас сарууд бүтэн сар болно. Аж ахуйн нэгжийн үнэлгээгээр: 19882т3* 1400төг= 27834800 төг IX сарын халаалтын хөлс/ 278348007*8 сар 22267847/1 жилийн халаалтын хөлс/ Зардлын зөрүү 2226784Т- 970241607 = 947973767 төгрөгийн ашиггүй үрэлгэн зардал гарч байгаа юм. Үүн дээр цэцэрлэгийн 1386м халаалтын талбай тооцоонд тооцоогүй байгаа. Энэ оны 1-р улиралд сургууль дээр төрийн санхүүгийн ээлжит хяналт шалгалт хийгдсэн бөгөөд энэхүү шалгалтаар сард 10-12 сая төгрөгөөр хэвийн үйл ажиллагаа хангагдаж байсан уурын зуух өнөөдөр 20-24 саяар халаалтаа явуулдаг болжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн зөвлөмжийг өөрт ашигтайгаар ашиглан төсвийн үрэлгэн зардал гарсан үйлдэл болсон хэмээн дүгнэсэн юм.

Улиастай хотын төвд Эдийн засгийн салбар сургууль, Зэвсэгт хүчний 325-р анги, ХААЖДҮ-ийн газар, Хөгжимт жүжгийн театр, Цагдаагийн газар VII цэцэрлэг IX цэцэрлэг Хөдөлмөрийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв зэрэг байгууллагууд өнөөдрийг хүртэл менежментийн гэрээгээр ажиллуулаагүй байна. Тус сургуулийн халаалтын зуух гэрээний үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчил бий болгож байгаа юм.

Аймгийн сумын сургуулиуд өөрийн халаалтын зуухтай ажилладаг. Мөн Дорнод аймгийн Эрээнцав, Эрдэнэт хотын Чулуунхороотын сургуулиуд 2015 онд өөрийн халаалтын зуухтай болсон. Ашигтай ажиллагаа бий болсон гэж хэвлэл дээр бичсэн. Аймгийн архивын тасагт 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/27-р лавлагаагаар Улиастай сумын Жаргалант цогцолбор сургуулийн Уурын зуухыг орон нутгийн өмчид бүртгэгдсэн тухай материал олдохгүй байна. Дарга Ш. Даваадэмбэрэл гэжээ. Архивын лавлагаагаар "Орон нутгийн өмч" биш болж байна. Захиргааны хэргийн шүүх 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр олон хуулийг зөрчиж шийдвэрлэсэн. Монгол улсын Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2, 31.4-г зөрчсөн. Энэ халаалтын зуух ажиллах хугацаа дуусаагүй, осол гэмтэл гаргаагүй, өөр үйл ажиллагаанд шилжүүлэх шаардлагагүй.

Тус сургуулийн халаалтын зуухыг бусдад шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн хуулийн 77.3-т нийцээгүй. Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2-ийн "Б"-ээр орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэх саналыг аймгийн засаг даргад санал оруулаагүй. Гэтэл хурал өөрөө санаачилж шийдвэрлэсэн зэрэг хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн. Ийм учир дээрх шийдвэрийг харгалзан үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машуузийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалтыг үндэслэн, Улиастай сумын Жаргалант цогцолбор сургуулийн уурын зуухыг барилгын хамт менежментийн гэрээгээр эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулахыг Орон нутгийн өмчийн албанд зөвшөөрч шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Жаргалант цогцолбор сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3.в-д заасан Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх...-ээр, 18.1.3.орон нутгийн өмчийн талаар: в/орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2дугаар зүйлийн 27.1-д Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно гэж заажээ.

Төрийн өөрийн өмч гэдэгт төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө-ийг хамааруулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д хуульчилсан байна.

Хэрэгт, тус сургуулийн халаалтын зуух 54.2 м.кв талбайтай, анхны үнэ 10.224.996 төгрөг, 1995 онд сургуулийн багш, ажилчид, сурагчидын сайн дурын хандив тусламжаар бүрдсэн эд хөрөнгө болох талаар, 2 дахь уурын зуух нь ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн инженер Пунцагдулам 2 ажилтны хамт санаачлагын туршилтын зуухыг угсарч 2006 онд ашиглалтад оруулж, 2010 онд ашиглалтаас гарсан, Боловсролын яамнаас 10.000.000 төгрөг, аймаг 5.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 3 дахь халаалтын зуух 11.2 м.кв өргөтгөлийн барилга, халаалтын 2 зуух ажилладаг талаар нэхэмжлэгчийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанд ирүүлсэн тодорхойлолт, мөн Жаргалант цогцолбор сургуулийн 2013 оны өмчийн тайланд уурын зуухны барилга 1 ширхэг, гадна дулааны шугам 1100 мкв, нүүрсний бетонон хашаа 1 ширхэг бүртгэгдсэн баримт авагджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарах зохицуулалтаас үзвэл Улиастай сумын Жаргалант цогцолбор сургуулийн уурын зуухыг барилгын хамт менежментийн гэрээгээр эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулахыг Орон нутгийн өмчийн албанд зөвшөөрч шийдвэрлэсэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллагын захирал М.Нямдорж 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугээр албан бичгээр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус сургуулийн уурын зуухны үйл ажиллагааг дулаан үйлдвэрлэх эрх бүхий иргэн хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх хүсэлт тавьсны дагуу дээрх Хөрөнгө эзэмшүүлэх тухай 55 дугаар тогтоол гарсныг үндэслэн, төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж, энэ тухай Орон нутгийн өмчийн албанаас Завхан сонинд 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийтэд мэдэгдэж, уг сонгон шалгаруулалтаар дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Золжаргалсайхан ХХК-ийг шалгаруулсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Жаргалант цогцолбор сургуулийн уурын зуухны үйл ажиллагааг сургуулийн захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Б.Түдэвийн компаниар удирдуулахаар шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчөөгүй болон маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН