| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0379/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/382 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга А.Доржпүрэв,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригт холбогдох эрүүгийн 1834009190450 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Шавар овгийн Цогтын Энхзориг
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ******* нь “Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Овоотын 10-02 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Б.Пүрэвдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогч Б.Пүрэвдуламын /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэбаганы /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Отгонбаяр /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Т.Цолмонгэрэлийн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч *******ийн /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Ж.Эрдэнэ-Одын /хх-ийн 20 дугаар хуудас/, яллагдагч *******ийн /хх-ийн 31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 731 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,гэмт хэргийн талаар хохирогч Б.Пүрэвдуламын гаргасан гомдол /хх-ийн 02 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогчийн иргэний үнэлмэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, Энхзоригийн Сувд, Энхзоригийн Тэргэл нарын төрсний гэрчилгээ /хх-ийн 05-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-37 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн Овоотын 10-02 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Б.Пүрэвдуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаас хохирогч Б.Пүрэвдуламын ...*******ийн найз нь Бамбар гэх залуу дуудаад байхаар нь би гаргахгүй гэж хэлтэл манай нөхөр намайг нуруу, бөгс рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөөд намайг орон дээр сууж байхад ирж хэрүүл хийгээд дахиж хуванцар сандлаар толгой, нуруу руу цохисон... ...Би гарах гэтэл намайг ор руу түлхээд гараараа толгой руу цохиод... ...шөнө 23 цаг 30 минутын үед ******* нь хаалганы түгжээ татаж онгойлгоод ороод ирсэн ба орж ирээд чи муу яг одоо цагдаагаа дууд пизда минь, чи муу үхсэндээ унтдаг юм, чамайг зайлуулаад би хүүхдүүдтэйгээ байна гээд орилоод... ...би унт гэж хэлсэн чинь миний гарнаас татаад толгой руу гараараа цохисон. Би нүүрээ дараад буруу хараад хэвттэл араас өшиглөөд цохиод байсан... ...Намайг гаргаж оруулсангүй гээд уурлаад намайг... ...зодоод байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч Т.Цолмонгэрэлийн ...эхнэр нь 2017 оны намар *******ийг гурван хүүхэдтэй нь орхиж явж хотоор байж байгаад саяхан амьдрана гээд буцаад ирсэн. Эхнэрийг нь ирэхээс өмнө ******* гурван хүүхдээ хараад хэрүүл маргаангүй амьдраад болоод байсан. Харин ирснээс нь хойш хэрүүл маргаан тасрахгүй ******* архи дарс ууж гүйгээд байгаа юм шиг байсан... ...үгүй байх заримдаа эхнэртэйгээ хэрэлдчихсэн гээд аавынхаа гэрт байж байдаг юм. Нэг их зодоод байдаггүй юм... /хх-ийн 18 дугаар хуудас/,
гэрч Ж.Эрдэнэ-Одын ...Манайд ажил хийгээд байж байсан хүмүүс явсан хойно надад эхнэртэйгээ муудалцаад хоорондоо зодолдчихлоо гэж байсан хаана хонодог юм билээ гэртээ очих уу аавынд очих уу гээд байж байгаад гэр рүүгээ явлаа гээд явсан... ...намайг хөндлөнгөөс харахад миний найз ******* эхнэрийнхээ үгээр байж нэг ёсондоо эхнэртээ базуулаад байж байдаг. Эхнэр нь давраад хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрч доромжилж хараагаад байдаг юм. Жирийн үед нөхөртэйгөө харьцаж байгаа харьцаа нь хүртэл онцгүй байдаг юм. Эхнэр нь ганцхан *******ийг ч гэлтгүй гэрт нь очсон найзуудыг нь хүртэл хэл амаар доромжилж, хэрүүл хийгээд байдаг юм... /хх-ийн 20 дугаар хуудас/,
яллагдагч *******ийн ...Ж.Эрдэнэ-Од /Бамбар/ намайг төмөр тасдагчаа өгч байгаач би хаалга хийж байна гэхээр нь би уурандаа гараараа нүүр рүү нь нэг удаа алгадаад гэрээсээ гараад явсан... ...гэртээ ортол манай эхнэр уурлаад над ру уурлаад хараагаад дайраад байсан. Тэгэхээр нь би маргалдаад цохиж зодсон юм шиг байна лээ. Юу болсон талаараа одоо би сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад цагдаа нар ирж аваад сумын цагдаагийн хэсэг дээр аваачсан байсан... Өмнө нь маргалдаж муудалцаад хоёр тийшээ болж салж байсан. Хааяа хэрэлдэхдээ ганц нэг удаа алгадаж байсан удаа байсан. Манай эхнэр өөрөө өөдөөс бас цохих, өөр юм шидэх зэргээр ааш авир гаргаад байдаг юм... /хх-ийн 31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 731 дугаартай Б.Пүрэвдуламын биед толгойд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун зүүн дал, зүүн бугалаганд цус хуралт, зүүн мөр, тохой, шуу, уруул, баруун зүүн сарвуунд зулгаралт... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар хохирогч Б.Пүрэвдуламын гаргасан гомдол /хх-ийн 02 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогчийн иргэний үнэлмэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, Энхзоригийн Сувд, Энхзоригийн Тэргэл нарын төрсний гэрчилгээ /хх-ийн 05-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-37 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******ийн эхнэр Б.Пүрэвдуламыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд цохисон үйлдэл, эс үйлдэхүй хууль бус шинжтэй, түүнийг хүсч үйлдсэн, цохисоны улмаас үүссэн хохирол, хор уршиг зориуд хүргэсэн төгссөн үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Пүрэвдуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Гэвч хохирогч Б.Пүрэвдулам нь шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсаар нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
мөн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзориг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Шавар овгийн Цогтын Энхзоригт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН