| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0074/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/70 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П. *******од холбогдох 2023000760073 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн хороо, тоотод оршин суудаг боловч одоо Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, ийн гудамжны тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, /Регистрийн дугаар *******/ Шүүгдэгч П.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын Нуга багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай, “Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Дауюн маркийн мотоциклийн жолооч Б.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч П.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн сумын Нуга багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай, “Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа урдаас ирж явсан мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь мотоцикл жолоодож явахад нь урдаас машинтай хүн ирж мөргөсөн төлөөр мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...хөдөөнөөс 13 цагийн үед эмнэлэгт үзүүлэхээр орж ирсэн. ...Тэрнээс хойш 23 цаг болж байхад над руу залгаад манай найзыг хүргээд өгчих гэхээр нь би за тэгье гээд очоод гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцах замдаа машинд мөргүүлсэн. ...Хүнээ буулгачихаад дөнгөж эргээд гудмаараа явж байсан. Тэгсэн цаанаас гэрэл ирж харагдсан. Тэгэхээр нь би гэрлээ шилжүүлсэн, тэгээ л намайг ирээд мөргөчихсөн. ...хөл хугарсан...” гэсэн мэдүүлэг Ослын талаар мэдүүлсэн гэрч Т.ын “...2020 оны 04 дүгээр сарын 20- ны орой 23 цагийн үед сумын Нуга багийн нутаг гудамжны тоот хашаан доторх гэртээ эхнэр, хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байсан. Тэгээд нээх удаагүй манай хашааны урд зам дээр машин мөргөлдөх шиг болсон, нэг хүн намайг авраарай гээд орилоод байсан. Тэгээд гараад хартал ******* гэх залуу мотоциклиосоо уначихсан уйлаад, намайг авраарай гээд байсан, тэгээд би эхнэр болох болон , ******* нартай хамт эмнэлэгт хүргэж өгсөн. ...Шар өнгийн Дауюн маркийн мотоциклтой явж байсан. ...Баруун талынх нь хөлнөөс цус гоожчихсон, босож чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг Хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Ж.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой эмнэлэг дээр гараатай байсан, тэгээд 23 цагийн үед эмнэлгийн 103 утас луу гэх хүн залгаж манай урд талын зам дээр машин мотоцикл 2 мөргөлдөж хүн гэмтсэн байна гэж дуудлага өгсөн, тэгээд жижүүр эмч рүү залгасан утас нь холбогдохгүй байсан, удаагүй байж байтал , эмч , нар мотоциклийн жолооч *******ийг аваад орж ирсэн, тэгээд би өвчин намдаах тариа хийгээд, их эмч сувилагч нарыг дуудаж оёо тавьж боолт хийсэн” гэсэн мэдүүлэг, Хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Н.ийн “...2020 оны 04 сарын 20-ны өдөр 23 цагийн үед гэртээ унтах гээд байж байсан, гэтэл ******* гэх залуу манайд орж ирээд би сая танай доод талын зам дээр машинтайгаа явж байгаад мотоциклтой хүнтэй мөргөлдчихлөө, хүнийг нь сайн танихгүй юм байна, босгох гээд тэгсэн босож чадахгүй гээд байна, одоо яахуу гээд тэгсэн, тэгээд би тэр хүн чинь хаана байгаа юм гээд бид 2 манайхаас гараад мөргөлдсөн газар нь очсон. Тухайн үед би дуудлагын жижүүр эмч байсан, тэгээд , , ******* бид 4 өргөөд машин руу оруулаад эмнэлэгт авчирсан. ...*******, ******* нар нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...*******ийн хөл нь хугарсан цус гоожсон байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2020 оны 04 сарын 20-ны өдрийн 23 цагийн үед би айлд байж байгаад эгчийнх рүүгээ өөрийн Приус маркийн улсын дугаартай машинтайгаа сумын гудамжинд баруунаас зүүн зүг рүү явж байсан чинь гэнэт урдаас мотоцикл гарч ирэхээр нь тормоз гишгээд зогсоож чадалгүй мөргөлдсөн юм. Машины зүүн урд талын их гэрэл хэсгээрээ би тэр мотоциклтой мөргөлдсөн юм. Мөргөлдөөд би машинаасаа буугаад иртэл танихгүй залуу байсан. Тэгээд би тэр залууг босгох гэсэн босохгүй баруун хөлний шилбэ хэсгээс нь цус гарчихсан ёолоод байхаар нь би эмч рүү явсан юм. ...Би архи уугаагүй эрүүл байсан. Би машин дотроо ганцаараа явсан юм, би суудлын бүсээ зүүсэн байсан. ...Би *******ид учируулсан хохиролоо бүрэн барагдуулсан, шинэ мотоцикл авч өгч, бас эмчилгээний зардалд 4 сая төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000144 дугаартай “... иргэн Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. ...иргэн Б.*******ийн биед: Баруун шилбэ /шаант/ ясны 3/1-н зөрөөтэй сэлтэрсэн хугарал, баруун шилбэнд шарх, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа саад болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс зам тээврийн осол гарсан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “ Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч П.*******ын дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч П.*******ын нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч П.*******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч П.******* нь хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6000000 төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч П.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч П.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 06/зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*******од оногдуулсан 1 /нэг/ жилийн эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 4. Шүүгдэгч П.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй. 5. Шүүгдэгч П.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 6. Шүүгдэгч П.******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч хохирогч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6000000 төгрөг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА